Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/04836

 

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/04836

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн .........регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 10 байр 79 тоот хаягт оршин суух М.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ....... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хаягт оршин суух М.Д-д холбогдох,

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот орон сууцыг М.Д-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Ц нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хоёр өрөөг 2010 оны 1 сарын 10-ны өдөр тухай байр эзэмших гэрчилгээтэй иргэн Л.Э-с худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг барагдуулан авсан. Уг байрны бичиг баримт ямар ч зөрчилгүй байсан болох өмчлөх эрхийн гэрчилгээг нь хууль журмын дагуу эзэмшиж байсан. Гэтэл иргэн М.Д нь орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэж шүүхийн журмаар энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн.

Энэ асуудал шийдэгдэхгүй их олон жил явсан учир миний бие эдийн засгийн хувьд маш их хохирсон. Авсан байраа эзэмших нь байтугай худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэд ч оруулж чадахгүй байсан. Энэ хугацаанд би алга болоогүй. Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан бөгөөд байнга ирж очдог байсан. М.Д шүүх дээр нэхэмжлэл гаргах үед таарч байсан. Байрны учир зүйгээ огт ярилцаагүй. Би Л.Э гэж хүнтэй хувийн харилцаа байхгүй. Намайг Солонгос улсад ажиллаж байхад энэ хүн хүнд өвчтэй гээд туслалцаа хүссэн тул би энэ хүнтэй гэрлэлтээ батлуулж байж Солонгос улсад очиж эрүүл мэндийн даатгалд нь хамрагдаж байсан. Нэг ч гэсэн Монгол хүнд туслах гэсэн үүднээс би Л.Э гэж хүнд тусалсан. Тэр хүн байр зарна гэхээр нь байрыг нь итгээд худалдаж авсан. Одоо энэ хүнтэй ямар ч холбоогүй байгаа. Энэ хугацаанд байраа авах гэж олон удаа цагдаатай очиж байсан боловч хаалгаа тайлдаггүй. Шүүх цагдаагаар явж байгаа гээд олон жил намайг чирэгдүүлсэн. Гэтэл намайг энэ хүнтэй нийлж бусдыг хуурч залилан алга болсон мэтээр ярьж байна. Би сүүлийн хэдэн жил Монголд байж л байсан. Энэ хүмүүсийн асуудлыг би мэдэхгүй. Одоо би байраа захиран зарцуулмаар байна. Тийм ч учраас М.Э гэж хүнд худалдсан. Одоо Д гэж хүнийг байрнаас албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Э, Ц нарын нэхэмжлэлтэй М.Д-т холбогдох Орон сууцыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагатай энэ хэргийг өмнө анхан шатны шүүхээр шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр нь баталсан боловч хариуцагчийн гомдлыг хүлээн авснаар хяналтын шатны шүүх хуралдаан болж, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 001/XT202.2/00078 дугаартай Тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.

Нэг. УДШ-ийн тогтоолын Хянавал хэсгийн ... 9-д: Хоёр дахь үндэслэл буюу өөр хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлийн тухайд дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзэв.

9.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан буюу ... иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааны хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/Ш32021/11992 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ ... хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа буюу хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргаан байхгүй... гэсэн үндэслэлийг заасан байна. 9.2 Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч М.Д нь Л.Э, Ч.Ц нарт холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2015.07.17-ны өдөр шүүхэд хандаж гаргасан, хариуцагч нарын хаяг тодорхойгүй байснаас Монгол улсад ирэхээр хэргээ шийдвэрлүүлэх саналтай гэж/ нэхэмжлэлээ буцаан авах хүсэлт гаргасны дагуу шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, дараа нь Л.Э-д холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан ба хариуцагчийн хаяг тодорхой бусаас хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Л.Э, Ч.Ц нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт байна. 9.3 Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр баримтын хүрээнд дүгнэлт хийж энэ маргааны зүйл, үндэслэлийн талаар өөр хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ. Энэ хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага, зүйл, үндэслэлийн талаар өөр хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдээгүй байсан боловч хариуцагч М.Д нь Л.Э, Ч.Ц нарт холбогдуулан өмнө нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрхийг М.Даас Л.Эад шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, Л.Эаас Ч.Цд шилжүүлсэн Худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд хандаж гаргасан, гагцхүү хариуцагч Л.Э болон Ч.Ц нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байснаас нэхэмжлэлээ буцаан авсан, сүүлд нь шүүхийн шийдвэрээр оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэн уг шийдвэрийн дагуу ажиллагаа хийж байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд хариуцагч М.Дын нэхэмжлэл нь Л.Э олдохгүй байгаагаас шийдвэрлэгдэх боломжгүй байгаа нь тогтоогдсон гэж үзнэ. Өөр хэргийг иргэний журмаар хэлэлцсэний дараа энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэх шаардлага бий болсон бөгөөд өөр хэргийг хэрхэн шийдвэрлэх нь уг иргэний хэрэгт нөлөөлөхөөр байвал хэргийг түдгэлзүүлэх шалтгаан болно. Энэ үндэслэлээр түдгэлзүүлэх үндэслэл байхгүй тохиолдолд нэгэнт тодорхой болсон, зохигчийн хооронд үүссэн маргааныг нэгтгэн нэг мөр хянан шийдвэрлэх нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой бол хариуцагчаар оролцож байгаа М.Д сөрөг шаардлага шүүхэд гаргах боломжтой ба шүүхийн шийдвэрийн дагуу Л.Эыг эрэн сурвалжилж байгаа нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д зааснаар түдгэлзүүлж болох ба энэ байдлыг шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл өмнө нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжтай холбоотойгоор шүүх зохигчдод энэ талаар анхааруулах нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдах, чиглүүлэх чиг үүрэгт харшлахгүй байна. гэж дүгнэсэн юм. 10. Үүнээс гадна нэхэмжлэгч Ч.Ц нь Л.Э-тай гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх ба тэдний хооронд худалдах- худалдан авах гэрээ байгуулагдаж, улмаар орон сууцны өмчлөх Л.Э-аас Ч.Ц-д шилжсэн,орон сууцны маргаан үүссэн үед Ч.Ц орон сууцыг М.Э-т дамжуулан худалдсан үйл баримт тогтоогджээ. Л.Э, Ч.Ц нар, Ч.Ц, М.Э нарын хувийн байдал, эд хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэхэд хамаарал нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй юм. 11. Нөгөө талаар, дээр дурдсан бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээнээс эзэмшлийг үзэхэд Л.Э бэлэглэлийн гэрээний дагуу орон сууцны М.Д-аас, Ч.Ц нь худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны эзэмшлийг Л.Э-аас, М.Э нь мөн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг худалдагч Ч.Ц-оос тус тус шаардах учиртай бөгөөд нэхэмжлэгч нар ямар үндэслэлээр хариуцагчид хандаж хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж буй нь ойлгомжгүй байгааг шүүх тодруулаагүй байна. 12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. Орон сууцны өмчлөх эрх хэдийгээр Ч.Ц-д, хожим М.Э-т тус тус шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгч нарыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч М.Д болон Л.Э, М.Ц нарын хооронд тухайн орон сууцны өмчлөлийн маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг шууд хууль бус гэж дүгнэх боломжгүй юм. 12. Дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. гэж дээд шүүхээс дүгнэлт хийж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл хэвээр байгаа. Хариуцагч М.Д нь Э, Ц нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж тэднийг эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан. Эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгаж, одоог болтол Л.Эын олж тогтоогоогүй байна. М.Д Э-тэй Бэлэглэлийн гэрээ байгуулж 2007 онд Л.Эын нэр дээр байр шилжсэн тул Л.Э-ын хаягийг олж тогтоосны дараа М.Д 2015 оноос хойш шүүхэд гаргаж явж байсан шаардлагаа хангуулах боломж бүрдэнэ. Тиймээс УДШ-ээс хэрэг буцсаны дараа энэ хэрэгт М.Д-ын төлөөлөгч миний бие дахин түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаж 2022.04.27-ны өдөр 10380 дугаартай захирамж гарсан боловч захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.20-ны өдрийн 00264 дугаартай тогтоолоор дээрх захирамжийн захирамжлах хэсгийн 1,4 дэх заалтыг хүчингүй болгон шийдвэрлэсэн юм. Энэ тогтоол эцсийн шийдвэр болохыг дурдсан юм. Уг тогтоолоор ... хариуцагчийн татгалзалд дурдагдаж байгаа маргаан бүхий орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагатай ямарваа нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд одоогоор байхгүй тул тухайн хэргийг шийдвэрлэтэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэх төдийгүй тухайн зохицуулалтад нийцэхгүй гэж үзлээ хэмээн дүгнэсэн юм. Гэтэл уг хэргийг шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн 2022.01.14-ний өдрийн 001/XT2022/00078 дугаартай тогтоолын 9.3-т ...хариуцагч М.Д нь Л.Э, Ч.Ц нарт холбогдуулан өмнө нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрхийг М.Д-аас Л.Э-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ. Л.Э-аас Ч.Ц-д шилжүүлсэн Худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд хандаж гаргасан, гагцхүү хариуцагч Л.Э болон Ч.Ц нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байснаас нэхэмжлэлээ буцаан авсан, сүүлд нь шүүхийн шийдвэрээр оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэн уг шийдвэрийн дагуу ажиллагаа хийж байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд хариуцагч М.Д-ын нэхэмжлэл нь Л.Э олдохгүй байгаагаас шийдвэрлэгдэх боломжгүй байгаа нь тогтоогдсон гэж үзнэ. гэж дүгнэсэнтэй нийцэхгүй байна. Дээд шүүхийн дүгнэлтийг хуулиар заавал дагах албагүй ч өмнө болон сүүлд түдгэлзүүлэхийг няцаагаад байгаа "... хариуцагчийн татгалзалд дурдагдаж байгаа маргаан бүхий орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагатай ямарваа нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд одоогоор байхгүй гэсэн үндэслэл бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /-ийн 65.1.7. зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэдэгт хамаарна. Харин ИХШХШТХуулийн 80 дугаар зүйл /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх/-ийн 80.1.4 дэх заалт бол дээрх 65.1.7 дахь заалтаас өөр хэрэгцээ шаардлага гарсан буюу ... иргэний ... хэрэг хянан шийдвэрлэх, .. журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн өөр нөхцөл, өөр зорилготой зохицуулалт юм. Өөр хэрэг маргаан нь 2015 оноос эхлэлтэй, хариуцагч нарын хаяг тодорхойгүй шалтгаанаар /МУ-аас гарсан/ эрэн сурвалжлуулж байгаа, Бэлэглэлийн гэрээгээр бичиг баримтаар бүртгэлээр нэр шилжсэн боловч 15 жилийн хугацаанд хөрөнгийн эзэмшил нь М.Д-т хэвээрээ байгаа бодитоор шилжүүлээгүй, шаардаагүй. 2007 онд Даас Эад орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн боловч Дын хүсэл зориг бүрмөсөн шилжүүлэх биш түр байсан, хүсэл зоригийн агуулгыг эндүүрсэн, үүнийг мэдэж байсан учраас Э нь орон сууцыг шилжүүлж өгөхийг Даас огт шаардаж байгаагүй, Бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулан нэр шилжсэн боловч Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцох нөхцөл хангагдахгүй хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна.

Энэ хүчин төгөлдөр бус гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж авсныг үндэслээд Л.Э нь Л.Ц-той хийсэн худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох эсэх, Л.Ц нь М.Э-той хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх, Л.Ц, М.Э нар нь хууль ёсны эзэмшигч М.Дыг орон сууцнаас нь албадан гаргах эрхтэй болох нь эргэлзээтэй байна.

Дээрх нөхцөл байдал нь өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй энэ хэрэг маргааныг түдгэлзүүлэх нөхцөлийг хангаж байгаа юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.20-ны өдрийн 101/ШТ2022/00264 дугаартай тогтоолоор түдгэлзүүлэх захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгосноор бүр ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Гэхдээ өмнө эрхэм шүүгч та миний хүсэлтээр түдгэлзүүлэх захирамж гаргасан бол одоо танд өөрийн санаачилгаар түдгэлзүүлэх эрх нь нээлтэй байгаа гэж үзэж байна. Хэрэв түдгэлзүүлэхгүй бол хянан шийдвэрлэвэл дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болох нөхцөл дахиад бүрдэнэ гэж үзэж байна.

Гурав. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлээр орон сууцыг шилжүүлж аваад 2010 онд Худалдах худалдан авах гэрээгээр Э нь Ц-д 8 сая төгрөгөөр маргааны бүхий орон сууцыг шилжүүлсэн, үүнийг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээ Ц-ийн нэр лүү шилжсэн байдаг. Хавтаст хэрэгт уг гэрээ авагдсан байгаа. Уг гэрээний үндэслэх хэсэгт Худалдан авагч гэх хэсэгт хэн худалдаж аваад байгаа талаар ямар нэгэн мэдээлэл бичигдээгүй байдаг. Мөн гэрээний 3 дугаар зүйлд орон сууцын худалдагч тал худалдан авагч талд 8 сая төгрөгөөрх худалдах ба төлбөрийг 2010 оны 3 дугаар сарын 09-ны өдөр төлж дуусгасан байна. Уг төлбөрийг төлсөн эсэх талаарх баримт улсын бүртгэлээс ирүүлсэн баримтад гарч ирээгүй байдаг. Татвар төлсөн баримт л байдаг. Мөн өөрөө тайлбарлахдаа бид хоёр төлбөр тооцоотой байсан, хэрэг дээрээ 30 сая төгрөгөөр тооцож худалдаж авсан гэж тайлбар гаргасан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээгээр Э-с Ц-д үл хөдлөх хөрөнгө шилжсэн бол Ц хэрэг дээрээ 30 сая төгрөгөөр худалдан авсан гэх боловч гэрээнээс өөрөөр 30 сая байтугай 8 сая төгрөг төлсөн баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл төлбөр хийгдээгүй болон гэрээ байгуулах үед хэн аль нь Монгол улсад байсан, Ц нь гэрээний дагуу 2010 оны 03 сараас хойш 2021 он хүртэл орон сууцыг Э болон Д нараас шаардаагүй зэрэг нь тэдний хоорондын хэлцэл хуулийн дагуу бодитоор хийгдээгүй эрхийн Доголдолтой байсан гэдгийг Э, Ц нарын хэн аль нь мэдэж байсан нь харагдаж байна. Түүнчлэн уг орон сууц маргаантай болохыг мэдсээр байж 2019 оны 10 сарын 03-ны өдөр Ц нь мөн адил Худалдах, худалдан авах гэрээгээр Э-т худалдсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 1-д Гэрээний зүйлийн үнэ: Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов.

3.2 Төлбөр төлөх хугацаа: 2019.10.03

3.3 Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх: төлбөрийг бүрэн төлж дууссан.

3.4 Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: 2019.10.03 гэж тус тус заасан байхад 30 сая төгрөг төлсөн эсэх, төлсөн бол төлсөн баримт хавтаст хэрэгт байхгүй, гэрээ хийх өдөр Э Монгол улсад байсан боловч үл хөдлөх хөрөнгийг гэрээний дагуу хүлээлцээгүй, мөн 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 4 сарын хугацаанд Ц болон Д нараас шаардаагүй байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд уг орон сууц эрхийн доголдолтой байсан гэдгийг Э, Ц, Э нарын хэн аль нь мэдэж байсан, гэрээнд заасан орон сууцны үнэ төлсөн баримт байхгүй, Ц 11 жилийн хугацаанд, Э 1 жил 4 сарын хугацаанд хэн нэгнээс орон сууцыг шаардаагүй нь тэдний хоорондын хэлцэл хуулийн дагуу бодитоор хийгдээгүй, өөрөөр хэлбэл бичиг баримтаар нэр шилжсэн боловч бодитоор тэдний хооронд худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй гэдгийг нотолж байна. Мөн түүнчлэн Цд Эаас, Эт Цгоос улсын бүртгэлээр эрх шилжсэн бүртгэл хийгдсэн боловч талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл бодитой эсэх нь нотлогдохгүй, харин ч эсрэгээрээ хариуцагч М.Д нь 2015 оноос Э, Ц нарыг хариуцагчаар татаж Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Э Ц нарын хооронд хийсэн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, эдгээр хариуцагч нарын хаяг тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. Орон сууцны өмчлөх эрх хэдийгээр Ч.Цд, хожим М.Эт тус тус шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгч нарыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч М.Д болон Л.Э. М.Ц нарын хооронд тухайн орон сууцны өмчлөлийн маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг шууд хууль бус гэж дүгнэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг Л.Эаас худалдаж аваад мөнгөний хэрэг гарсан тул М.Эт худалдсан. Би төрийн байгууллагад итгэхээс өөр хэнд итгэх билээ, төрийн байгууллага Л.Эын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон тул худалдаж авсан. Өмнө нь энэ хэргийг шийдвэрлэсэн анхан шатны 1 шүүгч, давж заалдах шатны 3 шүүгч миний зөв гэдгийг баталж өгсөн. Улсын дээд шүүхийн 5 шүүгч миний буруу гээгүй тодруул шийдвэрлэ гэсэн тэгэхээр би үнэн зөвөөр явж байгаа гэж ойлгож байна. Орон сууцаа чөлөөлүүлж авмаар байна 4, 5 жил байрандаа орж чадахгүй хохирч байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Зохигчдоос Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02541 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2680 бүртгэлийн дугаартай худалдан худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06323 дугаартай шийдвэр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12159 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Л.Э, Ч.Ц нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20364 дугаартай Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 15505 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03086 дугаартай шийдвэр, М.Дын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Ч.Ц, М.Э нарын хилээр орсон гарсан лавлагааг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч М.Дт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, үүрэг бүхий этгээдийн эзэмшил нь хууль бус байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүссэн үндэслэлийг Ч.Цтой байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн 30,000,000 төгрөгөөр худалдан авснаар үүссэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч М.Э нь маргаж байгаа улсын бүртгэлийн Ү-2204009535 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд тэрээр иргэн Ч.Цгоос 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дээрх орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар 2680 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 11, 52 дахь талд/

М.Э, Ч.Ц нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн худалдан худалдан авах гэрээнээс үзэхэд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг биет байдлын болон эрхийн зөрчилгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байдлаар шилжүүлэх үүргийг тус гэрээний худалдагч тал буюу Ч.Ц хүлээжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Дээрх гэрээний үүргийн гол шинж нь хөрөнгө нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид бодитоор шилжсэн байхыг шаардана.

Нэхэмжлэгч М.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгчийн эрх-ийг хамгаалах агуулгаар тодорхойлсон боловч үндэслэлээ гуравдагч этгээд Ч.Цтой байгуулсан гэрээг үндэслэж байх тул энэ тохиолдолд гуравдагч этгээд Ч.Ц нь шилжүүлж буй хөрөнгийн өмчлөл болон эзэмших эрхийг нэхэмжлэгч М.Эт бодитой шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.Э нь хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй юм.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэн авсан боловч гэрээний зүйлийг бодитоор хүлээн аваагүй эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгэхийг гуравдагч этгээдээс шаардсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь худалдан авсан хөрөнгөө бодитоор шилжүүлэн аваагүй энэ шаардах эрхээ гуравдагч этгээдэд холбогдуулан хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч М.Дыг тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн нь үндэслэлгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Дыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009535 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ