Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01998

 

 

 

 

 

 

 

   2023       11           17                                     210/МА2023/01998

 

Б.Ц-, Д.Х- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02470 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-, Д.Х- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Н-, Д.Э- нарт холбогдох,

436,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, түүний өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Ц- нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Э-тэй зээлийн гэрээ байгуулан нийт 110,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээний баталгаа болгож, барьцаа байдлаар өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжны 5в тоотод байрлах, 321,34 м.кв талбайтай 1,150,000,000 төгрөгийн үнэ бүхий өртөгтэй 3 давхар элит зэрэглэлийн хаусыг Д.Э-ийн нөхөр болох Д.Н- руу өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунган нийт 264,000,000 төгрөгөөр талууд тооцоо нийлсэн болно. Энэхүү зээлийн гэрээн дээр тооцоо нийлж, 2020 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд 220,000,000 төгрөгөөр, хугацаа хожимдуулсан тохиолдолд нийт 264,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу тохиролцсон ёсоор үүргээ гүйцэтгэвэл талууд авсан өгснөө буцаахаар тохиролцсон. Хэрэв Б.Ц- нь дээрх зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Д.Н-, Д.Э- нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамжны 5в тоотод байрлах, 321,34 м.кв талбайтай, 3 давхар элит зэрэглэлийн хаусыг өөрсдийн авах 264,000,000 төгрөгт тооцон авч, тухайн хаусын үнийн зөрүү үнэ болох 1,115,000,000-264,000,000=851,000,000 төгрөг, түүнээс тухайн байрны элэгдэл хорогдлыг хасаж 700,000,000 төгрөгийг Б.Ц-ад тус тус олгохоор харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн.

Гэвч өнөөдрийн байдлаар хэлсэн хэлцэлдээ хүрэлгүй, тухайн хаусын үнийн зөрүү болох 700,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-ад өгөлгүй, байрнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2672 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Ц- зээлийн мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Д.Х- 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хаусыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч Б.Ц- нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй учир хариуцагч Д.Н- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар нэхэмжлэгч Б.Ц-, Д.Х- нар амьдарч байсан хаусаа чөлөөлөн өгч, амьдрах орон байргүй болсон. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Д.Э-ээс 110,000,000 төгрөгийг зээлэн түүний хүү, алдангид нийт 264,000,000 төгрөгийг төлж чадаагүй нь үнэн боловч, энэхүү өр төлбөрийн оронд нэхэмжлэгчийн өмчлөлийн өнөөгийн зах зээлийн ханшаар 1,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 321,34 м.кв, 3 давхар элит зэрэглэлийн хаусыг 264,000,000 төгрөгийн төлбөр авах нэрийдлээр бүхэлд нь авах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Б.Ц- болон Д.Н-, Д.Э- нарын хооронд 1,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах ямар нэгэн үүрэг үүсээгүй бөгөөд тухайн хөрөнгөө өмнө хийсэн зээлийн гэрээний барьцаа болгон өгсөн. Нэхэмжлэгч Х ХХК-д хандаж, тухайн хаусны зах зээлийн ханшийг жишиг байдлаар үнэлүүлэхэд 768,003,000 төгрөг болсон ба нэхэмжлэлийн шаардлагаа анх 700,000,000 төгрөг гэж тооцсон байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК-ийн гаргасан үнэлгээнээс зээлийн 264,000,000 төгрөгийг хасч, 436,000,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нарыг 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 436,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Э-ээс 110,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 56 тоот хаягт байршилтай 321,34 м.кв талбайтай орон сууцыг Д.Э-ийн нөхөр Д.Н-ын өмчлөлд шилжүүлэн өгсөн. Гэтэл Б.Ц- зээлийг хугацаанд нь төлөөгүй тул хариуцагч Д.Н-ын зүгээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Х-ын зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу талууд тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 264,000,000 төгрөг байгааг харилцан хүлээн зөвшөөрч, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр, хэрэв төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг дээрх орон сууцаар хангасанд тооцож, нэн даруй суллаж өгөхөөр харилцан тохиролцсон. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/02672 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Б.Ц-, Д.Х- нар эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудсын хамт гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дууссан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Н- нь өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, энэ талаар хүчин төгөлдөр шийдвэртэй, хариуцагч нар 264,000,000 төгрөгийн зээлийн үүргийг хангуулах зорилгоор хаусыг бүхэлд нь авсан. Хаусын үнийн зөрүү гэж 700,000,000 төгрөг төлөх талаар тохиролцоо огт болоогүй.

Хариуцагч Д.Н- нь уг хаусыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр, шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсны дараа захиран зарцуулах эрхтэй болсон. Хариуцагч нар тухайн байраа 280,000,000 төгрөгөөр худалдсан, хаус бусдад шилжсэн. Иймд хариуцагч нар ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Э-, Д.Н- нараас 242,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-, Д.Х- нарт олгож, нэхэмжлэгч нарын 193,560,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц-, Д.Х- нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-, Д.Э- нараас 1,370,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-, Д.Х- нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Ц-ын хувьд хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй бөгөөд В ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн захиалгын гэрээний дагуу хувийн сууцны үнэ гэх 1,150,000,000 төгрөгийн төлсөн талаарх тайлбар баримтаар нотлогдоогүй, хэрэгт авагдсан В ХХК-ийн албан бичигт “... 2015 оноос хойш В ХХК нь Э ХХК-тай хоорондын тооцоо огт хийгдээгүй, одоогийн байдлаар 350,000,000 төгрөгийн дутуу ажлын гүйцэтгэлтэй байгаа болохыг тодорхойлов...” гэсэн байдаг бөгөөд үүнээс үзэхэд Б.Ц-, эхнэр Д.Х- нарт тус орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй, тэдний өмч гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, Монгол улсын Иргэний хуульд аливаа хэлцлийг “үүрэг үүсгэдэг буюу үүргийн хэлцэл”, “өмч шилжүүлдэг буюу өмчийн хэлцэл” хоёрыг салган авч үзэх агуулга өмчийн эрх зүйн заалтууд болон гэрээний зохицуулалтаас харж болно.

Д.Н- нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг олж авсан мэт боловч бодитоор маргаан бүхий хувийн сууцыг захиран зарцуулаагүй, эзэмшилдээ байлгаагүй байж байгаад талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг сунгах тухай хэлцэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2642 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021 оны 01 дугаар сарын 22-ний өдрийн 882 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 75 дугаар бүхий гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Б.Ц-, Д.Х- нар өөрсдийн амьдарч байсан хувийн сууцыг Д.Н-т чөлөөлж өгснөөр өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан гэж бүрэн итгэсний үндсэн дээр сая өмчлөгч болсон гэж үзсэн байдаг.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэсэн хуулийн агуулгаас шүүх эвлэрлийг баталж захирамж гаргахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан “өмчлөгч өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын үндэслэл нь өмчлөгч шаардлага гаргах эрхтэй гэсэн урьдчилсан нөхцөлийн дагуу Д.Н- нь хэдийгээр хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа хэдий ч талуудын хооронд хожим байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд өмчлөх эрх шүүгчийн захирамжийн дагуу бодитоор Д.Н-ын өмчлөл шилжих үр дагавартай гэдгийг талуудад хангалттай тодорхой тайлбарлан эвлэрлийг баталж байгаа нь өмчлөх эрх бодитоор шилжсэн бодит үйлдлээс хамаарч байна.

Энэ тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлж байгаа этгээд болон өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдийн хооронд байгуулсан үүргийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус болсон ч өмчлөх эрхийг олж авсан этгээд өмчлөгч хэвээр үлддэг.

Өөрөөр хэлбэл, анхан шатын шүүх анх өмчлөх эрхийг шилжүүлсэн үүргийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнээд түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ талуудын хожим хүлээн зөвшөөрч байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээ буюу үүргийн хэлцэл болон өмч шилжүүлэн авсан бодит үйлдэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг огт дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

4.б. “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд дурдаад буй сууцны үнийг орлогын хандлагын аргаар үнэлэхдээ хуурамч мэдээлэлд үндэслэн гаргасан. Өөрөөр хэлбэл, нотлох баримт шинжлэн судлах үе шатанд дээрх үнэлгээг шинжлэн судлахад зайсан дахь маргаан бүхий орон сууцны үнэлгээг хийхдээ “төвийн шугамд холбогдсон, өмчлөгч Ф.Ц-” гэх мэт хуурамч мэдээлэл тусгасан бөгөөд үнэлгээчин тухайн байранд огт очиж үзээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн байрны анхны худалдан авагч Э.М- тухайн байрыг авахад ямар нөхцөл байдал, элэгдэл хорогдолтой байсан, ямар засвар зайлшгүй хийх шаардлагатай байсан, ямар засвар, хэд орчим төгрөгөөр хийсэн талаар маш тодорхой тайлбарлан мэдүүлсэн. Дээрх гэрчийн мэдүүлгээр байрны нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн байрнаас тэс ондоо байсан нь тогтоогдсон. Мөн хөрөнгийн үнэлгээнд авагдсан фото зураг нь тухайн гэрчийн дурдаад байгаа нөхцөл байдалтай огт нийцэхгүй, хэзээ авсан ямар байрны зураг болох нь тодорхойгүй буюу засвар хийх шаардлагагүй шинэ байрны зураг байсан. Үнэлгээнд тус зургийг үнэлгээ хийлгэж буй үйлчлүүлэгчээсээ буюу Ц-гоос авсан талаар дурдсан байна.

Бодит байдалд тухайн байрыг 280,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд 150,000,000 гаруй төгрөгийн засвар хийж байж 480,000,000 төгрөгийн зах зээлийн ханшаар худалдсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлээс ирсэн баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон.

Гэвч шүүх дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүй, хэний, ямар хөрөнгөд хийсэн үнэлгээ болох нь тодорхойгүй, хуурамч мэдээлэлд үндэслэгдэн хийсэн үнэлгээний дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

4.в. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах ойлголт нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн, эсхүл бусдын зардлаар хөрөнгөжсөн бол буцаан төлөх ёстой гэсэн ерөнхий зарчмын хүрээнд үндэслэлгүй хөрөнгөжихийн эсрэг үүрэг ногдуулдаг. Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй гэдэг нь хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу бус, эсхүл гэрээнд зааснаар зөвтгөх шалтгаан байхгүй нөхцөлийг ойлгодог. Нөгөө талаар, үндэслэлгүй хөрөнгөжих нь нэг этгээдийн эд хөрөнгө нөгөө этгээдийн эд хөрөнгийг багасгах замаар өссөн нь зөвтгөх аргагүй эсхүл үндэслэл байхгүйгээр эд хөрөнгийг өөртөө байлгасан нөхцөл байдал юм.

Мөн Д.Н- нь Э.М-т тус байрыг 280,000,000 төгрөгөөр худалдсан нь өөрт ашигтай байдал бий болгохын тулд бус харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмчлөх эрх өөрт нь хууль ёсоор бий болсон гэдэгт баттай итгэсний үндсэн дээр бусдад худалдсан.

Э.М- нь шүүх хуралдаанд гэрчээр оролцон мэдүүлэхдээ дээрх байр 280,000,000 төгрөгийн үнэд ч хүрэхээргүй маш их засвартай байр байсан болон 150,000,000-аад төгрөгийн засвар хийж байж цааш 480,000,000 төгрөгөөр зарсан талаараа мэдүүлдэг. Гэтэл шүүх “өөрт ашигтай байдал гаргаж, өрөө дарахын тулд хямд худалдсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч нараас 242,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулж 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан. Эцсийн байдлаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх ёстой байсан. Гэтэл хариуцагч талаас 2020 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд В ХХК-ийн захирал Ф.Ц- Э ХХК, В ХХК-ийн хоорондын гүйцэтгэсэн ажлуудын төлбөр тооцоогоор олгогдсон Б.Ц-ын өмч юм” гэж мэдүүлсэн. Х ХХК-ийн тусгай мэдлэг шаардсан шинжээч нар тухайн орон сууц дээр очиж дүгнэлт гаргасан. Өөрийн дур зоргоор дүгнэлт гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. н.М- нь шүүх хуралдаанд “маргаан бүхий сууцыг худалдаж аваагүй, Д.Н-ын зээлийн өр төлбөрт тооцож авсан” гэж мэдүүлсэн. Зээлийн гэрээний барьцаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн зээлийн гэрээний баталгаа болгож, өөрийн өмчлөл болох байсан хувийн сууцыг Ф.Ц-гоос Д.Н-т шилжүүлсэн. Б.Ц-ын хувийн сууц биш гэж тайлбарласан атлаа яагаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь ойлгомжгүй. Бид нарын хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 492 дугаар зүйлд тус тус заасны дагуу шаардсан. Хүн амьдрах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч тус тайлбар нь худал юм. Учир нь 1,000,000,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсан 3 давхар хаус байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.Ц-, Д.Х- нар нь хариуцагч Д.Н-, Д.Э- нарт холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хувийн сууцны үнийн зөрүүд 436,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.а. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Д.Э-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хувийн сууцыг Д.Н-ын нэр дээр шилжүүлсэн бөгөөд хувийн сууцны зөрүүг гаргуулна” гэж тайлбарласан.

 

1.б. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй учир эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэрийн дагуу хувийн сууцыг өмчлөлдөө авсан тул хууль ёсны өмчлөгч болсон, иймд нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

 

2.Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

2.а. Б.Ц-  Д.Э- нар  2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  зээлийн гэрээ байгуулсан уг гэрээгээр Д.Э-ээс 110,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн  хугацаатай Б.Ц- зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, мөн өдөр Ф.Ц-гийн нэр дээр өмчлөл бүртгэлтэй байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар зайсан гудамжны 5в тоотод байрлах, 321,34 м.кв талбайтай хувийн сууцыг зээлдүүлэгч Д.Э-ийн нөхөр болох Д.Н-ын нэр дээр 30,000,000 төгрөгөөр  үл хөдлөх, хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх 4-5,19, 164/

 

2.б. Нэхэмжлэгч Б.Ц- нь Э ХХК-ийн захирал бөгөөд В ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд дээрх хувийн сууцыг хүлээн авахаар захиалгын гэрээ байгуулсан, түүнд өмчлөх эрх үүссэн байна. Тухайн хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ В ХХК-ийн захирал ажилтай Ф.Ц-гийн нэр дээр бүртгэлтэй байсан тул нэхэмжлэгч Б.Ц-ын зөвшөөрлөөр хариуцагч Д.Н-ын нэр дээр 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Д.Н-ын нэр дээр өмчлөх эрх шилжсэн болох нь гэрч Ф.Ц-гийн мэдүүлэг болон В ХХК-аас ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээ, барилгын захиалгын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон худалдах худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна.

           /1хх 10-11, 2хх 41-50, 2хх132-3хх62/

 

2.в. Талууд зээлийн гэрээний хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сунгахдаа “зээлийн төлбөр төлөгдөөгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож, дээрх хувийн сууцыг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн болохыг” тус тус тэмдэглээд, Д.Э-, Б.Ц- нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зээл 110,000,000 төгрөг, зээлийн хүү 66,000,000 төгрөг, алданги 88,000,000 төгрөг, нийт 264,000,000 төгрөг болсон талаар дүгнэсэн байх бөгөөд 220,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийг төлж дуусгах, төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээгээр тохирсон хүү алдангийг төлөхөөр тохирсон байна. /1хх 4, 6-7/

 

2.г. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02672 дугаар шүүгчийн захирамжаар Д.Н-ын нэхэмжлэлтэй Д.Х-д холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэрэгт “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1 тоот эвлэрлийн гэрээний дагуу Д.Э-, Б.Ц- нарын хооронд зээлийн гэрээний хугацааг сунгах тухай 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний 6 дахь заалтад мөнгөн төлбөрийн үүргээ 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүрэн дуусгавар болгох, мөн гэрээний 7 дугаар заалтад мөнгөн төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлсөн баримтыг хүлээн авмагц зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг зээлдэгч талд буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн, зээлдэгч Б.Ц- үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Д.Х- 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий хувийн сууцыг чөлөөлж өгөхөөр” талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх 27-28/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02672 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, тус хувийн сууцыг Б.Ц-, Д.Х- нарын эзэмшлээс чөлөөлж Д.Н-т хүлээлгэн өгсөн байна.

 

2.д. Хариуцагч Д.Н- нь дээрх хувийн сууцыг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгөөр Э.М-т, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Э.М- нь Ш.А-т 480,000,000 төгрөгөөр тус тус худалдсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас ирүүлсэн худалдах худалдан авах гэрээ болон, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдээр тус тус тогтоогдож байна./1хх 198-200, 205-210/

 

3. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.Ц-, хариуцагч Д.Э-тэй байгуулсан зээлийн гэрээний төлбөр 264,000,000 төгрөг болсон үнийн дүнд маргаагүй. Харин уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Н-ын нэр дээр шилжүүлсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал болон хувийн сууцны үнийн талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Э-ийн өмнө үүрэг хүлээсэн атлаа, мөн өдрөө уг зээлийн гэрээний оролцогч бус этгээд болох хариуцагч Д.Н-ын өмчлөлд маргаан бүхий хувийн сууцыг нэхэмжлэгч Б.Ц-ын зөвшөөрлөөр Ф.Ц-гоос 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56  дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж  анхан шатны шүүх  дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Б.Ц- хувийн сууцыг Д.Н-т худалдах хүсэл зоригийн үндсэн дээр бус, Д.Э-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож үүрэг бүхий этгээдээс өөр этгээдэд буюу Д.Н-т өмчлөх эрхийг шилжүүлсэн худалдах-худалдан авах хэлцэл нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр байх бус хэлцэл байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ц- тухайн хувийн сууцыг худалдах бус, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож шилжүүлсэн гэх байдал нь Д.Э-тэй хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээний 7-д “энэхүү зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээний 6-д заасан мөнгөн төлбөрийг мөн зүйлд заасан хугацаанд бүрэн төлсөн баримтыг хүлээн авмагц, зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг зээлдэгч талд буцаан шилжүүлнэ” гэсэн заалт болон, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02672 дугаар шүүгчийн захирамжаар тус тус нотлогдож байна./1хх 6-7, 27-28/

 

Иймд маргаан бүхий хувийн сууц нь нэхэмжлэгч Б.Ц-ын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсөнд Ф.Ц-гоос шилжүүлэн авах хувийн сууцны өмчлөх эрхийг Д.Н-т, Б.Ц-ын зөвшөөрлөөр шилжүүлсэн болох нь дээр дурдсан талуудын тайлбар, гэрч Ф.Ц-гийн мэдүүлэг болон В ХХК-аас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул Б.Ц-, Д.Х- нарт өмчлөх эрх үүсээгүй, тэдний өмч гэж үзэхэд эргэлзээтэй гэх гомдлыг хангахгүй.

 

4. Түүнчлэн, хариуцагч Д.Н- нь эхнэр Д.Э-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар тухайн хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарласан атлаа дээрх гомдлыг гаргасан нь зөрчилтэй байна. Учир нь гэрчээр оролцсон Ф.Ц- нь хариуцагч Д.Н-т дээрхээс өөр ямар үүргийн дагуу 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах хэлцэл хийсэн болохыг, мөн нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Д.Н-ын өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн бусад ямар үүрэгтэй байсан учраас уг хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх болсон талаар баримтаар нотлоогүй байна.

 

4.а. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” боловч уг хувийн сууц бусад этгээдийн өмчлөлд шилжсэн учраас уг хувийн сууцны үнийг төлөх үүрэг хариуцагч Д.Н-т үүсэх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд нэхэмжлэгч нар нь хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.Тодруулбал, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн маргаан бүхий хувийн сууцыг хариуцагч Д.Н-т худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр байх бус тул “бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг” гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “үндэслэлгүй хөрөнгөжсөний өөр нэг шинж нь энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргаж буй нэхэмжлэгч нарын эд хөрөнгө багассан байх, хариуцагч нарын эд хөрөнгө ихэссэн байхыг шаарддаг ба нэхэмжлэгч нар амьдрах хувийн сууцгүй болж эд хөрөнгийн хэмжээ багассан, хариуцагч нар бусдын өрийг дарахын тулд нэхэмжлэгчийн хувийн сууцыг хямд худалдаж, өөртөө ашигтай байдал гаргасан гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт нь баримтад тулгуурлаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг”-т хамаарах маргаан болохыг тайлбарлаж залруулна.

 

5. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Х ХХК нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар зайсан гудамжны 5в тоотод байрлах, 321,34 м.кв хувийн сууцыг 2021 оны 03 дугаар сарын зах зээлийн ханшаар үнэлэхэд 768,003,000 төгрөгөөр үнэлсэн байх ба, уг дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн ба, шинжээчийн дүгнэлтийн асуудлаар анхан шатны шүүх дээр маргаагүй байх тул хариуцагчийн гаргасан шинжээч нь орон сууцны үнэлгээг гаргахдаа хуурамч мэдээлэлд үндэслэсэн гэх гомдлыг хангахгүй. /3хх 89-111/

 

Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийг хариуцагч талаас  нотлох баримтаар няцаагаагүй байна. Хариуцагч талаас, хувийн сууцыг Д.Н-аас худалдан авсан гэрч  Э.М-ийн мэдүүлгээр нотлогдсон гэх боловч түүний мэдүүлэг нь бусад баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байх ба тэрээр 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр авсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байх тул дээр дурдсан хувийн сууцыг шилжүүлсэн хэлцлүүдээр хувийн сууцны зах зээлийн үнэ ханшийг бодитой  байсан гэж үзэх боломжгүй.

 

Мөн хариуцагч талаас гаргасан шинжээчийн дүгнэлт нь хэний, ямар хөрөнгөнд хийсэн үнэлгээ болох нь тодорхойгүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь, шинжээчийн дүгнэлтэд талуудын маргаж буй Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, ар зайсан гудамж, 5в хаягт байрлалтай хувийн сууцанд үнэлгээ хийсэн болох талаар шинжээч дүгнэлтдээ заасан байна.

 

6. Дээрх шинжээчийн гаргасан үнэлгээний тайлангаас өртгийн хандлагаар тооцсон 506,440,000 төгрөгөөр маргаан бүхий хувийн сууцны үнэлгээг тооцож, зээлийн үүргийг тооцон зөрүүг гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, хувийн сууцны үнэлгээг өртгийн аргаар тооцсон шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй ба гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтална. Харин анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэлд шинжээч өртгийн хандлагын аргаар 506,440,000 төгрөгөөр үнэлснийг орлогын хандлагын аргаар гэж ташаарсныг залруулах байх ба, шинжээч орлогын хандлагын аргыг хэрэглэхгүй гэж дүгнэлтдээ заасан байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж үр дагаврыг шийдвэрлэхдээ талуудын хожим хүлээн зөвшөөрч байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ сунгах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээ, өмч шилжүүлэн авсан бодит үйлдэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр шилжүүлэхээр, харин хөдлөх хөрөнгийн хувьд худалдагч өмч шилжүүлэхийг зөвшөөрсний үндсэн дээр худалдан авагчид бодит эзэмшлийг шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хуульд тус тус зохицуулсан байна.

 

8. Шүүх маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон хувийн сууцны зөрүүг шийдвэрлэсэн. Харин зээлийн гэрээний хугацаа сунгах тухай 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хувийн сууцаар хангахаар тохирч зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн, зээлийн нийт үүрэг 264,000,000 төгрөг болохыг, төлөх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж тохирсон, мөн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр Б.Ц- зээл сунгах гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Х- 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий хувийн сууцыг чөлөөлж өгөхөөр тохирсныг баталж Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02672 дугаар шийдвэрээр Д.Н-ын Д.Х-д холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Энэ шийдвэрийг үндэслэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар дээрх хувийн сууцыг чөлөөлсөн байна. Эдгээр зээлийн гэрээг сунгах гэрээ, эвлэрлийн гэрээ, эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн болон хууль бус эзэмшлээс чөлөөлсөн асуудал нь талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа сунгах тухай 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эвлэрлийн гэрээ тус тус байгуулахаас өмнө маргаж буй хувийн сууцны өмчлөх эрх худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн байсан, эвлэрлийн гэрээ болон шүүхийн шийдвэрийг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс маргааны зүйл болох хувийн сууцыг чөлөөлүүлсэн нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,370,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ