Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00024

 

Залаа цагаан хоршооны нэхэмжлэлтэй Өлзийт сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2022/00422 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Залаа цагаан хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 614.619.600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Зоригтын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Зоригт, С.Гонгор, өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дамбажав нар оролцов.

Нэхэмжлэгч Залаа цагаан хоршооны нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Залаа Цагаан хоршоо нь 2006 оноос Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын өмч бүхий 1975 онд ашиглалтад орсон хуучин уурын зуухыг менежментийн гэрээгээр ашиглаж байтал Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 05-07-003/62 ... тоот цаашид уурын зуухны үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл Өлзийт сумын Уурын зуухны хуучин барилгыг актлах талаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуучин уурын зуухыг актлуулах саналыг дэмжсэн тухай хүсэлтийг 2019 оны 09 сарын 06 ны өдрийн 69 тоот албан бичгээр аймгийн ИТХ-д хүргүүлснээс хойш одоог болтол шийдвэрлээгүй өдийг хүрлээ. Хуучин уурын зуухны барилгыг ашиглах боломжгүй гэсэн аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул сумын ИТХ-ын шийдвэрээр халаалт эхлэх хоног хугацаа ойртсон тул нэг талаас Өлзийт сумын ЗДТГ, түүнийг төлөөлж ЗДТГ-ын дарга М.Зоригт, нөгөө талаас Залаа Цагаан хоршоог төлөөлж дарга Ж.Найдандорж нар Уурын зуухны хуучин барилгыг буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж , уг гэрээний дагуу Залаа-Цагаан хоршоо 100 хувь өөрийн хөрөнгөөр Уурын зуухны барилгын зураг төсвийг эрх бүхий байгууллагаар хийлгэж улмаар уг барилгыг барьж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 2019 оны 10 дугаар сарын 01 нд ашиглалтад оруулан одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барих, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 354 169 600 төгрөгийг зарцуулсан.

Сумын ИТХ-аас Хүйтний улирал эхэлж халаалт авахад цөөхөн хоног үлдсэн учир хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс хуучин барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гарах нь цаг хугацааны хувьд боломжгүй байсан ч хуучин барилгыг буулгаж шинээр барилга барьж гэрээт хугацаанд дуусгахыг шаардаж байсан. ЗДТГ-с Уурын зуухны хуучин барилгыг буулгаж шинээр барилга барих гэрээний 1-ийн 2-т түрээслэгчийн хөрөнгөөр шинэчлэн бариулж хүлээн авч эцсийн тооцоо хийнэ, 2-ийн 1-д гэрээний хугацааг 10 сарын 01 ны дотор дуусган хэрэглэгчдийг дулаанаар хангахыг үүрэг болгосон нь өөрөө дулаан хэрэглэгч олон нийтийн эрх ашгийн төлөө манай хоршоо гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн Залаа Цагаан хоршооны хувьд төрийн өмч болох уурын зуухны хуучин барилгыг дур мэдэн зөвшөөрөлгүй буулгаагүй. 2. Манай байгууллага дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлж хуучин барилгыг буулгаж шинээр барих уурын зуухыг барьж дуусган халаалтыг хугацаанд нь өгч хэрэглэгчдийг дулаанаар хангасан нь гэрээгээр заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно. 3.Сумын ИТХ-аас Хуучин барилгыг актлуулах , шинэ барилгын санхүүжилтыг шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-д 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 69 тоот албан бичиг хүргүүлсэн, манай байгууллагаас 2020 оны 5-р сард, 2021 оны 11-р сард аймгийн ИТХ-д , 2021 оны 12-р сард аймгийн Орон нутгийн өмчийн газарт дээрх хөрөнгийг шийдвэрлүүлж өгөх тухай хүсэлтээ албан бичгээр удаа дараа хүргүүлсэн боловч шийдвэрлэж хариуг ирүүлээгүй эс үйлдэхүй нь Залаа Цагаан хоршооны хувьд өөрийн хөрөнгөөр барьсан Уурын зуухны зориулалт бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй байдал үүсч манай хоршооны хувьд ихээхэн хохирч , бидний эрх зөрчигдөж байна. 4.Сумын ИТХ нь шинээр барьсан болон хуучин уурын зуухны асуудлыг шийдвэрлээгүй байтлаа дулааны шугам сүлжээг бусдад түрээслэх нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 22/03 тоот тогтоолыг хүчингүй болгохоор , манай байгууллага Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч сумын ИТХ-аас Эвлэрлийн гэрээ байгуулан , Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн Дугаар 111/ШШ2020/0022 захирамж гарсан . / эвлэрлийн гэрээ сумын ИТХ-ын тогтоол, шүүгчийн захирамж хавсаргав/ Мөн сумын ИТХ-ын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн хуралдаанаар өмнөхийн адил манай оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлээгүй байтлаа дулааны шугам сүлжээг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан түрээслэх тухай тогтоол дахин гарсныг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны байгууллага болох аймгийн ИТХ-д гомдол гаргаснаар аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн хурлаас 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 101 тоот тогтоолоор дулааны шугам сүлжээг бусдад түрээслэх нээлттэй сонгон шалгаруулалт зарлах боломжгүй учир Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 21/02 тоот тогтоолоор баталсан Түрээсийн гэрээний загвар, жишиг үнийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу Орон нутгийн өмчийн газартай гурвалсан гэрээ байгуулан 1 метр шугамыг 800 төгрөгөөр түрээслэн ажиллаж байна. 5.Сумын ИТХ-аас 2022 оны 3-р сард тогтоол гарч Орон нутгийн өмчит компани байгуулан дулаан үйлдвэрлэн түгээх үйл ажиллагааг тус компаниар гүйцэтгүүлэх тухай шийдвэрлэсэн. Иймд Өлзийт сумын ИТХ -ын тэргуүлэгчдийн хурлаар хэлэлцэж, 2019 оны 9 сарын 04 өдрийн 69 тоот хүсэлтээр шинээр уурын зуух барих асуудлыг концессын тухай
хуулийн дагуу шийдвэрлүүлэх тухай аймгийн ИТХ-д хүргүүлсэн хүсэлт, Сумын Засаг даргын тамгын газраас Залаа Цагаан" хоршоотой байгуулсан, 2019 оны 01 тоот Хуучин уурын зуухны барилгыг буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1- дэх заалтын 1.2-д түрээслэгчийн хөрөнгөөр шинэчлэн бариулж хүлээн авч эцсийн тооцоо хийнэ гэсэн , 2-1 д гэрээний хугацааг 10 сарын 01 ний дотор дуусган хэрэглэгчдийг дулаанаар хангахыг үүрэг болгосны дагуу 354 169 600 төгрөгийн хөрөнгө зарцуулсан боловч одоог болтол 2 жил 7 сарын хугацаа өнгөрч эдийн засгаар хохироож байна. Манайх уг барилгыг барих тоног төхөөрөмжийг шинэчлэхэд Голомт банкны зээлээс гадна, Банк бус санхүүгийн байгууллага бусад иргэдээс 5-10 хувийн хүүтэй зээл авч нийт 260 450 000 төгрөгийн зээлийн хүү нийт 614,619,600 төгрөгөөр хохирч байна.
 Иймд Өлзийт ЗДТГ-ын уурын зуух тоног төхөөрөмжийн үнэ 354,169,600 төгрөг, уг мөнгийг гэрээнд зааснаар хугацаандаа төлөөгүйгээс , бусдад төлсөн хүү 260 450 000 төгрөг бүгд 614,619,600 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригтын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 

Тус сумын төвлөрсөн халаалтын уурын зуух нь 1975 онд анх баригдсан бөгөөд тухайн үедээ Цэцэглэлт нэгдлийн Ахуй үйлчилгээнд харьяалагдаж байгаад 1992 онд сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгийн бүртгэлийн 1.440.659 төгрөгийн өртөгтэйгээр бүртгэгдсэн байдаг. Энэ цагаас эхлэн сумын ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний алба ажиллуулж байсан бөгөөд 2002 оноос иргэн Энхбат, 2006 оноос Залаа цагаан хоршоотой сумын ИТХ түрээсийн гэрээ хийн ажиллуулж байсан. 2019 оны 08 сарын 10-ны өдөр Залаа цагаан хоршооны дарга Ж.Найдандорж нь хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн гэрээний 1.2 дахь заалтын дагуу шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан барилга байгууламжийг бэлэн болгох мөн гэрээний 4.1-т зааснаар чанартай материалаар барилгын ажлыг гүйцэтгэн зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах үүрэг хүлээж мөн гэрээний 5.1 дэх заалтын дагуу тухайн барилгын талаар аль нэг байгууллага нь шүүхээр маргаан гаргах эрхгүйгээр гэрээ хийгдсэн. Залаа цагаан хоршоо нь 1. Тухайн уурын зуухны барилгыг буулгах тухай Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, 2. Барилга буулгахад сумын ИТХ-аас ажлын хэсэг томилуулан тухайн барилгыг буулгах, буулгасан барилгын хийц, бусад материалыг зурагжуулан баталгаажуулж, ЗДТГ-ын үндсэн хөрөнгөөс хасуулан актлуулаагүй, 3. Мөн барилгын ажил эхлэхэд зохих зөвшөөрлийн байгууллагаас зөвшөөрлийг аваагүй, 4. Тухайн барилгын зураг төсвийг барилгын эрх бүхий байгууллагаар гаргуулж барилгын хөгжлийн төвөөр батлуулаагүй, 5. Барилгын ажлын явц ажлын зураг байхгүй, 6. Барилгыг улсын комиссоор хүлээлгэн өгөөгүй зэрэг МУ-д мөрдөгдөж буй барилгын тухай хуулийг ноцтой зөрчин тухайн хууль тогтоомж журмуудыг ямар ч шаардлага биелүүлээгүй. Эрчим хүч, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт зөвшөөрөлгүйгээр тухайн барилгыг барьсан гэдэг. Энэ талаар тодорхой тайлбар гаргуулахаар манай ЗДТГ-нь аймгийн ГХБХБГ-т хандсан болно. Залаа цагаан хоршоо нь зураг төсвийг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн гэх боловч барилгын зураг төсөв хийлгэх аргачлал журмын дагуу зөвхөн захиалагчийн өгсөн ажлын зургийн даалгаврын дагуу зураг төсвийн байгууллага нь зураг төсвийг хийж Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан байх ёстой. Гэвч сумын ЗДТГ нь тухайн уурын зуухны барилгын өмчлөгч нь болохын тухайд зураг төсвийн захиалга даалгаврыг зураг төсвийн эрх бүхий байгууллагад гаргах ёстой. ЗДТГ нь уурын зуухны барилгын зураг төсвийн талаар ямар ч зураг төсвийн байгууллагад хандаагүй бөгөөд зураг төсвийн захиалга өгөх эрхийг Залаа цагаан хоршоо болон аль ч байгууллагад олгоогүй болно. Мөн Залаа цагаан хоршоо нь тухайн уурын зуухны зураг төсөв, улсын комиссоор хүлээн авсан акт болон бусад баримтыг бүрдүүлж сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөх үндсэн хөрөнгөнд бүртгэх талаар нэг ч удаа хандаагүй. Иймд уурын зуухны барилгын хуучин барилгын үндсэн хийц болон бусад хэсгүүдийг буулган акт үйлдэж үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулаагүй. Барилгын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан..гэжээ. 

2019 оны 8 дугаар сард Залаа цагаан хоршооны дарга Ж.Найдандорж ...тухайн уурыг зуухыг мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй, нурааж шинээр барь гэсэн дүгнэлт гаргаж өглөө. Тийм учраас манайх өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгүүлээд Засаг даргын Тамгын газарт шилжүүлж өгнө. Энэхүү гэрээ, энэхүү барилга нь Шинжлэх ухааны үндэслэлтэй барилгыг барьж байгуулна... гэж хэлсэн. Тухайн үедээ надад Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үзүүлээгүй. Тус гэрээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй барилга барина гэж л хийнэ гэж тусгагдсан байдаг. Тус гэрээнд гэрээний аль нэг талууд шүүх болон бусад байгууллагад гомдол гаргах эрхгүй гэж дурдсан байгаа. Барилгын тухай хуулиас харахад тухайн Залаа цагаан хоршоо нь 1975 онд баригдсан барилгыг буулгахдаа Засаг даргын Тамгын газраас комисс томилуулж, зураг төсөв хийхдээ барилгын захиалагч нь Залаа цагаан хоршоо биш манай Засаг даргын Тамгын газар учраас манай байгууллагаас захиалагчийн хүсэлт авах ёстой. Мөн төсвийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан байх ёстой. Барилгын зургийг Барилга хөгжлийн төв болоод Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар батлуулсан зураг төслөөр барилга баригдах ёстой. Залаа цагаан хоршоо нь Засаг даргын Тамгын газартай нэг ч удаа гэрээ хийгээгүй. Одоо ч гэрээгүй явж байгаа. Манай байгууллагатай 2021 онд байгуулсан гэрээ нь уурыг зуухыг түрээслэх гэрээ биш, инженерийн шугам сүлжээг түрээслэх гэрээ байгаа юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамгийн сүүлд хэдэн онд гэрээ байгуулсныг би мэдэхгүй байна. Түүнээс хойш манай байгууллагатай байгуулсан гэрээ гэж огт байхгүй. Тэгэхээр Залаа цагаан хоршоо түүнээс хойш ямар ч гэрээгүйгээр уурын зуухыг эзэмшээд явж байгаа. Тэгээд ч ер нь барилгын зураг төсөлгүй, улсын комисс ажиллаагүй, Эрчим хүч болоод Онцгой байдлын газар мөн Мэргэжлийн хяналтын зүгээс тухайн барилга дээр улсын комисс ажиллаж явцын үнэлгээ хийгдээгүй барилгыг бидний зүгээс барилга баригдсан гэж үзэхгүй. Зүй нь бол тухайн барилгыг буулгасан бол сумын Засаг дарга Тамгын газар өмчлөгч болохынхоо хувьд комисс томилж буулгалтын үеийн зургийг авч баталгаажуулаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдүүлснээр аймгийн Орон нутгийн өмчийн газар тухайн барилгыг акталж буулгасан гэдгийг нотлох ёстой. Иймээс тухайн барилга нь Засаг даргын Тамгын газрын өмчлөлд 1,400,000 төгрөгийн бүртгэлтэйгээр явж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Гонгорын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ч бай сумын Засаг даргын Тамгын газартай ч бай Залаа цагаан хоршоо нь 2006 оноос хойш ээлжит хувилбаруудаар гэрээ байгуулагдаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэр инженерийн шугамыг түрээслэх, уурын зуухны тоног төхөөрөмжийг түрээслэх гэдэг ч юм уу энэ асуудлууд ер нь бүрхэг явж байсан. Төрийн өмчийг тухайн аж ахуй нэгжтэй менежментийн гэрээ байгуулаад 10 гаруй жил болсон. Нөхцөл байдал 2020 оноос хойш үл ойлголцол үүссэнээс иргэн, захиргааны хэргийн шүүхээр хэрэг үүсээд явж байна. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар Залаа цагаан хоршоотой холбоотой асуудлыг хэлэлцээд Засаг даргын Тамгын газар тухайн хувийн хэвшлийн аж, ахуй нэгжийн санал хүсэлтийг үндэслээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Өлзийт суманд бүтээн байгуулагдаж байгаа сумын төвийн шинэчлэл нэг төслийн хүрээнд уурын зуухны хүчин чадлыг нэмэх, өргөтгөх асуудал яригдсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Залаа цагаан хоршооноос гаргасан саналыг дэмжээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Өмч, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал огт орж ирээгүй. Засаг даргын Тамгын газрын өмч хэдий ч хувийн хэвшлийн аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр хийгдсэн бараа, үйлчилгээ, барилга, байгууламжийн асуудал өнөөдрийг хүртэл сөхөгдөөгүй байгаа.. гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 354.169.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Залаа цагаан хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 260.450.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Залаа цагаан хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 3.231.048 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Өлзийт сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамж 1.928.798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Залаа цагаан хоршоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Зоригтын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал: Хариуцагч талыг өмгөөлөгч авах эрхээр хангахгүй, хариуцагч тал өмгөөлөгч авах хүсэлтээ шүүх хуралдаан дээр гаргаж байхад хүсэлтийг авч хэлэлцээгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх зөвхөн нэхэмжлэгч талд үйлчилж байна гэж үзэж байна.

Мөн хавтаст хэрэгт авагдаагүй тухайн маргаантай үйл баримтад холбогдолгүй баримтуудыг хариуцагч талд танилцуулж нэмэлт нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангалгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангаж шийдвэрлэсэн нь шүүх талуудын эрхийг адил тэгш хангах хуулийн заалтыг хангаагүй.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 131/шш/2022/00422 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч тал болох Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-т өмгөөлөгч авах, нотлох баримт бүрүүлэх нөхцөлөөр ханган байж хэргийг дахин хэлэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч Залаа цагаан хоршоо нь хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 614.619.600 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын төлөөлөгч нар эс зөвшөөрч маргаан үүсгэжээ.

Хариуцагч  Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригт, Залаа цагаан хоршооны дарга Ж.Найдандорж нар нь 2019 оны 08 сарын 10-ны өдрийн “Хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр талууд  2019 оны 10 сарын 01-ний дотор гүйцэтгэгч буюу Залаа цагаан хоршоо нь уурын зуухны хуучин барилгыг буулган шинэчлэн эрүүл ахуй ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулсан чанарын шаардлага хангасан дүгнэлттэй барилгыг барьж Тамгын газрын өмч хөрөнгийг түрээслэгчийн хувьд хариуцан гүйцэтгэж хугацаанд нь захиалагчид шилжүүлэх, захиалагч нь барилга байгууламжийг хүлээн авч эцсийн тооцоо хийнэ гэж харилцан тохиролцжээ.

Уг гэрээний дагуу Залаа цагаан хоршоо нь 2020 онд Барилгын зураг төслийн Урбанвижн ХХК- аар Өлзийт сумын уурын зуухны барилгын зураг төсөл, мэргэшсэн төсөвчин Ш.Алтантогосоор уурын зуухны барилгын угсралтын ажлын төсөв тус тус гаргуулан уурын зуухны ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулж өнөөдрийг хүртэл Өлзийт сумын бүх албан байгууллага,  бусад  барилга байгууламжуудыг дулаанаар хангаж байгаа, энэ  талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч Залаа цагаан хоршоо нь Өлзийт суманд уурын зуух шинээр барьж ашиглалтад оруулсны үнэ өртөг нь 354.169.600 төгрөг гэж тогтоосон Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн үнэлгээний талаар маргаагүй харин  хариуцагч тал  уурын зуухны өмчлөлийн асуудал болон хуучин барилгын өмчлөлийг хуулийн дагуу дуусгавар болгоогүй, уурын зуухыг Залаа цагаан хоршоо нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буулгаж, шинээр барилга барьсан нь Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, захиалагчийн зөвшөөрөл аваагүй, зураг төсөв нь хуулийн дагуу хийгдээгүй, улсын комисс хүлээн аваагүй тул төлбөрийг төлөх боломжгүй..гэж маргажээ.

Залаа цагаан хоршоо нь  хуучин уурын зуухны барилга, тоног төхөөрөмжийг Өлзийт сумын ЗДТГ-аас 2006 оны 10 сард хүлээн авч Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг менежментийн гэрээгээр ашиглаж байсан болох нь тогтоогдсон,энэ талаар маргаангүй байх бөгөөд хуучин уурын зуухны барилга нь “1975 онд ашиглалтад орсон, барилгын дотор засал муудсан, хөндийрсөн, ховсхорсон, хаалга эвдэрсэн, элэгдсэн, хана, дээврээр дулаан их алддаг, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй зэргээр дулаан үйлдвэрлэл явуулах шаардлага, стандартыг хангахгүй, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамжгүй, аюулгүй байдлыг хангахгүй байна.” гэх дүгнэлтийг  Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 05-07-003/62 дугаар дүгнэлтээр  гаргасны дагуу Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригт, Залаа цагаан хоршооны дарга Ж.Найдандорж нар нь 2019 оны 08 сарын 10-ны өдөр Хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан улмаар ашиглалтад оруулсныг талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан,  гэрээний зүйл нь  шинээр барьсан уурын зуухны барилга нь  гүйцэтгэсэн ажлын үр дүн болно.

Харин нэхэмжлэгч Залаа цагаан хоршооны ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд зарцуулсан мөнгөний хүү 260.450.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй бусдаас  мөнгө зээлж улмаар ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хэрэгжүүлсний хүү төлбөрт төлсөн гэх 260.450.000 төгрөг  хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Харин хариуцагч байгууллага нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт 3231048 төгрөг төлж, илүү төлсөн 1302250 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан  олгож, 1928796 төгрөгийг нь төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2022/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 60 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар  хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 130250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 1928796 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл    зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН

Л.НЯМДОРЖ