Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00044

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02325 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00051 дүгээр магадлалтай,                                                                                                                   

Б гийн нэхэмжлэлтэй,

“Т ” ХХК-д холбогдох

Эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, 

гэрээний үүргийн гүйцэтгэлд 38,945,812 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийн гүйцэтгэлд 38,945,812 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02325 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч Б д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Т ” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б гаас орон сууцны үлдэгдэл төлбөрт 19,472,906 төгрөгийг гаргуулан хариуцагч “Т ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,472,906 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч “Т ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 255,314 төгрөгийг гаргуулан хариуцагч “Т ” ХХК-д, хариуцагч “Т ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00051 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б гаас орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 38,945,812 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Т ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 3 дахь заалтын “нэхэмжлэгч Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 255,314 төгрөгийг гаргуулан хариуцагч “Т ” ХХК-д” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/00051 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. “Т ” ХХК нь 2020.06.22-ны өдөр Б тай Б4-1601-149 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр ... өрөө орон сууцыг 2020 оны 4-р улиралд барьж ашиглалтад оруулахаар тохиролцож Б  нь гэрээний эхний төлбөрийг хугацаанд нь төлсөн байдаг. Б  нь үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд манай компаниас хүргүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээж аваад нийт алдангийн 50 хувийг үндсэн төлбөрийн хамт төлөөд гэрээг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтийг 2021.08.12-ны өдөр өөрийн биеэр өгсөн. Ингээд Б  нь гэрээний төлбөр болох 105,975,000 төгрөгийг 245 хоног хэтрүүлэн төлсөн бөгөөд талууд харилцан тохиролцсоны дагуу нийт тооцсон алдангийн 50 хувь буюу 38,945,812 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт төлж барагдуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч 38,945,812 төгрөгийг төлөх үүрэгтэй, түүнийгээ төлөх хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Талууд анхнаасаа гэрээгээр тохирсон орон сууцыг хугацаанд нь хүлээж авсан, өгсөн эсэх дээр маргаагүй, харин алдангийн хувь хэмжээнд маргасан байхад давж заалдах шатны шүүх “Т ” ХХК-ийг орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч Б гийн өмнө бүрэн биелүүлсэн, энэ талаар хариуцагч анхнаасаа маргаагүй, харин алданги төлөхгүй байх үндэслэлээ 2021 оны 2 сард гаргасан эд хөрөнгийн доголдлын талаарх хүсэлтийг үндэслэл болгон доголдолтой эд хөрөнгө хүлээлгэж өгсөн тул алданги төлөхгүй гэж тайлбарласаар ирсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй асуудал дээр дүгнэлт хийж мөн 2021 оны 2 сард эд хөрөнгийн доголдолтой холбоотой хүсэлт гаргасныг орон сууцыг тухайн сард хүлээлгэж өгсөн мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн Б  нь анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ тухайн орон сууцыг улсын комисс хүлээн авсан мөн талууд харилцан хүлээлцсэн талаараа дурдсан байдаг ба хугацаандаа хүлээж авсан эсэх дээр маргаагүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.02.28-ны өдрийн хуралдааны 001/ШҮТ2023/00225 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

7. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан  эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “... 2020.06.22-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүргээ биелүүлж, үнийг бүрэн төлсөн, ... хариуцагч нь ...бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, “...захиалагч нь төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс алданги төлөх үүрэг үүссэн, уг үүргээ биелүүлээгүй тул орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг шаардах эрх үүсээгүй” гэж маргасан.

8. Хариуцагч “Т ” ХХК нь нэхэмжлэгч Б д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж сөрөг шаардлага  гаргахдаа “...нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол тодорхой хэмжээний алданги төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн. Иймээс төлсөн төлбөрөөс нь 38,945,812 төгрөгийг алдангид тооцсон, одоо үндсэн төлбөрт 38,945,812 төгрөг гаргуулна” гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, “... гэрээний 3.1-д захиалагч төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд орон сууц өмчлөх эрх нээгдэх бөгөөд улсын комиссын акт, 100 хувь төлсөн санхүүгийн баримтыг тус тус үндэслэн түлхүүр хүлээлгэн өгч, Орон сууц хүлээлцсэн акт үйлдэнэ гэж тохиролцсон. Бид түлхүүрээ хүлээн авч, ашиглалт үйлчилгээний төлбөрөө төлж тухайн байранд амьдарч байгаа. Нэгэнт талууд төлбөрөө 100 хувь төлсөн гэж үзэж гэрээний зүйлийг хүлээлцсэн, хариуцагч чанар, эрхийн доголдолгүй орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги нэхэмжлэх эрх үүсэхгүй” гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 19,472,906 төгрөгийг тус тус хангаж, сөрөг шаардлагаас үлдэх 19,472,906 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хянаад, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахгүй орхижээ. 

10. 2020.06.22-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр төсөл хэрэгжүүлэгч “Т ” ХХК нь ... өрөө орон сууцыг захиалагч Б гийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч Б  нь орон сууцны нийт үнэ болох 211,950,000 төгрөг төлөх үүрэгтэй, 2020.06.30-ны өдрийн дотор 105,975,000 төгрөгийг, үлдсэн 105,975,000 төгрөгийг 2020.12.15-ны өдрийн дотор тус тус төлж дуусгах, үнийг бүрэн төлж дууссаны дараа төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчид өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

11. Гэрээний дагуу орон сууц нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжсэн, нэхэмжлэгч нь 2021.08.24-ний өдөр гэрээний төлбөрийг бүрэн төлж дууссан талаарх үйл баримт нь талуудын тайлбар, мөнгөн гүйлгээний баримтаар тогтоогдож байх ба энэ тухайд зохигч маргаагүй. 

12. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж, ... орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч Б д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Т ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, давж заалдах шатны шүүх энэ хэсгийг хэвээр үлдээсэн нь зөв байна.

13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд мөнгөн төлбөрийн гэрээний үүрэгт түгээмэл хэрэглэгддэг, талууд харилцан тохирч тогтоодог үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т “захиалагч нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг төсөл хэрэгжүүлэгч талд төлөх”, 4.1.2-т “төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч нь төлбөр болон алдангийг нэхэмжлэх эрхтэй” байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

14. Нэхэмжлэгч нь 2020.12.15-ны өдрийн дотор гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлж дуусгах үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, мөнгөн гүйлгээний баримтуудаар тогтоогдсон, энэ тухайд талууд маргаагүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

15. Хариуцагч нь 2020.12.15-ны өдрөөс хойш алданги шаардах эрхтэй буюу нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлсэн хоногоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож, алдангийн нийт хэмжээг 77,891,625 төгрөг, үүнээс нэхэмжлэгч 38,945,812 төгрөгийн алданги төлөх  үүрэгтэй  тухай  анхан  шатны шүүх дүгнэхдээ хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан 2021.08.10-ны өдрийн мэдэгдэл болон 2021.08.12-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид бичгээр гаргасан “...үлдэгдэл төлбөр 105,975,000 төгрөгийг алдангийн хамтаар 2021.09.15-ны өдрийн дотор төлнө. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж өгнө үү” гэсэн баримтыг үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

16. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан 2021.08.12-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид бичгээр гаргасан дээрх хүсэлтийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар тайлбарлаагүй, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

17. Анхан шатны шүүх “...гэрээний төлбөр төлөх хугацаанд улс орон даяар Коронавируст цар тахлын нөлөөлөл эрчимжиж, хөл хорио үргэлжилснээс иргэдийн санхүүгийн чадвар буурсан нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг баримтлан алдангийн хэмжээг тал хувиар багасгаж нэхэмжлэгчээс 19,472,906 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул “... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00051 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 352,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД