Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/шш2021/00493

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2021/00493 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол гудамж, тоот хаягт оршин суух, Бор овогтой М.. Ө.. /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хаягт байрлах, С..ХХК /РД:.../-д холбогдох,

 

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Ө.. нь Улаанбаатар бизнетворк ажлын байрны зарын дагуу Лүүк Монголиа компанитай холбогдон охин компани болох С..ХХК-д ажиллахаар болж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээгээр 1 500 000 төгрөгийн үндсэн цалин болон нэмэлт урамшуулал гэсэн нөхцөлтэй ажиллаж байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 6 сарын 08-ны өдрөөс эхлэн үндсэн цалинг 50 хувиар бууруулж ажиллахаар харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа тус шинэчилсэн гэрээг устгаж, үндсэн цалинг 1 300 000 төгрөг болгон, үүний 50 хувь буюу 650 000 төгрөгийн цалинтай, ажлын 10-11 өдөр ажиллах санал тавьсныг би хүлээн зөвшөөрөөгүй. 2020 оны 06 сарын 10-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн Т.Сугар Б/003 тоот ажлаас халах тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэртэй хамт өгсөн. Энэ талаар надад өмнө нь мэдэгдсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээнд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой талаар хэлтэл Онцгой нөхцөл байдалд хамаарахгүй гэж хэлсэн. Ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5, 100.1 гэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчин 2020 оны 07 сарын 01-ний өдөр 500 000 төгрөгийн тэтгэмж олгоод үлдэгдэл мөнгийг одоо болтол өгөөгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 6.1-т ......аль нэг тал гэрээг цуцлах санал гаргавал дор хаяж нөгөө талдаа 30 хоногийн өмнө энэ талаар мэдэгдэнэ. гэж заасныг зөрчсөн байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч С..ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С..ХХК нь аялал жуулчлалын компани бөгөөд 2006 оноос хойш 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн чиг үүрэг нь гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах, эх орноо сурталчлан таниулах зорилготой. Ковид-19 вирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор хил хааснаас болж жуулчид хүлээн авахаа больж, ямар ч орлогогүй болсон. 2020 оны 03 сарын 02-ны өдөр зах зээл хариуцсан менежерээр ажилд авсан М.Ө..д ямар ч орлого байхгүй, тухайн цаг үеийн нөхцөл байдал хэцүү байхад 3, 4, 5 дугаар сарын цалинг бүтэн олгосон. Харин 2020 оны 06 дугаар сараас эхлэн 1 500 000 төгрөгийн үндсэн цалинг бууруулж 1 300 000 төгрөг болгож, уг цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний цалинг 7 хоногт 2-3 өдөр, сард 10-11 өдөр ажиллаад авах, хил нээж, жуулчид ирээд хэвийн байдалд шилжих тохиолдолд хуучин хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үргэлжлэх санал тавьсан ч уг саналыг М.Ө.. нь хүлээн аваагүй. Өмнөх хөдөлмөрийн харилцаа харилцан тохиролцоод дуусгавар болсон. Манай компани 2020 оны 05 сарын 29-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр аялал зуучлал үйл ажиллагаа явуулах нэгжийг татан буулгасан. Иймээс нэхэмжлэлийн бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ө.. нь хариуцагч С..ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажиллаж байсан аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах нэгж хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр татан буугдсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил олгогч С..ХХК нь ажилтан М.Ө..тай 2020 оны 04 сарын 01-ний өдөр зах зээл хариуцсан менежерээр, сарын үндсэн цалин 1 500 000 төгрөг байхаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан нь зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. /хх-8/

 

Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой.

 

Хариуцагч С..ХХК-ийн захирлын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалаар М.Ө..г 2020 оны 06 сарын 11-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, зах зээл хариуцсан менежерийн ажлаас халсан байх ба уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

 

Ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан. Нэхэмжлэгч М.Ө.. нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх шийдвэрт 2020 оны 07 сарын 08-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол мөн хуулийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө ажил олгогч мэдэгдэх үүрэгтэй.

 

Ажил олгогч буюу С..ХХК нь цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогссон тул аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэгж татан буугдсан гэж тайлбарлан, 2020 оны 05 сарын 29-ны өдрийн 1/016 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

 

Хариуцагч нь татан буулгаж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах гэж байгаа тухайгаа ажилтан буюу нэхэмжлэгчид нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн мэдэгдээгүй гэх тайлбарыг үгүйсгэж, няцаагаагүй болно.

 

Аж ахуйн нэгж бүхэлдээ буюу түүний тодорхой нэг хэсэг салбар нэгжийн үйл ажиллагаа нь Иргэний хуульд заасан үндэслэл журмаар татан буугдах хэлбэрээр зогсоогдсон байхыг ойлгох бөгөөд С..ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээс үзэхэд нэг хувьцаа эзэмшигчтэй, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь аялал жуулчлал, бэлэг дурсгалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 32 дугаар зүйлд хуулийн этгээдийг татан буулгах үндэслэл журмыг зохицуулсан ба С..ХХК-ийн өмчлөгч буюу хувьцаа эзэмшигчийн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэгж татан буулгах тухай шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсан, үйл ажиллагаа нь татан буугдснаар зогсоогдсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн үзлэгийн баримтаас үзэхэд ажил олгогчийн төлөөлөгч ажилтан буюу нэхэмжлэгч М.Ө..тай цар тахлын үед богиносгосон цагаар ажиллуулах, цалингийн хувь хэмжээг багасгах буюу хөдөлмөрийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах талаар харилцаж, тохиролцоонд хүрээгүй болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн өмгөөлөгч уг баримтыг үндэслэн ...хөдөлмөрийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгосон... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд ажил олгогч С..ХХК-ийн М.Ө..г ажлаас халсан 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалын үндэслэл баримтаар тогтоогдохгүй, тус эрхийн актыг хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байх тул Б/003 тоот тушаалыг хүчингүй болгож, М.Ө..г зах зээл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Ө..гийн ажилгүй байсан 2020 оны 06 сарын 11-ний өдрөөс 2021 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын дэвтэр дэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцоход нэг сарын дундаж цалин 1 106 277 төгрөг /877 272+1 227 272+1 214 285=3 318 829:3=1 106 277/ байх тул түүний ажилгүй байсан 176 хоногийн цалинтай тэнцэх олговор 9 056 080 төгрөгийг /1 106 277:21,5=51 455 төгрөг нэг хоногт ногдох цалин, 176х51 455=9 056 080/ хариуцагч С..ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч М.Ө..гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 159 847 төгрөг, нийт 230 047 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Мэнджаргалын Ө.. /РД:.../-г С..ХХК-ийн зах зээл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч С..ХХК-иас М.Ө..гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 056 080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ө..гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч С..ХХК-д даалгасугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230 047 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ