Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00043

 

Б.Ц, Д.Х нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02920 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2022/02104 дүгээр магадлалтай,

Б.Ц, Д.Х нарын нэхэмжлэлтэй

Д.Н, Д.Э нарт холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 436,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Ц, Д.Х нар нь Д.Н, Д.Э нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 436,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02920 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч Д.Э, Д.Н нараас 436,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цад олгож, нэхэмжлэгч Д.Х-н нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч В ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, Д.Э нараас 2,337,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цад олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2022/02104 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдуулан гаргасан 436,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц, Д.Хнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Н, Д.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,337,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн авч танилцаад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үйл явдалд буруу дүгнэлт хийж, илтэд нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2020.09.15-ны өдрийн зээлийн гэрээ, “В” ХХК-ны захирал Ф.Цгийн мэдүүлэг, “Х Ү Т” ХХК-ний шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн зүгээс Д.Э, Д.Нын хувийн байдалтай холбоотой гаргаж өгсөн баримтууд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд: Нэгдүгээрт: Магадлалын хянавал хэсэгт Б.Цын хувьд хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй бөгөөд “В” ХХК-д 2014.02.10 өдрийн захиалгын гэрээний дагуу хувийн орон сууцны үнэ гэх 1,150,000,000 төгрөгийг төлсөн талаарх тайлбар баримт нотлогдоогүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгө ямар хэмжээгээр багассан, хариуцагчийн эд хөрөнгө бодит байдалд ямар хэмжээгээр ихэссэн нь тодорхойгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл “В” ХХК-ний зүгээс ирүүлсэн баримтууд болон “В” ХХК-ний захирал Ф.Цгэрчээр мэдүүлэхдээ энэхүү маргааны байрыг “Э Г” ХХК-ний захирал Б.Ц зүгээс манай компанид ажил хийж гүйцэтгэн төлж барагдуулсан, миний хувьд энэхүү орон сууц дээр ямарваа нэгэн маргаан байхгүй, зөвхөн түүний хүсэлтийн дагуу энэхүү байрыг Д.Н гэдэг хүн хүү шилжүүлсэн, Д.Н нь тухайн өдөр худалдах худалдан авах гэрээний төлбөр хийхдээ гэрээний төлбөр мөнгө төлөөгүй гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Хоёрдугаарт: Нэхэмжлэгч Б.Ц нь 2018.03.28-ны өдөр Д.Этэй зээлийн гэрээ байгуулж 110,000,000 төгрөгийг 2019.03.28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй хариуцагч Д.Эээс зээлж 2018.03.28-ны өдрийн Ф.Ц, Д.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр Зайсан, ар зайсан гудамжны 5в тоотод байрлах 321.34 м.кв хувийн сууцыг барьцаа болгон зээлдүүлэгч Д.Эийг нөхөр болох хариуцагч Д.Нт шилжүүлсэн талаар зохигчид маргадаггүй бөгөөд энэ нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ хийгдсэн гэх үндэслэл хангалттай харагддаг. Гуравдугаарт: Б.Ц хариуцагч Д.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний барьцаа болгон хийсэн 2018.03.28-ны өдрийн Ф.ЦД.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээний дагуу дээр дүгнэсэн баримтууд нь үр дагавар үүсгэсэн байх ба маргааны зүйл болсон хувийн сууцны өмчлөх эрхийг хариуцагч Д.Нт шилжүүлсэн 2018.03.28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. Иргэний хуулийн 56.5-д зааснаар маргааны зүйл болсон хувийн сууцыг хариуцагч Д.Н, Д.Э нараас буцаан шаардах боломжгүй болж хохирсон байх тул маргааны зүйл болсон хувийн сууцны зөрүү үнэ болох мөнгийг хариуцагч нараас иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу шаардах хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.02.16-ны өдрийн 001/ШХТ2023/00183 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “магадлалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэсгийг хангаж, “шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гомдлыг хангахгүй орхив.

8. Нэхэмжлэгч Б.Ц, Д.Хнар нь хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 436,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...Д.Этэй байгуулсан 2018.03.28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 264,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Эийн нөхөр Д.Нын нэр дээр хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2018.03.28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ф.Цгоос шилжүүлсэн, барьцааны гэрээ байгуулаагүй, уг сууц 700,000,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй байхад хариуцагч Д.Э, Д.Н нар 264,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон авч 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Б.Ц, Д.Хнар зээлийн үүрэг 264,000,000 төгрөгийг 2020.12.28-ны өдөр төлж барагдуулах, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд 2021.01.01-ний өдөр хувийн сууцыг чөлөөлөхөөр тохиролцож, энэ эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу уг сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, улмаар Э.Мөнхбилэгт 280,000,000 төгрөгөөр худалдсан, 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй...” гэсэн үндэслэл зааж, мэтгэлцжээ.

9. Анхан шатны шүүх хариуцагч Д.Н, Д.Э нараас 436,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цад олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэснээс гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй, улмаар хэрэгт байгаа хэмжээнд хууль хэрэглээний асуудлаар залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг  дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

10. Нэхэмжлэгч Б.Ц, Д.Э нар 2018.03.28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.Ц нь Д.Эээс 110,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар зээлж авсан, зээлийн үүргийг хангуулах зорилгоор Д.Нын өмчлөлд өөрт нь өмчлөх эрх үүссэн байсан хувийн сууцыг шилжүүлсэн байна. Хан‑Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05‑ны өдрийн 183/ШШ2020/02672 дугаар шүүгчийн захирамжаар “Б.Ц нь 264,000,000 төгрөгийг 2020.12.28-ны дотор Д.Эт төлж барагдуулбал Д.Н хувийн сууцыг буцаан шилжүүлэх, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Д.Хнь 2021.01.01-ний өдөр хувийн сууцыг чөлөөлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Б.Ц, Д.Хнар уг сууцыг хариуцагч Д.Нт чөлөөлж өгснөөр 2021.05.14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтыг зохигч маргаагүй, харин хувийн сууцыг төлбөртөө тооцож өгсөн эсэх, төлбөрийн хэмжээ, хувийн сууцны үнийн зөрүүг хариуцагч нар буцааж өгөх үүрэгтэй эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

11. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч Б.Цын хувьд, хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй бөгөөд “В” ХХК-д 2014.02.10-ны өдрийн захиалгын гэрээний дагуу хувийн сууцны үнэ гэх 1,150,000,000 төгрөгийг төлсөн талаарх тайлбар баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгө ямар хэмжээгээр багассан, хариуцагчийн эд хөрөнгө бодит байдалд ямар хэмжээгээр ихэссэн нь тодорхойгүй, ...хариуцагч Д.Нт маргаан бүхий хувийн сууцыг бодитой өмчлөх эрх шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шилжсэн байхад шүүх зөвхөн Д.Н, Ф.Цнарын хооронд байгуулагдсан 2018.03.28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, ...хариуцагч Д.Н нь  2021.05.17-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр маргаж буй сууцыг  Э.М-т 280,000,000 төгрөгөөр худалдсан, Э.М нь 2021.06.17-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр уг сууцыг С.Н, Ш.А нарт 480,000,000 төгрөгөөр худалдсан байна...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

12. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болно.

Нэхэмжлэгч нь 2021.03.02-ны өдөр хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдуулж  үндэслэлгүй хөрөнгөжсөн 700,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. /хх-1,2/ Үүний дараа 2021.03.15-ны өдөр хариуцагч Д.Н, Д.Э, Ф.Ц, “В” ХХК нарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа “2018.03.28-ны өдрийн Д.Н, Ф.Цнарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” гэж өөрчилжээ. /хх-25,26/.

Шүүх “В” ХХК, Ф.Цнарыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагч нарт гардуулсан байна. /хх-55-59/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.08.31-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгохыг сануулсан, /хх-88/, 2021.11.02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь анхны шаардлагаа дэмжиж байна, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэхээр хариуцагч нар сууцыг бусдад худалдсан байна гэж тайлбарлаж, /2-р хавтас хх-43 дугаар хуудас/, 2022.09.23-ны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 436,000,000 төгрөг болгон багасгажээ.

Дээрх байдлаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тодорхойлсон боловч шүүх дээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох бүрт “зээлийн үүргийг хангуулах зорилгоор хариуцагч Д.Нт орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн буюу өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаж орон сууцны үнийн зөрүү буюу хохирол шаардсан агуулгатай тайлбар гаргасан байхад шүүх энэ нөхцөл байдлыг эргэлзээгүй тодруулсны эцэст хууль хэрэглэх үндэслэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсвэл өмчлөх эрх шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учраас түүний үр дагаврыг арилгуулах эсвэл хохирол шаардсан агуулгаар аль алиныг тайлбарлаж байгаа нөхцөлд шүүх эдгээр шаардах эрх бүрийг шалгах эсвэл нэхэмжлэгч зөвхөн нэг л үндэслэлээ дэмжиж байгаа бол тэр хүрээнд нэхэмжлэлийн талаар хууль хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Нөгөө талаар нэхэмжлэгч “ХҮТ” ХХК-ийн үнэлгээг шүүхэд гаргаж өгсөн, маргаж буй сууцыг 700,000,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч хариуцагч нь уг сууцыг Э.М-т 280,000,000 төгрөгөөр худалдсан, Э.М нь С.Н-т 480,000,000 төгрөгөөр худалдсан баримт хэрэгт авагдсан, үнийн зөрүүтэй эдгээр нөхцөл байдал шүүх дүгнэлт хийх үүрэгтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”, 56.6.-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан бол хуулийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2022/02104 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02920 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 2,337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Д.ЦОЛМОН