Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/02204

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/02204

 

М.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02378 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Бгийн хариуцагч С ХХК-д холбогдох 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн сонирхлын дагуу аялал жуулчлалын салбарт өнөөг хүртэл ажиллаж ирсэн. Жуулчин ХХК-д 2012-2015 онд хөтөч орчуулагч, 2017-2020 онд бизнес менежерээр ажиллаж байсан. Улаанбаатар бизнетворк ажлын байрны зарын дагуу Лүүк Монголиа компанитай холбогдон охин компани болох С ХХК-д ажиллахаар болж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээгээр 1 500 000 төгрөгийн үндсэн цалин болон нэмэлт урамшуулал гэсэн нөхцөлтэй ажиллаж байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үндсэн цалинг 50 хувиар бууруулж ажиллахаар харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа тус шинэчилсэн гэрээг устгаж үндсэн цалинг 1 300 000 төгрөг болгон, үүний 50 хувь буюу 650 000 төгрөгийн цалинтай, ажлын 10-11 өдөр ажиллах санал тавьсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн Т.Сугар Б/003 тоот ажлаас халах тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэртэй хамт өгсөн. Энэ талаар надад өмнө нь мэдэгдсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээнд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой талаар хэлтэл Онцгой нөхцөл байдалд хамаарахгүй гэж хэлсэн. Ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 100.1 гэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг зөрчин 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөгийн тэтгэмж олгоод үлдэгдэл мөнгийг одоо болтол өгөөгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 6.1-т ...аль нэг тал гэрээг цуцлах санал гаргавал дор хаяж нөгөө талдаа 30 хоногийн өмнө энэ талаар мэдэгдэнэ. гэж заасныг зөрчсөн байна. Иймд С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа хөдөлмөрийн гэрээ, дундаж цалин хөлс тооцож олгох журмынхаа дагуу хөдөлмөрийн хөлсийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд тооцож олгох, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч С ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Степ Номанд ХХК-ийн төлөөлөгч Д.Дэлгэрзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани аялал жуулчлалын компани бөгөөд 2006 оноос хойш 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн чиг үүрэг нь гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах, эх орноо сурталчлан таниулах зорилготой. Ковид-19 вирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор хил хааснаас болж жуулчид хүлээн авахаа больж, ямар ч орлогогүй болсон. 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зах зээл хариуцсан менежерээр ажилд авсан М.Бд ямар орлого байхгүй, тухайн цаг үеийн нөхцөл байдал хэцүү байхад 3, 4, 5 дугаар сарын цалинг бүтэн олгосон. Харин 2020 оны 6 дугаар сараас эхлэн 1 500 000 төгрөгийн үндсэн цалинг бууруулж 1 300 000 төгрөг болгож, уг цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний цалинг 7 хоногт 2-3 өдөр, сард 10-11 өдөр ажиллаад авах, хил нээж, жуулчид ирээд хэвийн байдалд шилжих тохиолдолд хуучин хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үргэлжлэх санал тавьсан. Уг саналыг М.Б нь хүлээн аваагүй. Энэхүү саналыг хүлээн аваагүй учир ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх боломжтой юм. Иймээс нэхэмжлэлийн бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч С ХХК-ийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч М.Бг тус компанийн Зах зээл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч С ХХК-иас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 241 632 /гурван сая хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бгийн ажилгүй байсан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч С ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 137 016 /нэг зуун гучин долоон мянга арван зургаа/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд хариуцагчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад оролцох тэгш эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус өдрийн 11 цагт товлогдсон Ти финанс ББСБ-ын нэхэмжлэлтэй н.Цэцэгээд холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд н.Нямболдын итгэмжлэгдсэн -"төлөөлөгчөөр оролцсон бөгөөд уг шүүх хуралдаан дуусахгүй, энэ хэргийн шүүх хуралдааны цаг болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүргүүлснийг хангахгүй орхиж эзгүйд шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан С ХХК, нэхэмжлэгч н.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн нөхцөлөөр байгуулахаар тохиролцсон тохиролцоо бүхий фэйсбүүк чатад үзлэг хийлгэх хүсэлтийг ханган шийдвэрлэж, үзлэгийг хийсэн. Хариуцагч талыг үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцах эрхийг хангаагүй, хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь н.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг бөгөөд шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийн шийдвэрлэсэн гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулалгүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй тус хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй бөгөөд шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгааг харгалзан үзэж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Б, хариуцагч С ХХК-д холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлдээ ...мэтгэлцэх зарчмын хүрээнд хариуцагчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад оролцох тэгш эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэсэн үндэслэл заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус тус хэргийн материалтай танилцсан баримт 35 дугаар талд авагдсан байх ба түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2020 оны 8 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл талуудаас ирүүлсэн болон шүүхээс хийгдсэн ажиллагааны баримтыг хариуцагч талд танилцуулаагүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ХХК, М.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн нөхцлөөр байгуулахаар тохиролцсон фэйсбүүк хаяг дах цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс үзлэг хийсэн боловч тус үзлэгийн баримттай хариуцагч тал танилцах эрх хангагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцах эрхийг хангаагүй, хэргийн шийдвэрлэсэн гэх гомдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй танилцуулаагүй гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх хуралдаанд тодруулж хэлснийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн гэж үзэхгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 137 017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО