Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2021/00040

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1967 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, Багануур дүүрэг, ....... дүгээр хороо, Рашаант ........ дугаар гудамжны ......... тоотод оршин суух, Б......... овогт Б. Б-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ...... дугаар хороонд байрлах, “Оюуны эрин” цогцолбор сургуульд холбогдох галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.Ц хариуцагч  “Оюуны эрин” цогцолбор сургуулийн захирал Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Г, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.Б би 2018 оны 9 дүгээр сараас Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны галчаар ажиллаж эхэлсэн. Манай нярав Саруул өнгөрсөн хичээлийн жилд миний цалин урамшуулалыг дутуу бодож олгоод байсан учир бидний хооронд үе үе үл ойлголцол үүсэж байсан. Би энэ асуудлаар өөрийн эрхийг хамгаалж, зохих байгууллагад гомдол гаргаж байсан. Би 2020 оны 5 дугаар сард ээлжийн амралтаа аваад 9 дүгээр сарын 20-ны орчим ажилдаа орсон. Амралтаа авах үед захирал Ж.Б “Энэ чигээрээ яваарай, дуудтал битгий үзэгдээрэй хэд хоног чих амраагаадах” гэж хэлсэн. Намайг амралттай байх хугацаанд манай сургуулийн бусад галч нар сургуульдаа өөр ажил хийж цалин авч байсан байна лээ. Би өвчний учир 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл акттай байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа очиход “Захирал ирж уулз” гэж хэлүүлсэн учир захиралтай очиж уулзсан. Захирал Ж.Б 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж байна гэж бичсэн мэдэгдэх хуудас надад өгөөд, өргөдлөө бичээд халагдвал гэнэт халагдсаны мөнгө олгуулж өгнө. Өргөдлөө бичихгүй гүрийж байгаад халагдах тушаалаа авбал гэнэт халагдсаны мөнгө горьдолтгүй шүү, чамтай ярих юм дууссан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаас халсан гэж ойлгоод ээлжийн ажилдаа гаралгүй гэртээ харьсан. Тухайн үед захирал намайг удирдлагатайгаа зөв харьцдаггүй гэж буруутгаж байсан. Хоёр хоногийн дараа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад халсан тушаал гараагүй бол ажлаа хийж байх ёстой гэсэн учир би захирал Ж.Бат-Эрдэний утас руу залгаж миний халагдах тушаал гараагүй байхад би яагаад ажлаа хийж болдоггүй юм бэ? нэг бол миний тушаалыг өгчих, энэ чинь тушаал биш мэдэгдэх хуудас гэж байна гэхэд, захирал хэн чамайг халсан юм бэ? Ажлаа хийвэл хийж л байхгүй юу гэсэн учир би ажилдаа очиж ажлаа үргэлжлүүлэн хийсэн. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ээлжтэй байхад нярав орж ирээд бичиг хэрэг дуудаж байна гэхээр нь яваад очиход 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/82 дугаартай захирлын “Б.Бг ажлаас чөлөөлөх тухай” тушаал өгсөн. Энэ тушаалд намайг ...”Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар дурьдсан байна. Миний хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдол байхгүй. Нэхэмжлэлд бичсэн зүйл дээр нэмж ярихад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би ажил дээрээ байсан, захирал миний машины зургийг араас нь авсан байсан, тухайн үед  над руу утастаад би чамайг харж байна, наанаа зогсож бай гэж хэлээд намайг зогсоож байгаад тэр үедээ зургийг минь авсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан. Би тухайн үед ажлаа хаяж яваагүй, тэр миний машин мөн байсан ч би жолоодож яваагүй. Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө удаа дараа ажлын цагаар таксинд явдаг байсан нь үнэн. 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орохдоо хэрвээ дахиж ажлын цагаар ажлаа орхиж явбал халах юм байна гэдгийг ойлгосон учраас  2020 оны 09 дүгээр сараас хойш ажлын цагаар нэг ч удаа таксинд яваагүй, хааяа гэрлүүгээ хоол авчирахаар явдаг байсан гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай хичээлийн 2 дугаар байр 2018 онд ашиглалтад орсон. Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг холоос явуулахгүй орчинд нь сургах сургууль тул дэд бүтцэд холбогдоогүй уурын зуухаар халаадаг. Ажилчдыг ажилд авахдаа тус хорооны иргэдээс амьдралын боломжийг нь харж аль болох амьдралд нь дэм болох үүднээс жижүүр, галч, үйлчлэгч нарыг ажилд авсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-нд Б.Б түр тушаалаар орсон, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр жинхэлсэн байдаг бөгөөд үүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчлүүд тэмдэглэгдэж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сард манай сургуулийн удирдлагын зөвлөлийн хурал болсон бөгөөд үүнд багш, сургалтын менежер, нягтлан нар оролцож  Б.Бгийн асуудлыг авч хэлэлцэн сануулах арга хэмжээ авсан. Тухайн үед Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журмаа танилцуулсан. Гэтэл энэ хүн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл олон зөрчил гаргасан тул тус өдрийн хурлаар нэг сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Б.Б энэ хугацаанд алдаагаа ухамсарлаагүй, хамт олон удирдлагатай төрийн үйлчилгээний албан хаагч шиг харьцаж байгаагүй. Нярав  Мөнхцэцэг энэ хүнээс болж ажлаасаа гарсан, дараагийн нярав Саруул мөн энэ хүний ажлын хариуцлага, зан төлөвийн талаар олон зүйлийг хэлдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зун бусад галчийг ажиллуулсан атлаа намайг ажилууллаагүй гэсэн байсан, ийм хариуцлагагүй хүнд яаж сургуулийн байраа  даатгаж зун үлдээх юм бэ? Иймээс бусад хүмүүсийг ажиллуулсан. Энэ хүнийг намар ажиллаж байх хугацаанд нь хоёр ч удаа өөр хүмүүс танай галч Батсүрэн ажлынхаа хувцастай таксинд явж байна гэж хэлсэн. Хоёр жилийн хугацаанд би энэ хүнд хариуцлагын талаар ойлгомжтой хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би хүүхдээ цэцэрлэгээс аваад машинтайгаа туслах замаас төв зам руу орох гээд зогсож байхад Б.Б машинтайгаа жолооч талын цонх нь онгорхой ажлын хувцастайгаа, зам дээрээс таксинд хүн аваад явж байсан, өөр хүн биш өөрөө мөн байсан. Би энэ хүнийг  жижүүрүүдтэй  хуйвалддаг гэж боддог байсан учраас жижүүрийг үнэнийг хэлэх болов уу? шалгая гэж бодоод өөрийн гар утсаараа жижүүр лүү залгасан. Тухайн үед жижүүр Л.Энхбаяр байсан бөгөөд галч хаана байна гэж асуухад Л.Энхбаяр ажлын байранд очиж үзээд байхгүй байна гэж хариулсан. Би тэгээд Батсүрэнг шууд ажил руугаа явах байх гэж бодоод дагаад явсан чинь таксинд авсан хүнээ буулгаж өгөөд ажил руугаа яваагүй гэрлүүгээ явсан. Би хоёр настай хүүхэдтэй явсан тул хурдан буугаад очих боломж байгаагүй, өөрийн нүдээр ажлын хувцастай ажлын цагаар таксинд явдгийг нь харсан,  үүнээс өөр нотлох баримт гэж юу байхав дээ. Надад тэр үед зураг дарах л боломж байсан, Өөр хүнийг харчихаад Батсүрэн байсан гэж гүтгэх ёс зүй надад байхгүй, 2020 оны 10 дугаар сарын 15-нд болсон орон нутгийн сонгуулиар манай сургуулийн байр сонгуулийн хэсгийн хороо болсон тул тухайн үед ажил их байсан, тэгээд сонгууль дуусаж ажилтны хурал болоход Б.Б акт аваад явсан байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 11-нд ажилдаа орж ирэхэд нь удирдах ажилтнуудын хурлын олонхийн саналаар Б.Бг ажлаас чөлөөлсөн хурлын шийдвэр гарсан. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улс даяар хөл хорио тогтоож байгаад  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хорио тавигдсан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгсөн. Энэ хүн олон нялх нойтон хүүхэдтэй, бид амьдралыг нь ойлгон олон удаагийн боломж олгосон, хоёр жил манай байгууллагад ажилласан боловч хамт олондоо уусаж нэгдэж чадсангүй. Манай сургууль уурын зуухаар галладаг, гал, усны хэмжээ, даралтыг байнга харж хяналт тавих ёстой хүн нь ажлын байраа орхиж яваад байвал юу болох вэ. Ажлын хариуцлагын тухайд зүгээр л дурдахад уурын зуухны өрөөний вакум цонх, гэрэл нь хүртэл хайлсан тохиолдол байгаа. Тэгвэл тэр өрөөний температур хэдэн градус хүрсэн болоод хайлсан байх вэ? Энэ хүнийг ажлын байраа орхиж явсан үед түмний олон хүүхэд хичээллэж байгаа сургуулийн байранд ямар нэг эрсдэлтэй зүйл гарвал хэн хариуцах вэ. Ийм л хариуцлагатай ажил шүү дээ гэдгийг хэлэх гэсэн юм. Б.Бгээс өөр галч нар ажилдаа ингэж хандаад зөрчил гаргаад байгаа зүйл байхгүй, ажлаа сайн хийгээд л явж байгаа, ийм хүмүүсийг манай байгууллага урамшуулаад шагнаад явдаг, болохгүй байгаа хүнтэй эвлэрээд яваад байх уу? Хүн ухамсартай байх ёстой, нэхэмжлэгч бол ажил дээрээ хамгийн ахмад нь бусаддаа үлгэр дуурайлал болох хүн байтал тийм байж чадсангүй. Амралтын 72 цаг амарч байх үедээ өөрийн хувийн ажлаа амжуулж болно шүү дээ. Иймд удаа дараа хариуцлага алдсан, ёс зүйгүй энэ хүнийг хуулийн дагуу халсан гэж бодож байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “Оюуны эрин” цогцолбор сургуульд холбогдуулан галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч “Оюуны эрин” цогцолбор сургууль нь нэхэмжлэгч Б.Бг      ажил үүргээ гүйцэтгэж байхдаа удаа дараалан зөрчил гаргаж захирал болон шууд удирдах удирдлагуудаас сануулга өгөх, бүх ажилчдын нийтийн хурал, удирдлагуудын зөвлөлийн хурлаар оруулж сануулж байсан, “Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил“ гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,  байгууллагын дотоод журмын 7 дугаар  зүйлийн 7.15.2, 7.15.8, 7.16.3 дахь хэсгийг үндэслэн хуулийн дагуу ажлаас халсан тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2020.12.02-ны өдрийн Б/82 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2020.12.04-ний өдөр гардан авч 2020.12.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

“Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт  “Сахилгын шийтгэл ноогдуулсанаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан.

 Нэхэмжлэгч Б.Б нь  2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/132 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл авагдсан байхдаа дахин зөрчил гаргаж   2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/82 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын арга хэмжээ авагдсан нь дээрх заалтанд нийцэж байна.

/хх-ийн 15, 16 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Б.Б нь 2018.11.16-ны өдрөөс “Оюуны эрин” цогцолбор сургуульд галчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр  тогтоогдож байна. / хх-ийн 19 дүгээр хуудас/

Улмаар 2020.12.02-ны өдрийн Б/82 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 7.15.2, 7.15.8, 7.16.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Бг 2020.12.02-ны өдрөөс ажлаас чөлөөлжээ.  /хх-ийн 83 дугаар хуудас/

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай байгуулав гэсэн бичилттэй атлаа ямар хугацаагаар байгуулсан  болох нь  тусгагдаагүй байна.

Иймд талууд нэхэмжлэгчийг анх ажилд ороход нэг л хөдөлмөрийн гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл уг хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөж байсан, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заасан зэргийг үндэслэн  талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт “Ажилтан нь ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ чанартай бүрэн биелүүлж үнэнчээр хөдөлмөрлөх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, эдлэл хэрэглэл, үзүүлэн тараах материал, ном, гарын авлагыг зүй зохистой  ашиглаж хэрэглэнэ”, 3.2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад хууль тогтоомжийг чанд сахиж ажиллана”, 3.2.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлага дүрэм журмыг чанд сахин биелүүлнэ”, байгууллагын дотоод журмын 7.15 дахь хэсэгт “дараах зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна”, 7.15.2 дахь хэсэгт “Ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заагдсан чиг үүргээ биелүүлээгүй”, 7.16.3 дахь хэсэгт “Доорхи зөрчил гаргасан тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ”, 7.16.3 дахь хэсэгт “Сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй үед дахин зөрчил гаргасан бол” гэж тус тус заажээ.

Мөн нэхэмжлэгч Б.Бгийн ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг хэсэгт галч нь “Байгууллагуудын обьектуудыг халуун дулаан байлгах, эд хөрөнгийг хамгаалах, зуухыг аюул осолгүй хэвийн ажиллахад байнгын хяналт тавих үүрэгтэй,  үндсэн зорилт хэсэгт ...удирдах албан тушаалтнаас ажил үүрэгтэй холбогдуулж өгсөн үүргийг биелүүлэх, ...хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж ёс суртахууны өндөр түвшинд байж үндсэн үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэж ажиллах ...бусадтай хамтран ажиллах эв дүйтэй, чадвартай, үйлчилгээний болон харилцааны соёл эзэмшсэн байх, ёс  зүйн хэм хэмжээг сахих чадвартай байхаар заажээ.  

Нэхэмжлэгч нь ажлын байраа орхиж явах болон бусад байдлаар ажлын хариуцлага алдаж 2019.12.16-ны өдрийн Б/132 тоот тушаалаар 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан талаар зохигчид маргаангүй байна. / хх-ийн 15 хуудас /

Нэхэмжлэгч нь 24 цагаар ажиллаж 72 цаг амрахаар ажил олгогчтой тохиролцож ажил үүргээ гүйцэтгэж иржээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Бг сахилгын зөрчилийн хугацаа дуусаагүй үед 2020.10.13-ны өдөр ажлын байраа орхисон /хувийн машинаар ажлын цагаар таксинд явсан/ зөрчлийг гаргасан байгаа нь хөдөлмөрийн гэрээг  шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 2020.10.13-ны ажлын байраа орхиж явсан болох нь тэр өдөр нэхэмжлэгчтэй хамт жижүүрт гарч байсан гэрч Л.Энхбаярын шүүхэд өгсөн “2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Б.Бтэй хамт жижүүрт гарсан. Тухайн үед өглөө 8 цагаас маргааш өглөөний 8 цаг хүртэл 24 цагаар ажилд гарах ёстой байсан. Тэр өдөр үед 17 цагийн үед захирал над руу залгаад гал ямар байна, галчтай ярья гэсэн, би галчийг дуудах гээд очиход ажлын байрандаа байхгүй байсан. Би үүдэнд байсан болохоор мэдээгүй байсан. Камераа шүүсэн чинь 16 цаг 30 минутын үед машинаа унаад гарсан явсан байсан, тэгээд 17 цаг өнгөрөөгөөд ирсэн. Галлагааг тогтсон цагуудад хийдэг. Гал хийх цагаараа ирдэг байсан. Б.Б нь гал хийхээрээ ирээд бусад цагаар байдаггүй гэж ойлгож болно” гэсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа хариуцагчийн  “2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би машинтайгаа туслах замаас төв зам руу орох гээд зогсож байхад Б.Б машинтайгаа жолооч талын цонх нь онгорхой ажлын хувцастайгаа, зам дээрээс таксинд хүн аваад явж байсан, өөр хүн биш өөрөө мөн байсан. Би энэ хүнийг жижүүрүүдтэй хуйвалддаг гэж боддог байсан учраас жижүүрийг үнэнийг хэлэх болов уу? шалгая гэж бодоод өөрийн гар утсаараа жижүүр лүү залгасан, тухайн үед жижүүр Л.Энхбаяр байсан бөгөөд галч хаана байна гэж асуухад Л.Энхбаяр байхгүй байна гэж хариулсан. Би энэ хүнийг дагахад таксинд авсан  хүнээ буулгаж өгөөд ажил руугаа яваагүй гэрлүүгээ явсан. Би хоёр настай хүүхэдтэй явсан тул хурдан буугаад очих боломж байгаагүй, өөрийн нүдээр ажлын хувцастай ажлын цагаар таксинд явдгийг нь харсан, надад тэр үед зураг дарах л боломж байсан. Дарсан зургаа гар утаснаасаа угаалгаж хэрэгт хавсаргасан байгаа” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.  

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2020.10.13-ны өдөр болон бусад үед  ажлын байран дээрээ байхгүй байдаг, ажлын цагаар машинаа унаад таксинд явдаг, сургуулийн гадуур улаан машинтайгаа давхиад байдаг гэсэн тайлбараа нотолж камерийн бичлэгүүдийг нотлох баримтаар ирүүлж үзлэг хийлгэсэн хэдий ч  бүх бичлэгт бичигдсэн машины дугаар, тухайн машиныг унаж байгаа хүний царай төрх  хэн гэдэг нь  мэдэгдэхгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн гэрч Б нь “2020.10.13-ны өдөр Батсүрэнгийн машиныг би гуйж унасан, энэ бичлэг дээр байгаа хүн бол би байна” гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн хэдий ч гэрч Батсайхан нь нэхэмжлэгчтэй ойрын садан, түүний мэдүүлэг яг тэр  өдөр жижүүрт гарч байсан нэхэмжлэгч Батсүрэнг ажлын байран дээрээ байгаагүй гэдгийг гэрчилсэн гэрч Энхбаярын мэдүүлэгээр няцаагдаж байгаа, бичлэгт байгаа гэх хүн нь Батсайхан болох нь тогтоогдохгүй, мэдүүлэг нь эргэлзээтэй байх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Мөн гэрч Н.С шүүхэд өгсөн “Б.Б нь багаар ажиллахдаа муу, тэр тусмаа боловсролын байгууллагад энэ хүний зан байдал нь үнэхээр тохирдоггүй, өдөр тутмын өгсөн үүрэг даалгаварыг ердөө биелүүлдэггүй, дандаа ямар нэгэн тайлбар тавина, яг л хувийн байгууллагад ажиллаж байгаа юм шиг чи би гээд байдаг, түүнээс болоод ажил үүрэг явахад үнэхээр хүндрэлтэй байдаг...таксинд яваагүй өдрөө яваагүй гээд рапорт дээр бичдэг. ...Би 1 дүгээр байранд жилийн эцэс, сарын эцэс гээд ажилладаг, тайлан балансын үед сардаа 7 хоног орчим заримдаа 14 хоног очиж цагийг бүртгэдэггүй. Гэтэл жижүүрүүдэд намайг тэдэн цагт бүртгэ гээд байдаг, бусад хүмүүс хэл ам ихтэй байдаг болохоор нь  айдаг юм уу яадаг юм хэлснээр нь бүртгэдэг, Намайг өмнө нь ирээд цагийг нь харж байхад 9 цаг 30 минутанд ирээд 8 цаг гээд бичүүлж байсан, өмнөх нярав маань энэ хүн их айхтар өмнө нь шоронд орж байсан гээд айлгадаг гэж хэлсэн  ... 2019 оны 12 сард Б.Бг цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан. Тэгэхэд чи миний цалинг хувьдуулсан, таксинд явж зөрүү мөнгөө олно  доо гэж надад хэлж байсан. Зөрчил гаргасан өдрөөс хойш яг хэвээрээ л байсан, буруу юм хийснээ хэзээ ч ойлгодоггүй  гэх мэдүүлэг,  

 “2019.12.03-ны өдөр галчийн үүрэг гүйцэтгэв.  Энэ хугацаанд 15-16 цаг хүртэл уурын зуухны үйл ажиллагааг зогсоож дулаан байдлыг алдагдуулсан хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа мэдэгдэе, ...эрхэм нөхөр журмын анд Тэгшээбаатараас ээлж хүлээн авахад асуудалгүй тайван бүүр амгалан байсан болмой ...зай завсар гаргаж  таксинд огт яваагүй болмой галч Батсүрэн, ...эрхэм эмчийн өгсөн үүргийг чадан ядан биелүүлэх гэж оролдов, эрхэм эмчийн анхааралд 12 сард аалз амьд байлаа ч тор татах нөхцөл үгүй, хөлдүү гадарга дээр юу ч ургаж чадахгүй хадагтай эмчээ галч Батсүрэн, ...2020.01.04-ний өдөр галчийн үүрэг гүйцэтгэв. Энэ хугацаанд 14 цагаас 16:20 цаг хүртэл галлагааг зогсоож. ...дулааны хэмжээг 28 градус хүртэл буулгасан буруутай хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаагаа эмч Эрдэнэдолгор болон нярав Саруул нарт хариуцлагатайгаар мэдэгдэж байна галч Батсүрэн, 2020.01.12-нд галчийн үүрэг гүйцэтгээд буулаа, аалз болон аалзны тор байхгүй, гадуур гарч таксинд яваагүй,...эмчийн бичиж үлдээсэн тамхины тухай хуультай уншиж танилцлаа, сургуулийн байран дотор аль нэг өрөөнд архи уувал ямар шагналтай талаар бичиж үлдээнэ үү? галч Батсүрэн,  2020.01.04-нд 28 градус хүртэл буулгаж уурын зууханд  засвар хийхэд 20 хувь хасуулах нэг том шалтгаан болсон. Өнөөдөр 28 градус хүртэл буулгасан хариуцлагаа хүлээхэд бэлэн галч Батсүрэн, 2019.11.14-нд хариуцлагагүй байдал гаргаж цайны ус дуссан байхыг мэдэлгүй 1 цаг орчим сургуулийн хүйтэн ус тасалдуулсан  болно галч Батсүрэн” гэх бичилттэй галч нарын рапорт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь төрийн үйлчилгээний албан хаагчийн болон ажлын байранд заасан чиг үүргийн хувьд ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх  үүрэгтэй боловч түүнийг хариуцаж ажилладаг няравын мэдүүлэг болон өөрийнх нь ажлын байранд хөтөлдөг галч нарын рапорт зэргээс харахад ёс зүйн болон зан төлөвийн хувьд шаардлага хангадаггүй, хамт ажиллах боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

            Галч нар нь ажилд гарахаас өмнө өдөр тутмын зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурдаг бөгөөд уг зааварчилгаанд ажлын байраа орхиж явах, өөр хүнд даалгах, гадны хүн оруулахыг хатуу хориглоно, техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдах, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн тухай бүр ажил олгогчид мэдэгдэнэ гэж заасан байна.

            Галч Б.Б нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын байрны тодорхойлолтонд зааснаар тухайн галлагааны зуухны хэвийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй, ажлын байраа орхих эрхгүй ажилтан атлаа таксинд явах, сургуулийн хүүхдээ хүргэж өгөх/ өөрөө шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурьдсан/ зэргээр сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан, ёс зүйн хувьд доголдолтой, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, хамт олонтой ажиллах харилцааны соёл эзэмшээгүй гэх хариуцагчийн тайлбар  тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Галч нарын рапортын арын хуудас нь скочоор наасан, эргэлзээтэй нотлох баримт гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа хэдий ч уг хуудсанд бичигдсэн нэхэмжлэгчийн бичиг өмнөх хуудсуудад бичигдсэн нэхэмжлэгчийн бичигтэй  хэв загварын хувьд ижилхэн байх тул нотлох  баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаарзүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.ч овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургуульд холбогдох галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          П.ТУЯА