Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1464

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ч-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00854 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Ч-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н З т нОНӨААТҮГ-т холбогдох

 

Хамтын гэрээний дагуу тэтгэмжид 3 143 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ч- нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 78 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б/976 тоот тушаалаар 5 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. С.Ч- нь энэ байгууллагад ажилласан боловч “Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний хорооны хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж дутуу олгосон. С.Ч-ы 1 сарын дундаж цалин 613 500 төгрөг байна. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь заалтын дагуу 6 сарын тэтгэмж 3 681 000 төгрөгний тэтгэмж авахаас байгууллага 537 500 төгрөг өгсөн. Үлдсэн тэтгэмж 3 143 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ч- нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/976 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/1058 тоот тушаалаар нэг сарын тэтгэмж олгосон. Манай байгууллага 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтны эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулж улмаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн байх ба тус хамтын гэрээний гуравт хөдөлмөр эрхлэлт ажлын байрны баталгааны талаар тусгасан бөгөөд хамтын гэрээний 3.4-т байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1-5 жил ажилласан бол нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний гэж заасны дагуу олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Н з т н” ОНӨААТҮГазраас 200 748 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 942 752 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 12 375 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00854 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж  заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчиж байгуулагдсан хамтын гэрээг дагаж мөрдөх ёстой гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлтийг хийгээгүй. “Зорчигч Тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтны нэгдсэн ҮЭХ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны 1-р баазын ажилтаны ҮЭХ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны 2-р баазын ажилтаны ҮЭХ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ автобусны 3-р баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг 4 ҮЭХ үйл ажиллагаа явуулж байдаг. Түүний нэг нь манай Автобусны 3 дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо юм. 2015 оны 08 дугаар сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 132 тоог тогтоолоор автобусны 1, 3 мөн цахилгаан тээвэр гэсэн 3 баазыг нэгтгэн нийлүүлж байгуулсан цагаас хойш 4 ҮЭХ-той болсон. Эдгээр ҮЭХороод тус тусдаа хамтын гэрээтэй, уг хамтын гэрээг мөрдөн ажиллаж байгаа. Гэтэл 4 ҮЭХ-дод мэдэгдэлгүй захиргааны санаачилгаар Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороог шинээр байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хамтын гэрээ байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 4, 11 дүтээр зүйлийн 11.5, Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2  дахь хэсэгт тус тус заасныг зөрчин 4 ҮЭХ-дод мэдэгдэлгүй, хууль зөрчиж байгуулсан. Тус бүрийн хамтын гэрээнд заасан нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангасан байсан асуудлуудыг дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг хуулаад тавьсан байсан. Нийт ажилчдад энэхүү хамтын гэрээг байгуулагдсаныг огт мэдэгдээгүй байдаг. Дээрх 4 ҮЭХороодтой ажил олгогчийн зүгээс хамтын гэрээг шинээр байгуулахаар хэлэлцээрийн шатанд явж байсан. Дээрх үндэслэлүүдээр хууль зөрчсөн хамтын гэрээг дагаж мөрдөхөөр шийдвэрлэснийт огт зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх маргаан бүхий хамтын гэрээг хүчин төгөлдөр бус гэх маргааныг шүүхээр шийдвэрлэж буй байдлыг харгалзаж үзээгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00854 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэгч С.Ч- нь 6 сарын тэтгэмж 3 143 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч С.Ч- “Автобус-1” ОНӨААТҮГазарт 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр кондуктороор ажилд орж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болсны дараа буюу тус байгууллагын даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/976 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, ажилд орсон, гарсан болон 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 537 500 төгрөг олгох тухай тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ. /хэргийн 38-40 дүгээр тал/

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагааг хөрөнгийн эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийлүүлсэн байх тул шүүх “Автобус-1” ОНӨҮГ-ын эрх залгамжлан авсан этгээд нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хэргийн 18 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Автобус-1” ОНӨҮГ-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтын гэрээ”-нд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь заалтад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч 2-12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тус тус заасан гэж тайлбарлажээ.

 

“Автобус-1” ОНӨҮГ-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтын гэрээ”-нд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөд хамтын гэрээний аль нэг тал санаачлан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан байх бөгөөд хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилтнуудын төлөөлөл болох “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэй 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 34 дүгээр тал/

 

Иймд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон ажилтнуудын төлөөлөл болох “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хүчин төгөлдөр хамтын гэрээний дагуу ажил олгогч тэтгэмж олгосон нь үндэслэлтэй байх бөгөөд уг хамтын гэрээг хууль зөрчиж бүртгэсэн, хүчин төгөлдөр бус гэрээ гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө хүчингүй болж дуусгавар болсон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтын гэрээ”-нд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөд зааснаар 6 сарын тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Харин шүүх ажил олгогч ажилтны цалингийн дунджийг бодохдоо тооцооллын алдаа гаргаж тэтгэмжийг дутуу олгосон гэж дүгнэж хариуцагчаас тэтгэмжийн зөрүү болох 200 748 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн завж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                      С.ЭНХТӨР