Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01638

 

В.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00638 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1354 дугаар магадлалтай,

В.Г-ын нэхэмжлэлтэй

С.Ц-эд холбогдох,

Талийгаач С.Б-ын өвлөгдөх эд хөрөнгийг бүртгэж, С Ж- болон С А- нарт 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 66-72 дугаар, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 74-76 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Г-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...В.Г- нь талийгаач С.Б-ын төрсөн эцэг, С.Б- 2016 оны 7 дугаар сард нас барсан ба тодорхой хэмжээний хөрөнгө бий болгосон бөгөөд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь өвлөх ёстой. Нэхэмжлэгчийн охин С.Б- нь 2 хүүхэдтэй байсан ба С.Ж-, С.А- нар юм. Нотариатч С.Ц- нь өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өв залгамжлалын 66-72 дугаарт, мөн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өв залгамжлалын 74-76 дугаарт бүртгэж, С.Ж- болон С.А- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар В.Г- болон түүний зээ болох С.Ж-, С.А- нар нь хууль ёсны өв залгамжлагч юм. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, харин Нотариатын үйлдэх хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгч болох В.Г-т олгож болохоор заасан. Мөн нотариатч С.Ц- нь өвлөгдөх эрхийг түүний хүүхдүүд болох С.Ж-, С.А- нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг бүртгэж, гэрчлэхдээ тэд нараас бусад хууль ёсны өвлөгч байгаа эсэх, тэдгээр нь өвлөх эд хөрөнгөөс татгалзсан эсэх, тэдгээрийг хүлээн авсан эсэхийг тодруулаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу Засаг даргын өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал хүлээн авсан гэж үзнэ. Зөвхөн өв хүлээн авах хүсэлт гаргаснаар өв хүлээн авснаар тооцохгүй. Харин тухайн өвлөгч эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдсан бол хүлээн авсанд тооцох тухай зохицуулалт байдаг. Өвлүүлэгч С.Б-ын өвлөгдсөн эд хөрөнгөнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж, 318 тоотод орших 126 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг хангамж гудамж, 337 тоот хаягт байрлах 265 м.кв газар тус тус багтсан. В.Г- нь Цахим гал ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Цахим гал ХХК нь өөрөө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж, 318 тоот хаягт тавилга угсралт, цутгуурын үйлдвэрийн барилга барих үйл ажиллагаа явуулж, түүний дагуу агуулахыг ашигладаг. Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамж гудамж, 337 тоот газарт мужааны үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж тус тус газарт барилга барьсан байдаг. Тус хорооны Засаг даргын үйл ажиллагаа явуулдаг нь үнэн гэсэн тодорхойлолт байгаа. Үүний дагуу В.Г- нь үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан өөрийн охин болох С.Б-ын үл хөдлөх эд хөрөнгө буюу дээрх 2 эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдаж, түүний дагуу үйл ажиллагаа явуулж, тодорхой зардал гаргасан нь баримтаар хэрэгт авагдсан. Өвлөгдсөн эд хөрөнгийн өмчлөгчийн нэрийг солих эрх байхгүй. Үүний дагуу С.Ц- нь тухайн эд хөрөнгийг хэн эрхлэн удирдаж, хамгаалж байгаа талаар, тухайн газарт юу байгааг, хэн үйл ажиллагаа явуулж байгаа зэргийг тодруулаагүй. Бусад өвлөгч байгаа эсэхийг бүрэн тодруулахгүйгээр түүний 2 хүүхдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хууль зөрчиж С.Ж-, С.А- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул Хан-Уул дүүргийн нотариатч С.Ц-ийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын 66, 67, 68, 69, 70, 71, 72 дугаарт бүртгэсэн болон 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 74, 75, 76 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ц-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Талийгаач С.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Испани улсад байхдаа нас барсан. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Өвлөгчийн өв хүлээн авах тухай бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Өвлөгч нас барснаас 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгодог зохицуулалт байдаг ба 1 жил 23 хоногийн дараа гэрчилгээ олгосон. Эрхлэн удирдаж, эзэмдэн авах асуудал ярьж байгаа боловч Цахим гал ХХК нь миний ажиллагаатай холбогдохгүй. Хэрвээ эрхлэн удирдаж, эзэмдэн авсан бол В.Г- 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өвөөс татгалзаж байсан үйл баримт байдаг. Ер нь өв залгамжлагч нарын эцэг, эх нь хүссэн байна уу, үгүй юу гэдгийг нотариатч шүүдэг ба шүүж үзэхэд зөвхөн өвөөс татгалзаж байсан В.Г-ын өргөдөл өвийн санд байсан. Өвлөгч өв хүлээн авах үүрэгтэй, өвөөс татгалзах эрхтэй. Гэтэл энэ хүн тухайн үед жилийн дотор өв хүлээн авах үүргээ умартсан гэж үздэг. С.Б- гэдэг хүнийг нас барснаас хойш холбогдох материалуудыг шалгаж үзээд төрсөн хүүхдүүдэд нь өвийн гэрчилгээ олгосон. Тухайн нас барагчийн ам бүлийн гишүүд нь хэн хэн байсан талаар хорооноос нь тодорхойлолт авсан ба өрхийн бүртгэлийн дэвтэрт С.Ж-, нас барагч, охин дүү С.А- нар бүртгэлтэй байсан. Үл хөдлөх хөрөнгө, газар гэх мэт 10 төрлийн өвийн хөрөнгө байгаа. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С.Ж- холбогдох материалаа бүрдүүлж дахин хүсэлт гаргасны дагуу гэрчилгээ олгосон. В.Г-ыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвөөс татгалзах ойлголтыг мэдэж, татгалзаж байсан үйл баримт болсон гэдэг нь тогтоогдсон гэж ойлгосон. Хэдий нэгдүгээр ээлжийн өвлөгч байсан ч тухайн нас барагчтай нэг гэр бүлийн харьяалалд амьдарч байгаа үгүйг өв залгамжлагчид жилийн дотор өв авах үгүй хүсэлтээ гаргах ёстой. Зөвхөн бичгээр гаргасан татгалзлыг үндэслэж, нотариатч асуудлыг шийддэг. Эрхээ хэрэгжүүлэх хугацаа байдаг ба нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй байвал уг хуулийн хугацаа өнгөрвөл В.Г-ыг өвөөс татгалзсан гэж үзнэ. Өвийн асуудалд маргаж байгаа В.Г- эхнэр н.Нарангэрэлийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 18-2 тоот хаягт амьдардаг. Энэ утгаараа Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг хэрэглэх нь зөв гэж үзэж байна. Өв залгамжлагч С.Ж- ирж өргөдөл гаргасан ба монголоор ярьдаг, бичихдээ тааруу байсан тул В.Г-ын ээжийнх нь дүү Г.Ганзориг гэдэг хүн энэ бүх зүйлийг танилцуулж өргөдлийг бичиж өгсөн. Тус өргөдөлд дээрх өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхүүдтэй холбогдуулан бусад хууль ёсны өв залгамжлагчдаас ямарваа нэгэн маргаантай асуудал гарвал хууль ёсны өвлөгч С.Ж-, С.А- бид нар хохирлыг дээрх хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр барагдуулна гэсэн байдаг. Тэгэхээр өв залгамжлалын маргаантай асуудал харагдаж байгаа хэдий ч цаанаа эд хөрөнгийн маргаан болж харагдаж байгаа юм. С.Ж- нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн татгалзлын асуудалд хүсэлт гаргасан. Иймд нас барагчийн 2 хүүхдэд өвийн эрхийн гэрчилгээ олгож шилжүүлэхэд ямарваа нэгэн хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: С.Б- нь Сингапур улсад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг ба өөрийн охин С.А-тай 2-лаа амьдардаг байсан. С.Ж- нь Америкт суралцан, нэг жилийн хугацаанд Сингапур улсад ээжтэйгээ хамт амьдран магистрын зэрэгт суралцаж байх явцад ээжийнх бие нь өвдөж, Испани улсад эмчлүүлэх гэж явж байхдаа нас барсан ба 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, С.Ж- нь Испани улсад очиж чандарлуулж, Монгол Улсад чандарыг авчирсан байдаг. С.Б- нь Монгол Улсад богино хугацаанд байдаг байсан. С.Ж- нь жилдээ 2, 3 долоо хоног Монгол Улсад ирдэг. Багаасаа гадаадад байсан болохоор төрөлх хэл нь англи болж, ээжийнхээ төрсөн дүү Г.Ганзоригоор бичүүлж, материалуудаа бүртгүүлсэн байгаа гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00638 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, 31.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Ц-ийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын 66, 67, 68, 69, 70, 71, 72 дугаарт бүртгэсэн болон 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн өв залгамжлалын 74, 75, 76 дугаарт бүртгэж С Ж- болон С А- нарт өвлөх эрийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн В.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1354 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал буюу өв хүлээн авсан үйл баримт түүнийг нотолсон нотлох баримтуудыг бүрэн зөв үнэлэлгүй, хууль буруу тайлбарлан шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвийг хүлээн авсан гэж үзэх 2 тохиолдлыг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 528.2-т "Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан байдаг. Дээрх зохицуулалтаас харвал өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан тохиолдолд өвийг хүлээн авсан гэж үзэх ба эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульчилж өгсөн байна. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөгч нарт өвлөгдсөн зарим эд хөрөнгийг өөрийн байгуулсан, хувь эзэмшдэг “Цахим гал” ХХК-р дамжуулан эзэмдэн авч, эрхлэн удирдсан байдаг. Тухайлбал Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Улиастайн гудамж 318 тоотод байрлах 126 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зохих журмын дагуу ашиглаж, тавилга угсралт, цутгуурын үйлдвэрийн барилга барьж, үйл ажиллагаа явуулж байсан ба мөн Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 4-р хэсэг, хангамж гудамж, 337 тоот хаягт байрлах 265 м.кв газар дээр модон эдлэл, мужааны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийг зохих журмын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан талаарх холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан ба тухайн үйл баримтыг үнэлэн үзвэл нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгөнүүдийг зохих журмын дагуу эзэмдэн авч, эрхлэн удирдсан буюу өвлөн авсан болох нь тогтоогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг үнэлэхдээ, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ" гэж хэргийн нөхцөл байдал болон Иргэний хуулийн 528.2, 528.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Нотариат маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо харгалзан үзэх ёстой байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй гэрчилгээ олгосон ба дээрх үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл 43.1, Иргэний хуулийн 528 дугаар зүйл 528.2, 531 дүгээр зүйл 531.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.3-т заасныг зөрчсөн үйлдэл болох юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийг зөвтгөн нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү хяналтын гомдлыг хангаж, нотлох баримт буруу үнэлэж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

В.Г- нь нотариатч С.Ц-эд холбогдуулж талийгаач С.Б-ын өвлөгдөх эд хөрөнгийг бүртгэж, С Ж- болон С А- нарт 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 66-72 дугаар, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 74-76 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...нотариатын үйлдлийг хууль, журмын дагуу хийсэн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

“Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч В.Г- нь талийгаач С.Б-ын төрсөн эцэг тул хууль ёсны өв залгамжлагч мөн. Тэрээр талийгаачтай хамт амьдарч байгаагүй учир өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй тул өвийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч В.Г- нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн  67, 71-рт бүртгэсэн талийгаач С.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гудамж, 318 тоотод байрлах 126 м.кв талбай бүхий агуулахын барилга, мөн дүүргийн 4 дүгээр хэсэг, Хангамж гудамжны 337 тоотод байрлах 265 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмдэн авсан нөхцлийг нотариатч харгалзаагүй гэх боловч уг нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нотариатын үйлдэл хийхдээ нотариатч хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Иймээс Хан-Уул дүүргийн нотариатч С.Ц- талийгаач С.Б-ын хүү С Ж-, охин С А- нарын хүсэлтийг үндэслэн өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөгдөх эд хөрөнгийн бүртгэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг буруутгах боломжгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00638 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1354 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.ЦАГААНЦООЖ

       ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ