Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00028

 

ДЭийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2022/01467 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00106 дугаар магадлалтай,

ДЭийн нэхэмжлэлтэй,

ДУАДСЕБОЦСд холбогдох,

Тус сургуулийн захирлын 2022.04.11-ний өдрийн Б/42 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,204,608 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Х.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ДЭ, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч И.А, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ДЭ нь хариуцагч ДУАДСЕБОЦСд холбогдуулан тус сургуулийн захирлын 2022.04.11-ний өдрийн Б/42 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,204,608 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2022/01467 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ДЭийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Дархан сумын ерөнхий боловсролын “О” цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5,942,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЭт олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,262,502 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ДЭ нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 180,223 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00106 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2022/01467 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч ДЭийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэснийг “...нэхэмжлэгч ДЭийг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын “О” цогцолбор сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Дархан сумын ерөнхий боловсролын “О” цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5,942,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЭт олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,262,502 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Дархан сумын ерөнхий боловсролын “О” цогцолбор сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7,119,320.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЭт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,287.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ДЭ нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 180,223 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.” гэснийг, “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ДЭ нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 199,059 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,223 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн төлөөлөгч Х.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хуулийг зөрүүтэй хэрэглэсэн хэмээн үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн “О” цогцолбор сургуулийн бага боловсролын багш ДЭийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, Сургуулийн дотоод журмын 14 дүгээр хэсгийн 14.4.5 “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл (бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах) үйлдэгдсэн нь нотлогдсон тохиолдолд” (нотлох баримтууд бүрэн өгөгдсөн) гэсэн заалтуудыг тус тус үндэслэн сургуулийн захирлын 2022.04.11-ний өдрийн Б/42 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ДЭийг урьд нь эрхэлж байсан бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагчаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

1.Энэхүү заалт нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны эрхийн баталгаа болохоос хууль бус үйлдлийн баталгаа биш гэдэг нь хуулийн зүйл заалтаас ойлгогдоно. ДЭ үйлдвэрчний эвлэлийн чиглэлийн ажил хийж өөрийн болон багш ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх гэж байхад сонгуульт үүрэгтэй нь холбогдуулж захиргааны санаачилгаар халаагүй. Тэр багшийнхаа хувиар ажлын байранд бага балчир хүүхдийн эрх чөлөөнд халдан хүчирхийлэл үйлдсэн нь Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны эрхийн баталгаанд хамаарахгүй юм. Багш ДЭ нь 2022.03.09-нд хичээл орж байх үедээ 9 настай сурагч Б.Эг түүний хэрэглэдэг электрон самбараар цууртал цохиж шинжээчийн дүгнэлтээр сэтгэл санааны гутралд орж, ангиа солих, өөр сургуульд шилжих хүртэл хор уршиг гарсан байхад зөвшөөрөл авах гэх асуудал шаардагдахгүй гэж ойлгож байна. Иймд хэрэглэхээргүй хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2.Магадлалын хянах хэсэгт “9а. Нэхэмжлэгч ДЭ нь “О” цогцолбор сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022.10.12-ны 05 тоот тодорхойлолт... тус сургуулийн үйлдвэрчний хорооны тэргүүлэгч гишүүн болох нь тогтоогдож байна” гэсэн нь ташаа буруу болсон. Энэ эргэлзээ бүхий бичгийг 6 сарын дараа шүүхэд өгсөн болохоос 2022.04.11-нд Б/42 тушаал гарахаас өмнө ямар нэгэн бичиг сургуулийн орон тооны бус үйлдвэрчний эвлэлийн хорооноос огт ирж байгаагүй, хэрэв ирүүлсэн бол тэд тийм баримтаа нотолгоо болгон шүүхэд ирүүлэх ёстой байсан. Тэдний бичиж байгаагаар 2021.12.27-нд сонгогдсон бол үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, гишүүний батлах гэх мэт баримт бичгийг хавтаст хэрэгт болон сургуульд ирүүлэх байсан. Дээрх тодорхойлолт цаг хугацааны хувьд ч тэр давхар нотолсон зүйлгүй, үнэмших боломжгүй бичгийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн. (Жич: 2021.12.27-ны үед сургууль хичээллээгүй, корона вирусийн хөл хорионы үе байсныг анхаарах ёстой.)

3.ДЭ нь ноцтой зөрчил гарган 2022.04.11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан гэх баримт байхгүй, өөрийгөө батлах зүйл харуулж, хэлж яриагүй. Мөн сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос сургуульд тэргүүлэгчдийг сонгосон талаар ямар нэг баримт бичиг ирүүлээгүй. Тэр ч байтугай ДЭийн үйлдвэрчний эвлэлийн татвар төлсөн эсэхийг үзэхэд 2022 оны эхний 1, 2, 3 дугаар сараас ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд татвар төлсөн гэх зүйл харагдахгүй, хавтаст хэрэгт өгсөн санхүүгийн баримт байдаггүй. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.3 хэсэгт “Гишүүд нь холбооноос олгосон нэг загварын энгэрийн тэмдэг, батлахтай байна”, 3 дугаар бүлгийн 3.7 хэсгийн 3.7.2 зүйлд “Гишүүний татварыг тогтоосон хэмжээгээр тогтмол хураалгах”, 8 дугаар бүлгийн 8.3 хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татвараа төлөлгүй 3 сараас илүү хугацаа хэтэрвэл гишүүнээс хасагдсанд тооцно” гэж тус тус заасан байх тул ДЭийг Үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэж үзэх үндэслэлгүй болно. Жич: татвар төлсөн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй болно. Энэ мэтчилэн баримт нотолгоо байхгүй атал ДЭийг Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан гэж үзэж ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

4.Нэхэмжлэгч ДЭийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй үндсэн ажил үүрэг нь бага боловсролын багш тул:

а.Боловсролын тухай хууль (44 дүгээр зүйлийн 44.2. Багш дараах үүрэгтэй: 44.2.4.суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах; 44.2.5.суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх; 44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих, 44.3.Багш нь суралцагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно; 44.4.Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана),

б.Бага дунд боловсролын тухай хууль (22.1.1 .багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх; Жич: 22.1.9.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх гэсэн заалтын хувьд багш өөрөө хүчирхийлэлд өртсөн хүүхдийг илрүүлэх байтугай өөрөө хүчирхийлэл үйлдсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн бүх нотлох баримт шүүхэд өгөгдсөн),

в.Хөдөлмөрийн тухай хууль (42.2.2.хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх; 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;),

г.Хүүхдийн эрхийн тухай хууль (4 дүгээр зүйл Хүүхдийн эрхийн үндсэн зарчим 4.4.1.Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх; 4.1.2.төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах; 5.2.Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй; 7.1.Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.),

д.Хүүхэд хамгааллын тухай хууль (6.З.Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 6.3.1.сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших; 6.З.З.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах; 11.3.Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ, 11.4.Энэ зүйлд заасны дагуу ирүүлсэн мэдээ, мэдээллийг хүлээн мэдэгдэнэ, 11.4.Энэ зүйлд заасны дагуу ирүүлсэн мэдээ, мэдээллийг хүлээн авсан ажилтан, албан тушаалтан тухайн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж, холбогдох тэмдэглэлийг нийгмийн ажилтан, хамтарсан багт хүргүүлнэ. Жич: “О” цогцолбор сургуулийн Хүүхэд хамгааллын багийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар өгсөн, нотлох баримтад хавсаргасан),

е.Байгууллагын дотоод журам (4.Багш ажилтны эрх үүрэг: 4.2.1. Ажилтан Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөж, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана; 14.4.5 “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл (бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах) үйлдэгдсэн нь нотлогдсон тохиолдолд”),

ё.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм (1.4.Энэхүү ёс зүйн дүрмээр тогтоосон зарчим, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ; Хоёр. Баримтлах зарчим: 2.1.1. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх; Хүнлэг энэрэнгүй шударга ёсыг дээдлэх; Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах; Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, тэгш байдлыг хангах; 4.2.1.Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх, сурлагын амжилтыг бодитой үнэлэх; 4.3.1.Хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх; 4.4.2.Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх),

з.Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм (Хориглох зүйл: Хүүхдийг зодох, тусгаарлах зэргээр бие махбодын хүчирхийлэл үйлдэх, Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, дорд үзэх, нэр хоч өгөх, сэтгэл зүйн дарамт учруулах зэргээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, Жич: ДЭ Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийн эдгээр заалтуудыг сахин биелүүлэхийг хүлээн зөвшөөрч ажиллаж байсан. Нотлох баримтад хавсаргасан) зэрэг хууль эрх зүйн актаар зохицуулагдана. ДЭ нь сурагчийн бие махбодод халдаж ноцтой зөрчил гаргасан явдал нь дээрх хууль, дүрэм журмуудыг зөрчсөн үйлдэл тул уг хууль эрх зүйг баримтлан ажлаас чөлөөлсөн болно.

4.2.ДЭ нь 2022.01.03-ны өдөр сургуулийн захиргаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.10 “Эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбоотой хууль тогтоомж, бусад хэм хэмжээг хатуу мөрдөх”, 3.2.11 “Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм, Дархан-уул аймгийн Засаг дарга 2022 оны “хүүхэд хамгааллын жил” 01-А/4 дүгээр захирамж, бодлогын баримт бичгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана”, 3.2.12 “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хүчин чармайлт гарган ажиллана”, 3.2.15 “Багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллах”, 3.2.18 “Сургуулийн дотоод журмыг чанд сахин ажиллах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.4 “Ноцтой зөрчил гаргавал Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулан хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гэсний дагуу хариуцлага хүлээлгэж ажлаас чөлөөлсөн болно.

4.3.Багшийн зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн сурагчийн /Б.Э/ эцэг эх асран хамгаалагч нь Хүүхдийн тусламжийн утас 108-д хандан хүүхдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдол нь Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол шинжлэх ухааны газраар дамжин “О” цогцолбор сургуулийн захиргаанд тухайн багшид зохих арга хэмжээ авч хариуцлага тооцох тухай албан бичиг ирүүлсэн. /Нотлох баримтад хавсаргасан/ Мөн багшийн дарамтанд сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан талаар тус сурагчтай ярилцсан сэтгэл судлаач Г.Г-ын “Б.Э сэтгэл гутрал, стресс зэрэг сөрөг сэтгэл хөдлөл үүссэн... багшид гомдох, айх зэрэг сэтгэл хөдлөл илэрч байгаа нь харагдаж байна” гэсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар хавсаргасан болно. Багш ДЭийн энэхүү үйлдэл нь нэг удаагийн үйлдэл биш хэд хэдэн удаагийн үйлдэл болох нь эцэг эхийн сургуулийн захиргаанд ирүүлсэн гомдолд дурдагдсан нь бий. /Нотлох баримт хавсаргасан/

4.4.Нэхэмжлэгч ДЭ нь сурагч Б.Эий биед халдсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн /нотлох баримтад хавсаргасан/ бөгөөд энэ талаар Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүх: “Нэхэмжлэгч ДЭ нь сурагч Б.Эий биед халдсан талаар маргадаггүй бөгөөд Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “багш нь суралцагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно” гэж, Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т “багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх үүрэгтэй” гэж, “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.4.2-т “хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх”-ыг дагаж мөрдөхийг үүрэг болгожээ” гэж үзсэн нь давхар нотолгоо болж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс ДЭийг ажилд эгүүлэн тогтоосон хуулийн үндэслэлийг буруу гэж үзсэн нь зөв байсан бөгөөд харин шийдвэрт өөрчлөлт оруулж өөр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нотлох баримтыг хууль зөрчиж үнэлсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байгаа тул магадлалд болон анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж ДЭийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

5.Хариуцагчийн төлөөлөгч Х.Бийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.01.10-ны өдрийн 001/ШХТ2023/00059 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7.Нэхэмжлэгч ДЭ нь хариуцагч ДУАДСЕБОЦСд холбогдуулан тус сургуулийн захирлын 2022.04.11-ний өдрийн Б/42 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалинтай тэнцэх олговорт 7,204,608 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

8.Анхан шатны шүүх “нэхэмжлэгч ДЭ нь хүүхэдтэй зүй бусаар харьцсан буруутай боловч уг үйлдэлд тус сургуулийн Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр сануулах арга хэмжээ авсан, сургуулийн захирлын Б/42 дугаартай тушаалд баримталсан зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй, гаргасан үйлдлийг ноцтой зөрчил гэж үзсэн боловч хөдөлмөрийн гэрээнд заасан аль ноцтой зөрчилд хамаарч байгааг огт тусгаагүй, сахилгын зөрчлийг давхардуулан ногдуулж болохгүй тухай хуулийг зөрчсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу олгох нь зүйтэй” гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт заасан эрх зүйн дүгнэлт болон шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан шийдлийг хэвээр үлдээсэн байна.

Тус шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч нь хүүхэдтэй зүй бусаар харьцсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, уг зөрчлийг сургуулийн Ёс зүйн зөвлөл шалгаж, дүгнэлт санал гаргах эрхтэй боловч сануулах шийтгэл ногдуулсан нь журмаа зөрчсөн, анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй этгээдийн ногдуулсан шийтгэлийг, ажил олгогчийн шийтгэлтэй давхардсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг эрхэлдэг бөгөөд түүнийг хамт олных нь зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгаар ажлаас халсан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг зөрчсөн байгааг анхаараагүй, иймээс энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, ...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохдоо хүчингүй болсон журмыг баримталсан нь буруу болсон” гэж дүгнэсэн байна.

9.Дээрх байдлаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангасан адил шийдэл гаргасан боловч, эрх зүйн өөр дүгнэлт хийжээ.

10.Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч ДЭ “О” цогцолбор сургуулийн 3-6 ангийн багшаар ажиллаж байхдаа 2022.03.09-ний өдрийн хичээлийн үеэр сурагч Б.Эг хичээлдээ анхаарахгүй байна гэж өөрийнх нь 16х24 см-ийн харьцаатай, 6 орчим мм-ийн зузаантай (хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан) зайгаар ажилладаг электрон самбараар цохьсон үйлдэл гаргасан, энэ үйлдлийн талаар хүүхдийн ээж нь сургуулийн захиргаанд 2022.03.10-ны өдөр гомдол гаргасан нь тогтоогджээ.

Сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2022.03.14-ний өдрийн хурлаар хоёр тал буюу хүүхдийн ээж болон багшийг байлцуулан тухайн асуудлыг хэлэлцэж, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн Ёс зүйн дүрмийн 4.2.1, 4.2.2-т заасны дагуу багшийг ээжээс нь уучлалт гуйлгуулж, сануулах арга хэмжээ авч, цаашид харилцаа хандлагадаа анхаарч, дахин ёс зүйн зөрчил гаргахгүй ажил үүргээ гүйцэтгэхийг санууллаа гэсэн 01 тоот шийдвэр гаргасан, ДЭ өөрийн үйлдэлдээ хүүхдийн ээжээс уучлалт гуйсан, энэ талаарх баримтыг Ёс зүйн зөвлөлөөс сургуулийн удирдлагад хүргүүлсэн байна.

ДЭ 2022.04.05-ны өдөр сургуулийн захиргаанд “Ёс зүйн зөвлөлөөс сануулах арга хэмжээ авсан, үүнтэй уялдаж үр дүнгийн урамшуулал 3-р сард бүрэн хасагдсан, сургуулийн удирдлага хөдөлмөрийн гэрээг 1 жилээр хийсэн, ёс зүйн алдаагаа ухамсарлан ээжээс нь уучлалт гуйсан” гэсэн тайлбарыг гаргаж байжээ.

2022.04.11-ний өдрийн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар ДЭийн гаргасан зөрчлийг хэлэлцээд түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэн, тухайн өдөр сургуулийн захирал Б/42 тоот тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3.3, 83.3.5, 83.3.6, 123 дугаар зүйлийн 123.2.5, Сургуулийн дотоод журмын 10 дугаар хэсгийн 10.2.1, 14 дүгээр хэсгийн 14.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Бага боловсролын багш ДЭ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022.04.11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан, эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

11.Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийн талаар.

11.1.ДЭийг ажлаас халсан Б/42 дугаартай тушаал нь хууль зүйн үр дагавар үүсгэх эрхийн актын хувьд хэлбэр ба агуулгын хувьд хуульд нийцсэн байх шаардлагатай бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн (2021 оны) хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон шийдвэр гаргах, ажил хүлээлцэх журмыг зохицуулсан 83 дугаар зүйлийн 83.3, 83.5, 83.6 дахь заалтыг 83.3.3, 83.3.5, 83.3.6 гэж 3-ын тоог илүү бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж хариуцагч тайлбарласныг үгүйсгэх үндэслэлгүй атал анхан шатны шүүх уг тайлбарыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй, хуульд байхгүй заалтыг баримталсан гэж, уг нөхцөлийг нэхэмжлэлийг хангах эрх зүйн дүгнэлтийн нэг болгосон нь учир дутагдалтай байна.

11.2.Б/42 дугаартай тушаалд ДЭийг ноцтой зөрчил гаргасан гэж заасан хэдий ч хэзээ, хөдөлмөрийн гэрээний хэдэд тусгагдсан ямар ноцтой зөрчил гаргасныг тодорхой бичээгүй нь агуулгын хувьд тушаал хууль ёсны байх шаардлагад нийцээгүйг анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв, гэвч зохигч нэхэмжлэгчийн 2022.03.09-ний өдөр гаргасан ангийн хүүхэд Б.Эг цохисон үйлдэл нь ажлаас халах үндэслэл болсонд маргаагүй, гагцхүү гаргасан зөрчилд шийтгэл ногдуулахдаа харгалзан үзэх нөхцөлийг ажил олгогч хэрэгжүүлсэн эсэх, шийтгэл тохирсон эсэх агуулгаар маргаж, энэ хүрээнд мэтгэлцжээ. Иймд шүүх энэ талаар дүгнэлт хийх байжээ.

11.3.Анхан шатны шүүх, ДЭт Ёс зүйн зөвлөлөөс сануулга өгснийг Хөдөлмөрийн тухай хуулийн (2021 оны) 123 дугаар зүйлийн 123.2-т заасан ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн төрөлд хамааруулж, сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

12.Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар.

Зохигч, ДЭ нь тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтны хувьд түүнийг ажлаас халахдаа энэ байдлыг харгалзах үндэслэл байсан эсэх талаар маргасан байх ба анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заажээ.

Тухайлбал, хариуцагч талаас Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд заасан “...сонгосон хамт олных нь саналыг авах...” нь сонгуульт ажилтай нь холбоотойгоос бус үндсэн багшийн ажил үүрэгтэй холбоотой гаргасан зөрчилд хамаарахгүй гэсэн тайлбарыг өгч маргасан байна.

Нэхэмжлэгч ДЭ нь “О” цогцолбор сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021.12.27-ны өдрийн 01 тоот тогтоолоор тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон уг сонгуульт ажлыг багшийн үндсэн ажилтай давхар гүйцэтгэж байсан, тус хороо нь нийт 163 гишүүнтэй, 4 тэргүүлэгч гишүүнтэй болох нь тогтоогдсон, хариуцагч нь нэхэмжлэгчийг үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон эсэх талаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй атлаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо, “нэхэмжлэгчийг ажлаас халахаас өмнө үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, гишүүний батлах гэх мэт баримт сургуульд ирүүлээгүй, хэрэгт мөн өгөөгүй, давж заалдах шатны шүүх тодорхойлолт гэсэн цаг хугацааны хувьд давхар нотолсон, үнэмших боломжгүй бичгийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн” гэсэн нь үндэслэл муутай байна. Хэрэгт дээр дурдсан Үйлдвэрчний эвлэлийн хорооны тодорхойлолтоос гадна тус хорооны 2021.12.27-ны өдрийн 01 тоот тогтоол, тус хорооноос сургуулийн захиргаанд хүргүүлсэн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг хамт олны зөвшөөрөлгүйгээр ажлаас халсан гэсэн утгатай 2 удаагийн албан бичиг, сургуулиас өгсөн хариу албан бичиг тус тус авагджээ.

О” цогцолбор сургуулийн захиргаа нь үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй, Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан болох ДЭийг өөрийн санаачилгаар ажлаас халахдаа сонгосон хамт олных нь саналыг авах буюу хуулийн шаардлагыг биелүүлсэн болох нь тогтоогдоогүй байна. Тодруулбал, Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан нь гишүүд, ажилтны хамт олныг төлөөлж тэдгээрийн эрх ашгийн үүднээс ажил олгогчид шаардлага хүргүүлэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах болон бусад байдлаар харьцан хэлэлцээр хийдгийн хувьд сонгуульт ба үндсэн ажилтай нь холбогдуулж ажил олгогч субьектив хандлагаар ажлаас халахгүй байх баталгааг хуулиар зориуд тогтоосныг ажил олгогч хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Гагцхүү энэ нь сонгосон хамт олны санал бодлыг сонсож, улмаар ямар шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх агуулгатай байгааг илэрхийлж байгаагаас бус байгууллагын эрх ашиг, ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан, эсхүл хөрөнгө мөнгө хариуцсан ажилтан байгууллагын итгэлийг алдсан тохиолдолд ажлаас халах шийтгэлийг огт ногдуулж болохгүй гэж ойлгохгүйг дурдав.

13.Нөгөө талаар анхан болон давж заалдах шатны шүүх дараах нөхцөлийг харгалзан энэ талаар бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн (2021 оны) 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “...сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ.” гэснийг хариуцагч мөн зөрчсөн гэж үзэхээр байна. (энэ тогтоолын 12-т заасан дүгнэлттэй адил агуулгатай)

14.ДЭийн сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил, сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил гэсэн зөрчлүүдийг нэрлэн заажээ.

Хөдөлмөрийн гэрээний 6.1.7-д хүүхдийн эсрэг хүчирхийлэл (бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах) тохиолдлыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах ноцтой зөрчилд хамааруулсан байна.

Ажил олгогч ДЭийг Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэн, хэдийгээр ДЭ нь хүүхэд цохисон зөрчилдөө зохих шийтгэл хүлээх үндэслэл байсан боловч ажилтны гаргасан зөрчлийн талаар захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж халах шийдвэр гаргахдаа хуулиар тогтоосон шаардлагын дагуу ДЭийн сургуулийн захиргаанд хандаж өмнө гаргасан тайлбарыг авч хэлэлцээгүй, зөрчлийн шинж, үр дагаварыг, түүнчлэн бага анги даасан багшийн хувьд түүний болон бусад хүүхдүүдийн эрх ашгийг давхар харгалзах буюу хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг захирлын зөвлөлийн хуралдаанд зөвхөн тус сургуулийн захирал болоод менежерүүд оролцсон байх бөгөөд ДЭийн гаргасан үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэн Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн, улмаар багшийн зүгээс уучлалт гуйсан, тухайн зөвлөлөөс цаашид анхаарч ажиллахыг сануулсан, ангийн бусад хүүхдүүдийн эрх ашгийг бодолцон багш солихгүй байх эцэг, эхчүүдийн гаргасан хүсэлт зэрэг бодит байдлыг тал талаас нь ярилцаж хэлэлцээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ч ажил олгогч ажлаас халахаас өөрөөр хуульд заасан олон төрлийн шийтгэлээс сонгож ногдуулах эрх бий. Ийм ч улмаас хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийг (2021 оны) шинэчлэн батлахдаа ажилтанд шийтгэл ногдуулахдаа өөрийг нь сонсох, шаардлагатай нөхцөлүүдийг харгалзах, шийтгэлийг сонгох боломжийг ажил олгогчид олгосон, нөгөө талаар цаашид анхаарч дахин зөрчил гаргахгүй ажиллах, ажил олгогчийн итгэлийг алдахгүй байх боломжийг ажилтанд олгосон гэж үзэхээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ДЭийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

15.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тогтоохдоо хүчингүй болсон журмыг баримталсныг давж заалдах шатны шүүх залруулж шинэчлэн батлагдсан журмаар олговрыг тооцсон нь зөв болжээ.

16.Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00106 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “О” цогцолбор сургууль /төлөөлөгч Х.Б/-ийн 2023.01.06-ны өдөр төлсөн 199,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН