Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1352

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00592 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ур чадвар, хоол, унаа, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн шагналт цалин, ажиллах нөхцөлөөр хангуулах, ээлжийн амралтын мөнгө, нийт 30 411 119 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос хойшхи цалингаа гаргуулж авна. Нийгмийн даатгалаа бичүүлж чадахгүй, сар сард нь цалингаа авж чадахгүй байна. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан ур чадварын нэмэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 800 төгрөгөөр бодож, 1 440 000 төгрөг нэхэмжилж байна. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 200 000 төгрөгөөр баталж, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 15 хувийн нэмэгдэл 1 200 000 төгрөгийн 15 хувийн нэмэгдлийг тооцож, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 160 000 төгрөгийг олгуулахыг хүссэн. Мөн хамтын гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу хоол унааны нэмэгдэл нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 800 төгрөгөөр бодож байсан. Харин 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/70 тушаалаар 100 төгрөгөөр нэмж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 514 800 төгрөгийг, удаан жилийн нэмэгдэл цалин нь 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр анх ажилд орсноос хойш 2016 онд олгоогүй ба нэмэгдэл 120 000 төгрөг, 2017 онд 130 000 төгрөг, нийт 250 000 төгрөгийг тус тус олгож өгнө үү. 2017 оны удаан жилийн нэмэгдлийг бүх ажилчид олгосон, харин надад олгоогүй. Хамтын гэрээний 4.5 дахь хэсэгт үр дүнгийн шагнал цалинг зохицуулсан. Хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт заасны дагуу сар сард нь дурдаж, цалингаас бууруулахгүйгээр олгоно гэж заасан. Тэгтэл тухайн байгууллага өөрөө дүрэм журмыг гаргахгүй учраас 2014-2017 онуудад үр дүнгийн цалин авч чадаагүй ба 4 476 200 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тус хамтын гэрээний 9.1 дэх хэсэгт заалтыг биелүүлэхгүй байгаа бөгөөд 2017 оны 09 дүгээр сард өрөө тасалгаанд засвар хийнэ гэж авсан атлаа одоо болтол оруулахгүй байгаа учраас хамтын гэрээнд заасны дагуу ҮЭХ-г өрөө болон ажиллах нөхцөл бололцоогоор хангуулж өгнө үү гэж хүсэж байна. Нийт ажилчид бүгдээрээ миний энэ хүсэлтийг зөвшөөрсөн, гэтэл нэг хүний өрөө байсныг 2 хүний өрөө буюу дамждаг өрөө болгосон. 7 дахь шаардлага нь үндсэн цалингийн 40 хувийг нэхэмжилж байгаа. Цуг ажиллаж байгаа бүх хүмүүс энэ мөнгийг авч, харин надад цалин олгодоггүй. 11 дүгээр сарын шагнал цалин 1 200 000 төгрөгөөс 40 хувийг бодож, 5 280 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 04 дүгээр сараас эхлэн 2018 оны 03 дугаар сар хүртэл олгох цалингаа авч чадаагүй. Шүүхийн шийдвэрээр цалинг 27 000 000 төгрөгөөр шийдвэрлүүлсэн боловч надад 23 000 000 төгрөг ирсэн. Үүнээс 18 156 258 төгрөгийг би өөрийн цалин болгож авсан байгаа. Түүнээс хойш цалингаа аваагүй. 18 156 258 төгрөгийг авахад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй ба өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалыг төлөхийг даалгаж өгнө үү. Мөн 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл 1 200 000 төгрөгийн цалин, нийт 11 сарын 13 000 200 төгрөгийг хамтын гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлж, татварт татагдаагүйгээс болж Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар ч цалингүй байгаа болохоор энэ цалин Зорчигч тээврийн нэгтгэл төлөх ёстой, би хохирсон гэж үзэж нэхэмжилж байгаа. Ээлжийн амралтын мөнгө бол шүүхийн шийдвэр гарах үед мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэж, 1 668 519 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгоно гэж тохирсон боловч тэр тохиролцоонд хүрээгүй. Нийтдээ энэ байгууллагаас 30 411 119 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ мөнгийг бүрэн олгож, миний цалин болон урамшууллыг сар сард нь олгохыг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт ажилчид үндсэн цалин дээр урамшуулал болон хөдөлмөрийн хөлсний нэмэгдлүүдийг сар бүр олгоно, гэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журамд үндэслэж олгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Ямар дүрмийг мөрдлөг болгож, сарын цалинг 15 хувиар яаж гаргасан гэдгээ нотлоогүй учраас хуулийн үндэслэлгүй байна. Хоол унааны нэмэгдлийн хувьд байгууллагын цалин хөлсний журмын 8.1 дэх хэсэгт зааснаар ажилласан өдрөө тооцож, мөн тус журмын 11.11.1 дэх хэсэгт зааснаар ажлын цагийг хурууны хээ цахим бүртгэлээр бүртгэнэ. Үнэхээр манай байгууллагаас хоол унааны нэмэгдлийг авах ёстой гэж байвал энэ хүн өөрийнхөө ажилтан гэж үзэж байгаа бол бүртгүүлэх ёстой. Гэтэл нүүр хийсэн нэг ч баримт байхгүй. Энэ баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх ёстой. Мөн хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт зааснаар үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалингаас бууруулахгүй олгоно гэж заасан. Урьд энэ асуудлыг шүүх шийдсэн. Нэхэмжлэгч ажлын үр дүнгээ хэнд хэрхэн тайлагнасан талаар нотлоогүй, шаардлагынхаа үндэслэл болсон баримтыг өгөөгүй ба ийм баримт байхгүй гэж үзэж байгаа учраас энэ шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байна. Ажиллах нөхцөлийн тухайд хамтын гэрээний 9.1 дэх хэсэгт өрөө тасалгааны тухай заасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэхэд үндсэн цалин 800 000 төгрөгөөс 15 хувь тооцно гэсэн, гэтэл 6 дахь шаардлага нь үндсэн цалин 1 200 000 төгрөг болж нэмэгдсэн. 11 сар гэдэг нь алинаас аль хүртэлх хугацаа юм  бэ, үүнийг тодорхой хэлээгүй байна. Гэхдээ нэмэгдэж байгаа нь хуулийн үндэслэлтэй юм уу, ер нь өөрөө хэдэн гишүүнтэй, хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь бас тодорхой  харагдахгүй байна. Мөн шагналт цалин нь ур чадварын нэмэгдэлтэй адилхан байгаа. Энэ  талаар хэнээр дүгнүүлж, хэрхэн гаргасан нь тодорхой бус болохоор бас хуулийн үндэслэлгүй байна. Үндсэн цалинг яг ямар хуулиар үндэслэж байна вэ. 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл 1 200 000 төгрөгийн үндсэн цалин бодсон үндэслэл нь тодорхой бус байна. Ээлжийн амралтын тухайд хариуцагч байгууллагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлт гарсан. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн актыг манайх олох ёстой гэсэн. Гэтэл манайхаас энэ актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, тус актыг хүчингүй болгосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Ээлжийн амралтын мөнгө 1 668 519 төгрөг гэж мөнгөн дүн нь тохирч байгаа. Энэ асуудлыг шийдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан хамтын гэрээг хэрэгт өгсөн. Энэ хамтын гэрээний дагуу үүргээ биелүүлж, ажилчиддаа татварыг нь гарган өгч байгаа. Тэгэхээр энэ хамтын гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өмнөх хамтын гэрээг бид нар хүчингүй гэж үзэж байгаа. Учир нь өмнөх хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн хэсэгт дараагийн хамтын гэрээ байгуулах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасны дагуу шинэ хамтын гэрээ байгуулагдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас эхний гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд бүгд хүчингүй болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох 30 411 119 төгрөг гаргуулах, ажиллах нөхцөлөөр хангах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 480 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00592 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Эв нэгдэлийн хамтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын  гэрээ нь ажилчид болон надад мэдэгдэхгүй хийсэн тул надад хамаарахгүй гэрээ юм. Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан ур чадвар, хоол, унаа, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн шагналт цалин, ажиллах нөхцөлөөр хангуулах, ээлжийн амралтын мөнгө, нийт 30 411 119 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын заримыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан, зарим шаардлагыг нотолсон баримтгүй, өмнөх хамтын гэрээг мөрдөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар нэртэй болж, өөрчлөн байгуулагдахаас өмнө “Автобус-1” ОНӨҮГ, түүний ажилтны төлөөлөл оролцон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтын гэрээнд 2014 он 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээний ерөнхий нөхцөлд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах тохиолдолд хамтын гэрээг мөрдөх хугацааг хамтын хэлэлцээрийг шинэчлэн батлах хүртэл гэж тогтоосон байх бөгөөд хариуцагч байгууллага нь “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шинээр хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулж, мөн оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хамтын гэрээ хүчин төгөлдөр болж, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтын гэрээ дуусгавар болсон байна. /хэргийн 33-37, 128-134 дүгээр тал/

 

Иймээс хамтын гэрээ шинээр байгуулагдахаас өмнө 2013 онд байгуулагдсан хамтын гэрээ мөрдөгдөж байсан хугацааны урамшуулал, хоол унааны мөнгийг уг гэрээний 4.2, 8.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Т- нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны буюу 12 сарын цалингийн урамшуулал 1 440 000, ажлын 257 хоногийн хоол, унааны мөнгө өдрийн 3 800 төгрөгөөр тооцож 976 000 төгрөг, нийт 2 416 600 төгрөгийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2013 оны хамтын гэрээ нь 2017 оны 4 дүгээр сард хамтын гэрээ шинээр байгуулагдах үед дуусгавар болжээ. Шинээр байгуулсан хамтын гэрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин удаан жилийн нэмэгдлийн шаардах эрхийн хувьд “Автобус-1” ОНӨҮГ-ын цалин хөлсний тухай журмын 5.3.3-т ажилласан жилийн нэмэгдлийг таваас дээш жил ажилласан ажилчдад ажилласан жил тус бүрийг 10 000 төгрөгөөр тооцож тайлант жилийн эцэст жилд нэг удаа байгууллагын даргын тушаалаар олгохоор заасан байх ба нэхэмжлэгчид ажилласан жилийн нэмэгдэл олгох байгууллагын даргын тушаал гараагүй байна. Энэ тохиолдодд нэхэмжлэгчид удаан жилийн нэмэгдэл олгох журамд заасан нөхцөл бүрдээгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан боловч, хариуцагч байгууллагаас Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/2707 тоот албан бичигт нэхэмжлэгч Н.Т-ад урамшуулал олгохоор хэлэлцэн тохиролцсон талаар дурьдсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Бусад шаардлагыг шүүх хангах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дээр дурьдсан үндэслэлээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00592 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2 416 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Үйлдвэрчний эвлэлийг орон байраар хангуулах, ур чадварын 2 160 000 төгрөг, хоол унааны мөнгө 960 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 250 000 төгрөг, үр дүн шагналт цалин 4 476 600 төгрөг, үндсэн цалин 13 200 000 төгрөг, шагналт цалин 5 280 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 668 519 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 53 615 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 020 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ   

                       

                                                                                             С.ЭНХТӨР