Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00951

 

 

 

 

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00951

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Ө-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ т холбогдох

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дүгээр магадлалаар С.Ө аас 93.335.041 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн магадлалын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын гудамжны 11/2 дугаар байрны 21 тоот 162,02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хөндлөнгийн шижээчээр 323.229.900 төгрөгөөр үнэлүүлсэн байна.

Одоо дээрх үнэлгээний 70% буюу 226.260.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг огт зөвшөөрөхгүй, бидэнд эхнээс нь хэлэхдээ 70% бууруулж худалдаанд оруулна гэж хэлээгүй.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т заасан заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шийдвэргүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарны 30-ны өдрийн шинжээч томилох тогтоолд танилцсан шинжээч С.Мөнх-Оргил гэсэн атлаа Д.Алтанцэцэг, Б.Дуламсүрэн нар гарын үсэг зуржээ. Уг нь эрх үүрэг танилцсан этгээд дүгнэлт гаргах ёстой гэж бодож байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 306 тоот шинжээч томилох тухай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, үнэлгээ тогтоосон тайлан ч бас үндэслэлгүй тул үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр С.Ө аас 93.959.666 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч С.Ө тай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж тайлбар авч 3/11747 тоот эд хөрөнгийн мэдүүлэг авах мэдэгдэл, 4/48 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 4 дүгээр саарын 28-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 4/28 тооттогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын гудамжны 11/2 дугаар байрны 21 тоот 162,02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг хүү Ө.Билгүүнд хариуцуулан үлдээж, С.Ө д шүүхийн шийдвэр биелүүлэх 50 дугаартай мэдэгдлийг үлдээсэн.

С.Ө нь төлбөрийг төлөөгүй тул битүүмжлэн хураасан орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 05/24 тоот тогтоолоор хурааж хадгалалт хамгаалалтыг С.Ө д хариуцуулсан.

Битүүмжлэн хураасан орон сууцанд өмчлөгч С.Билгүүн болон С.Ө нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/15383 дугаартай мэдэгдэл хүргүүлэхэд 774.400.000 төгрөгийн үнэтэй гэсэн үнийн саналыг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлж, төлбөр авагч Капитал банк 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн тул 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 306 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгүүлэхэд 323.229.900 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээтэй С.Ө ыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, 4/10531 тоот мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу Ө.Билгүүнд дамжуулахаар төлбөр төлөгч С.Ө д хүлээлгэн өгсөн.

Төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээтэй танилцаж 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын дотор худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлт гаргаж нэг сарын хугацаа авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй болно.

Төлбөр төлөгч С.Ө ы үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Үнэлгээний Бэсгэ ХХК-иар үнэлүүлсэн тэр компанид С.Мөнх-Оргил гэсэн үнэлгээчин байхгүй, анхнаасаа Д.Алтанцэцэг гэдэг үнэлгээчинд эрх үүрэг тайлбарласан байгаа, Д.Алтанцэцэг үнэлгээ гаргасан.

С.Ө ы эхнэр Б.Энхээ нь өөр төлбөр авагчид төлбөр төлөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бас над дээр явагдаж байгаа юмаа. Нөхөр С.Ө , эхнэр Б.Энхээ хоёрыг зэрэг асууж байсан удаатай. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг өөр үнэлгээчинд эрх үүрэг тайлбарлаад, өөр үнэлгээчин дүгнэлт гаргасан зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч С.Ө нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1289 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай магадлалаар С.Ө аас 93.335.041,02 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 624625 төгрөгийн хамт гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1289 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай магадлал, уг захирамжийг албадан биелүүлэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5382 дугаартай захирамж, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 422 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 27-36 -р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасны дагуу эд хөрөнгийн мэдүүлэг гаргаж өгөх үүрэгтэй болохыг төлбөр төлөгч С.Ө д 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3/11747 мэдэгдлээр мэдэгдэж 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр С.Ө гардаж авсан байна./хх-ийн 37-р хуудас/

Мөн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 09/06, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/31 тоот мэдэгдэлүүдээр ... шүүхийн 1289 дугаартай шийдвэр, 489 дугаартай магадлалыг биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/15383 тоот мэдэгдлээр С.Ө , Ө.Билгүүн нарт мэдэгджээ. /х.х-ийн 37-р хуудасны арын нүүр, 39, 40, 49, 50, 61 -р хуудас/

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 4/28 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 05/24 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 41-44-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгч болон өмчлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч С.Ө , өмчлөгч Ө.Билгүүн нар нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо,11/2 байрны 21 тоот , 162,02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 774.400.000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа ирүүлжээ./хх-ийн 48-р хуудас/

Төлбөр авагч Капитал банк ХХК нь төлбөр төлөгч , өмчлөгч нарын үнэлсэн дээрх үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт өндөр байх тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлийг ирүүлжээ./хх-ийн 49р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Шинжээч томилох тухай 306 дугаартай тогтоолоор Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу эрх үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байна./хх-ийн 51-р хуудас/

Шинжээч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээний тайланг Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./хх-ийн 53-59 -р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдэл, эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, үнийн санал өгсөн тухай баримт, шинжээчийн дүгнэлт болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 323.229.900 төгрөгийн 70 хувиар тооцон 226.260.930 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч С.Ө , өмчлөгч Ө.Билгүүн нарт 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10531 мэдэгдэлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардуулан өгсөн байна. /хх-ийн 61-р хуудас/

Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017оны/ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд уг эд хөрөнгийн үнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг дээрх үнэлгээг мэдсэнээс хойш ажлын 3 хоногт гаргасан байх тул шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн нэг сарын хугацааг олгожээ./хх-ийн 59-р хуудасны арын нүүр/

Төлбөр төлөгч С.Ө нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал гомдол гаргахгүйгээр ... эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг гаргаж уг хугацаанд худалдан борлуулаагүй байна.

Нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ С.Ө нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг анх мэдсэнээс хойш 26 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1289 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай магадлалаар С.Ө аас 93.335.041,02 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 624625 төгрөгийн хамт гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,41 дүгээр зүйлийн 44.1.1.,42 дугаар зүйлийн 42.1.,42.2., 46 дугаар зүйлийн 46.1., 49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч С.Ө нь ...шинжээч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо,11/2 байрны 21 тоот , 162,02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хэт бага үнээр үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1289 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай магадлалаар С.Ө аас 93.335.041,02 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 624625 төгрөгийн хамт гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, өмчлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Ө ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон    

                                              ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1289 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай магадлалаар С.Ө аас 93.335.041,02 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 624625 төгрөгийн хамт гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО