Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1354

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00638 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ц-эд холбогдох

 

Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Ц-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын 66-72 дугаарт бүртгэсэн болон 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өв залгамжлалын 74-76 дугаар бүртгэж С.Жболон С.А нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,

Хариуцагч С.Ц-,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Г- нь талийгаач С.Б-ын төрсөн эцэг, С.Б- 2016 оны 7 дугаар сард нас барсан ба тодорхой хэмжээний хөрөнгө бий болгосон бөгөөд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь өвлөх ёстой. Нэхэмжлэгчийн охин С.Б- нь 2 хүүхэдтэй байсан ба С.Ж-, С.А- нар юм. Нотариатч С.Ц- нь өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өв залгамжлалын 66-72 дугаарт, мөн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өв залгамжлалын 74-76 дугаарт бүртгэж, С.Ж- болон С.А- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар В.Г- болон түүний зээ болох С.Ж-, С.А- нар нь хууль ёсны өв залгамжлагч юм. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, харин Нотариатын үйлдэх хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгч болох В.Г-т олгож болохоор заасан. Мөн нотариатч С.Ц- нь өвлөгдөх эрхийг түүний хүүхдүүд болох С.Ж-, С.А- нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг бүртгэж, гэрчлэхдээ тэд нараас бусад хууль ёсны өвлөгч байгаа эсэх, тэдгээр нь өвлөх эд хөрөнгөөс татгалзсан эсэх, тэдгээрийг хүлээн авсан эсэхийг тодруулаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу Засаг даргын өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал хүлээн авсан гэж үзнэ. Зөвхөн өв хүлээн авах хүсэлт гаргаснаар өв хүлээн авснаар тооцохгүй. Харин тухайн өвлөгч эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдсан бол хүлээн авсанд тооцох тухай зохицуулалт байдаг. Өвлүүлэгч С.Б-ын өвлөгдсөн эд хөрөнгөнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж, 318 тоотод орших 126 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг хангамж гудамж, 337 тоот хаягт байрлах 265 м.кв газар тус тус багтсан. В.Г- нь “Цахим гал” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд “Цахим гал” ХХК нь өөрөө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж, 318 тоот хаягт тавилга угсралт, цутгуурын үйлдвэрийн барилга барих үйл ажиллагаа явуулж, түүний дагуу агуулахыг ашигладаг. Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамж гудамж, 337 тоот газарт мужааны үйлдвэрлэл үйл  ажиллагаа явуулж тус тус газарт барилга барьсан байдаг. Тус хорооны Засаг даргын үйл ажиллагаа явуулдаг нь үнэн гэсэн тодорхойлолт байгаа. Үүний дагуу В.Г- нь үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан өөрийн охин болох С.Б-ын үл хөдлөх эд хөрөнгө буюу дээрх 2 эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдаж, түүний дагуу үйл ажиллагаа явуулж, тодорхой зардал гаргасан нь баримтаар хэрэгт авагдсан. Өвлөгдсөн эд хөрөнгийн өмчлөгчийн нэрийг солих эрх байхгүй. Үүний дагуу С.Ц- нь тухайн эд хөрөнгийг хэн эрхлэн удирдаж, хамгаалж байгаа талаар, тухайн газарт юу байгааг, хэн үйл ажиллагаа явуулж байгаа зэргийг тодруулаагүй. Бусад өвлөгч байгаа эсэхийг бүрэн тодруулахгүйгээр түүний 2 хүүхдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хууль зөрчиж С.Ж-, С.А- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул Хан-Уул дүүргийн нотариатч С.Ц-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын 66, 67, 68, 69, 70, 71, 72 дугаарт бүртгэсэн болон 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 74, 75, 76 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач С.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Испани улсад байхдаа нас барсан. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвлөгчийн өв хүлээн авах тухай бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Өвлөгч нас барснаас 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгодог зохицуулалт байдаг ба 1 жил 23 хоногийн дараа гэрчилгээ олгосон. Эрхлэн удирдаж, эзэмдэн авах асуудал ярьаж байгаа боловч “Цахим гал” ХХК нь миний ажиллагаатай холбогдохгүй. Хэрвээ эрхлэн удирдаж, эзэмдэн авсан бол В.Г- 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өвөөс татгалзаж байсан үйл баримт байдаг. Ер нь өв залгамжлагч нарын эцэг, эх нь хүссэн байна уу, үгүй юу гэдгийг нотариатч шүүдэг ба шүүж үзэхэд зөвхөн өвөөс татгалзаж байсан В.Г-ын өргөдөл өвийн санд байсан. Өвлөгч өв хүлээн авах үүрэгтэй, өвөөс татгалзах эрхтэй. Гэтэл энэ хүн тухайн үед жилийн дотор өв хүлээн авах үүргээ умартсан гэж үздэг. С.Б- гэдэг хүнийг нас барснаас хойш холбогдох материалуудыг шалгаж үзээд төрсөн хүүхдүүдэд нь өвийн гэрчилгээ олгосон. Тухайн нас барагчийн ам бүлийн гишүүд нь хэн хэн байсан талаар хорооноос нь тодорхойлолт авсан ба өрхийн бүртгэлийн дэвтэрт С.Ж-, нас барагч, охин дүү С.А- нар бүртгэлтэй байсан. Үл хөдлөх хөрөнгө, газар гэх мэт 10 төрлийн өвийн хөрөнгө байгаа. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр С.Ж- холбогдох материалаа бүрдүүлж дахин хүсэлт гаргасны дагуу гэрчилгээ олгосон. В.Г-ыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвөөс татгалзах ойлголтыг мэдэж, татгалзаж байсан үйл баримт болсон гэдэг нь тогтоогдсон гэж ойлгосон. Хэдий нэгдүгээр ээлжийн өвлөгч байсан ч тухайн нас барагчтай нэг гэр бүлийн харьяалалд амьдарч байгаа үгүйг өв залгамжлагчид жилийн дотор өв авах үгүй хүсэлтээ гаргах ёстой. Зөвхөн бичгээр гаргасан татгалзлыг үндэслэж, нотариатч асуудлыг шийддэг. Эрхээ хэрэгжүүлэх хугацаа байдаг ба нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй байвал уг хуулийн хугацаа өнгөрвөл В.Г-ыг өвөөс татгалзсан гэж үзнэ. Өвийн асуудалд маргаж байгаа В.Г- эхнэр н.Нарангэрэлийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 18-2 тоот хаягт амьдардаг. Энэ утгаараа Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг хэрэглэх нь зөв гэж үзэж байна. Өв залгамжлагч С.Ж- ирж өргөдөл гаргасан ба монголоор ярьдаг, бичихдээ тааруу байсан тул В.Г-ын ээжийнх нь дүү Г.Ганзориг гэдэг хүн энэ бүх зүйлийг танилцуулж өргөдлийг бичиж өгсөн. Тус өргөдөлд дээрх өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхүүдтэй холбогдуулан бусад хууль ёсны өв залгамжлагчдаас ямарваа нэгэн маргаантай асуудал гарвал хууль ёсны өвлөгч С.Ж-, С.А- бид нар хохирлыг дээрх хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр барагдуулна гэсэн байдаг. Тэгэхээр өв залгамжлалын маргаантай асуудал харагдаж байгаа хэдий ч цаанаа эд хөрөнгийн маргаан болж харагдаж байгаа юм. С.Ж- нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн татгалзлын асуудалд хүсэлт гаргасан. Иймд нас барагчийн 2 хүүхдэд өвийн эрхийн гэрчилгээ олгож шилжүүлэхэд ямарваа нэгэн хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч С.Ц-ийн тайлбарыг дэмжиж байна. С.Б- нь Сингапур улсад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг ба өөрийн охин С.А-тай 2-лаа амьдардаг байсан. С.Ж- нь Америкт суралцан, нэг жилийн хугацаанд Сингапур улсад ээжтэйгээ хамт амьдран магистрын зэрэгт суралцаж байх явцад ээжийнх бие нь өвдөж, Испани улсад эмчлүүлэх гэж явж байхдаа нас барсан ба 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, С.Ж- нь Испани улсад очиж чандарлуулж, Монгол Улсад чандарыг авчирсан байдаг. С.Б- нь Монгол Улсад богино хугацаанд байдаг байсан. С.Ж- нь жилдээ 2, 3 долоо хоног Монгол Улсад ирдэг. Багаасаа гадаадад байсан болохоор төрөлх хэл нь англи болж, ээжийнхээ төрсөн дүү Г.Ганзоригоор бичүүлж, материалуудаа бүртгүүлсэн байгаа гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, 31.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Ц-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын 66, 67, 68, 69, 70, 71, 72 дугаарт бүртгэсэн болон 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өв залгамжлалын 74, 75, 76 дугаарт бүртгэж С.Ж болон С.А нарт өвлөх эрийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн В.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00638 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүгч маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал буюу өв хүлээн авсан үйл баримт түүнийг нотолсон нотлох баримтуудыг бүрэн зөв үнэлэлгүй, хууль буруу тайлбарлан шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байна.

1. Нотлох баримт үнэлсэн тухай

Хан-Уул дүүргийн нотариатч С.Ц- нь өвлүүлэгчийн өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өв залгамжлалын 66, 67, 68, 69, 70, 71, 72 дугаарт, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өв залгамжлалын 74, 75, 76 дугаарт бүртгэж гуравдагч этгээдүүд болох С.Жболон С.А нарт өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Дээрх өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байгаа эсэхийг тодруулаагүйгээс гадна мөн хуулийн 528 дугаар зүйл 528.2-д заасныг харгалзан үзэлгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон ба нэхэмжлэгчийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон дээрх хууль бус үйлдлүүдийг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд хандсан.

Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөгч нарт өвлөгдсөн зарим эд хөрөнгийг өөрийн байгуулсан, хувь эзэмшдэг “Цахим гал” ХХК-аар дамжуулан эзэмдэн авч, эрхлэн удирдсан байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улиастайн гудамж 318 тоотод байрлах 126 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зохих журмын дагуу ашиглаж, тавилга угсралт, цутгуурын үйлдвэрийн барилга барьж, үйл ажиллагаа явуулж байсан ба мөн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамж гудамж, 337 тоот хаягт байрлах 265 м.кв газар дээр модон эдлэл, мужааны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зохих журмын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан талаарх холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан ба тухайн үйл баримтыг үнэлэн үзвэл нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгүүдийг зохих журмын дагуу өвлөн авсан болох нь тогтоогдож байтал анхан шатны шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь тухайлсан эд хөрөнгийг өвлөх эрхээсээ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр татгалзаж хүсэлт гаргасан ба хүсэлтдээ “Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 40, 50 мянгат /15170/ Баруун сэлбийн гудамж, 45 дугаар байр 1 давхрын А хэсэг 102.5 м.кв /Г-000222137, Ү2202018137/ ийнхүү өвлөх эрхээсээ татгалзаж байгаа тул дээрх эд хөрөнгийг өвлөх эрхтэй маргаан гаргахгүй болно” гэсэн бөгөөд энэхүү хүсэлтээр зөвхөн хүсэлтэд дурдсан эд хөрөнгийг өвлөх эрхээсээ татгалзсан. Гэтэл шүүх дээрх үйл баримтыг үнэлэхдээ “Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд В.Г-ыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн байна гэж үзнэ.” гэсэн ба бусад бүх эд хөрөнгөөс татгалзсан гэж ойлгон хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1, 25.2.2-т заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж маш ойлгомжгүй дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байна.

2. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай

Иргэний хуулийн 528 дугаар зүйл 528.2-т зааснаар өвийг хүлээн авсан гэж үзэх 2 тохиолдлыг зааж өгсөн бөгөөд өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан тохиолдолд өвийг хүлээн авсан гэж үзэх ба эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульчилж өгсөн. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгч нарт өвлөгдсөн эд хөрөнгүүдийг заримыг нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу эзэмдэн авч, эрхлэн удирдаж зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд дээрх үйл баримтаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үнэлэхдээ, хэргийн нөхцөл байдал болон Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Нотариат маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо харгалзан үзэх ёстой байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй гэрчилгээ олгосон ба дээрх үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.3-т заасныг зөрчсөн үйлдэл болох юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийг зөвтгөн нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү давж заалдах гомдлыг нь хангаж, нотлох баримт буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч В.Г- нь Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Ц-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын 66, 67, 68, 69, 70, 71, 72 дугаарт бүртгэсэн болон 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өв залгамжлалын 74, 75, 76 дугаарт бүртгэж С.Жболон С.А нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахаар хариуцагч С.Ц-эд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч В.Г- нь Б.Нарангэрэлтэй 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1971 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Г.Баярт төрсөн байх бөгөөд охин Г.Баярт нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь тогтоогджээ. /хэргийн 7-8, 11, 52 дугаар тал/

 

Мөн нас барагч Г.Баярт нь 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Жесоныг, 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин Амина Нараг төрүүлсэн ба тэрээр 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Австри улсын иргэн Свобода Эдуардтай гэр бүл болсон бөгөөд хүү Г.Жесоныг 2005 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Свобода Эдуардын Жесон болгон бүртгүүлсэн байх ба нас барагч Г.Баярт нь нас барах хүртэл хүү С.Ж-, охин С.А- Нара нартай  Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 3 хэсэг, Сөүл Рояал Каунти 310 байр 303 тоот хаягт амьдардаг байсан үйл баримтын талаар талууд мараагүй байна. /хэргийн 52, 53, 55, 56 дугаар тал/

 

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нас барагч Г.Баяртын хүү С.Ж- буюу хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад буюу Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчид гаргасныг үндэслэн хариуцагч С.Ц- 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өвлөх эрхийн 67, 68, 69, 70, 71, 72 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өвлөх эрхийн 74, 75, 76  гэрчилгээ олгожээ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч В.Г- нь нас барагч Г.Баяртын хууль ёсны өвлөгч мөн боловч тэрээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хэргийн 59 дүгээр тал/

 

            Түүнчлэн дээрх 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын 67, 71 дүгээрт бүртгэгдсэн талийгч Г.Баяртын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн гудамж, 318 тоот хаягт байрших 126 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус дүүрэг хорооны 4 дүгээр хэсэг хангамж гудамжны 337 тоот хаягт байршилтай 265 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газарт нэхэмжлэгчийн өөрийн хүүхдүүдийн хамт үүсгэн байгуулсан “Цахим гал” ХХК нь өвлөгчийг нас барахаас өмнө хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж байсан нь өвийн зүйлийг нэхэмжлэгч эзэмдэн авсан гэж үзэхгүй.

 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            ,3               Ж.ОЮУНТУНГАЛАГ

     

                                       ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                     С.ЭНХТӨР