Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00042

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02240 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00021 дүгээр магадлалтай,

Н.С-ийн нэхэмжлэлтэй

“А Ө С Ү Т” УТҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 53,774,595.05 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Н.С нь “А Ө С Ү Т” УТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 53,774,595.05 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02240 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “А Ө С Ү Т” УТҮГ-аас 37,226,447.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,548,147.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Сгийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “А Ө С Ү Т” УТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 345,502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00021 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “37,226,447.59” гэснийг “4,128,862” гэж, “16,548,147.46” гэснийг “49,645,733.05” гэж,

4 дэх заалтын “345,502” гэснийг “81,012” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,502 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Н.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Магадлалын хянавал хэсгийн 4.а-д “...Гэвч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасныг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй.” гэж заажээ. Бодит байдал дээр: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан уг заалт нь нэхэмжлэгч буюу ажилтан нь тухайн ажил олгогч байгууллагад өөр ажил албан тушаал эрхэлж байсан бол, ийнхүү эрхлэхдээ өмнө авч байсан цалингаас бага цалинтай байсан тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт байхад нэхэмжлэг Н.С намайг АӨСҮТ-ийн шилжүүлсэн ажил албан тушаалд ажиллаж байсан мэтээр тодорхойлж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т заасан заалттай нийцэхгүй байна. Тодруулбал, Хариуцагч АӨСҮТ нь 2020.11.03-ны өдрийн Б/246 тоот “Н.С-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга албан тушаалаас чөлөөлж, Клиникийн 11 тасгийн их эмчээр томилж албан тушаал бууруулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гарган улмаар 3 шатны шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Мөн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн Улсын дээд шүүхийн тайлбарт ажил албан тушаал бууруулахыг ажлаас халсантай адилтган үзнэ гэж тайлбарласан бөгөөд уг тайлбарын дагуу буруу шилжүүлж, халсан гэж үзэн нэхэмжлэгчийн зүгээс тухайн тушаалыг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Улмаар анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.23-ны өдрийг хүртэлх цалинг шийдвэрлэсэн бөгөөд энэ өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлж, томилсон ажил албан тушаалыг эрхлэх нь зүйтэй байсан гэж шийдвэрлэсэн бөгөөд үүнээс хойших хугацаанд ажиллах ёстой байсан хэмээн шийдвэрлээгүй байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь нь “Ажиллах ёстой байсан, ажиллаж байна, өмнөх хэрэг маргаанд давж заалдаагүй” гэх үндэслэлээр шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Ажил олгогч нь шинээр томилсон Клиникийн II тасгийн их эмч гэх албан тушаал дээр нэхэмжлэгч Н.С надтай Хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй бөгөөд ийнхүү байгуулаагүй хөдөлмөрийн харилцаанд 2021.02.23-ны өдрөөс 2022.08.04-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллах үүрэгтэй хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг 49,645,733.05 төгрөгөөр багасгаж, зөрүү цалингаар тооцож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. 2. Магадлалын хянавал хэсгийн 4.а-д “...болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй.” гэжээ. Бодит байдал дээр: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Н.Сгийн нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь хэлэлцэж байсан мэтээр дүгнэж, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт “буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлтэй” байна. Тодруулбал: Ажил эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.23-ны өдрийн шийдвэр нь нэхэмжлэгч Н.Сг ажлаас чөлөөлж, томилсон хууль бус шийдвэр гаргасан өдөр буюу 2020.11.03-ны өдрөөс 2021.02.23-ны өдрийг хүртэл хугацааны маргааныг шийдвэрлэсэн байхад уг шийдвэр гаргасан өдрөөс 2022.08.04-ний өдрийг хүртэл хугацааны цалингийн нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх өмнөх хэрэг маргаанд шууд хамааруулан шийдвэрлэсэн нь хуулийг илтэд зөрчжээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.23-ны өдрийн 181/ШШ2021/00396 дугаартай шийдвэрээр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга албан тушаалд эгүүлэн тогтоогдсон бөгөөд уг хугацаанаас хойш хугацаанд буюу нэхэмжлэл гаргах /2022.08.04/ өдрийг хүртэл хугацаанд шилжүүлэн ажилласан ажил албан тушаалд ажиллах үүргийг хүлээхээргүй байхад давж заалдах шатны шүүх ажиллах ёстой байсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, түүнчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил үүргийг гүйцэтгэх ёстой мэтээр тайлбарлаж, хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Н.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.02.16-ны өдрийн 001/ШХТ2023/00182 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Н.С нь “А Ө С Ү Т” УТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан 2020.11.03-2022.08.04 хүртэлх хугацааны олговорт 53,774,595 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Тэрээр хариуцагч нь ажилд эгүүлэн тогтоолгох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байгаа гэж үндэслэлээ заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...шүүхийн шийдвэрийн дагуу манайх түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох үүрэг хүлээснээс дуудаж уулзах, ажилдаа эргэн орохыг мэдэгдэх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч нь шүүхэд хандсан ч томилогдсон ажлаа хийх боломжтой байхад огт хийгээгүй, тийм ч учраас өмнө нь шүүх цалингийн зөрүүг гаргасан, 2020.11.03-2021.02.23 хүртэл хугацааны цалингийн зөрүүг шүүх гаргуулсан байхад дахин нэхэмжилсэн нь үндэслэлгүй...” гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх ажилгүй байсан 2021.02.23-2022.08.04 хүртэл хугацааны олговорт 37,226,447 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх багасгаж, хариуцагчаас 4,128,862 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

11. Давж заалдах шатны шүүх “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.23-ны өдрийн 181/ШШ2021/00396 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Сг бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүг тооцоход нэг өдрийн цалинг 11,025 төгрөг гэж тодорхойлсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, иймд 11,025 төгрөгийг ажлын 374.5 хоногоор тооцож, /11,025*374.5=4,128,862/ 4,128,862 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч Н.Сгийн нэхэмжлэлийн шаардлага өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдээгүй бөгөөд ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах агуулга бүхий өөр нэхэмжлэл байхад “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт” гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй боловч ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/92 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.2-т зааснаар тодорхойлж, олговрын хэмжээг тооцоолсон байхад шүүх уг үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эрх зүйн дүгнэлт өгөлгүй, өмнө гарсан шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд өөрчлөх, залруулах эрхийг хуулиар хязгаарлаагүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

12. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.23-ны өдрийн 181/ШШ2021/00396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.07-ны өдрийн 633 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021.06.29-ний өдрийн 001/ШХТ2021/00312 тогтоолоор Н.Сг өөр ажилд шилжүүлэн томилсон ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, А Ө С Ү Т УТҮГ-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажилд эгүүлэн томилж, хариуцагчаас 2020.11.03-ны өдрөөс 2021.02.23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 811,425 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Н.Сг ажлаас нь чөлөөлж, Клиникийн II тасгийн их эмчээр томилсон боловч  уг албан тушаалд ажиллагаагүй, ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан боловч шийдвэр биелэгдээгүй байх ба ажилтан ажилдаа орох ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр 2022.03.04-ний өдөр гүйцэтгэх хуудас бичсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.29-ний өдрийн 4/690 тоот хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

Анхан шатны шүүх, ажилгүй байсан хугацаа гэдэг ойлголтод ажлаас халагдсан өдрөөс эхлэн ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацаа хамаарна гэж үзэж, ажилтны дундаж цалинг хуулийн дагуу тогтоож, 2021.02.23-2022.08.04 хүртэл хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00021 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 323,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАЯРМАА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД