Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00051

 

 

М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04836 дугаар шийдвэр

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 210/МА2023/00120 дугаар магадлалтай,                                                                                                                                  

            М ын нэхэмжлэлтэй,

            М т холбогдох

...  тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд Ч , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М  нь хариуцагч М т холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04836 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М ыг  хоёр өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 210/МА2023/00120 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04836 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн орон сууцыг хариуцагч М ын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч М аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М т олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.09-ний өдрийн 00120 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.     

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.26-ны өдрийн 101/ШШ2022/04836 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо “шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх үүрэг бүхий этгээдийн эзэмшил нь “хууль бус байх” гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүссэн үндэслэлийг Ч той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдан авснаар үүссэн гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч М  нь маргаж байгаа хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр 2019.10.04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд тэрээр иргэн Ч гоос 2019.10.03-ны өдөр дээрх орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар 2680 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. М , Ч  нарын хооронд байгуулсан 2019.10.03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд уг хоёр өрөө орон сууцыг биет байдлын болон эрхийн зөрчилгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, өмчлөлийн ямар нэг маргаангүй байдлаар шилжүүлэх үүргийг тус гэрээний худалдагч тал буюу Ч  хүлээжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гол шинж нь хөрөнгө нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид бодитоор шилжсэн байхыг шаардана. Нэхэмжлэгч М  нь нэхэмжлэлийн шаардлагаа “өмчлөгчийн эрх”-ийг хамгаалах агуулгаар тодорхойлсон боловч үндэслэлээ гуравдагч этгээд Ч той байгуулсан гэрээг үндэслэж байх тул энэ тохиолдолд гуравдагч этгээд Ч  нь шилжүүлж буй хөрөнгийн өмчлөл болон эзэмших эрхийг нэхэмжлэгч М т бодитой шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М  нь хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй юм. Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэн авсан боловч гэрээний зүйлийг бодитоор хүлээн аваагүй эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгэхийг гуравдагч этгээдээс шаардсан үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь худалдан авсан хөрөнгөө бодитоор шилжүүлэн аваагүй, энэ шаардах эрхээ гуравдагч этгээдэд холбогдуулан хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч М ыг тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн нь үндэслэлгүй юм. Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу хариуцагчийн эзэмшлийг “хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна“ гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн Магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүтгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Иймд хариуцагч М ын дээрх орон сууцыг өмчлөх эрх 2007.03.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Л ад шилжсэн үеэс дуусгавар болсон тул түүний эзэмшил хууль бус болно. Нэхэмжлэгч М  болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч  нарын хооронд 2019.10.03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн ба уг хэлцлийг эрх бүхий байгууллага болох үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн, тус бүртгэлийг бүртгэлийн байгууллагаас болон шүүхээс хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч М ыг дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзнэ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М  нь хоёр өрөө орон сууцыг хариуцагч М ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй хэмээн дүгнэж шийдвэрлэснээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг зөрүүтэй хэрэглэсэн байна.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” байна. Нэхэмжлэгч Б.Эыг итгэмжлэлийн үндсэн дээр Ё гэх хүн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд түүнд хамгийн сүүлд 2021.06.08-ны өдөр олгосон итгэмжлэл хавтаст хэргийн 51-52 дугаар хуудаст авагдсан бөгөөд итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрх олгосон хугацаа 2022.06.08-ны өдөр дууссан байна. Өөрөөр хэлбэл, 2022.06.08-ны өдрөөс Ё нь нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар шүүхэд төлөөлөх эрхгүй болсон байна. Гэтэл төлөөлөх эрхгүй Ё Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.26-ны өдрийн 101/ШШ2022/04836 тоот шийдвэрийг эс зөвшөөрч 2022.12.08-ны өдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад 2023.01.09-ний өдөр 210/МА2023/00120 дугаар магадлал гараад байна. Гомдол гаргах эрхгүй этгээд Ё анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хурал болж 210/МА2023/00120 дугаар магадлалаар  хоёр өрөө орон сууцыг хариуцагч М ын эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрт өөрчлөлт оруулсан юм. Давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг шүүх хүлээн авч, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөхөд хүргэсэн байна.

            Гурав. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон Л  шаардах эрхээ хэрэгжүүлсэн байдал. Нэхэмжлэгч М  нь Л ын мөнгө зээлж авахын тулд бэлэглэлийн гэрээгээр байрыг нь түр шилжүүлж аваад буцаагаад М ын нэр дээр шилжүүлээд өгнө гэсэн үгэнд нь итгэж байраа 2007 онд түүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Л  байрыг нь буцааж өөрийнх нь нэр дээр шилжүүлнэ гэсэнд нь итгэсээр 2015 онд шүүхэд хандсан. Л  нь 2010 оноос сураггүй болсон ба 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэж байх явцад Л  нь уг байрыг 2013 онд гэрлэсэн эхнэр Ч д 2010 онд 8 саяар худалдсан болохыг хэрэгт авагдсан баримтаас олж мэдсэн ба Л , Ч  нарын оршин суугаа хаяг тодорхойгүй болсон тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.01-ний өдрийн 3086 дугаар шийдвэрээр Л , Ч  нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдсан. Гэтэл 2021 оны 3 сард Ч  болон түүнээс 2019.10.03-ны өдөр худалдан авсан гэх М  нар нь М ыг байрнаас нь албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хавтаст хэрэгт 2007.03.20-ны өдөр М  болон Л  нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ авагдсан байгаа. М  нь Л ын мөнгө зээлэхэд барьцаа хөрөнгө миний нэр дээр байхыг шаардаад байна, зээл аваад буцаагаад чөлөөлөөд өгнө гэсэн үгэнд итгэж бэлэглэлийн гэрээгээр Л ад шилжүүлсэн юм. Л  нь бэлэглэлийн гэрээний дагуу М аас шаардах эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй нь зээл аваад буцааж өгнө гэсэн тохиролцоотой шууд холбоотой юм. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.“ гэж заасан. Гэтэл М  нь хоёр өрөө орон сууцыг Л ад шилжүүлээгүй тул талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй байна. Мөн өнөөдрийг хүртэл Л  нь М аас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардаагүй, тодруулбал, 2013.03.20-ны өдрөөс Л ын хувьд хөрөнгийг шаардах эрх дууссан байна. Хавтаст хэрэгт Л  болон Ч  нарын хооронд 2010.03.09-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ авагдсан байгаа. Энэ гэрээг үндэслэн Ч  нь Л аас орон сууцыг шилжүүлж өгөхийг шаардсан баримт хавтаст хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь 2016.03.09-ний өдрөөс дууссан байна. Ч  нь шаардах эрхийг хэрэгжүүлж орон сууцыг өөрийн эзэмшилд бодитоор хүлээн авалгүй 9 жил 6 сар болсны дараа эрхийн зөрчилтэй гэдгийг мэдэж байсан, өөрөө нэг ч удаа орж үзээгүй орон сууцыг 2019.10.03-ны өдөр Б.Эт худалдсан гэх баримт хэрэгт авагдсан. Б.Э нь 2019.10.03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө орон сууцыг үзэж хараагүй, мөн гэрээ байгуулсан өдөр Ч  нь М т шилжүүлэх ёстой байсан боловч орон сууцыг үзэж харахгүй шилжүүлж авсан, мөн хавтаст хэргийн 14-р хуудаст авагдсан 2020.11.06-ны өдрийн Б.Энхболороос Д.Гд олгосон итгэмжлэлд “... дээрх эд хөрөнгөтэй холбоотой шүүхэд маргаан гарвал бүрэн төлөөлөх, өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй гэдгийг заасан баримтаас үзвэл эрхийн зөрчилтэй эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авсан үзэж гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах”-аар заасан байна. М  болон Л  нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу хөрөнгө шилжээгүй тул уг гэрээг байгуулсанд тооцох боломжгүй, Л  нь уг гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэхийг М аас шаардаагүй 6 жил өнгөрсөн, Ч  2010 онд орон сууцыг улсын бүртгэлээр шилжүүлж авсан боловч Л аас өнөөдрийг хүртэл шаардаагүй, шаардах эрх хэрэгжүүлэх хугацаа 2016 онд дууссан М  мөн Ч гоос гэрээ болон хуулийн дагуу огт шаардлага гаргаагүй байгаа зэргээс үзвэл М ын эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмнө нь Монгол Улсын Дээд шүүхээс анхан шат руу буцаасан 2022.01.14-ний өдрийн 001/ХТ2022/00078 дугаар тогтоолд дурдсан үндэслэлүүдийг анхаарч үзээгүй байна. Үүнд:

4.1. Тухайн орон сууцтай холбоотой маргааныг 2015 оноос М ын нэхэмжлэлээр үүсгэж шалгаад, хариуцагч Л , Ч  нарын хаяг тодорхойгүй болсон тул шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлэх үндэслэлтэй.” гэж дүгнэлт хийсэн. Дээд шүүхээс ийнхүү хэрэг анхан шат руу буцаахаас өмнө миний бие анхан шатны шүүхэд дээрх 2 үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй. Түдгэлзүүлээгүй тул хариуцагч талын зүгээс гомдол гаргах эрхгүй захирамж гарсан байсан. Дээд шүүхээс хэрэг буцсаны дараа 2022.04.27-ны өдөр хариуцагч М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/Ш32022/10380 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч “... М ын нэхэмжлэлтэй, М т холбогдох иргэний хэргийг М ын нэхэмжлэлтэй Л , Ч  нарт холбогдох хэргийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсүгэй” хэмээн шийдвэрлэсэн. Гэтэл уг захирамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.20-ны өдөр 101/ШТ2022/00264 дугаар тогтоолоор “... хариуцагчийн татгалзалд дурдагдаж байгаа маргаан бүхий орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагатай ямарваа нэг хэрэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд одоогоор байхгүй тул хэрэг хянан шийдвэрлэтэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхойгүй байдал үүсгэх төдийгүй хуулийн тухайн зохицуулалтад нийцэхгүй гэж үзлээ” хэмээн дүгнэж дээрх захирамжийн захирамжлах хэсгийн 1, 4 дэх заалтыг хүчингүй болгон шийдвэрлэсэн уг тогтоол эцсийн шийдвэр болохыг дурдсан юм. Ингэснээр уг хэрэг маргааныг шүүгч түдгэлзүүлэхгүйгээр ямар нэг байдлаар шийдвэрлэхээс өөр аргагүй байдал бий болсон. Уг тогтоолд хэдийгээр гомдол гаргах эрхгүй боловч миний бие 2022.06.29-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргасан боловч тухайн үед бүрэлдэхүүний шүүгч нараас хөдөлмөрийн ээлжийн амралт авсан шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэнээр бүрэлдэхүүний 3 шүүгч бүрдсэнээр 2022.10.14-ний өдөр дахин дээрх гомдлоо гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.01-ний өдрийн 101/ШТ2022/00520 дугаар тогтоолоор “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно гэсэнд хамаарахгүй тул ... гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн юм.

Мөн Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолын хянавал хэсэгт “Нөгөө талаар, дээр дурдсан бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд Л  нь бэлэглэлийн гэрээний дагуу орон сууцны эзэмшлийг М аас, Ч  нь худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны эзэмшлийг Л аас, М  нь мөн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг худалдагч Ч гоос тус тус шаардах учиртай бөгөөд нэхэмжлэгч нар ямар үндэслэлээр хариуцагчид хандаж хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж буй нь ойлгомжгүй байгааг шүүх тодруулаагүй байна.” Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. Орон сууцны өмчлөх эрх хэдийгээр Ч д, хожим М т тус тус шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгч нарыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч М  болон Л , Ч  нарын хооронд тухайн орон сууцны өмчлөлийн маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг шууд хууль бус гэж дүгнэх боломжгүй юм. Дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.” гэж дээд шүүхээс дүгнэлт хийж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Гомдлын шаардлага: Маргаан бүхий орон сууцны эзэн М  нь өөрийн төрсөн эцэг эхээс уг байрыг бэлэглэлийн гэрээгээр өмчилж авснаас хойш уг хаягт оршин суух бүртгэлтэй, байрныхаа ашиглалтын зардлаа тасралтгүй төлж, ямар нэг саадгүй 23 жил амьдарч байгаа, 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 2010 онд Л аас Ч д уг орон сууц шилжсэнийг мэдээгүй 2021 он хүртэл хэн ч орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж байгаагүй, мөн 2019 онд Ч гоос М т худалдсан баримтыг шүүхээс дуудаж хэрэгтэй танилцахад мэдсэн ба 2021 оны 3 сар хүртэл мөн хэн ч шаардаж байгаагүй, харин ч 2015 оноос уг орон сууцтай холбоотой Л ыг хариуцагчаар татаж Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Л  болон Ч  нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тэднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлаар М  маргаан хэрэг үүсгэн шүүхээр явж байсан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй болсноор шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа, Л  одоогийн байдлаар Америкийн Нэгдсэн Улс руу хилээр гараад Монгол Улсад орж ирээгүй байгаа талаар эрэн сурвалжилж буй мөрдөгч мэдэгдсэн тул уг маргааныг үргэлжлүүлэн шүүхээр шийдвэрлэх боломжгүй байгаа. Энэ нь ИХШХШТХуулийн 80.1.4-т заасан үндэслэлийг хангаж байгаа, Ч , М  нар нь хоорондоо байгуулсан гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардахгүйгээр шууд хууль ёсны эзэмшигч М ыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.01.09-ний өдрийн 00120 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.03.09-ний өдрийн хуралдааны 001/ШХТ/2023/00267 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч М  нь хариуцагч М т холбогдуулан маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, ...орон сууцыг хариуцагч М ын эзэмшлээс албадан чөлөөлөхөөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангажээ.

8. Маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн ... орон сууцны өмчлөх эрх орон сууц хувьчлалын дагуу 2000.11.29-ний өдөр Б , О.Цд нарт, 2002.03.06-ны өдрийн бэлэглэлийн дагуу эцэг Б аас хүү М т, 2007.03.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Л ад, 2010.03.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ч д, 2019.10.03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр М т тус тус шилжсэн нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч М ын эзэмшил нь хууль бус эсэх тухайд маргасан байна.

9. Нэхэмжлэгч М  нь шаардлагын үндэслэлээ “... Ч той 2019.10.03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч хариуцагч М  нь чөлөөлж өгөөгүйгээс уг орон сууцыг захиран зарцуулах боломжгүй байна” гэж тайлбарласан.

10. Хариуцагч М  нь “...бичиг баримтаар нэр шилжсэн боловч бодитоор худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, ... орон сууцны өмчлөлийн талаар маргаан байгаа тохиолдолд хэргийг шийдвэрлэх боломжгүй, орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй” гэж татгалзсан тайлбар гаргажээ.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч  “...орон сууцыг Л аас худалдаж аваад М т худалдсан, төрийн байгууллага Л ын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон тул худалдаж авсан ...орон сууцаа чөлөөлүүлж авмаар байна. ...байрандаа орж чадахгүй хохирч байна” гэсэн байна.

12. Зохигчдын хооронд үүссэн энэ маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн, анх гаргасан 2021.03.25-ны өдрийн нэхэмжлэлд Ч , М  нар нь хамтран нэхэмжлэгч байсан байх бөгөөд шүүх эхний удаад шийдвэрлэхдээ Ч гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасны дараа тэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцжээ.

13. Хариуцагч М  нь маргааны зүйл болж буй орон сууцанд 2000 оноос хойш амьдарч байгаа гэх бөгөөд тэрээр 2015.07.17-ны өдөр Л , Ч  нарт холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргаж, хариуцагч нарын хаяг тодорхойгүй буюу Монгол Улсад ирэхээр хэргээ шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ буцаан авах хүсэлт гаргасны дагуу шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2016.04.05-ны өдөр Л ад холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар 2018.10.01-ний өдрийн 101/ШШ2018/03086 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Л , Ч  нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангасан тухай баримт хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн Л , Ч  нар 2013.12.06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн тухай улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан, харин цуцалсан тухай баримт авагдаагүй ч гуравдагч этгээд Ч  нь гэрлэлт нэг жилийн дараа цуцлагдсан гэсэн тайлбар гаргажээ.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

15. Давж заалдах шатны шүүхийн “...хариуцагч М ын дээрх орон сууцыг өмчлөх эрх 2007.03.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Л ад шилжсэн үеэс Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон тул түүний эзэмшил хууль бус болно. ... М , Ч  нарын хооронд байгуулагдсан 2019.10.03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн ба уг хэлцлийг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч М ыг орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд, маргааны зүйл болж буй орон сууцыг хариуцагч М ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй” гэсэн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

16. Маргаан бүхий орон сууц 2007.03.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Л ад шилжсэн боловч тухайн хөрөнгө хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан хэвээр байгаа бөгөөд Л ын зүгээс М ыг гэрээний үүргээ биелүүлэх буюу гэрээний зүйлийг шилжүүлэхийг шаардсан эсэх тухай үйл баримт тодорхойгүй, тэрээр өөртөө бодитоор шилжүүлэн аваагүй байрыг 2010.03.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр гуравдагч этгээд Ч д худалдсан, хариуцагч М  нь 2015 оноос эхлэн Л  нарт холбогдуулан уг орон сууцны талаар өмчлөх эрхийн маргаан үүсгэж шүүхэд хандаж байсан баримт хэрэгт авагдсан.

17. Гуравдагч этгээд Ч  нь 2010.03.10-ны өдрөөс хойш худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг худалдагч тал Л аас бус хариуцагч М аас удаа дараа шаардаж байсан гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

18. Нэхэмжлэгч М ын өмгөөлөгч Ч.Эн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгчид гаргасан “...хууль бус эзэмшигч нарыг тогтоож, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэсэн 2019.10.29-ний өдрийн 03/101 тоот гомдлын хуулбар хувь хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, түүнчлэн уг гомдлыг хүлээн авсан болон хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэдийгээр улсын бүртгэлийн баримтаар нэхэмжлэгч М  нь тухайн орон сууцны өмчлөгч мөн боловч энэ маргааны тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх, хариуцагч М  болон Л , Ч нарын хооронд маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөлийн маргаан байгаа үед хариуцагчийн эзэмшлийг шууд хууль бус гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцэхгүй.

19. Бэлэглэлийн гэрээгээр өмчлөгч болсон Л , үүний дараа худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөгч болсон Ч  нар маргаан бүхий орон сууцны асуудлаар хариуцагч М т холбогдуулан шүүхэд хандаж байсан тухай тайлбар гаргаагүй, түүнчлэн ийм баримт хэрэгт авагдаагүй байна.

20. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч М т орон сууцыг худалдсан худалдагч тал болох гуравдагч этгээд Ч  нь “...байрыг өмчлөлийн маргаантайг 2015 онд мэдсэн” гэж, шүүгчээс тавьсан ...өмчлөлийн хувьд маргаантай байгаа орон сууцыг яагаад бусдад худалдсан бэ гэсэн асуултад ...миний санхүүгийн чадвар муудсан” гэж, ...М т худалдахдаа маргаантай орон сууц гэдгийг хэлсэн үү гэсэн асуултад ”...хэлсэн” гэсэн хариулт өгсөн зэргийг маргааны үйл баримттай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч М ыг маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхэд эргэлзээтэй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. (I-хх-81,106, II-хх-37)

21. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн боловч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн гэж үзэх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

22. Нэхэмжлэгч М  нь хариуцагч М т холбогдуулж өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах буюу орон сууц албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх гуравдагч этгээд Ч гийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргийн гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай хэдий ч шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 210/МА2023/00120 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭСУВД

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                            П.ЗОЛЗАЯА 

                                                                                             Д.ЦОЛМОН