Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2023/2470

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                    2023      09         05

              182/ШШ2023/02470

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Б.Ц

 

Нэхэмжлэгч: Д.Х

 

Хариуцагч: Д.Н

 

Хариуцагч: Д.Э

 

            436,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.А,

            Хариуцагч нарын төлөөлөгч П.У,

            Хариуцагчийн өмгөөлөгч С.Э,

            Гэрч Э.М,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ц нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан 2018 оны 03 сарын 28-ны өдөр иргэн Д.Э тэй зээлийн гэрээ байгуулан нийт 110,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэн авсан. Энэхүү зээлийн гэрээний баталгаа болгож, барьцаа байдлаар өөрийн өмчлөлийн *** тоотод байрлах, 321,34 м.кв талбайтай 1,150,000,000 төгрөгийн үнэ бүхий өртөгтэй 3 давхар элит зэрэглэлийн хаусыг Д.Э ийн нөхөр болох Д.Н руу өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн. Улмаар 2020 оны 09 сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунган нийт 264,000,000 төгрөгөөр талууд тооцоо нийлсэн болно. Энэхүү зээлийн гэрээн дээр тооцоо нийлж, 2020 оны 12 сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд 220,000,000 төгрөгөөр, хугацаа хожимдуулсан тохиолдолд нийт 264,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу тохиролцсон ёсоор үүргээ гүйцэтгэвэл талууд авсан өгснөө буцаахаар тохиролцсон. Хэрэв Б.Ц нь дээрх зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Д.Н , Д.Э нар нь ***  тоотод байрлах, 321,34 м.кв талбайтай, 3 давхар элит зэрэглэлийн хаусыг өөрсдийн авах 264,000,000 төгрөгт тооцон авч, тухайн хаусын үнийн зөрүү үнэ болох 1,115,000,000-264,000,000=851,000,000 төгрөг, түүнээс тухайн байрны элэгдэл хорогдлыг хасаж 700,000,000 төгрөгийг Б.Цад тус тус олгохоор харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн.

 

              Гэвч өнөөдрийн байдлаар хэлсэн хэлцэлдээ хүрэлгүй, тухайн хаусын үнийн зөрүү болох 700,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цад өгөлгүй, байрнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 05‑ны өдөр 2672 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Ц зээлийн мөнгийг 2020 оны 12 сарын 28‑ны өдөр төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Д.Х 2021 оны 01 сарын 01‑ний өдөр хаусыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч Б.Ц нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй учир хариуцагч Д.Н нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар амьдарч байсан хаусаа чөлөөлөн өгч, амьдрах орон байргүй болсон. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Э ээс 110,000,000 төгрөгийг зээлэн түүний хүү, алдангид нийт 264,000,000 төгрөгийг төлж чадаагүй нь үнэн боловч, энэхүү өр төлбөрийн оронд нэхэмжлэгчийн өмчлөлийн өнөөгийн зах зээлийн ханшаар 1,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 321,34 м.кв, 3 давхар элит зэрэглэлийн хаусыг 264,000,000 төгрөгийн төлбөр авах нэрийдлээр бүхэлд нь авах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

             

              Иргэн Б.Ц болон иргэн Д.Н , Д.Э нарын хооронд 1,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах ямар нэгэн үүрэг үүсээгүй бөгөөд тухайн хөрөнгөө өмнө хийсэн зээлийн гэрээний барьцаа болгон өгсөн байдаг. Нэхэмжлэгч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК‑д хандаж, тухайн хаусны зах зээлийн ханшийг жишиг байдлаар үнэлүүлэхэд 768,003,000 төгрөг болсон ба нэхэмжлэлийн шаардлагаа анх 700,000,000 төгрөг гэж тооцсон байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээнээс зээлийн 264,000,000 төгрөгийг хасч, 436,000,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч нарыг 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 436,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.

 

  1. Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбар, тэдний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  Б.Ц нь 2018 оны 03 сарын 28-ны өдөр Д.Э ээс 110,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 5б тоот хаягт байршилтай 321,34 м.кв талбайтай орон сууцыг Д.Э ийн нөхөр Д.Н ын өмчлөлд шилжүүлэн өгсөн. Гэтэл Б.Ц зээлийг хугацаанд нь төлөөгүй тул хариуцагч Д.Н ын зүгээс 2019 оны 10 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Хын зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу талууд тохиролцож 2020 оны 09 сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2020 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 264,000,000 төгрөг байгааг харилцан хүлээн зөвшөөрч, 2019 оны 12 сарын 28 ны өдөр төлөхөөр, хэрэв төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг дээрх орон сууцаар хангасанд тооцож, нэн даруй суллаж өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд 2020 оны 10 сарын 05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/02672 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл  Б.Ц, Д.Х нар эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудсын хамт гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дууссан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Н нь өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, энэ талаар хүчин төгөлдөр шийдвэртэй, хариуцагч нар 264,000,000 төгрөгийн зээлийн үүргийг хангуулах зорилгоор хаусыг бүхэлд нь авсан. Хаусын үнийн зөрүү гэж 700,000,000 төгрөг төлөх талаар тохиролцоо огт болоогүй.

              Хариуцагч Д.Н нь хаусыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр, шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсны дараа захиран зарцуулах эрхтэй болсон. Ингээд хариуцагч нар тухайн байраа 280,000,000 төгрөгөөр худалдсан, хуас бусдад шилжсэн байгаа. Иймд хариуцагч нар ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

  1. Шүүх хариуцагч талын хүсэлтээр Э.М-ийг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

  1. Шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн зээлийн гэрээ, зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ, 2014 оны 02 сарын 10-ны өдрийн захиалгын гэрээ, “Визард констракшн” ХХК-ийн тодорхойлолт, 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 102 дугаар албан бичиг, 2018 оны 03 сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайлан,

 

            хариуцагчаас ирүүлсэн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2017 оны 06 сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны 2020 оны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Улаанбаатар хотын банкны 2020 оны мемориалын баримтууд, Э.М-ийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан 2020 оны бие даасан шаардлага, 2020 оны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021 оны 05 сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, төлбөр барагдуулах хэлцэл, Д.Н ын хувийн сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 09 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл

 

            зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар нь хариуцагч Д.Н , Д.Э т нарт холбогдуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 436,000,000 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжилжээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Э тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа болгон өөрийн өмчлөлийн хувийн сууцын өмчлөх эрхийг шилжүүлсэн, улмаар зээлээ төлж чадахгүй байдалд хүрч, 264,000,000 төгрөгийн зээлийн өрөнд хувийн сууцаа хариуцагч Д.Э , Д.Н нарт алдсан, Ф.Цогоо (хувийн сууцыг барьсан), Д.Н нарын хооронд байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл, тэд хувийн сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч татгалзлаа нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Э ээс авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрч барьцаа болгон нөхөр Д.Н ын нэр дээр хувийн сууцаа 264,000,000 төгрөгт тооцож шилжүүлж өгсөн, энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулж, зээл төлөх хугацааг сунгаж, зээлийг төлөөгүй тохиолдолд маргааны зүйл болсон хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон, шүүх эвлэрлийг баталсан, энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Д.Н нь хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Нэхэмжлэгч Б.Ц нь ЭГКХХК-ийн /нэг гишүүнтэй/ гүйцэтгэх захирлаар ажилладаг байх ба тус компани нь ВК ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу хийсэн ажлынхаа хөлсөнд ВК ХХК-иас 2014.02.10-ны өдрийн захиалгын гэрээний дагуу, тус компанийн барьж ашиглалтад оруулсан 1,150,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар зайсан гудамжны 5в тоотод байрлах, 321,34 м.кв хувийн сууцыг хүлээн авчээ. Тухайн хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь ВК ХХК-ийн захирал Ф.Цогоогийн нэр дээр байсан байна.

 

4.Нэхэмжлэгч Б.Ц нь 2018.03.28-ны өдөр хариуцагч Д.Э ээс зээлийн гэрээ байгуулж, 110,000,000 төгрөгийг 2019.03.28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй хариуцагч Д.Э ээс зээлдэн авч, зээлийн мөнгийг буцаан төлөх үүргийн барьцаа болгож, 2018.03.28-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар зайсан гудамжны 5в тоотод байрлах, 321,34 м.кв хувийн сууцыг зээлдүүлэгч Д.Э ийн нөхөр Д.Н ын өмчлөлд шилжүүлсэн ба зохигчид энэ талаар маргаан байхгүй байна. Хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ ВК ХХК-ийн захирал Ф.Цийн нэр дээр байсан нь 2018.03.28-ны өдрийн Ф.Цогоо, Д.Н нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хувийн сууцны өмчлөл Д.Н т шилжжээ.

 

5.Харин нэхэмжлэгч Б.Ц нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Д.Н нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргааны зүйл болсон хувийн сууцыг өмчлөгчийн хувиар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Б.Цын хамтран амьдрагч Д.Хд холбогдуулан гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, уг хувийн сууц барьцаалагдсан Б.Цын зээлийн төлбөр төлөх үүрэг-үндсэн зээл 110,000,000 төгрөг, зээлийн хүү 66,000,000 төгрөг, алданги 88,000,000 төгрөг, нийт 264,000,000 төгрөг болсныг харилцан хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөр төлөх хугацааг 2020.12.28-ны өдрийг хүртэл сунгаж, тогтоосон хугацаанд 220,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд 2018.03.28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг бүрэн дуусган, барьцааны хөрөнгийг буцаан өгөх, Б.Ц зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Д.Х 2021.01.01-ний өдөр маргаан бүхий ***  тоотод байрлах, 321,34 м.кв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцон, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.10.05-ны өдрийн 2642 дугаар захирамжаар дээрх байдлаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

6.Б.Ц нь зээлийг сунгасан хугацаа болох 2020.12.28-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгаагүй, төлөөгүй байсны улмаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 2642 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021.01.22-ны өдрийн 882 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 75 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Ц, Д.Х нар өөрсдийн амьдарч байсан ***  тоотод байрлах, 321,34 м.кв талбай бүхий хувийн сууцыг Д.Н т чөлөөлж өгчээ.

 

7.Улмаар хариуцагч Д.Н нь маргааны зүйл болсон ***  тоотод байрлах, 321,34 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2021.05.28-ны өдөр Э.Мөнхбилэгт 280,000,000 төгрөгөөр худалдсан, Э.Мөнхбилэг нь 2021.06.25-ны өдөр С.Наранчимэгт хувийн сууцыг 480,000,000 төгрөгөөр худалдсан нь гэрч Э.Мөнхбилэгийн “Эхлээд Д.Н аас Орчлон хорооллоос 160,000,000 төгрөгөөр байр худалдан автал тэр байр нь асуудалтай, шүүхийн шийдвэртэй байсан тул авахаа больсон ба ийм хувийн сууц байгаа гэхэд нь үнийн зөрүүг өгч худалдан авсан, засвар хийгээд цааш 480,000,000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

                                                             

8.***  тоотод байрлах, 3 давхар, 321,34 м.кв талбай бүхий хувийн сууц нь ЭГКХХК, ВК ХХК-ийн хоорондын гүйцэтгэсэн ажлуудын төлбөр тооцоогоор олгогдсон байх бөгөөд сууцны үнийг 1,150,000,000 төгрөг гэж тогтоосон ба Б.Ц, эхнэр Д.Х нар уг хувийн сууцыг өмчлөх эрхтэй байна.

 

9.Нэхэмжлэгч Б.Ц нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д хандаж, маргааны зүйл болсон, хувийн сууцны зах зээлийн ханшийг жишиг байдлаар үнэлүүлсэн байх бөгөөд 2022.04.18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 185 дугаар тайлангаар, 2021 оны 03 сарын байдлаар тухайн хувийн сууцны зах зээлийн үнэ ханшийг 768,003,000 төгрөг болохыг тогтоожээ.

 

10.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Э ээс зээлдсэн мөнгийг буцаан төлөх зээлийн гэрээний үүрэгт өөрийн хувийн сууцыг барьцаалсан атлаа хувийн сууцныхаа өмчлөх эрхийг 2018.03.28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Д.Н т шилжүүлсэн нь хийж буй хэлцлийн агуулгатаа нийцээгүй, хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ.

Мөн Д.Н нь шүүхийн шийдвэргүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүй барьцааны эд хөрөнгийг өрөндөө тооцон авснаараа хууль зөрчсөн байна. Хариуцагч нар өөрсдөд нь хувийн сууцны өмчлөл шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжсэн гэж тайлбарлах боловч сууцны өмчлөл тэдэнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжээгүй, талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байна.

 

11.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үндэслэж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан “хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсэн зохицуулалтад хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн хэм хэмжээ агуулагддаг. Хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан ба Б.Цын үүргийн /хувийн сууцны өмчлөлөө Д.Н т шилжүүлэх/ хувьд хүчин төгөлдөр бус үүрэг тул Б.Ц  хувийн сууцаа, эсхүл үнээ Д.Н нараас шаардах эрхтэй байна.

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөний өөр нэг шинж нь энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргаж буй нэхэмжлэгч нарын эд хөрөнгө багассан байх, хариуцагч нарын эд хөрөнгө ихэссэн байхыг шаарддаг ба нэхэмжлэгч нар амьдрах хувийн сууцгүй болж эд хөрөнгийн хэмжээ багассан, хариуцагч нар бусдын өрийг дарахын тулд нэхэмжлэгчийн хувийн сууцыг хямд худалдаж, өөртөө ашигтай байдал гаргасан гэж үзэхээр байна.

 

12.Харин шүүх хувийн сууцны үнийг тогтоохдоо уг сууцанд нэхэмжлэгч нар тодорхой хугацаагаар амьдран суусан, гэрч Э.Мөнхбилэг сууцанд засвар хийж 480,000,000 төгрөгөөр бусдад худалдсан, мөн хувийн сууцыг мэргэжлийн байгууллага үнэлсэн үнэлгээнд сууц орлогын хандлагын аргаар 506,440,000 төгрөгөөр үнэлэгдсэн байдлуудыг харгалзан сууцны үнийг 506,440,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв. Үүнээс нэхэмжлэгч нарын хариуцагч нарт төлөх зээлийн өр 264,000,000 төгрөгийг хасаж, 242,440,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэгч нарт төлүүлэхээр шийдвэрлэв.

 

12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ВК ХХК хариуцагчаар татагдан оролцсон боловч нэхэмжлэгч нар түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан болно.

 

13.Нэхэмжлэгч Б.Цын 2021.03.01-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 3,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Н , Д.Э нараас 1,370,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч Д.Э , Д.Н нараас 242,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нарт олгож, нэхэмжлэгч нарын 193,560,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Н , Д.Э нараас 1,370,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нарт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                    С.БУД