Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00902

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00902

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

1.170.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 540 дугаартай магадлалаар Б.Саруулаас 34. 751.187 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 339.026 төгрөг, нийт 35.090.213 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Саруул нь төлбөрийн мөнгөнөөс 18.000.000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тушаасан боловч Сүхбаатар дүүргийн 152 дугаар тойргийн шийвдэр гүйцэтгэгч Н.Ц нь төлбөрийн мөнгийг хуульд заасан хугацаанд төлбөр авагчийн дансанд шилжүүлэхгүй, байгууллагын дансанд үндэслэлгүйгээр хадгалж байгаад 1.170.000 төгрөгийг суутгаж, 16.830.000 төгрөгийг төлбөр авагч А ББСБ ХХК-ны дансанд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлж, төлбөр бодитой биелсэн байна.

Төлбөр авагчийн зүгээс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу урамшууллын мөнгийг суутгуулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гаргаж байсан.

Төлбөрийн мөнгөнөөс 1.170.000 төгрөгийг хууль бусаар суутгаж байгууллагыг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд төлбөрийн мөнгөнөөс хууль бусаар суутгасан 1.170.000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 540 дүгээртай магадлалаар иргэн Б.Саруулаас 35.090.213 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэснийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Б.Саруулын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025781 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18032/, Барилгачин гудамж 40-42 тоот орон сууцыг битүүмжлэн, хураан авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон.

Шинжээч 2017 оны 10 дугаар сарын байдлаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18032/, Барилгачин гудамж 40-42 тоот орон сууцыг 52.420.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 36.694.000 төгрөгөөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 26.210.000 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж хуульчилсан.

Төлбөр төлөгч Б.Саруул нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс 18 сая төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн ба Хууль зүйн Сайдын 2013 оны А/181 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам”-ын 1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 9.2, 83.1-т заасны дагуу энэ журмын 3.1-т заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ” 4.3-т “Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчид бодитойгоор олгосон мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс энэ журмын 2.1 болон 3.1-т заасны дагуу урамшууллыг суутгана гэж тус тус заасныг үндэслэн төлөгдсөн 18.000.000 төгрөгөөс тус газартай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 17/02202 тоот гэрээнд заасан 6,5%-иар тооцон 1.170.000 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хууль бусаар суутгасан 1.170.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 540 дугаартай магадлалаар Б.Саруулаас 34. 751.187 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 339.026 төгрөгийн хамт нийт 35.090.213 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 6,7,26-28-р хуудас/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дээрх шийдвэрийн дагуу 407 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг олгожээ. /хх-ийн 25-р хуудас/

  Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн явуулахаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байна./хх-ийн 29-р хуудас/

Төлбөр төлөгч Б.Саруулын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025781 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Барилгачин гудамж 40-42 тоот орон сууцыг битүүмжлэн, хураан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 52.420.000 төгрөгөөр үнэлсэн байна./хх-ийн 53-70-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 36.694.000 төгрөгөөр, хоёр дах албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 26.210.000 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна./хх-ийн 31-77-р хуудас/

Төлбөр төлөгч Б.Саруул нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул  2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 18/56 дугаартай тогтоолыг  гаргажээ./хх-ийн 90-р хуудас/

Талууд дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж эхлэхдээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002  оны хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-т Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна гэж,

83.2.-т Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж тус тус заасны дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарахаас  өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр авагч А ББСБ ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулж төлбөрийн үнийн дүнгийн 6,5%-ийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд шилжүүлнэ гэж тохиролцсон байна. /хх-ийн 30-р хуудас/

Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээгээр талууд гэрээний гол нөхцлүүдийг тохирч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

Иймд төлбөр төлөгч Б.Саруулаас 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагчид шилжүүлсэн 18.000.000 төгрөгний 6,5% болох 1.170.000 төгрөгийг дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөр авагч А ББСБ ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд шилжүүлэх үүрэгтэй. /хх-ийн 83-р хуудас/

Мөн Хууль зүйн Сайдын 2013 оны А/181 тоот тушаалаар батлагдсан  Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын

1.2.-т Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 9.2, 83.1-т заасны дагуу энэ журмын 3.1-т заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ гэж,

  4.3-т Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчид бодитойгоор олгосон мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс энэ журмын 2.1 болон 3.1-т заасны дагуу урамшууллыг суутгана гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ 2017 оны хууль нь  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн боловч 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэж хуульчилсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлбөр төлөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагчид шилжүүлсэн 18.000.000 төгрөгний 6,5% болох 1.170.000 төгрөгийг хууль бусаар суутгаж авсан гэж үзэх үндэсгүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /үүрэг гүйцэтгэгч/ нь үүргээ зөрчсөн тохиолдолд төлбөр авагч /үүрэг гүйцэтгүүлэгч/ А ББСБ ХХК учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч талуудын хооронд байгуулагдсан Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу төлбөр авагчид шилжүүлсэн 18.000.000 төгрөгний 6,5% болох 1.170.000 төгрөгийг суутган авсныг нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэсгүй.

Иймд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1.170.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1.170.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан  сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                        

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО