Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00051

 

2022 12 28 210/МА2023/00051

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02325 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: И ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай үндсэн, гэрээний үүргийн гүйцэтгэлд 38,945,812 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр И ХХК-тай - -149 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, , Нийслэл хүрээ өргөн чөлөө, блокийн байрны 70,65 м.кв талбайтай, тоот 2 өрөө орон сууцыг 211,950,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Захиалагч Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 105,975,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 105,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 975,000 төгрөгийг тус тус төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Тухайн байрыг улсын комисс хүлээн авсан ба талууд орон сууцыг харилцан хүлээлцсэн.

1.2 Гэрээний 1.3-д Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх хугацаа: Барилгыг улсын комисс хүлээн авсан, гэрээний төлбөр 100 хувь төлөгдсөн үед гэж заасан. Гэрээний 4.2.2-д Барилгыг улсын комисс хүлээн авсан, гэрээний төлбөр 100 хувь төлөгдсөн нөхцөлд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг захиалагчид хүлээлгэн өгөх-өөр төсөл хэрэгжүүлэгч талыг үүрэгжүүлсэн. Гэрээний 5.1.3-д Захиалагч гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн үед өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг төсөл хэрэгжүүлэгчээс шаардан авах" эрхтэй гэж тус тус заасан. И ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтыг олгуулах хүсэлтээ хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Иймд хариуцагч И ХХК-аас Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, , Нийслэл хүрээ өргөн чөлөө, блокийн байрны 70,65 м.кв талбайтай, 16 дугаар давхрын тоот 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Б.Н нь гэрээний эхний төлбөрийг хугацаандаа төлсөн. И ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээний үндсэн төлбөр болон алдангийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай 21/05/12-32 дугаартай албан мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Тэрээр төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тул 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр И ХХК-ийн зүгээс Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах мэдэгдлийг өгсөн. Гэтэл Б.Н нь тухайн мэдэгдлийг хүлээж аваад нийт алдангийн 50 хувийг үндсэн төлбөрийн хамт төлөөд гэрээг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. Уг хүсэлтийн дагуу алдангийн 50 хувийг төлүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү Б.Н нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 105,000,000 төгрөг, 24-ний өдөр 975,000 төгрөгийг тус тус төлсөн.

2.2 Талууд харилцан тохиролцсоны дагуу нийт алдангийн 50 хувь буюу 38,945,812 төгрөгийг үндсэн төлбөрийн хамтаар хүлээн авсан бөгөөд үндсэн төлбөрөөс 38,945,812 төгрөг үлдсэн байгаа талаар талууд харилцан тохиролцсон.

Иймд Эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Талууд харилцан тохиролцсоны дагуу нийт алдангийн 50 хувь буюу 38,945,812 төгрөгийг үндсэн төлбөрийн хамтаар хүлээн авсан бөгөөд үндсэн төлбөрөөс 38,945,812 төгрөг үлдсэн байгаа талаар талууд харилцан тохиролцсон.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үндсэн төлбөрт 38,945,812 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Захиалагч нь нийт 211,950,000 төгрөгийг И ХХК-д төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. И ХХК нь чанарын доголдолгүй орон сууц хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Байрны цонх, сан техник чанарын шаардлага хангахгүй байгаа. Цонхыг сольсон боловч дотроо толбо бохирдолтой, гэрэл халхалсан хэвээрээ байна. Гэрээний 3.1-д Захиалагч төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд орон сууц өмчлөх эрх нээгдэх бөгөөд улсын комиссын акт, 100 хувь төлсөн санхүүгийн баримтыг тус тус үндэслэн түлхүүр хүлээлгэн өгч, Орон сууц хүлээлцсэн акт үйлдэнэ гэж тохиролцсон.

Талууд төлбөрөө 100 хувь төлсөн гэж үзэж гэрээний зүйлийг хүлээлцсэн. Хариуцагч чанар, эрхийн доголдолгүй орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул алданги нэхэмжлэх эрх үүсэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо /хуучнаар 15 дугаар хороо/, Стадион оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, блок, 26А байр, 16 давхар, тоот хаягт байрлах Е загвар, 70,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч Б.Нд хүлээлгэн өгөхийг хариуцагч И ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгаас орон сууцны үлдэгдэл төлбөрт 19,472,906 төгрөгийг гаргуулан хариуцагч И ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,472,906 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 255,314 төгрөгийг гаргуулан хариуцагч И ХХК-д, хариуцагч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд тус тус олгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бол хариуцагч буюу худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх ёстой байсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй буюу Орон сууц хүлээлцсэн акт үйлдээгүй, эс үйлдэхүйгээр татгалзсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч мэтгэлцсэн боловч шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй. Гэрээний зүйлийн биет байдлын болон чанарын доголдол, орон сууц хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байгаа талаар нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар хавсаргаж өгсөн нотлох баримтыг шүүх үнэлээгүй.

6.2 Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар талууд үндсэн үүргээ биелүүлээгүй атлаа нөгөө талаасаа үүргийн гүйцэтгэл хангуулахаар анз шаардах хууль зүйн үндэслэлгүй. Энэ байдалд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.6-д алдангийг 10 хувиас хэтрэхгүй байна гэж хязгаар зааж тохиролцсон. Хэдийгээр хуульд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж дээд хязгаар заасан боловч талууд гэрээгээр үүнээс бага хэмжээг тохиролцож тогтоож болно. Энэ тохиолдолд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ талуудын тохиролцоо гэрээнд үндэслэж эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сард орон сууцанд орж, амьдарч байсан. Тус хугацаанд нэхэмжлэгчээс удаа дараа шаардлага гаргасны дагуу хариуцагчаас орон сууцыг засан сайжруулж байсан. Дээрх хугацаанд алданги тооцогдож байсан гэрээнд төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдэл өгнө гэсний дагуу мэдэгдэл хүргүүлэхэд Б.Н өөрийн биеэр ирж, алдангийн 50 хувийг төлөх хүсэлт гаргасан. Үүний дагуу алдангийг шаардсан. Алдангийн хувь хэмжээг зөвхөн 10 хувь гэж тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн өөрийн зөвшөөрсөн хэмжээгээр алдангийг шаардаж байгаа гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Б.Н нь гэрээний эхний төлбөрийг хугацаанд нь төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд И ХХК-аас хүргүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээж аваад нийт алдангийн 50 хувийг үндсэн төлбөрийн хамт төлөөд гэрээг цааш нь үргэлжүүлэх хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өөрийн биеэр гаргасан. Б.Н нь гэрээний төлбөр 105,975,000 төгрөгийг 245 хоног хэтрүүлэн төлсөн бөгөөд талууд харилцан тохиролцсоны дагуу нийт тооцсон алдангийн 50 хувь буюу 38,945,812 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт төлж барагдуулахаар тохиролцсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна. Гэвч Б.Н нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөрийг бүрэн төлөх /алданги төлөх/ үүргээ бүрэн биелүүлээгүй байхад шүүх ингэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга нь үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байхад шүүх төлбөр тооцоо бүрэн дууссан мэтээр дүгнэж байна.

Нэхэмжлэгч 38,945,812 төгрөгийг төлөх үүрэгтэй, түүнийгээ төлөхөө бүрэн илэрхийлээд байхад гэрээний үүргээ биелүүлээгүй байдлыг нэхэмжлэгчийн буруугаас болоогүй коронавируст цар тахлын нөлөөллөөс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж алдангийн хэмжээг багасгасан байна.

8.2 Мөн нэхэмжлэгч анзын хэмжээ илт их байна гэж маргаагүй бөгөөд бүрэн хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байхад шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлйин 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэж алдангийн хэмжээг тал хувиар багасгаж нэхэмжлэгчээс 19,472,906 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж зөрүүтэй байдлаар хэрэглэсэн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

9.1 2021 оны 02 дугаар сард түлхүүрээ хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа ч тухайн орон сууцыг улсын комисс хүлээн авсан эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, уг байр үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэх боломжтой эсэх нь одоог хүртэл тодорхойгүй. Мөн өөрөө алданги төлөхийг зөвшөөрсөн бичиг байгаа боловч улсын комисс хүлээн авсан эсэх, чанарын доголдлоос хэдэн төгрөг суутгах эсэх нь тодорхойгүй байхад орон сууцнаас гар, мөнгийг орон сууцыг зарсны дараагаар өгнө гэсэн шаардлага тавьсан тул нэхэмжлэгч нь алдангийг зөвшөөрч, 50 хувь бууруулж өгөхийг хүссэн. 70,000,000 гаруй төгрөгийн алданги тооцож, түүнээс 50 хувь бууруулж шаардаж байна. 105,000,000 төгрөгийн үлдэгдэл төгрөгт яаж бодож 70,000,000 төгрөгийн алданги тооцсон нь ойлгомжгүй. Гэрээний дагуу 100,000,000 төгрөгийн үлдэгдэлд 10 хувийн алданги тооцож, алданги 10,000,000 төгрөгийн 50 хувийг бууруулсан ч гэрээний 3.5.2-т хорио цээрийн үед харилцан алданги тооцохгүй байхаар заасан. Өөрөө үүргээ биелүүлээгүй байж бусдаас алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг талуудын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч И ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги 38,945,812 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

3. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан - -149 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Нийслэл хүрээ өргөн чөлөө, блок, 26А дугаар байрны, 16 давхрын тоот хаягт байршилтай, 70,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид актаар хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний үнэ 211,950,000 төгрөгийн 105,975,500 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 105,975,500 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

3.2 Нэхэмжлэгч Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 105,975,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 105,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 975,000 төгрөг, нийт 211,950,000 төгрөгийг хариуцагч Тайм констракшн ХХК-д төлснийг анхан шатны шүүх Голомт банк ХХК-ийн төлбөрийг баримт, мемориалын баримтаар талууд уг үйл баримтын талаар маргаагүй байдлыг үндэслэн зөв тогтоожээ. /хх 9-11/ Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд заасан орон сууцанд орсон буюу орон сууцыг хүлээн авсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй /хх 61-62/

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагчийн үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулав.

3.3 Нэхэмжлэгч нь гэрээний 2.2-т заасан хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр 105,975,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, уг хугацааг хэтрүүлэн гэрээний үүргийг биелүүлсэн байх боловч хариуцагч нь гэрээний 1.3-т ...Орон сууц хүлээлгэн өгөх хугацаа: Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор /2020 оны 4-р улиралд/ гэж заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс анз авах эрхээ алдсан байна.

Тодруулбал, гэрээний 1.3-т ...Орон сууц хүлээлгэн өгөх хугацаа: Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор /2020 оны 4-р улиралд/ гэж, 3.1-т захиалагч нь төлбөрөө 100% төлсөн тохиолдолд орон сууцыг өмчлөх эрх нээгдэх бөгөөд улсын комиссын акт, 100% төлсөн санхүүгийн баримтыг тус тус үндэслэх түлхүүрийг хүлээлгэн өгч, Орон сууц хүлээлцсэн акт үйлдэнэ гэж тус тус заажээ. Уг гэрээний заалтуудаас үзэхэд хариуцагч нь 2020 оны 4 дүгээр улиралд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн боловч уг хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулснаар нэхэмжлэгчээс гэрээний дагуу анз шаардах эрх үүснэ. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ зөрчин 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар өөрийн үүргийн зөрчилтэй холбогдуулан тэрээр анз авах эрхээ алджээ. Иймд хариуцагч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс алданги 38,945,812 төгрөг шаардах эрхгүй байхад үндсэн төлбөрөөс хасч тооцсон нь буруу болжээ. Иймд алдангийн талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

4. Нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үнийг төлсөн тул хариуцагч нь үндсэн үнээ шаардах эрхгүй.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг Тайм констракшн ХХК-аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Нгаас орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 38,945,812 төгрөг гаргуулах тухай хариуцагч И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

3 дахь заалтын нэхэмжлэгч Б.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 255,314 төгрөгийг гаргуулан хариуцагч И ХХК-д, гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 255,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас төлсөн 256,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН