Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/00854

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 09 өдөр

            Дугаар 183/ШШ2018/00854

Улаанбаатар хот

 

                                    

                                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

                 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одаргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 0000,

           Хариуцагч: 000

Хамтын гэрээний дагуу тэтгэмжид 3 143 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.        

                                                                                    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Ч нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2012 оны 03 дугаар сарын 12-нд 78 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б/976 тоот тушаалаар 5 жил  11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. С.Ч нь энэ байгууллагад ажилласан боловч Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж дутуу олгосон. С.Чы 1 сарын дундаж цалин 613 500 төгрөг байна. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь   заалтын дагуу 6 сарын тэтгэмж 3 681 000 төгрөгний тэтгэмж авахаас байгууллага 537 500 төгрөг өгсөн. Үлдсэн тэтгэмж 3 143 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн С.Ч нь хамтын гэрээний дагуу тэтгэмж олгуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.Ч нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/976 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/1058 тоот тушаалаар нэг сарын тэтгэмж олгосон. Манай байгууллага 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтны эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулж улмаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн байх ба тус хамтын гэрээний гуравд хөдөлмөр эрхлэлт ажлын байрны баталгааны талаар тусгасан бөгөөд 3, 4 ... байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгон. Үүнд 1-5 жил ажилласан бол нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний гэж заасны дагуу олгосон. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит ААТҮГ-т холбогдуулан 6 сарын тэтгэмж 3 143 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       

         “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар нь хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулаагүй учир нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилсан нөхцлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул тус иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв./х.х-ийн 12 дугаар тал/

 

        “Автобус-1” ОНӨААТҮГазарт нэхэмжлэгч С.Ч 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажилд орж  2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл 5 жил 8 сар ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 38, 39 дүгээр тал/

       

         Нэхэмжлэгч  нь “Автобус-1” ОНӨААТҮГазарт ажиллаж байгаад “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас өндөр насны тэтгэвэрт гарсан байх ба Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨААТҮГ, Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт нийлүүлсэн байна./х.х-ийн 18 дугаар тал/

         

         Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-д “Тухайн байгууллагад хоёр түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу  “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилтнуудын төлөөлөл болох “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэй 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ байгуулж 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр хамтын гэрээ байна. /х.х-ийн 34 дүгээр тал/

 

           Хариуцагч 2017.04.26-ны өдөр байгуулсан Хамтын гэрээг хууль зөрчиж бүртгэсэн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж байсан боловч түүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, бүртгэлтэй холбоотой асуудлаар Захиргааны шүүхэд хандсан үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар шүүхэд барилт ирүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 “... энэ хуулийн 40.1.3-т заасан үндэслэлээр халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор”-т заажээ.

 

           Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэх ба “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар болон 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилтнуудын төлөөлөл болох “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хүчин төгөлдөр хамтын гэрээний дагуу ажил олгогч тэтгэмж олгосон нь үндэслэлтэй байна.

 

          Харин ажил олгогч тооцооллын алдаа гаргаж тэтгэмжийг дутуу олгосон байх тул дутуу олгосон тэтгэмжийг шүүх нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

         Нэхэмжлэгчид олгох тэтгэмжийн хэмжээг бодохдоо сүүлийн 3 сарын цалингийн дунджийг тодорхой сард үржүүлж, уг дүнгээс өмнө нь олгосон тэтгэмжийг хасаж, зөрүүг нь гаргуулсан болно.

 

          Нэхэмжлэгчид ажилласан хугацаа болон олгогдвол зохих тэтгэмжийн хэмжээг хавтаст хэрэгт авагдсан хамтын гэрээ, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтыг үндэслэн С.Чд 1 сарын  цалинтай тэнцэх тэтгэмжийн зөрүү 200 748 төгрөг ( 2012.03.12- 2017.11.15 хүртэл ажилласан, 2017 оны 9,10,11 сарын цалингийн дундаж – 738 248 төгрөг, 1 сарын тэтгэмж нийт 738 248 төгрөг олгохоос ажил олгогч тэтгэмжинд 537 500 төгрөг олгосныг хасаад үлдэх 200 748 төгрөг)-ийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 2 942 752 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн зарим шаардлагыг нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь  хуульд нийцнэ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт 2018 оны 4 дүгээр сарын 9 өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу шүүх мэдэгдэж, товд гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тт, өмгөөлөгч Д.М нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан орсон болно. /х.х-ийн 52 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 200 748 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч С.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 942 752 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 12 375 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                   Ц.О