Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00021

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00021

 

 

********* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02240 дугаар шийдвэртэй,

********* нэхэмжлэлтэй, *********д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 53,774,595.05 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Н.Сугармаа нь хариуцагч *********д холбогдуулан

1.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 43,170,521 төгрөг гаргуулахаар шаардаж, 10,284,081.8 төгрөгөөр нэмэгдүүлсэн

1.б. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардсан. Н.Сугармаа нь 2006 онд ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжил, 2007 онд ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийг Арьс гоо заслын их эмч, 2008 онд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын төрөлжсөн нарийн мэргэжлээр тус тус төгсөж, 2008 оноос эхлэн АӨСҮТ-д арьс гоо заслын их эмч, поликлиникийн эрхлэгч, клиникийн 3-р тасгийн эрхлэгч, 2020 оноос ЭМТҮЧАБ-ын албаны даргаар тус тус /Чанарын албаны дарга/ ажилласан. Ажилд орсноос хойш эрүүл мэндийн салбарт буюу АӨСҮТөвд нийт 12 жил ажилласан. Ажиллах хугацаандаа 2016 онд Анагаах ухааны магистр, 2016 онд Арьс гоо заслын Ахлах зэргийн их эмч болон дотоод гадаадын сургалт, семинаруудад хамрагдаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн. Мөн 2010 онд Шилдэг эмч, 2016 онд Шилдэг тасаг, Эрүүл мэндийн Салбарын тэргүүний ажилтан зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. Гэвч ажил олгогч нь хууль бус үндэслэлээр АӨСҮТөвийн Чанарын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар тушаал гаргасан байсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нээлттэй ажлын байрны зарыг гаргасан байсан. Ажил олгогч АӨСҮТ-ийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот Н.Сугармаа-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 181/ШШ2021/00396 тоот шийдвэрээр Н.Сугармааг ********* УТҮГ-ын Чанарын албаны дарга албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн.

Хариуцагч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаж, шүүх 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 633 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүх 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 001/1IIXT2021/00312 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад нэг ч удаа дуудаагүй, уулзаагүй, ажилдаа эргэн орох талаар мэдэгдээгүй, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, шүүхээр тогтоогдсон ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, цалин хөлсийг аваагүй.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тооцооллын дагуу дараах нөхөн олговрыг тооцон авахаар байна. Үүнд:

Сүүлийн 3 сарын нийлбэр цалин

1,507,3497 + 962,4047 + 3,973,2867 = 6,443,039.00 /Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт/

Сүүлийн 3 сарын ажлын нийт хоног -65 хоног

8 cap - 21 хоног, 9 cap - 22 хоног 10 cap - 22 хоног

Сарын дундаж цалин

6,443,0397 / 3 cap = 2,147,679.67 төгрөг

Сарын дундаж ажлын хоног

65 хоног / 3 cap =21,67 хоног

Нэг өдрийн дундаж цалин

2,147,679.67 төгрөг /21,67 хоног = 99,123.68 төгрөг, Ажилгүй байсан хоног

2020 оны 11 дүгээр сарын 3 өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31 өдөр хүртэл 351 хоног

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс. нөхөн олговрын хэмжээ

99,123.68 төгрөг х 351 хоног = 34,792,410.60 төгрөг

Зэрэглэл үр чадварын нэмэгдлийн хэмжээ цалингийн 25 %

34,792,410.60 төгрөг х 25% = 8,698,102.65 төгрөг

Ажил үүрэг гүйцэтгээгүй боловч олгогдсон гэх хэмжээ

11 cap-133,013 төгрөг,

12 cap-186,979 төгрөг

Нийт хэмжээ 34,792,410.60 төгрөг + 8,698,102.65 төгрөг = 43,490,513.25 төгрөг

Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаал гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ажил албан үүргээ гүйцэтгээгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 43,170,521 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч 10,284,081.8 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 53,774,595.05 төгрөг гаргуулна.

Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажлын 83 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 10,284,081.8 төгрөгийг нэмэгдүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэхэмжлэгч Н.Сугармаа нь АӨСҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажил үүргээ гүйцэтгэх эрхтэй, АӨСҮТ нь нэхэмжлэгчид ажил үүргийг нь хүлээлгэж өгөхөөс татгалзсан, ажил үүргийг нь хийлгүүлээгүй, байгууллагад нэвтрүүлээгүй зэрэг ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан үйлдэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх эс үйлдэхүй гаргасан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажил үүргээ гүйцэтгэхээр ажлын байранд ирсэн даруйд түүнд ажлыг нь хүлээлгэж өгч, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхэд бэлэн байсан. Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн АӨСҮТ нь нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд ажиллуулах, шүүхээр тогтоосон цалингийн нөхөн олговрыг олгох үүргийг тус тус хүлээснээс бус нэхэмжлэгчийг дуудаж уулзах, ажилдаа эргэн орохыг мэдэгдэх үүрэг хүлээгээгүй. Н.Сугармаа нь 2021 оны 06 дугаар сарын 29 -ний өдрөөс эхлэн АӨСҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын албан тушаалдаа ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байсан хэдий ч уг үүргээ биелүүлээгүйд АӨСҮТ нь ямар нэгэн байдлаар буруугүй юм.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх дээд шүүхийн зөвлөмжид ...Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцөлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэж заасны дагуу АӨСҮТ болон Н.Сугармаа нарын хооронд өмнө нь үүссэн байсан хөдөлмөрийн харилцаа шүүхийн шийдвэр гарснаар бүхэлдээ сэргэсэн тул талууд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Н.Сугармааг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Клиникийн II тасгийн их эмчээр томилсон. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тушаал гарснаас хойш Н.Сугармаа нь ажил үүргээ огт гүйцэтгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь мөн л хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаагүй болно.

Н.Сугармааг ажлаас халаагүй учраас Н.Сугармаа нь тушаалыг эс зөвшөөрсөн ч Клиникийн II тасгийн их эмчийн ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байсан. Энэ ч утгаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1- д хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан, нэхэмжлэгчийг Б/246 тоот тушаалаар гэрээг цуцлаагүй харин өөр ажилд шилжүүлсэн тул шүүх дээрх хоёр албан тушаалын хоорондох цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэж цалингийн нөхөн олговорт 811,425 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаагаа 2020 оны 11 дүгээр сарын 03 -ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 351 өдөр гэж тодорхойлсон байна. Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 23 -ны өдрийн 181/ШШ2021/00396 дугаар шийдвэрт 2020 оны11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23 -ны өдрийг хүртэлх 3 cap, ажлын 10 хоногт тооцвол нийт 811,425 төгрөг байна гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч АӨСҮТ нь нэхэмжлэгчид цалингийн нөхөн олговор 811,425 төгрөгийг олгосон байхад дахин энэ хугацааны цалингаа нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй байна.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан ********* УТҮГ-аас 37,226,447.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сугармаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,548,147.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч ********* төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ********* УТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Сугармаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 345,502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Дээд шүүхийн тогтоол гарсны дараа Н.Сугармаа нь ажлын байран дээрээ ирээгүй бөгөөд ямар шалтгаанаар ирэхгүй талаарх баримт ирүүлэхгүй байсаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буюу Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш бүтэн 7 сарын дараа шүүхийн шийдвэрийг биелүүлнэ үү гэсэн агуулгатай хүсэлтийг АӨСҮТ-д ирүүлсэн. Дээрх хугацаанд ажилдаа оръё гэвэл манайх үргэлж нээлттэй байсан. Н.Сугармаа нь 2020 оны 11 дүгээр сарын 03 -ны өдрийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Клиникийн II тасгийн их эмчээр томилсон шийдвэрийг эс зөвшөөрч уг тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл манай байгууллагад нэг ч хоног ажиллаагүй. Ажилтан шүүхийн шийдвэр эцэслэгдэн гарах хүртэл шилжүүлэн томилсон ажил үүргийг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Хэрэв нэхэмжлэгч нь шилжүүлэн томилсон шийдвэрийн дагуу клиникийн II тасагт их эмчийн ажлыг хийж байсан бол эмчийн цалингийн зөрүүг олгох нь зүйд нийцнэ гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ажилтан тухайн ажил үүргийг заавал гүйцэтгэх үүргийг хүлээдэггүй, учир нь шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул. Анхан шатны шүүхийн шийдвэр нь гарснаас хойш тухайн шилжиж очсон ажлыг гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй. Учир нь буруу шилжүүлснийг шүүх тогтоосон тул. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтаар цалын хөлсийг тооцож бодохдоо Улсын дээд шүүх хэрэв тухайн ажилтан өөр ажил албан тушаалыг эрхэлж байгаа бол зөрүү мөнгийг олгоно, эрхлээгүй бол цалинг бүтнээр нь олгоно. Нэхэмжлэгч нь хариуцагчийн удирдлага буюу гүйцэтгэх захиралтай удаа дараа утсаар холбогдож ажилдаа орох хүсэлтийг илэрхийлж байсан. Утсаар холбогдож ямар нэг үр дүнд хүрэхгүй байсан тул 2022 оны 01 дүгээр сард ажилдаа орох хүсэлтийг албан ёсоор өгсөн. Гэтэл 2022 оны 03 дугаар сард гүйцэтгэх хуудас бичигдэж гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхлэх үед хариу бичиг ирсэн. Уг бичиг нь та яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ гэсэн байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш цалинг тооцож бодсон. Үүнийг хууль хэрэглээний хувьд алдаагүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны гарсан үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус төвийн гүйцэтгэх захирлын Б/273 дугаар тушаалаар ажилд томилсон. Хариуцагч тал анхан шатны шүүхэд хэрэг маргааныг хэлэлцэж байхад 2022 оны 08 дугаар сарын ажил эргүүлэн томилсон тушаалыг шүүхэд ирүүлсэн. Бодит байдал дээр тухайн тушаалыг дүр үзүүлсэн байдлаар гаргасан. Зөвхөн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгөх үедээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зэрэг өгсөн. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй байсан тул манай талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх талаар тодруулга авахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна гэсэн агуулга бүхий бичиг ирсэн. 2021 оны 08 дугаар сард ажилтныг эргүүлэн тогтоосон бол утсаар ярьж байхад таны тушаал гарсан гэдгийг мэдэгдээгүй юм бэ гэх талаар анхан шатны шүүх хэлэлцсэн. Хариуцагч талаас энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Бусад хариу мэдэгдлүүдийг буюу нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийн хариуг ирүүлсэн атлаа томилсон тушаалыг ирүүлээгүй. Энэ нь шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж дүр эсгэсэн үйлдлийг харуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санаатайгаар уг тушаалыг ирүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Сугармаа нь ********* УТҮГ-т холбогдуулан

2.а. Ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 4 өдөр хүртэлхи 83 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 53,774,595.05 төгрөг гаргуулах,

2.б. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тус байгууллагын Чанарын албаны даргаас өөр албан тушаалд шилжүүлсэн Б/246 тоот тушаал гарсан өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний олговрыг гаргуулна гэжээ./хх65-67/

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.а Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 633 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №001/ШХТ2021/00312 тогтоолоор Н.Сугармааг ********* УТҮГ-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.б. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гүйцэтгэх хуудас бичүүлсэн байна./хх8/

Мөн хүсэлт гаргах тухай 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ********* ажил олгогчид хандан гаргасан өргөдөл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4/690 тоот хариу мэдэгдэх хуудас зэрэг баримт хэрэгт авагджээ.

3.в. Талуудын тайлбараар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Клиникийн II тасгийн их эмчээр томилсон шийдвэрийн дагуу уг ажлыг Н.Сугармаа хийгээгүй болох нь тогтоогджээ./хх30-32/

3.г. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэрээр нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 7,206,778 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх 811,425 төгрөгийг /хоногийн олговор буюу цалингийн зөрүү 11,025 төгрөг/ гаргуулж, 6,395,353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээжээ.

 

4. Зохигч шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаад хэн буруутай болох, ажилтанд олгох олговрын хэмжээнд маргажээ.

4.а. Анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/246 тоот тушаалаар Н.Сугармааг Чанарын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой маргаанд Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийг хэрэглэсэн нь зөв байна.

Гэвч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасныг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00396 шийдвэрээр ажилтны бага цалинтай ажил хийж байсан бол зөрүү нэг хоногт 11,025 төгрөг гэж тодорхойлсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна./хх10-12/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм. Иймд ажилтан ********* нэг хоногт авбал зохих зөрүү 11,025 төгрөгийг ажлын 374.5 хоногоор тооцож, /11,025*374.5=4,128,862/ 4,128,862 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

5. Хариуцагч нь дараах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

5.а. Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш ажилтан ажилдаа орох ямар ч үйлдэл хийгээгүй.

5.б. Н.Сугармаа нь 2020 оны 11 дүгээр сарын 03 -ны өдрийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Клиникийн II тасгийн их эмчээр томилсон шийдвэрийг эс зөвшөөрч уг тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл манай байгууллагад нэг ч хоног ажиллаагүй. Эмчийн цалингийн зөрүүг олгох нь зүйд нийцнэ гэжээ.

 

6. Хэргийн баримтаас үзэхэд шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа, зохигч энэ талаар маргаагүй тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин дээр 4.а-д дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлын энэ хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 37,226,447.59 гэснийг 4,128,862 гэж, 16,548,147.46 гэснийг 49,645,733.05 гэж,

4 дэх заалтын 345,502 гэснийг 81,012 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,502 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД