Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00790

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00790

 

 

 

М.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00493 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Өгийн хариуцагч С.Н ХХК-д холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ө нь С.Н ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийн үндсэн цалин болон нэмэлт урамшуулал авна гэсэн нөхцөлтэй ажиллаж байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үндсэн цалинг 50 хувиар бууруулж ажиллахаар харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа тус шинэчилсэн гэрээг устгаж, үндсэн цалинг 1 300 000 төгрөг болгон, үүний 50 хувь буюу 650 000 төгрөгийн цалинтай, ажлын 10-11 өдөр ажиллах санал тавьсныг би хүлээн зөвшөөрөөгүй. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн Т.С нь ажлаас халах тухай тушаалыг нийгмийн даатгалын дэвтэртэй хамт өгсөн. Энэ талаар надад өмнө нь мэдэгдсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээнд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой талаар хэлтэл онцгой нөхцөл байдалд хамаарахгүй гэж хэлсэн. Ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөнөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ зөрчин 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөгийн тэтгэмж олгоод үлдэгдэл мөнгийг одоо болтол өгөөгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 6.1 аль нэг тал гэрээг цуцлах санал гаргавал дор хаяж нөгөө талдаа 30 хоногийн өмнө энэ талаар мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч С.Н ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Н ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Н ХХК нь аялал жуулчлалын компани бөгөөд 2006 оноос хойш 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ковид-19 вирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор хил хааснаас болж жуулчид хүлээн авахаа больж, ямар ч орлогогүй болсон. 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зах зээл хариуцсан менежерээр ажилд авсан М.Өд ямар ч орлого байхгүй, тухайн цаг үеийн нөхцөл байдал хэцүү байхад 3-5 дугаар сарын цалинг бүтэн олгосон. Харин 2020 оны 6 дугаар сараас эхлэн 1 500 000 төгрөгийн үндсэн цалинг бууруулж 1 300 000 төгрөг болгож, уг цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний цалинг 7 хоногт 2-3 өдөр, сард 10-11 өдөр ажиллаад авах, хил нээж, жуулчид ирээд хэвийн байдалд шилжих тохиолдолд хуучин хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үргэлжлэх санал тавьсныг М.Ө нь хүлээн аваагүй. Өмнөх хөдөлмөрийн харилцааг харилцан тохиролцоод дуусгавар болгосон. Манай компани 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр аялал жуулчлал үйл ажиллагаа явуулах нэгжийг татан буулгасан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ө /РД:ШЖ..../-г С.Н ХХК-ийн зах зээл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н ХХК-иас М.Өгийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 056 080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Өгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч С.Н ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230 047 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А давж заалдах гомдолдоо: Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.Өтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шинэ нөхцөл байдалтай холбогдуулан дахин гэрээний шинэ нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулах саналыг хүргүүлсэн. Ийнхүү 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар цахимаар мэдэгдсэн бөгөөд уг гэрээний хувьд дуусгавар болгох асуудлыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний фэйсбүүк чатад хийсэн үзлэгээр энэхүү нөхцөл байдал нотлогддог.

Иймд хоёр талаас харилцан тохиролцож 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож улмаар шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Талууд харилцан тохиролцож өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэг ажил олгогчид тавигдахгүй.

Гэтэл энэхүү нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй шууд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэн тухайн гэрээнд тодорхойлогдсон цалин хөлсийг тооцож гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн С.Н ХХК нь татан буугдаагүй, хуулийн этгээдийн аялал жуулчлалын салбар нэгж татан буугдсан тул Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэл журам хамаарахгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасалт хийлгэх шаардлагагүй юм.

Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байх ёстой. Тус хэргийн хүрээнд салбар нэгж татан буугдсан тул ажилтанг урьд ажиллаж байсан зах зээл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох боломжгүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, хэт нэг талыг баримталж, нийтэд илэрхий нөхцөл байдал үүссэн байхад хариуцагч С.Н ХХК-ийн тайлбар, татгалзалд буруу үнэлэлт дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч С.Н ХХК-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулж, М.Ө нь С.Н ХХК-д зах зээл хариуцсан менежерийн албан тушаалд, сарын 1 500 000 төгрөгийн үндсэн цалин авч ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй.

Ажил олгогч буюу С.Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б/003 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дах хэсэгт заасныг үндэслэн ажилтан М.Өтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, зах зээл хариуцсан менежерийн ажлаас чөлөөлжээ./хх-5/ Ажилтан М.Ө уг тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд гомдлын шаардлага гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан 1 сарын хугацааг зөрчөөгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Зохигчид С.Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны Б/003 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл буюу М.Өгийн ажиллаж байсан аж ахуйн нэгж татан буугдсан эсэх, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон журмын дагуу ажилтанд мэдэгдсэн эсэх талаар маргажээ.

Ажил олгогч нь аж ахуйн нэгж татан буугдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг санаачилгаараа цуцалж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан бөгөөд энэ тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэхийг мөн зүйлийн 40.5 дах хэсэгт журамлажээ.

Хариуцагч С.Н ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Т.Б нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ... компанийн дүрмийн 1.5.1-д заасан аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах нэгжийг татан буулгах тухай 1/016 дугаартай шийдвэр гаргасан байна. /хх-113/

Уг тушаалын дагуу хариуцагч компанийн аялал жуучлалын салбар нэгж нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсны улмаас татан буугдсан, дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байгаа тухайгаа нэхэмжлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн гэх үйл баримтын талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын маргааны хувьд нотолгооны үүрэг хариуцагчид хуваарилагдах тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Дээрх үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 32 дугаар зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дах хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч М.Ө өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон ажлаас үндэслэлгүй халсны үр дагаврыг хариуцагч С.Н ХХК-д хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн заасантай нийцжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсон дуусгавар болгож, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан ... гэжээ. Шүүхийн үзлэгээр баталгаажуулсан тэмдэглэлээс үзвэл талууд хөдөлмөрийн гэрээнд заасан цалин, хөлс болон ажлын цагийн нөхцлийг өөрчлөх талаар санал солилцсон агуулга тусгагдсан байна. /хх-10-24, 70-72/

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дах хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заажээ. Хэргийн 65-68 дах талд авагдсан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зураагүй байна. Иймээс зохигчдыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг өөрсдийн санаачилгаар буюу харилцан тохиролцон дуусгавар болгож, шинээр гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч өөрөө санаачилж хүсэлтээ өгсөн гэх байдал баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч талын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 дугаартай тушаалд дээрх агуулга тусгагдаагүй байна.

Анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч М.Өгийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлаагүйн улмаас ажил олгогчийн тушаал хууль бус болсон байх бөгөөд цаашид хуульд заасан журмыг баримтлан шийдвэрээ гаргах ажил олгогчийн эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлаагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 230 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД