Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01473

 

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01473

 

Ч.Ц, М.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02293 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Ц, М.Э нарын нэхэмжлэлтэй хариуцагч М.Д-т холбогдох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот орон сууцыг М.Д-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ц, нэхэмжлэгч М.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хоёр өрөөг 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухай байр эзэмших гэрчилгээтэй иргэн Л.Э-аас худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрийг барагдуулан авсан. Уг байрны бичиг баримт ямар ч зөрчилгүй байсан болох өмчлөх эрхийн гэрчилгээг нь хууль журмын дагуу эзэмшиж байсан. Гэтэл иргэн М.Д нь орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэж шүүхийн журмаар энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ асуудал шийдэгдэхгүй их олон жил явсан учир миний бие эдийн засгийн хувьд маш их хохирсон. Авсан байраа эзэмших нь байтугай худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Энэ хугацаанд би алга болоогүй. Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан бөгөөд байнга ирж очдог байсан. Л.Э гэж хүнтэй хувийн харилцаа байхгүй. Намайг Солонгос улсад ажиллаж байхад энэ хүн хүнд өвчтэй гээд туслалцаа хүссэн тул би энэ хүнтэй гэрлэлтээ батлуулж байж Солонгос улсад очиж эрүүл мэндийн даатгалд нь хамрагдаж байсан. Нэг ч гэсэн Монгол хүнд туслах юмсан гэсэн үүднээс би Л.Э гэж хүнд тусалсан. Тэр хүн байр зарна гэхээр нь байрыг нь итгээд худалдаж авсан. Одоо энэ хүнтэй ямар ч холбоогүй байгаа. Энэ хугацаанд орон сууцаа авах гэж олон удаа цагдаатай очиж байсан боловч хаалгаа тайлдаггүй. Шүүх цагдаагаар явж байгаа гээд олон жил намайг чирэгдүүлсэн. М.Д ыг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үйлчлүүлэгч Ч.Э-ыг төлөөлж нэхэмжлэл гаргасан. Энэ талаараа шүүхэд тодруулж бичиж өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед Ч.Э-ээс авсан итгэмжлэл нь нэхэмжлэл гаргах эрхийг олгосон эсэх нь эргэлзээтэй байсан тул Ч.Энхболортой холбогдож дахиж итгэмжлэл авч шүүхэд өгсөн. Ч.Э-ын хувьд БНСАУ-д ажиллаж амьдардаг. Ч.Цгоос эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдаж авсан. Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авахад Ч.Цгийн өмчлөлд гэрээгээр шилжиж ирсэн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Ч.Цгийн өмчлөлд гарсан байр байсан тул энэ байрыг Ч.Цгоос худалдаж авсан. Энэ орон сууц анх М.Д гэж хүнээс Д.Э гэж хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байсан ба дараа нь Л.Э-аас Ч.Цд худалдах-худалдан авах гэрээгээр шилжсэн байсан. Үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрхийн гэрчилгээгээр бид эрхийн зөрчлийг нь шалгах боломжтой. Ингээд ямар ч асуудалгүй орон сууц байсан боловч уг орон сууцанд өөр хүн амьдраад байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд өмчлөгчийн эрхийг хангаж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 263 тоот байрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлагдаж буй хүнийг олох хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө нь эрхийн зөрчилтэй гэдэг маргаан үүсээд явж байсныг Ч.Ц мэдэж байсан. Энэ үл хөдлөх хөрөнгө нь яг хэний өмчлөлийнх гэдэг нь тодорхойгүй. Бүртгэлийн байгууллагад бүртгэл хийсэн ч төлбөр төлсөн зүйл байхгүй. Ч.Ц, Л.Э нарын хооронд хийгдсэн гэрээ байдаг. Зах зээлийн үнэлгээгээр 80, 90 саяын үнэлгээтэй татвар төлсөн гэдэг. Гэтэл бид хоёрын хооронд 33 000 000 төгрөгийн тооцоо байсан гэж ярьдаг. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ бид хоёр гэр бүлийн харилцаагүй байсан гэж ярьдаг боловч 2013 онд гэрлэлтээ батлуулсан байдаг. Гэрлэлтээ батлуулсан шалтгаанаа тайлбарладаг. Солонгос улсад эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр авах шаардлагатай байсан тул гэрлэлтээ батлуулаад дараа нь цуцалсан. Гэрээ Монгол улсад хийгдсэн. Байраа худалдах, худалдан авах гэрээ хийчихээд байраа очиж үздэггүй. Хүн амьдарч байгааг нь 2015 онд олж мэдсэн байх боломжгүй. 2019 онд дараагийн худалдан авах ажиллагаа болсон. 2002 оноос хойш М.Д би энэ байрны эзэн гэж ойлгоод амьдраад яваад байдаг. Гэтэл цаагуур нь хүмүүс бусдад худалдаад гэрээ хийгээд яваад байдаг. Авсан хүмүүс нь байраа огт үзэж хардаггүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулаад хоёр итгэмжлэлийн асуудал ярьж байна. Эхний итгэмжлэл худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой итгэмжлэл байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн нь нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэл биш байсан бөгөөд тэрхүү итгэмжлэлээ сая сүүлд шүүх хурал болохоос өмнө гаргаж өгч байна. Ингэхээр шүүхэд нэхэмжлэл гаргачихсны дараа нэхэмжлэл гаргах итгэмжлэлээ гаргаж өгч байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байна гэж үзэж байна. Ч.Ц, Л.Э, Энхболор нар нь хариуцагч М.Д-ын хөрөнгийг хууль бусаар аваад байгаа юм шиг харагдаад байна. Иймд М.Д , Л.Э нарын асуудлыг шийдвэрлэх хүртэл энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн №2201009535 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот орон сууцыг хариуцагч М.Д-ын эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Д аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д миний бие 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг, холбогдох нотлох баримтын хамт шүүхэд өгөхөөр очиход шүүгчийн туслах хэлэхдээ хүсэлтийг хүлээж авлаа, шүүгч өчигдөр амралтаа дуусгаад ажилдаа орсон, өчигдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан зарлах захирамж гарсан тиймээс таны энэ хүсэлтийг шүүх хурлаас наана шийдвэрлэхгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж хэлсэн. Шүүх хуралдаан зарлагдсан болохыг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн биеээр түдгэлзүүлэх хүсэлт гаргах хүртэл огт мэдээгүй, хүсэлтээ өгөхөөр очихдоо шүүгчийн туслахаас мэдэж, хурлын тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан баримт хавтаст хэрэгт байгаа болно. Шүүх хуралдаан зарлах гэж зүгээр шүүгчийн захирамж гарсныг хэлдэг үү, товыг оролцогчид мэдэгдснийг, эсхүл хурлын тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсныг хэлдэг үү. Өөрөөр хэлбэл надад албан ёсоор хурлын тов мэдэгдэхээс өмнө би хүсэлтээ бичээд шүүх дээр очсон бол миний хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Шүүх хуралдаан болохоос 6 хоногийн өмнө гаргасан хүсэлтийг хурлаас өмнө шийдвэрлэх ёстой болохоос биш 6 хоногийн дараа болох хурлаар хэлэлцэнэ гээд хурлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч М.Д нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 21-263 тоот орон сууцыг өөрийн эцэг Б.М-аас 2002 онд бэлэглэлийн гэрээгээр өвлөн аваад түүнээс хойш 2 хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдарч байна. М.Д нь өөрийн найз н.Г дамжуулж Л.Этай анх 2004-2005 онд танилцаж найзлах болсон. Л.Э нь 2007 оноос өмнө "БНСУ руу бараанд явахад мөнгө хэрэгтэй боллоо гээд М.Д-ын байрыг 2-3 удаа зээлийн барьцаанд тавьж, чөлөөлөөд хариуд нь М.Д-т тухай бүр 500 000 төгрөг бэлнээр өгдөг байсан байна. Л.Э дахиад 2007 оны 3 сард "найзад нь бас мөнгөний хэрэг гарлаа, одоо зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нь заавал миний нэр дээр байх ёстой гээд байна, өөрийнхөө орон сууцны ордерийг миний нэр дээр түр шилжүүлээд өгөөч гэж гуйсны дагуу 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа Л.Эын нэр дээр шилжүүлсэн. Эхэн үедээ байнгын утсаар яриад наймаа арилжаа ингэлээ тэглээ гээд овоо холбогдож байснаа сураггүй алга болсон. М.Д нь өөрийнхөө байранд ямар нэг саадгүй амьдарч байсан, мөн Л.Эад итгэж байсан болохоор 2015 он хүртэл хууль хяналтын байгууллагад хандахгүй байсан. Тэгээд нэг удаа цахим машинаас өөрийнхөө уг орон сууцны талаар лавлагаа авах гэтэл өмчлөх эрхээ Л.Эад шилжүүлсэн болохоор лавлагаа авах боломжгүй болсон тул хүн амьтнаас асууж сураглахад орон сууцны өмчлөгч нь Л.Э биш Ч.Ц гэх хүн болсон талаар сонсоод 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Л.Э болон Ч.Ц нарыг хариуцагчаар татаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэж байх явцад М.Д-ын орон сууцыг Л.Э нь 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хамтран амьдрагч буюу гэрлэлтээ батлуулаагүй байхдаа /2013 оны 12 дугаар сарын 06-нд БНСУ-ын Сөүл хотын 408Е1000164 дугаарт бүртгүүлсэн/ Ч.Ц руу шилжүүлсэн гэдгийг тухайн үед Ч.Цгийн тайлбараас олж мэдсэн. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан ба Ч.Ц ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гарч, дараа нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 324 тоот магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан. Ийнхүү анхан шатны шүүх рүү хэрэг буцаасны дараа огт шүүх дээр ирэхгүй байсан хариуцагч Л.Э дээр нэмэгдээд хариуцагч Ч.Ц нь хаана амьдарч байгаа нь ч мэдэгдэхгүй алга болсон учраас Л.Э, Ч.Ц нарын оршин сууж амьдарч байгаа газрыг тогтоолгох шаардлагатай болсон тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/Ш32016/12159 тоот шүүгчийн захирамжаар "Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Гэвч дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Цг үндэслэлгүй хөрөнгөжсөн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад, мөн сарын 27-ны өдөр иргэн хэрэг үүсгэн хянаад 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 102/Ш32016/20364 дугаартай захирамжаар "...Улмаар 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар "Монгол шуудан" ХХК-ийн шууданчаар хүргүүлэхэд, Ч.Ц нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 018-10 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй. Л.Э нь мөн хаягт бүртгэлгүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид явуулах боломжгүй болсон байх тул хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нөхцөл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Ц, Л.Э нарын хаягийг тодорхой болгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно." гэж шийдвэрлэсэн байна. Улмаар хариуцагч Л.Э, Ч.Ц нарыг эрэн сурвалжлуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 101/ШШ2018/03086 тоот шийдвэр гарч хариуцагч нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх 2 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх 1 дүгээр хэлтэст даалгасан. Одоог хүртэл дээрх шүүхийн шийдвэр биелэгдэж дуусаагүй буюу хаягийг олж тогтоосон талаар цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдээгүй байгаа тул Л.Эыг хариуцагчаар татаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргах боломжгүй байдалтай байна. Дээрх үндэслэл, шалтгааны улмаас холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т "...иргэний...хэрэг хянан шийдвэрлэх журмаар...шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг /Л.Эын хаягийг олж тогтоосны дараа М.Д-ын нэхэмжлэлтэй Л.Эад холбогдох бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий/ маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" гэсэн үндэслэлээр Ч.Ц болон М.Э нарын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 101/ШШ2018/03086 тоот шийдвэрээр Л.Э, Ч.Ц нарыг эрэн сурвалжилахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар энэ маргааны зүйл үндэслэлийн талаар өөр хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна..." гээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэв шүүгчийн ийнхүү дүгнэснээр шүүхээр хэрэг хэлэлцэгдэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дах хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалтын агуулгаар мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр гаргасан түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болгон тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/11132021/11992 тоот захирамжид уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж гомдол гаргах эрхийг хязгаарлан, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн түдгэлзүүлэх хүсэлт шүүхэд гаргасан, энэхүү захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ч.Ц, М.Э гэх хоёр хүн хамтдаа нэхэмжлэл гаргасан. Ч.Ц нь хариуцагч М.Д-ын найз байсан, өөрийн нэр дээр, түр шилжүүлж аваад зээл аваад зээлийг буцаан төлж орон сууцыг нь эргүүлээд нэр дээр нь шилжүүлж өгнө гэж 2007 онд бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан Л.Э гэх хүний эхнэр бөгөөд Л.Э нь Солонгос улс руу явж холбоо сураггүй болсон байхдаа эхнэр Ч.Цд 2010 онд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болохыг 2015 онд мэдсэн юм. 2015 онд ийнхүү мэдсэнээс хойш бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр Л.Э, Ч.Ц хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний шүүх дээр явагдаж, хамгийн сүүлд хариуцагч нар оршин суугаа хаягтаа байхгүй болсон учраас эрэн сурвалжилах ажиллагаа явагдаж байсан. Гэтэл Монгол Улсын шүүх цагдаагийн байгууллага хаягийг нь олж тогтоосон талаар хариу өгөөгүй байхад 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ч.Ц нь М.Э гэх хүнд уг орон сууцыг 2019 онд худалдсан гээд М.Этой хамтран уг орон сууцыг М.Д үндэслэлгүй оршин сууж байгаа учраас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэл дээр Ч.Ц гарын үсэг зурсан, М.Э нь өөрөө бус харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г гэх хүнээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч М.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр "Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу хөрөнгийг бусдад худалдах, арилжих, хөлслүүлэх, холбогдох гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, лавлагаа хүсэх, хүлээн авах, төлбөр тооцоо хүлээж авах, дээрх хөрөнгөтэй холбоотой шүүхэд маргаан гарвал бүрэн төлөөлөх, өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах, холбогдох бичиг баримт үйлдэх, гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна" хэмээн төлөөлөгч Ч.Г-д дээрх эрхийг олгосон байна. /хх-14 хуудас/ Хариуцагч М.Д тус шүүх дээр заасан хугацаа буюу 2021 оны 5 сард өдөр очиж нэхэмжлэлийг гардан авахад зөвхөн дээрх нэхэмжлэлийг нэхэмжлэлд хавсарган шүүхэд өгсөн байсан байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч З.Б-ийн тайлбарласнаар нэхэмжлэлд хавсарган өгсөн итгэмжлэлд Ч.Г нь М.Эыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдсэн байсан, тийм учраас төлөөлөгч Ч.Г-д хандаж итгэмжлэлээ зөвтгөж дахин шүүхэд авч ирж өг гэж зөвлөөд засуулсан тэгээд дараа нь буюу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр авч ирж өгсөн шүүх ийм арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан. Зүй нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг мэдсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргах ёстой байсан. Нэхэмжлэл гаргах үед буюу 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлд хавсарган өгсөн итгэмжлэлд нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах Ч.Г-д олгогдоогүй, итгэмжлэлээр төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй учир нэн даруй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэл гаргах эрхгүй байсан этгээдэд 3 сарын дараа олгосон итгэмжлэлээр 3 сарын өмнө нэхэмжлэл гаргах үед олгогдоогүй байсан эрхийг ухрааж нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэл, боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Анхан шатны шүүх ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж, шүүх хуралдаанд сануулсаар байхад хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл бүрдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ц, М.Э нар нь хариуцагч М.Д-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 263 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын маргаж буй Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрх орон сууц хувьчилсны үндсэн дээр 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.М, О.Ц нарт 2002 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр М.Д-т 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Д.Э-д 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ч.Цд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр М.Эт тус тус шилжсэн нь талуудын тайлбар, хэргийн 11, 13, 60 дугаар тал дах худалдах-худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Э нь дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр гарснаар Ч.Цгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч М.Д-ын хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг шаардах эрхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Харин хариуцагч М.Д нь 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх өөрийн өмчлөлийн орон сууцаа Л.Эад шилжүүлсэн үеэс түүний эзэмшил хууль бус болно.

 

Иймээс нэхэмжлэгч М.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч М.Д-ын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн 15-26 дах талд авагдсан баримтаас үзвэл М.Д нь Л.Э, Ч.Ц нарт холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх, Ч.Цгийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-263 тоот 2 өрөө байрны гэрчилгээг хүчингүйд тооцуулж, М.Д-ын нэр дээр бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6323 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Л.Эад холбогдох нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Цд холбогдох орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэж, түүний нэр дээрх орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж, М.Д-ын нэр дээр бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 324 дүгээр магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12159 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-27-28 тал/

 

Мөн М.Д нь Л.Эад холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээ болох худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-263 тоот, Ү-2204009535 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/20364 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэргийн 62-64 дэх талд авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2016/20364 дугаар захирамжаар тогтоогдсон байна.

 

Үүний дараа нэхэмжлэгч М.Д шүүхэд Л.Э, Ч.Ц нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3086 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн боловч Л.Э нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны Монгол Улсын хилээр гарсан баримт хэрэгт авагдсанаас гадна түүний оршин сууж байгаа хаягийг өнөөг хүртэл олж тогтоогоогүй байна. /хх-67-70 тал/

 

Хэдийгээр Л.Э, Ч.Ц нарыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилахаар шийдвэрлэсэн боловч өөр хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, М.Д нь Л.Э, Ч.Ц нартай орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэж байсан нь нэхэмжлэгч М.Эын өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Эоос Ч.Г-д олгосон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр М.Эоос Ч.Г-д шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхийг олгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг арилгасан гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ