Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00010

 

ЗЦХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2022/00422 дугаар шийдвэртэй,

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 213/МА2022/00024 дугаар магадлалтай,

 

ЗЦХны нэхэмжлэлтэй

БАӨСЗДгын Тамгын газар, БАӨСИТХд тус тус холбогдох

  

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 614,619,600 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЗЦХны төлөөлөгч С.С, хариуцагч ӨСТГД М.З, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ЗЦХ нь хариуцагч БАӨСЗДгын Тамгын газар, БАӨСИТХд тус тус холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 614,619,600 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2022/00422 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан БАӨСЗДТГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 354,169,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЗЦХнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 260,450,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЗЦХноос улсын тэмдэгтийн хураамж 3,231,048 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч БАӨСЗДгын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 1,928,798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗЦХнд олгож шийдвэрлэжээ.

 

3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 213/МА2022/00024 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2022/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын өмгөөлөгч П.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.01-ний өдрийн 131/ШШ2022/ 00422 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн алдааг, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2022.10.05-ны өдрийн 213/МА2021/00024 дугаар магадлалаараа залруулаагүй. Анхан шатны шүүх, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “ЗЦХ” нь 2020 онд барилгыг зураг төслийн “У” ХХК-аар Өлзийт сумын уурын зуухны барилгын зураг төсөл, мэргэшсэн төсөвчин Ш.Аоор уурын зуухны барилга угсралтын ажлын төсөв тус тус гаргуулан уурын зуухны ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна” гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдахгүй байна. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн, 116.2, 116.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг ноцтой зөрчиж байна.

 

4.1.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл уурын зуухны барилга 2019.10.01-ний өдөр баригдаж дууссаныг нэхэмжлэгч өөрөө нотолсон байхад зураг төсөв 2020 онд хийгдсэн байна. Энэ нотлох баримтаас үзвэл “ЗЦ “ хоршооны барьсан гэх уурын зуухны барилга ямар ч зураг төсөвгүй баригдсан байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлд заасан хэм хэмжээний дагуу үнэлээгүй байна. Зураг төсөвгүй баригдсан уурын зуухны барилга нь 354,169,600 төгрөгөөр баригдсан байх тул хариуцагч энэ мөнгийг төлөх ёстой гэж үзэж байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдахгүй байна. “ЗЦ” хоршооны хийлгэсэн гэх дээрх зураг төсөв бол он цагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт биш байна. Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэж Барилгын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг “ЗЦ" хоршоо зөрчсөн байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. Барилга байгууламж ашиглалтад орсныг нотлох баримтгүйгээр, шүүх баталдаг эрх зүйн үндэслэл Монгол оронд байхгүй. Шинээр баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах эсэхийг тусгай эрх олгогдсон улсын комисс шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай байдаг болохыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар ойлгохгүй байх учиргүй. Шүүгч нар нэхэмжлэгч талд үйлчилж байгаа учир хууль зөрчиж шийдвэр гаргаж байна.

 

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан зургаан асуудалд ямар ч дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, “уурын зуухны барилга чанар сайтай баригдаж хэдэн мянган хүнийг дулаанаар хангаж байгаа, зураг төслийн огноо, сар бол техникийн алдаа” хэмээн худал тайлбарыг хүлээн авсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг зөрчиж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчиж, хэргийн үйл баримтыг зориуд буруу үнэлж нэг талд үйлчилсэн байна. БАӨСтөвд 600 орчим хүн оршин суудаг, халаалт авдаг 4 объект байдаг. 2021 онд шинээр хоёр объект нэмж халаалт авахад хүчин чадал нь хүрэлцэхгүй шинэ уурын зуухыг 2022 онд барьж ашиглалтад оруулсан байхад дүгнэлт хийсэнгүй.

 

4.3. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.01-ний өдрийн 131/ШШ2022/00422 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “ЗЦ” хоршооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцэхдээ, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг дангаар нь хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хууль буюу илүү нарийвчилсан зохицуулалттай хууль болох, Барилгын тухай хуулийг хэрэглээгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч хоёрын 2019 оны ажил гүйцэтгэх гэрээ нь стандарт нөхцөлийн хувьд иргэний хуулийн 200-р зүйлд заасан хэм хэмжээ, мөн хуулийн 202-р зүйлд заасан стандарт нөхцөлийн хувьд хүчин төгөлдөр гэрээ гэж үнэлэх хуулийн үндэслэлгүй байхад шүүх дүгнэлт хийгээгүй байна. Барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээд нь ганцхан захиалагчтай гэрээ байгуулаад ажлаа эхэлдэггүй, барилгын ажил гүйцэтгэхэд оролцож байгаа бусад этгээдтэй гэрээ байгуулсан байх үүрэгтэй. Тухайлбал уурын зуухны барилга угсралтын ажлын зураг, төсөв зохиосон талуудтай байгуулсан гэрээ, санхүүгийн хянан шалгагч болон, барилгын ажлыг гардан зохион байгуулсан Архитектортай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтууд байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь холбогдох хууль тогтоомжуудыг буруу хэрэглэж байна. Хэрэв дээрх нотлох баримтууд хэрэгт авагдсан бол барилгын зураг, төсөл, ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, угсралтын төлөвлөгөөний биелэлт нь төсөв төлөвлөгөөтэй хэрхэн нийцэж байгааг үнэлж дүгнэх боломж бүрдэнэ. Гэтэл дээрх дүгнэлтийг хийх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад, “...уурын зуухны барилгыг барьж ашиглалтад оруулсан байна” гэх шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй байна.

 

4.4. “ЗЦ” хоршоо нь БАӨСЗДгын тамгын газрын өмчлөлийн уурын зуухны хуучин барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нураасан нь хууль зөрчсөн байна гэж шүүх зөв дүгнэлт хийсэн боловч энэ талаар ямар нэгэн шийдэл гаргаагүй байна. Хуучин барилгыг нураах ажил нь тусгай гэрээний дагуу хийгдэх хуулийн зохицуулалттай. Тухайлбал эрх бүхий этгээдээс нураах зөвшөөрөл авах, барилгын нурангийг зайлуулах, дахин боловсруулах, хуучин тоног төхөөрөмжийг хэрхэх зэрэг бүхий л ажлыг гэрээний дагуу хийх ёстой. Гэтэл “ЗЦ” хоршоо нь ийм гэрээ хэлцэлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдын өмчийг устгасан байхад шүүх дүгнэлт хийгээгүй зөвхөн нэг талд үйлчилж хууль бус шийдвэр гаргасан байна гэж дүгнэхэд хүргэж байна.

 

4.5. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна. “ЗЦ” хоршооны барьсан гэх уурын зуухны өмчлөлийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тухай Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.14-ний өдрийн 22 дугаар захирамж, мөн өмчлөлийн асуудлаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн хоёр захирамж гарсан байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

 

4.6. “ЗЦ” хоршоо нь, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байхад анхан шатны шүүх уурын зуухны барилга барьж ашиглалтад оруулсан байна гэж дүгнэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Барилга байгууламж барих, ашиглалтад хүлээн авах бүхийл үйл ажиллагаа Барилгын тухай хуулиар зохицуулагддаг байхад шүүх дүгнэлт хийхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

 

4.7. Ажил гүйцэтгэгч гэж шүүхийн дүгнэж байгаа “ЗЦ” хоршоо нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 -д зааснаар хийсэн ажлынхаа буюу уурын зуухны барилгыг захиалагч буюу БАӨСЗДгын тамгын газарт хүлээлгэн өгсөн нотлох баримт болох Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 тодорхойлсон, эрх бүхий байгууллагаас олгосон, “барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гэрчилгээ” байхгүй байхад, Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, БАӨСЗДгын тамгын газраас төлбөр хийх шийдвэр гаргасан байна. Ажил гүйцэтгэгч гэж шүүх “ЗЦ” хоршоог үзэж байгаа бол хийсэн ажлынхаа үр дүнг хүлээлгэн өгч байж үнэ өртөг нэхэмжлэх эрх нээгдэх эрх зүйн зохицуулалттайг мэдэхгүй байх ёсгүй. Энэ бол санаатай нэг талд үйлчилсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

4.8. Барилгын зураг, төсөлд, Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар магадлал хийх эрх бүхий эксперт дүгнэлт гаргасан байх ёстой. Гэтэл экспертийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул ЗЦХны барьсан гэх уурын зуухны барилгыг ямар зураг төслөөр яаж барьсан нотлох баримт байхгүй, хэрэгт нотлох баримтаар тооцсон зураг төсөв нь жилийн дараа хийгдсэн тул баригдсан гэх уурын зуухны зураг төсөв гэж үнэлэх боломжгүй байхад ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдсэн гэж шүүх дүгнэлт хийж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-ийг баримтлан улсын комиссын дүгнэлтийг үндэслэн уурын зуухны барилгыг ашиглалтад хүлээн авч ашиглалтын гэрчилгээ олгосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад, уурын зуухны барилгыг ашиглалтад оруулсан байна гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна” гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022.12.02-ны өдрийн 001ШХТ2022/01407 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагч БАӨСЗДгын Тамгын газрын өмгөөлөгч П.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

7. Нэхэмжлэгч ЗЦХ нь хариуцагч БАӨСЗДгын Тамгын газар, БАӨСИТХд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 614,619,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “... хуучин уурын зуухын барилгыг ашиглах боломжгүй гэсэн аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул ... Засаг даргын Тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уурын зуухын хуучин барилгыг буулгаж, өөрийн хөрөнгөөр шинэ уурын зуух барин ашиглалтад оруулахад 354,169,600 төгрөг зарцуулсан. ... хоршоо нь гэрээгээр заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Уг барилгыг барихын тулд Голомт банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэдээс авсан зээлийн хүү 260,450,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлаж байна.

 

8. Хариуцагч БАӨСЗДгын Тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... сумын төвлөрсөн халаалтын зуух 1975 онд анх баригдсан. ... 2019.08.10-ны өдөр хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ ... хийгдсэн. ... хуучин барилгыг буулгахдаа акт үйлдэж, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулаагүй, Барилгын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуучин барилга нь Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй.” гэж маргасан бол хариуцагч Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн “... Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Сумын төвийн шинэчлэл нэг” төсөл яригдсан. ... хуралдаанаар ЗЦХны саналыг дэмжсэн. ... гэвч Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хөрөнгө оруулалттай холбоотой асуудал орж ирээгүй. ... хувийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр хийгдсэн барилгын асуудал өнөөдрийг хүртэл сөхөгдөөгүй” гэж мэтгэлцсэн байна.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 354,169,600 төгрөгийг хангаж, үлдэх 260,450,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ ... хуучин барилга нь Засаг даргын Тамгын газрын өмч байсан, тамгын газар болон ЗЦХны хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэрээнд оролцоогүй тул хариуцах үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10. Нэхэмжлэгч ЗЦХ нь өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр 2006 оноос эхлэн БАӨСтөвд уурын зуухны үйл ажиллагааг эрхлэн явуулж ирсэн, сумын төвд шинэ хуучин уурын зуухны суурин дээр шинэ уурын зуух баригдсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Гэвч тус маргааны зүйл нь уурын зуухыг барих үндэслэл болсон эрх зүйн харилцааг тодорхойлоход чиглэгдсэн байх ба хуучин уурын зуухыг буулгах, дэвсгэр газарт шинэ уурын зуухыг хэний зөвшөөрлөөр, ямар үнэ хөлсөөр, хэдий хугацаанд барьж ашиглалтад оруулах, улмаар ийнхүү шинээр болсон гэрээний зүйлийг хэн өмчлөх, хэн, хэрхэн эзэмших, ашиглах, барьж гүйцэтгэсэн этгээд зарцуулсан хөрөнгө, зардлаа хэрхэн нөхөхөөр тохирсон зэрэг үйл баримтыг тогтоож, талуудын тохиролцоо хуульд нийцсэн эсэхийг нийтийн ба хувийн эрх зүйн үүднээс нэг бүрчлэн дүгнэснээр нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх, хариуцагчийн татгалзал үндэстэй эсэхийг тодорхойлно.

 

11. Хоёр шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч гэрээний зүйлийн доголдлын талаарх маргааныг анхаараагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй, мэтгэлцээн өрнүүлээгүй, холбогдох баримт бүрдээгүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

 

12.Хоёр шатны шүүх нэхэмжлэгч ЗЦХ болон Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу хийсэн ажлын үр дүн болох шинэ уурын зуухыг барихад гарсан зардал, төсвийг захиалагч нь ажил гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй гэж үзсэн байна.

Нэхэмжлэгч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагч Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Барилгын тухай хууль тогтоомжийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж маргаж байна. Хариуцагчийн маргаж байгаа зарим үндэслэлийг тогтоогдсон гэж шүүх үзсэн атал энэ нь ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, эсхүл гэрээний болон гэрээний бус шаардах эрхийн хууль зүйн хүчин чадалд ямар нөлөө үзүүлэх талаар дүгнэсэнгүй. Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой нийтийн эрх зүйн зохицуулалт, Барилгын тухай  хууль тогтоомжийн зөрчил нь аливаа гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний болон гэрээний бус шаардах эрх хэрэгжих хууль зүйн боломжид нөлөөлөх эсэхийг анхаарвал зохино.

Улмаар маргаан бүхий уурын зуухны барилгын өмчлөлийн асуудал тодорхой бус байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь уг эд зүйлийг өөрийн, эсхүл эсрэг талын өмчлөлийн зүйл мөн эсэх талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна. Гэтэл гэрээний ба гэрээний бус шаардах эрхийг тогтооход маргаан бүхий зүйлийн өмчлөлийн асуудал эн тэргүүний ач холбогдолтой. Түүнчлэн барилгын өмчлөлийг тогтооход тухайн барилгын дэвсгэр газрын өмчлөл, эзэмшлийн байдал ч нөлөөтэй байх боломжтойг анхаарч, холбогдох мэтгэлцээнийг өрнүүлэн, нотлох баримтыг бүрдүүлж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй” гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 

13. Түүнчлэн нэхэмжлэгч ЗЦХ нь БАӨСЗДгын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн хоёр байгууллагад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч анхан шатны шүүх гагцхүү Засаг даргын тамгын газарт холбогдох шаардлагыг шийдвэрлэж, хариуцагч Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох шаардлагыг хэрхсэн нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж, алдааг залруулалгүй орхижээ. 

 

14. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2022/00422 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 213/МА2022/00024 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч БАӨСЗДгын тамгын газраас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2022.11.02-ны өдөр төлсөн 1,928,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                                                                   Н.БАЯРМАА

 

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                       

                                                                                    Д.ЦОЛМОН

                                                           

                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД