Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01654

 

С.Ч-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00854 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1464 дугаар магадлалтай,

С.Ч-ы нэхэмжлэлтэй

ЗТН ОНӨААТҮГ-т холбогдох,  

Хамтын гэрээний дагуу тэтгэмж 3.143.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ч-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЗТН ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 78 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б/976 тоот тушаалаар 5 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Энэ байгууллагад ажилласан боловч Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний хорооны хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж дутуу олгосон. С.Ч-ы 1 сарын дундаж цалин 613.500 төгрөг байна. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь заалтын дагуу 6 сарын тэтгэмж 3.681.000 төгрөгийн тэтгэмж авахаас байгууллага 537.500 төгрөг өгсөн. Иймд үлдсэн тэтгэмж 3.143.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.Ч- нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/976 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/1058 тоот тушаалаар нэг сарын тэтгэмж олгосон. Манай байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ЗТН ОНӨААТҮГ-ын ажилтны эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулж улмаар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн байх ба тус хамтын гэрээний гуравт хөдөлмөр эрхлэлт ажлын байрны баталгааны талаар тусгасан бөгөөд хамтын гэрээний 3.4-т байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1-5 жил ажилласан бол нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний гэж заасны дагуу олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00854 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн ЗТН ОНӨААТҮГазраас 200.748 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.942.752 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 12.375 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1464 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь нэгдлийн үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг Захиргааны хэргийн шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргаж байгаа гэж хэлээд байхад хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Ч- нь ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан хамтын гэрээний дагуу 6 сарын тэтгэмж 3.143.500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч С.Ч- нь Автобус-1 ОНӨААТҮГ-ын захирлын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б-78 дугаар тушаалаар кондукторын ажилд томилогдон ажиллаж байгаад, хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн б/976 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д  ажил олгогч нь мөн хуулийн 40.1.3-т заасан буюу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдаж байгаа ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан ба мөн хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1-д тэтгэмжийн хэмжээг тогтоох харилцааг хамтын гэрээгээр зохицуулна гэжээ.

Ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/1058 дугаар тушаалаар С.Ч-д 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 537.500 төгрөгийг олгосон нь тогтоогдсон байна.

С.Ч- нь Автобус нэг компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон байх боловч  нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх үед дээрх хамтын гэрээ хүчингүй болж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 01 тоот хамтын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан тул уг хамтын гэрээний дагуу 1 сарын тэтгэмж олгох үндэслэлтэй гэж үзэхдээ хоёр шатны шүүх хэргийн баримтад тулгуурлажээ.

Харин ажил олгогч нэхэмжлэгч С.Ч-ы сарын дундаж цалин, хөлсийг буруу тооцож 200.748 төгрөг дутуу олгосон гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хамтын гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 15, 16 дугаар зүйлийн зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00854 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1464 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ