Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00027

 

 С.Ө- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00951 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1542 дүгээр магадлалтай,

 С.Ө-ны нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч  С.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дүгээр магадлалаар  С.Ө-аас 93.335.041 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн магадлалын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын гудамжны 11/2 дугаар байрны 21 тоот 162,02 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр 323.229.900 төгрөгөөр үнэлүүлсэн. Дээрх үнэлгээний 70 хувь буюу 226.260.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг огт зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилох тогтоолд танилцсан шинжээч С.Мөнх-Оргил гэсэн атлаа Д.Алтанцэцэг, Б.Дуламсүрэн нарын гарын үсэг зуржээ.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 306 тоот шинжээч томилох тухай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, үнэлгээ тогтоосон тайлан ч бас үндэслэлгүй тул үл хөдлөх хөрөнгийг үнэлэх үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.                                               

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дүгээр магадлалаар  С.Ө-аас 93.335.041 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч  С.Ө-тай 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж тайлбар авч 3/11747 тоот эд хөрөнгийн мэдүүлэг авах мэдэгдэл, 4/48 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 4/28 тоот тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 162,02 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг хүү Ө.Билгүүнд хариуцуулан үлдээж,  С.Ө-д шүүхийн шийдвэр биелүүлэх 50 дугаартай мэдэгдлийг үлдээсэн.  С.Ө- нь төлбөрийг төлөөгүй тул битүүмжлэн хураасан орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 05/24 тоот тогтоолоор хурааж хадгалалт хамгаалалтыг  С.Ө-д хариуцуулсан. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/15383 дугаартай мэдэгдлийн дагуу 774.400.000 төгрөгийн үнийн саналыг 2017 оны 09 дүгээр сарын 06-өдөр ирүүлж, төлбөр авагч 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барьцаа хөрөнгийн хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн тул 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 306 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгүүлэхэд 323.229.900 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээтэй  С.Ө-г 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, Ө.Билгүүнд дамжуулахаар төлбөр төлөгч  С.Ө-д хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээтэй танилцаж 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын дотор худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлт гаргаж нэг сарын хугацаа авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ үнэлгээний Бэсгэ ХХК-иар үнэлүүлсэн тэр компанид С.Мөнх-Оргил гэсэн үнэлгээчин байхгүй, анхнаасаа Д.Алтанцэцэг гэдэг үнэлгээчинд эрх үүрэг тайлбарласан, Д.Алтанцэцэг үнэлгээ гаргасан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг өөр үнэлгээчид эрх үүрэг тайлбарлаад, өөр үнэлгээчин дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00951 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1289 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дугаартай магадлалаар  С.Ө-аас 93 335 041.02 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 624 625 төгрөгийн хамт гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1542 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00951 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00951 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1542 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 489 дүгээр магадлалаар  С.Ө-аас 93.335.041 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.  С.Ө- өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын гудамжны 11/2 дугаар байрны 21 тоот 162,02 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр 323.229.900 төгрөгөөр үнэлүүлсэн. Дээрх үнэлгээний 70 хувь буюу 226.260.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг огт зөвшөөрөхгүй. Зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, НШШГГ-аас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч  С.Ө- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 1289 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ний өдрийн 489 дүгээр магадлалаар  С.Ө-аас 93.335.041 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11/2 дугаар байрны 21 тоотын 162,02 мкв талбайтай 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна /хэргийн 27-33 дугаар тал/.

 С.Ө- төлбөрийг төлөөгүй бөгөөд  дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураан авч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа явуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжлийн үнэлгээчин “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч  С.Ө-д 2018 оны 1 дүгээр  сарын 12-ний өдрийн 4/10531 дугаар албан бичгээр мэдэгдсэн /хэргийн 61 дүгээр тал/, нэхэмжлэгч гомдлоо 2018 оны 2 дугаар сарын 08-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-т заасан хугацааг хэтрүүлжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн нэрийг шийдвэр, магадлалд буруу бичсэнийг дурдах нь зүйтэй.

            Шинжээчээр томилогдсон “Бэсгэ” ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлагын болон зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг хослуулан үнэлж, орон сууцны зах зээлийн үнийг 323.229.900 төгрөгөөр тогтоосон, энэ үнэлгээний 70 хувиар дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00951 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1542 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ