Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1542

 


 

 

 

 

 

 

 

 

С.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00951 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Ө-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н ш ш г г-т холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дүгээр магадлалаар С.Ө-аас 93 335 041 төгрөг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн магадлалын дагуу НШШГГ нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын гудамжны 11/2 дугаар байрны 21 тоот 162,02 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр 323 229 900 төгрөгөөр үнэлүүлсэн.

Дээрх үнэлгээний 70 хувь буюу 226 260 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг огт зөвшөөрөхгүй, бидэнд эхнээс нь хэлэхдээ 70 хувь бууруулж худалдаанд оруулна гэж хэлээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилох тогтоолд таницлсан шинжээч С.Мөнх-Оргил гэсэн атлаа Д.Алтанцэцэг, Б.Дуламсүрэн нарын гарын үсэг зуржээ.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 306 тоот шинжээч томилох тухай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, үнэлгээ тогтоосон тайлан ч бас үндэслэлгүй тул үл хөдлөх хөрөнгийг үнэлэх үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дүгээр магадлалаар С.Ө-аас 93 335 041 төгрөг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Ө-тай 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж тайлбар авч 3/11747 тоот эд хөрөнгийн мэдүүлэг авах мэдэгдэл, 4/48 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 4/28 тоот тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 162,02 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг хүү Ө.Билгүүнд хариуцуулан үлдээж, С.Ө-д шүүхийн шийдвэр биелүүлэх 50 дугаартай мэдэгдлийг үлдээсэн. С.Ө- нь төлбөрийг төлөөгүй тул битүүмжлэн хураасан орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 05/24 тоот тогтоолоор хурааж хадгалалт хамгаалалтыг С.Ө-д хариуцуулсан.

Битүүмжлэн хураасан орон сууцанд өмчлөгч С.Билгүүн болон С.Ө- нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/15383 дугаартай мэдэгдэл хүргүүлэхэд 774 400 000 төгрөгийн үнийн саналыг 2017 оны 09 дүгээр сарын 06-өдөр ирүүлж, төлбөр авагч 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барьцаа хөрөнгийн хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн тул 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 306 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгүүлэхэд 323 229 900 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээтэй С.Ө-ыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, 4/10531 тоот мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу Ө.Билгүүнд дамжуулахаар төлбөр төлөгч С.Ө-д хүлээлгэн өгсөн.

Төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээтэй танилцаж 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын дотор худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлт гаргаж нэг сарын хугацаа авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ үнэлгээний “Бэсгэ” ХХК-иар үнэлүлсэн тэр компанид С.Мөнх-Оргил гэсэн үнэлгээчин байхгүй, анхнаасаа Д.Алтанцэцэг гэдэг үнэлгээчинд эрх үүрэг тайдбарласан, Д.Алтанцэцэг үнэлгээ гаргасан.

С.Ө-ы эхнэр Б.Энхээ нь өөр төлбөр төлөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Нөхөр С.Ө-, эхнэр Б.Энхээ хоёрыг зэрэг асууж байсан удаатай. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг өөр үнэлгээчид эрх үүрэг тайлбарлаад, өөр үнэлгээчин дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэх гүйцэтгэ тухай хуулийн /2017 оны/ 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГГт хоблогдох Сүхбаатар дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1289 дугаартай шйидвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай магадлалаар С.Ө-аас 93 335 041.02 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 624 625 төгрөгийн хамт гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00951 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилж 323 229 900 төгрөгөөр үнэлүүлсэн. Дээрх үнэлгээний 70 хувиар нь буюу 226 260 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэлийг би авсан. Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс доогуур буюу 32 хувийг нь үнэлгүйдүүлж дуудлага худалдаанд оруулах гэж байгаа огт хүлээж зөвшөөрөхгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалты ноцтой зөрчсөн. Шинжээч томилох тогтоолд танилцсан шинжээч С.Мөнх-Оргил гэсэн атлаа үнэлгээг өөр хүн гардаж гарын үсэг зурсан. Үүнийг би шүүх хуралд хэлэхэд шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж нь хурлаас өмнө сольсон нь үнэн, би ноорог хийж байсаныг энэ хүн авсан байна гээд шүүхэд материалаа өгөхдөө зөрчилгүй болгож өгснөө хүлээж зөвшөөрсөн. Хуулиар бол анх эрх үүрэгтэйгээ танилцаж үнэлгээ хийхэд харших зүйлгүй, зөвшөөрсөн этгээд шинжээчийн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл энэ хуулийг ноцтой зөрчсөн.

Иймээс шийдвэрийг хүчингүй болгон, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч С.Ө- нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1289 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай магадлалаар С.Ө-аас 93 335 041,02 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 624 625 төгрөгийн хамт  гаргуулж  “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11/2-21 тоот хаягт байрлах 162.02 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан байна. /хэргийн 36, 41-43 дугаар тал/

 

Төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийн дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар санал өгсөн ба түүний үнийн саналыг төлбөр авагч “Капитал банк” ХХК зөвшөөрөөгүй тул хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шинжээч томилох тухай 306 тоот тогтоолоор “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11/2-21 тоот хаягт байрлах 162.02 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 323 229 900 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 48-49, 51, 53-59 дүгээр тал/

 

Хариуцагч НШШГГ нь шинжээчид Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу эрх үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байх бөгөөд шинжээч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад ирүүлсэн байна. /хэргийн 51, 53-59 дүгээр тал/

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг дээрх 323 229 900 төгрөгийн 70 хувиар тооцон 226 260 930 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох талаар 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд тэрээр эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал гомдол гаргахгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг тухайн өдөр хариуцагчид гаргасан боловч тэрээр уг хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулаагүй байна. Улмаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/40531 дугаар мэдэгдлийг мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгчид гардуулжээ. /хэргийн 60, 61 дүгээр тал/

 

Гэтэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэдсэнээс хойш шүүхэд гомдол гаргах хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, уг орон сууцны зах зээлийн ханш нь шинжээчийн тогтоосон үнээс илүү болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167  дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00951 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                            С.ЭНХТӨР