Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00638

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 19 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00638                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ц /РД: /-д холбогдох,  

Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Цийн 2017.08.28-ны өдрийн өв залгамжлалын 66,67,68,69,70,71,72 дугаарт бүртгэсэн болон 2017.09.04-ний өдрийн өв залгамжлалын 74,75,76 дугаар бүртгэж Свобода Жесон болон Свобода Амина нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ,  хариуцагч С.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Туул нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Монгол улсын иргэн В.Г нь талийгаач С.Баяртын төрсөн эцэг, С.Баярт 2016 оны 7 дугаар сард нас барсан ба тодорхой хэмжээний хөрөнгө бий болгосон бөгөөд тухай хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь өвлөх ёстой гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгчийн охин С.Баярт нь 2 хүүхэдтэй байсан ба С.Жесон, С.Амина нар юм. Хан-Уул дүүргийн нотариатч С.Ц нь өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өв залгамжлалын 66, 67, 68, 69, 70, 71, 72 дугаарт бүртгэж, мөн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр өв залгамжлалын 74, 75, 76 дугаарт бүртгэж, С.Жесон болон С.Амина нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, нас барсан хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нар нь хууль ёсны өвлөгч байхаар заасан байдаг. Үүний дагуу иргэн В.Г болон түүний зээ болох С.Жесон, С.Амина нар нь хууль ёсны өв залгамжлагч юм. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа олгоно. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, харин Нотариатын үйлдэх хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгч болох В.Гт олгож болохоор заасан байдаг. Мөн Хан-Уул дүүргийн нотариатч С.Ц нь өвлөгдөх эрхийг түүний хүүхдүүд болох С.Жесон, С.Амина нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг бүртгэж, гэрчлэхдээ тэд нараас бусад хууль ёсны өвлөгч байгаа эсэх, тэдгээр нь өвлөх эд хөрөнгөөс татгалзсан эсэх, тэдгээрийг хүлээн авсан эсэхийг тодруулаагүй байдаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу Засаг даргын өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал хүлээн авсан гэж үзнэ. Зөвхөн өв хүлээн авах хүсэлт гаргаснаар өв хүлээн авснаар тооцохгүй, харин тухайн өвлөгч эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдсан бол хүлээн авсанд тооцох тухай зохицуулалт байдаг. Өвлүүлэгч С.Баяртын өвлөгдсөн эд хөрөнгөнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж, 318 тоотод орших 126 мкв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг хангамж гудамж, 337 тоот хаягт байрлах 265 м/кв газар тус тус багтсан байдаг. Иргэн В.Г нь Цахим гал ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Цахим гал ХХК нь өөрөө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж, 318 тоот хаягт тавилга угсралт, цутгуурын үйлдвэрийн барилга барих үйл ажиллагаа явуулж, түүний дагуу агуулахыг ашигладаг. Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг хангамж гудамж, 337 тоот газарт мужааны үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж тус тус газарт барилга барьсан байдаг. Тус хорооны Засаг даргын үйл ажиллагаа явуулдаг нь үнэн гэсэн тодорхойлолт байгаа. Үүний дагуу иргэн В.Г нь үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан өөрийн охин болох С.Баяртын үл хөдлөх эд хөрөнгө буюу дээрх 2 эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдаж, түүний дагуу үйл ажиллагаа явуулж, тодорхой зардал гаргасан нь баримтаар хэрэгт авагдсан. Тухайлбал хог, цахилгааны төлбөрийг Цахим гал ХХК-иас төлсөн баримт байгаа. Өвлөгдсөн эд хөрөнгийн өмчлөгчийн нэрийг солих эрх байхгүй. Үүний дагуу С.Ц нь тухайн эд хөрөнгийг хэн эрхлэн удирдаж, хамгаалж байгаа талаар, тухайн газарт юу байгааг, хэн үйл ажиллагаа явуулж байгаа зэргийг тодруулаагүй. Бусад өвлөгч байгаа эсэхийг бүрэн тодруулахгүйгээр түүний 2 хүүхдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 531.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хууль зөрчиж С.Жесон, С.Амина нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул Хан-Уул дүүргийн нотариатч С.Цийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын 66, 67, 68, 69, 70, 71, 72 дугаарт бүртгэсэн болон 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 74, 75, 76 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Талийгаач С.Баярт нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Испани улсад байхдаа нас барсан байдаг. Миний гэрчилгээ олгосон өдөр бол 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр. Өвлөгчийн өв хүлээн авах тухай бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох ба хуулийн дагуу Хан-уул дүүрэгт гэрчилгээ олгоно. Нас барагчийн хүүхдүүд хүсэлт гаргасан ба хүсэлтийнх нь дагуу холбогдох материалыг нь шалгаж гэрчилгээ олгосон. Иймд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Өвлөгч нас барсны 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгодог зохицуулалт байдаг. Энэ дагуу 1 жил 23 хоногийн дараа гэрчилгээ олгосон. Эрхлэн удирдаж, эзэмдэн авах асуудал ярьж байгаа боловч Цахим гал ХХК нь миний ажиллагаатай холбогдохгүй. Хэрвээ эрхлэн удирдаж, эзэмдэн авсан бол иргэн В.Г 2017 оны 02 оны 25-ны өдөр өвөөс татгалзаж байсан үйл баримт байдаг, үүнийг нотолсон баримтыг хэргийн материалд өгсөн байгаа. Ер нь өв залгамжлагч нарын эцэг, эх нь хүссэн байна уу, үгүй юу гэдгийг нотариатч шүүдэг, шүүж үзэхэд зөвхөн өвөөс татгалзаж байсан В.Гын өргөдөл өвийн санд байсан. Өвлөгч өв хүлээн авах үүрэгтэй, өвөөс татгалзах эрхтэй байдаг. Гэтэл энэ хүн тухайн үед жилийн дотор өв хүлээн авах үүргээ умартсан гэж үздэг. С.Баярт гэдэг хүнийг нас барснаас хойш холбогдох материалуудыг шалгаж үзээд төрсөн хүүхдүүдэд нь өвийн гэрчилгээ олгосон. Тухайн нас барагчийн ам бүлийн гишүүд нь хэн хэн байсан талаар хорооноос нь тодорхойлолт авсан ба өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн байсан ба үүнд С.Жесон, нас барагч, охин дүү С.Амина нар бүртгэлтэй байсан. Үл хөдлөх хөрөнгө, газар гэх мэт 10 төрлийн өвийн хөрөнгө байгаа. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр С.Жесон холбогдох материалаа бүрдүүлж дахин хүсэлт гаргасны дагуу би гэрчилгээ олгосон. В.Г гуайг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвөөс татгалзах ойлголтыг мэдэж, татгалзаж байсан үйл баримт болсон гэдэг нь тогтоогдсон гэж ойлгосон. Хэдий нэгдүгээр ээлжийн өвлөгч байсан ч тухайн нас барагчтай нэг гэр бүлийн харьяалалд амьдарч байгаа үгүйг өв залгамжлагчид жилийн дотор өв авах үгүй хүсэлтээ гаргах ёстой. Зөвхөн бичгээр гаргасан татгалзлыг үндэслэж, нотариатч асуудлыг шийддэг. Эрхээ хэрэгжүүлэх хугацаа байдаг ба энэ хүн эрхээ хэрэгжүүлээгүй байвал уг хуулийн хугацаа өнгөрвөл бид нар В.Г гуайг өвөөс татгалзсан гэж үзнэ. Өвийн асуудалд маргаж байгаа В.Г гуай эхнэр н.Нарангэрэлийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 18-2 тоот хаягт амьдардаг. Энэ утгаараа Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг хэрэглэх нь зөв гэж үзэж байна. Өв залгамжлагч С.Жесон ирж өргөдөл гаргасан ба монголоор ярьдаг, бичихдээ тааруу байсан. Гэтэл В.Гын ээжийнх нь дүү Г.Ганзориг гэдэг хүн энэ бүх зүйлийг танилцуулж өргөдлийг бичиж өгсөн. Тус өргөдөлд дээрх өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхүүдтэй холбогдуулан бусад хууль ёсны өв залгамжлагчдаас ямарваа нэгэн маргаантай асуудал гарвал хууль ёсны өвлөгч С.Жесон, С.Амина бид нар хохирлыг дээрх хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр барагдуулна гэсэн байдаг. Тэгэхээр өв залгамжлалын маргаантай харагдаж байгаа хэдий ч цаанаа эд хөрөнгийн маргаан болж харагдаж байгаа юм. С.Жесон нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн татгалзлын асуудалд хүсэлт гаргасан байдаг. Иймд нас барагчийн 2 хүүхдэд өвийн эрхийн гэрчилгээ олгож шилжүүлэхэд ямарваа нэгэн хууль зөрчсөн үндэслэл байхгүй” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Жесоны итгэмжлэгдсэн  төлөөлөгч Э.Очбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нотариатч С.Цийн тайлбарыг дэмжиж байна. С.Баярт нь Сингапур улсад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг ба өөрийн охин С.Аминатай 2-лаа амьдардаг байсан. С.Жесон нь Америкт суралцан, нэг жилийн хугацаанд Сингапур улсад ээжтэйгээ хамт амьдран магистрын зэрэгт суралцаж байх явцад ээжийнх бие нь өвдөж, Испани улсад эмчлүүлэх гэж явж байхдаа харваж, нас барсан ба 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, С.Жесон нь Испани улсад очиж чандарлуулж, Монгол улсад чандарыг авчирсан байдаг. С.Баярт нь Монгол Улсад богино хугацаанд байдаг байсан. С.Жесон нь жилдээ 2, 3 долоо хоног Монгол Улсад ирдэг. Багаасаа гадаадад байсан болохоор төрөлх хэл нь англи болж, ээжийнхээ төрсөн дүү Г.Ганзоригоор бичүүлж, материалуудаа бүртгүүлсэн байгаа” гэв.

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

        Шүүх нэхэмжлэгч В.Гын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Цийн 2017.08.28-ны өдрийн өв залгамжлалын 66,67,68,69,70,71,72 дугаарт бүртгэсэн болон 2017.09.04-ний өдрийн өв залгамжлалын 74,75,76 дугаарт бүртгэж Свобода Жесон болон Свобода Амина нарт өвлөх эрийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн байна.

Хариуцагч тал “...хуульд заасан үндэслэл, журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй бөгөөд шүүх нотариатч С.Цийг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.3-т заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн тухай лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч В.Г нь 1969.01.15-ны өдөр Б.Нарангэрэлтэй гэр бүл болсоныг 1971.10.25-ны өдөр бүртгэсэн, тэдний дундаас 1971.07.23-нд охин Г.Баярт төрсөн байх бөгөөд Испани улсад 2016.08.05-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон байна.

Талийгаач Г.Баярт нь 2004.07.22-ны өдөр Австри улсын иргэн Свобода Эдуардтай гэр бүл болсон, тэдний дундаас 2005.05.31-нд охин Амина Нара төрсөн, мөн 1992.02.08-нд төрсөн Г.Жесоныг 2005.08.20-нд үрчлэлтийн 62 дугаарт Свобода овгийн Эдуардын Жесон болгон бүртгэгдсэн  үрчилсний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан байна.

           Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад буюу  Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчид гаргасан байх бөгөөд тухайн үед С.Жесоны нагац ах Г.Ганзориг нь түүний бичсэн хүсэлтийг нотариатын дэргэд сийрүүлэн бичсэнийг нотариатч С.Ц тэмдэглэсэн байна.

          Өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай С.Жесоны 2017.08.28-ны өдрийн хүсэлтэд хууль ёсны өв залгамжлагчид нь өөрөө болон төрсөн дүү Амина Нара болохыг дурдаж, дээрх өв залгамжлал болон үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхүүдтэй холбогдуулан бусад өв залгамжлагч нараас маргаан гаргавал С.Жесон, С.Амина нар хохирлыг дээрх хөрөнгө болон бусад хөрөнгөөр барагдуулна гэжээ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, 43.3-т өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасан байна.

В.Г нь Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчид Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд 2017.02.24-ний өдрийн хүсэлтэд “...Чингэлтэй 1 дүгээр хороо 40,50 мянгат /15170/ Баруун сэлбийн  гудамж, 45 дугаар байрны 1 давхарын А хэсэг 102.5м/кв. /Г-000222137, Ү-2202018137/ ийнхүү би өвлөх эрхээсээ татгалзаж байгаа тул дээрхи эд хөрөнгийн өвлөх эрхтэй маргаан гарахгүй болохыг баталж байна” гэжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд В.Гыг  хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1, 25.2.2-т зааснаар шүүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж дүгнэлээ.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, 31.3 дахь хэсэгт  зааснаар Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Цийн 2017.08.28-ны өдрийн өв залгамжлалын 66,67,68,69,70,71,72 дугаарт бүртгэсэн болон 2017.09.04-ний өдрийн өв залгамжлалын 74,75,76 дугаарт бүртгэж Свобода Жесон болон Свобода Амина нарт өвлөх эрийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн В.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                     Д. ЭНХЦЭЦЭГ