Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/02325

 

 

 

 

 

2022 10 17

181/ШШ2022/02325

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Г -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК -ийн,

Нэхэмжлэгч: Б.Г-д холбогдох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 38,945,812 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Б.Г миний бие 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Т ХХК-тай Орон сууц захиалан бариулах Б4-1601-149 дугаартай гэрээ байгуулсан юм. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Стадион оргил 17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Б4 блокийн 26 дугаар байрны 70,65 м.кв 16 дугаар давхарын 1601 тоот 2 өрөө орон сууцыг 211,950,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.

Захиалагч миний бие 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 105,975,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 105,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 975,000 төгрөгийг төсөл хэрэгжүүлэгчийн дансанд тус тус шилжүүлснээр гэрээний үнийг 100 хувь төлж дуусгасан.

Тухайн байр жил гаруйн өмнө ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан ба талууд орон сууцыг харилцан хүлээлцсэн. Ашиглалт болон СӨХ-ны үйлчилгээний төлбөрөө би хариуцан төлж байгаа.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-д Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх хугацаа: Барилгыг улсын комисс хүлээн авсан, гэрээний төлбөр 100 хувь төлөгдсөн үед" гэж тодорхойлсон, мөн гэрээний 4.2.2-д Барилгыг улсын комисс хүлээн авсан, гэрээний төлбөр 100 хувь төлөгдсөн нөхцөлд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг захиалагчид хүлээлгэн өгөх"-өөр төсөл хэрэгжүүлэгч талыг үүрэгжүүлсэн байх ба гэрээний 5.1.3-д Захиалагч "Гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн үед өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг төсөл хэрэгжүүлэгчээс шаардан авах" эрхтэй гэж тус тус заасан байна. Т ХХК-д 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтыг олгооч гэдэг хүсэлтээ хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй.

Гэрээний үнийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг өмчлөх захиран зарцуулах эрх үүссэн гэж үзэж байна. Гэвч өмчөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрчилгээгүй байгаа нь нэхэмжлэгч миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.

Иймд төсөл хэрэгжүүлэгч хариуцагч Т ХХК-иас Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Стадион оргил 17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Б4 блокийн 26 дугаар байрны 70,65 м.кв 16 дугаар давхарын 1601 тоот 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар даалгаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Б.Г нь гэрээний эхний төлбөрийг хугацаандаа төлсөн. Дараагийн төлбөрийг удаа дараа төлөхийг шаардаад байхад хугацаандаа төлөхгүй байсан тул Т ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээний үндсэн төлбөр болон алдангийг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шаардаж №21/05/12-32 тоот албан мэдэгдлийг өгсөн.

Ингээд төлбөрийн хугацааг хэтрүүлж явсаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай "Т " ХХК-ийн зүгээс Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах мэдэгдлийг өгсөн. Гэтэл Б.Г нь тухайн мэдэгдлийг хүлээж аваад нийт алдангийн 50 хувийг үндсэн төлбөрийн хамт төлөөд гэрээг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр гаргаж өгсөн.

Б.Г гийн гаргасан хүсэлтийн дагуу алдангийн 50 хувийг төлүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү Б.Г нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 105,000,000 төгрөг, 24-ний өдөр 975,000 төгрөгийг тус тус төлсөн.

Талууд харилцан тохиролцсоны дагуу нийт тооцсон алдангийн 50 хувь буюу 38,945,812 төгрөгийг үндсэн төлбөрийн хамтаар хүлээн авсан бөгөөд үндсэн төлбөрөөс 38,945,812 төгрөг үлдсэн байгаа талаар талууд харилцан тохиролцсон. Иймд орон сууцны төлбөрөө бүрэн төлсний дараа орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгнө. ... гэв.

3. Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Б.Г д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 38,945,812 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Т ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.Г тай Б4-1601-149 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо /хуучнаар 15 дугаар хороо/ Стадион оргил, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Б4 блок, 26а байрны 16 давхарын 1601 тоот, 70,65 м.кв хоёр өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтанд оруулахаар тохиролцсон.

Б.Г нь гэрээний эхний төлбөрийг хугацаандаа төлсөн. Дараагийн төлбөрийг удаа дараа төлөхийг шаардаад байхад хугацаандаа төлөхгүй байсан тул Т ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээний үндсэн төлбөр болон алдангийг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шаардаж №21/05/12-32 тоот албан мэдэгдлийг өгсөн.

Ингээд төлбөрийн хугацааг хэтрүүлж явсаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай "Т " ХХК-ийн зүгээс Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах мэдэгдлийг өгсөн. Гэтэл Б.Г нь тухайн мэдэгдлийг хүлээж аваад нийт алдангийн 50 хувийг үндсэн төлбөрийн хамт төлөөд гэрээг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр гаргаж өгсөн.

Б.Г гийн гаргасан хүсэлтийн дагуу алдангийн 50 хувийг төлүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү Б.Г нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 105,000,000 төгрөг, 24-ний өдөр 975,000 төгрөгийг тус тус төлсөн.

Талууд харилцан тохиролцсоны дагуу нийт тооцсон алдангийн 50 хувь буюу 38,945,812 төгрөгийг үндсэн төлбөрийн хамтаар хүлээн авсан бөгөөд үндсэн төлбөрөөс 38,945,812 төгрөг үлдсэн байгаа талаар талууд харилцан тохиролцсон. Гэтэл Б.Г нь тохиролцоогоо хэрэгжүүлэхгүй шүүхэд хандаж гаргасан улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний үндсэн төлбөрт 38,945,812 төгрөгийг Б.Г гаас гаргуулж өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...захиалагч 3 удаагийн шилжүүлгээр нийт 211,950,000 төгрөгийг Т ХХК-ийн дансанд шилжүүлснээр гэрээний үнийг 100 хувь төлсөн юм.

Гэтэл хариуцагч төлсөн төлбөрөөс алданги тооцож үндсэн төлбөрийн үлдэгдэл нэхэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь: Т ХХК нь чанарын доголдолгүй орон сууц хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. (тухайн байрны оршин суугч Б.Г гийн аавын Т ХХК-д хүргүүлсэн гомдлыг хавсаргав) Байрны цонх, сан техник чанарын шаардлага хангахгуй байгаа. Цонхыг солисон боловч дотроо толбо бохирдолтой үзэгдэл, гэрэл халхалсан хэвээрээ байгаа. (фото хавсаргав)

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д Захиалагч төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд орон сууц өмчлөх эрх нээгдэх бөгөөд улсын комиссын акт, 100 хувь төлсөн санхүүгийн баримтыг тус тус үндэслэн түлхүүр хүлээлгэн өгч, Орон сууц хүлээлцсэн акт үйлдэнэ гэж тохиролцсон. Бид түлхүүрээ хүлээн авч, ашиглалт үйлчилгээний төлбөрөө төлж тухайн байранд амьдарч байгаа. Нэгэнт талууд төлбөрөө 100 хувь төлсөн гэж үзэж гэрээний зүйлийг хүлээлцсэн, хариуцагч чанар, эрхийн доголдолгүй орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж үзэж байна. Тайм констракш ХХК нь иргэнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтыг үндэслэлгүй шалтагаар олгохоос татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Иймд хариуцагч Т ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №Б4-1601-149 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 105,975,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 105,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 975,000 төгрөгийг Т ХХК-ийн дансанд шилжүүлсэн талаарх гүйлгээний баримтууд, оршин суугч Ж.Базарсүрэнгээс 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, захиалагч Б.Г гаас 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тус тус Т ХХК-д гаргасан хүсэлтүүд, орон сууцны доторх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-13, 34-36/ зэргийг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Г гаас 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус компанид гаргасан хүсэлт, хүсэлтийг хүлээн авсан тухай баримт /хх 24-26/ зэргийг гаргаж өгсөн.

Талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт үгүй болно.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Т ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу үүргээ биелүүлж, үнийг бүрэн төлсөн. Хариуцагч нь эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. 2020 оны 6 дугаар сарын 22-ны Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс алданги төлөх үүрэг үүссэн, уг үүргээ биелүүлээгүй тул орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг шаардах эрх үүсээгүй гэсэн.

4. Хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол тодорхой хэмжээний алданги төлөх үүрэг хүлээсэн. Иймээс төлсөн төлбөрөөс нь 38,945,812 төгрөгийг алдангид тооцсон, одоо үндсэн төлбөрт 38,945,812 төгрөгийг гаргуулна гэсэн.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д Захиалагч төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд орон сууц өмчлөх эрх нээгдэх бөгөөд улсын комиссын акт, 100 хувь төлсөн санхүүгийн баримтыг тус тус үндэслэн түлхүүр хүлээлгэн өгч, Орон сууц хүлээлцсэн акт үйлдэнэ. гэж тохиролцсон. Бид түлхүүрээ хүлээн авч, ашиглалт үйлчилгээний төлбөрөө төлж тухайн байранд амьдарч байгаа. Нэгэнт талууд төлбөрөө 100 хувь төлсөн гэж үзэж гэрээний зүйлийг хүлээлцсэн, хариуцагч чанар, эрхийн доголдолгүй орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж үзэж байна. гэж маргасан.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч Т ХХК нь Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо /хуучнаар 15 дугаар хороо/, Стадион оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Б4 блок, 26А байрны 16 давхарын 1601 тоотод байршилтай 70,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч Б.Г гийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, Б.Г нь орон сууцны нийт үнэ болох 211,950,000 төгрөгөөс 105,975,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдсэн 105,975,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж дуусгах, үнийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 6-8/

Дээрх гэрээний агуулгаас үзвэл, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлж, үнийг бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болохоор байна. Энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж заасантай нийцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

  Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

  Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагчийн хариу үүрэг нь эд хөрөнгийн үнийг төлөх юм.

Дээрх гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлсэн, нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 24ий өдөр гэрээний үнийг бүрэн төлж дууссан үйл баримт нь талуудын тайлбар, мөнгөн гүйлгээний баримтууд /хх 9-11/-аар тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс алданги төлөх үүрэг үүссэн тул төлсөн төлбөрөөс нь алданги тооцсон, улмаар үндсэн төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг шилжүүлэхээс татгалзсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. гэж заасан. Үүнээс үзвэл анз буюу алданги нь үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг тохирсон хугацаанд гүйцэтгээгүйгээс гэрээгээр тохирсон хэмжээгээр /хуульд заасан хэмжээнээс хэтрэхгүй/ төлөх мөнгөн төлбөр буюу хариуцлага гэж ойлгоно. Энэхүү хариуцлага нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой болохыг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1 заасан байна. Алдангийн гэрээг бичгээр хийсэн, хэмжээг нь хуульд зааснаас хэтрүүлэхгүйгээр тохирсон, үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн буруутай, үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан тохиолдолд алданги төлөх үүрэг үүснэ. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагчийн үндсэн үүрэгт алданги төлөх үүрэг хамааралгүй тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно. гэж зааснаар нэхэмжлэгчийг алданги төлөөгүй үндэслэлээр хариуцагч нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг шилжүүлэхээс татгалзах эрхгүй.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсоны дагуу гэрээний үнийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй ба уг үүргээ биелүүлснээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй. Энэхүү үүргийг нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 24ий өдөр биелүүлж дууссан байна. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болно. гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.     

  Иймд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо /хуучнаар 15 дугаар хороо/, Стадион оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Б4 блок, 26А байр, 16 давхар, 1601 тоот хаягт байрлах Е загвар, 70,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.    

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэжээ. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үнийг гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй. Энэхүү үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, мөнгөн гүйлгээний баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтад зохигч маргаагүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т захиалагч нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг төсөл хэрэгжүүлэгч талд төлөх, 4.1.2-т төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч нь төлбөр болон алдангийг нэхэмжлэх эрхтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт нийцсэн, үүрэг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн буруутай байна. Иймд хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнэ болох 211,950,000 төгрөгөөс 105,975,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 105,975,000 төгрөгөөс 105,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр, 975,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус тус төлсөн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийг хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцвол /105,975,000 х 0,3%=317,925 х 245 хоног/ алданги 77,891,625 төгрөг болж байна. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасны дагуу нэхэмжлэгч 38,945,812 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн /хх 25/ гэх бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид бичгээр гаргасан хүсэлт /хх 26/-дээ үлдэгдэл төлбөр 105,975,000 төгрөгийг алдангийн хамтаар 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлээд, гагцхүү улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж өгөхийг хүсчээ.

Гэрээний төлбөр төлөх хугацаанд улс орон даяар Коронавируст цар тахлын нөлөөлөл эрчимжиж, хөл хорио үргэлжилснээс иргэдийн санхүүгийн чадвар буурсан нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж зааснаар гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй явдал нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасныг баримтлан алдангийн хэмжээг тал хувиар багасгаж нэхэмжлэгчээс 19,472,906 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иймд сөрөг нэхэмжлэлээс үлдэх 19,472,906 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо /хуучнаар 15 дугаар хороо/, Стадион оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Б4 блок, 26А байр, 16 давхар, 1601 тоот хаягт байрлах Е загвар, 70,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч Б.Г д хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г гаас орон сууцны үлдэгдэл төлбөрт 19,472,906 төгрөгийг гаргуулан хариуцагч Т ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,472,906 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г гаас улсын тэмдэгтийн хураамжид 255,314 төгрөгийг гаргуулан хариуцагч Т ХХК-д, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г д тус тус олгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН