Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00106

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2022/01467 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын “*******” сургуульд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын "*******” сургуулийн захирал *******ийн 2022.04.11-ний өдрийн Б/42 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай”

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуульд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бага ангийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн багшаар ажилд орсон.

1.1. 2022 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэхэд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэхгүй байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр захирал ******* нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байтал надад холбогдуулан эцэг, эхийн гомдол ирсэн гээд дараа нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулах болж, үндсэн багш надтай 1 жилийн хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Учир нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3-6 дугаар бүлэгтээ хичээл орж байх үед сурагч ******* нь хичээлийн цагаар хичээлдээ анхаарахгүй, өөрийнхөө нимгэн жижиг самбар дээр зураг зурж, сараачсан гэж анхааруулж тухайн нимгэн /пиавран/ самбараар хичээлдээ анхаар аа гэж хэлэн мөрөн тус газар нь хөнгөн ёвроход самбар нимгэн хөнгөн учраас нугалаас үүссэн байсан. Энэ тухай 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ээж болох *******тай утсаар холбогдож урьд өдөр болсон зүйлийн талаар хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн ёс зүйн зөвлөлийн хурал болж дээрх асуудлаар хэлэлцэж, надад сануулах арга хэмжээ авсныг хүлээн авч, сурагчийн ээжээс албан ёсоор уучлалт гуйсан.

1.2. Захирал 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуудан 2 тушаал танилцуулсан. Нэг тушаал нь сахилгын арга хэмжээ авч 20 хувиар цалингийн хэмжээ бууруулах, нөгөөх нь ажлаас халах тушаал байсан. Миний бие өөрт нь таалагдахгүй тайлбар өгсөн учир намайг ноцтой зөрчил гаргасан гэж тушаалынхаа үгийг өөрчилж би зөвшөөрөхгүй явсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаартай тушаалыг тухайн тушаал гарсан өдрөө танилцуулсан. Тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй.

1.3. Эцэг, эхчүүд шаардлагын хариу сонсохоор орох бүрт миний нэр хүндэд халдаж, сөрөг ухуулга таниулан хийсэн нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 6.2.2, 6.2.5, 6.2.6-д заасан ёс зүйн зөрчлийг удирдах албан тушаалтан өөрөө зөрчсөн үйлдэл гаргасан.

Захирлын 2022.04.11-ний өдрийн Б/42 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцэж гараагүй, тус хуульд болон сургуулийн дотоод журамд байхгүй заалтыг үндэслэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3.3, 83.3.5, 83.3.6 гэх заалт хуулинд байхгүй, сургуулийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.4.5 дахь заалт гэж огт байхгүй заалт үндэслэсэн нь буруу юм.

Иймд Дархан сумын Ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуулийн захирал *******ийн 2022.04.11-ний өдрийн Б/42 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Багш ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3-6 бүлэгт хичээл орж байх үедээ сурагч *******г түүний хичээл хийдэг электрон самбарыг цууртал цохиж хүүхдийн халдашгүй эрх чөлөөнд халдсан.

2.2. Багш ******* нь хүүхдийг цохиж эрх чөлөөнд халдсанаа сургуулийн ёс зүйн зөвлөл болон сургуулийн захиргаанд гаргасан тайлбартаа хэлж буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг заасан.  Багш ******* хөдөлмөрийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсаныг Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдон 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн төрөлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний аль алинд нь байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахад доорх заалт өөрчлөгдөөгүй. Багш ******* нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийг баримтлан сахилгын шийтгэлийн арга хэмжээг авсан. Захирлын 5/42 дугаар тушаалд 83 дугар зүйлийн 83.3, 3.5, 83.6 гэхийг 3-н тоог нэмж бичин техникийн алдаа гаргасан. Дээрх заалт нь тушаалд зайлшгүй байх заалт биш бөгөөд харилцаа дуусгавар болсны дараах ажилтантай холбогдох бүхий л заалтууд байсан.

Сургуулийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.4.5 дахь заалт байгаа болоод баримталсан. Энэ хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэх болсон бөгөөд ямар нэгэн өөр заалт биш яг л хөдөлмөрийн тухай хуулийн заалт тэр хэвээр нь тусган оруулж өгсөн. Хариуцагчийн гаргасан тушаал үндэслэл бүхий байгаа гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Дархан сумын ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5,942,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,262,502 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 180,223 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

4.1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            4.2. “Од” цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаар тушаалд илүү 3-н тоо нэмж бичигдсэн техникийн алдаа гэдэг нь ойлгогдох бөгөөд ******* багшийн хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн байдлыг дордуулсан заалт биш, сахилгын арга хэмжээ авахад шалтаг шалтгаан болохгүй, нөлөөлөхгүй заалт бичигдсэн.

            4.3. ******* багшийн 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7-д хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан.

            4.4. Анхан шатны шүүх ******* нь хүүхэд зодсон ноцтой зөрчил гаргасан тул энэхүү буруутай ёс зүйн зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулсан гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан гэж буруу дүгнэсэн. Тушаал болон шүүхэд гаргасан тайлбарт ёс зүйн зөрчилтэй холбогдуулсан арга хэмжээг авсан утгатай заалт байхгүй. Ажил олгогчоос хөдөлмөрийн сахилгын шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар аль нэгийг ногдуулна. Багш  *******т ёс зүйн асуудлаар сургуулийн захиргаанаас тушаал гарган ямар нэгэн шийтгэл ногдуулаагүй. Харин ёс зүйн хорооноос багшид сануулга өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж сургуулийн захиргаанаас тушаалаар ногдуулж байгаа хариуцлага хөдөлмөрийн сахилгын шийтгэлд тооцогдох ёстой.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргахдаа хүчингүй болсон журмыг баримтлан олговрын хэмжээг буруу тооцож гаргасан байх  тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

Хэргээс судлан үзэхэд:

 3. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуульд бага боловсролын багшаар ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарны 11-ний өдрийн Б/42 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

4. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны асуудлыг шүүх гомдлоор авч хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуулиас  урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,942,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,262,106 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...багшийн ёс зүйн зөвлөлөөс сануулах арга хэмжээ авсан бөгөөд ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авахуулсан асуудал дээр маргахгүй. Харин сануулах арга хэмжээ авсан байхад сургуулийн захирал тушаал гаргаж, ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-т “сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасан. Багш *******ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүүхэдтэй зүй бус харьцсан сахилгын зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан учир ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.” гэж маргаж байна.

5.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн а/243 дугаар “Дүрэм, журам батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг, 2 дугаар хавсралтаар ”Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг тус тус баталсан бөгөөд энэхүү журам нь заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээ тогтоосон, хүчин төгөлдөр эрх зүйн акт байна.

6. Нэхэмжлэгч ******* нь сурагч *******гийн биед халдсан талаар маргадаггүй бөгөөд Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “багш нь суралцагчийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно.” гэж, Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т “багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд  “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.4.2-т “хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх”-ыг дагаж мөрдөхийг үүрэг болгожээ.

7. Ерөнхий боловсролын сургуулийн багш ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд тухайн зөрчлийн асуудлыг шийдвэрлэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн а/243 дугаар “Дүрэм, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ”Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.1-т заасны дагуу шийдвэрлэх учиртай.

7а.Багш ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол ирсэн тохиолдолд түүнийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан шалгуулахаар 3 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллуулж, тус ажлын хэсэг нь гомдол, хүсэлттэй холбоотой нотлох баримт цуглуулж, тухайн асуудалд хамааралтай этгээдүүдтэй ярилцлага хийсний үндсэн дээр дүгнэлт, санал гарган Ерөнхий боловсролын сургуулийн захирлын зөвлөлд танилцуулж шийдвэрлэхийг дээрх журмын хавсралтаар зохицуулсан байна.

7б.Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд үүсдэг харилцаа бөгөөд сахилгын шийтгэлийг оногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч этгээд байх бөгөөд багшийн ёс зүйн зөвлөл нь багш ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж, дүгнэлт, санал гаргах эрхтэй боловч ёс зүйн зөрчил гаргасан багшид сахилгын шийтгэл оногдуулах эрхгүй атлаа бага боловсролын багш *******т сануулах арга хэмжээ авсан нь дээрх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 44/

8.Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй этгээд сахилгын шийтгэл ногдуулсан байхад багшийн ёс зүйн зөвлөл сануулах арга хэмжээ авсан бөгөөд сургуулийн захирал тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  123 дугаар зүйлийн 123.7-т “сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

9.Учир нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.” гэж хуульчлан зохицуулжээ.

9а.Нэхэмжлэгч ******* нь “Од” цогцолбор сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот тодорхойлолт, талуудын маргаангүй тайлбар зэргээр тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн болох нь тогтоогдож байна. /хавтас хэргийн 131/

9б.Гэтэл “Од” цогцолбор сургуулийн захиргаа нь үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй ажилтан болох *******ийг ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

10.Нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан түүнд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээг тогтоохдоо хүчингүй болсон Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалыг үндэслэн шийдвэрлэсэн ноцтой зөрчил гаргажээ.

11.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталж, уг журам 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.

12. “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын  2.3.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заажээ.

12а.Нэхэмжлэгч *******  нь ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2022 оны 1 дүгээр сард 670375 төгрөг, 2 дугаар сард 1005563 төгрөг, 3 дугаар сард 1295117 төгрөгийн цалин авсан бөгөөд тэрээр 2022 оны 1 дүгээр сард 7 хоногийн хугацаагаар хөдөлмөрийн чадвар түр алдаж, тэтгэмж авч байсан байна. /хавтаст хэргийн 120/

12б.Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-д “ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэг ажлын өдрийн дунджаар тооцох нь зүйтэй.

12в. Нэхэмжлэгч *******ийн 2022 оны 1 дүгээр сард авсан 670375 төгрөг, 2 дугаар сард авсан 1005563 төгрөг, 3 дугаар сард авсан 1295117 төгрөгийн цалинг энэ хугацаанд буюу 2022 оны 1 дүгээр сард ажилласан 14 хоног, 2 дугаар сард ажилласан 17 хоног, 3 дугаар сард ажилласан 22 хоног буюу нийт 53 хоногт хуваахад тухайн ажилтны 1 өдрийн цалин 56057.6 төгрөг байна. /2,971,055:53=56,057.6 төгрөг/

12г. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 127 хоног ажилгүй байсан ба 56,057.6 x 127 = 7,119,320.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 85,287.6 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2022/01467 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэснийг

“...нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын ******* сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,

шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын

“...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Дархан сумын ерөнхий боловсролын ******* сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5,942,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,262,502 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэснийг

“...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Дархан сумын ерөнхий боловсролын ******* сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7,119,320.4 /долоон сая нэг зуун арван есөн мянга гурван зуун хорин төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,287.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж,

            шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын

            “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 180,223 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.” гэснийг,

            “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 199059 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.       

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,223  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.БАЙГАЛМАА

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА

                                                              ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ