Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00704

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00704

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103/ШШ2021/00040 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч ЕБ ОИ ц холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ганганбарс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сараас НЕБ ОЭ ц сургуулийн хичээлийн 2 дугаар байрны галчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 5 дугаар сард ээлжийн амралтаа аваад 2020.9.20-ны өдөр ажилдаа орсон.Нэхэмжлэгч нь өвчний учир 2020.10.22-ны өдрөөс 2020.11.10-ны өдрүүдэд акттай байсан. Захирал 2020.11.11-ний өдөр ажилдаа очоод, захирал ирж уулз гэж хэлүүлсэн учир орж уулзсан. Захирал Ж.Б 2020.11.11-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж байна гэж бичсэн мэдэгдэх хуудас надад өгөөд өргөдлөө бичээд халагдвал гэнэт халагдсаны мөнгийг чинь олгуулж өгнө, өргөдлөө бичихгүй ингэж гүрийж байгаад халагдах тушаалаа авбал гэнэт халагдсаны мөнгө горьдолтгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь ажлаас халлаа гэж ойлгоод ээлжийн ажилдаа гаралгүй гэртээ харьсан. Гэтэл 2 хоногийн дараа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад халсан тушаал гараагүй бол ажлаа хийж байх ёстой гэсэн учир захиралд руу залгахад хэн чамайг халсан юм бэ, ажлаа хийвэл хийж л байхгүй юу гэсэн тул ажилдаа очиж, үргэлжлүүлэн ажилласан. Ингээд 2020.12.04-ний өдөр нярав дуудаж 2020.12.02-ны өдрийн Б/82 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг өгсөн. Энэхүү тушаалд нэхэмжлэгчийг ...хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. 2020.12.02-ны өдрийн Б/82 дугаартай НЕБОЭ сургуулийн захирлын тушаал үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэж баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б нь удаа дараа зөрчил гаргаж захирал болон удирдлагуудаас сануулга өгөх, бүх ажилчдын нийтийн хурал, удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж сануулж байсан бөгөөд тушаалаар арга хэмжээ авагдаж байсан. Сүүлд 2019 оны 12 дугаар сард мөн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдсан. Уурын зуухны галч нь өөрийн ажиллах цагтаа ажлын байрандаа байнга байх шаардлагатай онцгой объект бөгөөд Б.Б ажлын байраа байнга орхиж хувийн ажлаа амжуулах, хувийн машинаар таксинд явах зэргээр ажлын байраа орхидог. Энэ талаар нотлох баримт байхгүй байсан учир түүнд амаар сануулга өгч байсан. Б.Бг 2020.10.13-ны өдөр ажлын байраа орхиод хувийн машинтайгаа таксинд явж байгааг зургаар баримтжуулсан. Тухайн үед орон нутгийн сонгууль явагдаад манай сургуулийн байранд сонгуулийн байр байрлаж асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй явсаар 2020.11.11-ний өдөр ажилдаа орсон. Удирдлагын зөвлөл хуралдаж түүний асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар ажлаас халах болж түүнд тэр өдөр нь мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийн хугацаа дуусмагц 2020.12.02-ны өдөр Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг удирдлага болгон ажлаас халах тушаалыг хуулийн хүрээнд гаргасан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаарзүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-н нэхэмжпэлтэй, НЕБОЭ  холбогдох галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сахилгын зөрчлийн хугацаа дуусаагүй үед буюу 2020.10.13-ны өдөр ажлын байраа орхисон зөрчлийг гаргасан гэж хариуцагч талаас бичгийн болон аман тайлбартаа удаа дараа дурддаг. Зөрчил гаргасан гэх 2020.10.13-ны өдрөөс 2020.12.02-ны өдрийг хүртэл даруй 1 cap 19 хоногийн хугацаа өнгөрсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Энэ тохиолдолд зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap илүү хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч байгууллага тушаал үйлдсэн хугацааг хуульд зааснаас хэтрүүлсэн шалтгаанаа коронавирусээс хамаарсан хөл хориотой холбон тайлбарладаг ч ажлаас халсан тушаал гаргахаас 21 хоногийн өмнө хариуцагч байгууллагын удирдлагууд хуралдаж Б.Бг ажлаас халах тухай мэдэгдэл гаргасан байдаг. Б.Бг 2020.10.13-ны өдөр ажлын байраа орхисон гэдгийг гэрч Л.Энхбаяр мэдүүлдэг ч энэхүү гэрчийн мэдүүлэг нь гэрч Б.Б мэдүүлгээр няцаагддаг. Гэрч Б.Б-г нэхэмжлэгчийн төрөл садангийн хүн гэх үндэслэлээр мэдүүлгийг эргэлзээтэй хэмээн шүүх үнэлээгүй.

Бусад гэрч нар болох Л.Э, нярав Н.С, Х.Э нар нь хариуцагч байгууллагын ажилтнууд бөгөөд ажил олгогчийн хараа хяналт, эрх мэдэл, удирдлага дор ажилладаг учир мэдүүлэг нь туйлын үнэн, эргэлзээгүй гэж үзэхэд учир дутагдалтай. Мэдүүлэг авах явцад гэрч Л.Э нь үйл баримтын огноог асуухад ээрч түгдрээд захирал руугаа хялалзаад байсан, мөн Х.Э нь эхлээд ажил олгогчийн тайлбарын дагуу үйл баримтын огноог санаатай буруу хэлж байснаа нэхэмжпэгчийн зүгээс энэ талаар нь сануулж асуухад зөв болгож хэлэх зэргээр илэрхий харагдаж байсан. Зөрчлийг илрүүлсэн гэх хугацаанаас хойш 1 cap 19 хоногийн хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах тушаал гаргасан, мөн Б.Б нь 2020.10.13-ны өдөр ажлын байраа орхисон зөрчлийг гаргасан гэдэг нь нотлогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НЕБОЭ холбогдуулан хичээлийн 2 дугаар байрны галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл заан маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сараас ОЭ  хичээлийн 2 дугаар байрны галчаар ажиллаж эхэлсэн үйл баримт талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдсон. /хх 19/ Мөн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/132 тоот тушаалаар 1 сарын хугацаатай үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Сахилгын арга хэмжээ авсан уг тушаал хэрэгт нотлох баримтаар авагджээ. /хх 15 /

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/82 тоот тушаалыг хүлээн авсан талаар тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Хариуцагч сургуулийн захирал Ж.Б-н 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/82 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 7.15.2, 7.15.8, 7.16.З дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Бг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлжээ. /хх 16/

Хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод журамд ажилтны зөрчил, хүлээх хариуцлагын талаар заажээ. /хх 19-38/

Талууд нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх, зөрчил гаргасан гэх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 cap 19 хоногийн буюу зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх, дүрс бичлэг, гэрч Л.Э, Н.С, Х.Э, Б.Б нарын мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангах эсэх асуудлаар маргаж байна.

Дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас хэргийн үйл баримтыг хянан үзэж маргааныг агуулгаар нь эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй. Шүүх хуралдааныг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Т даргалж шийдвэр гаргасан боловч шийдвэрийг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсан дээр гаргажээ. /хх 104/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэх бөгөөд Ерөнхий шүүгчийн захирамж гэсэн хуудсаар шийдвэр гаргах үндэслэлгүй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт шүүх соёмбо, өөрийн нэр бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй байх бөгөөд албан бичгийн болон шүүхийн шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх, хуульд нийцүүлэн баталсан албан хэрэг хөтлөх журамтай байхаар заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь мөн хуулийн 22.4.1-т зааснаар анхан шатны шүүхийн хувьд шүүхийн шийдвэр байх юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дах хэсэгт тус тус зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Шүүх соёмбо, өөрийн нэр бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй, шүүхийн шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэн ёсчилж албажуулахаар байхад ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэсэн байгаа нь шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны гэж үзэх боломжгүй.

2.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулгыг зөв тодорхойлж чадаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөлд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах журамтай.

Талуудын хоорондын маргааны гол зүйл болох нэхэмжлэгч давтан зөрчил гаргаж 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын байрнаас гарч таксины үйлчилгээнд явсан эсэх нөхцөл байдал юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Ажилтан сахилгын зөрчил гаргасан гэдгийг ажил олгогчийн төлөөлөл мэдсэн гэх нөхцөл байдлуудаас үзвэл сахилгын зөрчлийг гаргасан үеэс хуульд заасан хугацааны дотор зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлыг нягтлан дүгнэлт хийх шаардлагатай.

Хэрэгт гэрч Б.Б Б.Б-н машиныг тухайн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би жолоодож явсан гэх мэдүүлэг авагдсан. Б.Б зөрчил гаргасан эсэх үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй гэж шийдвэрт дурджээ. /хх 107/

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхгүй байх эрхгүй бөгөөд харин тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлнэ. Түүнчлэн аль баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн болох уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай юм.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.Б нь зан төлөв, ёс зүйн хувьд доголдолтой, хамт олонтой ажиллах харилцааны соёл эзэмшээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй талаар дүгнэж, энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ заасан нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. /хх 108/  байгууллагад ажиллах шаардлага хангахгүй зан үйл гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн, энэ нь ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэл болсон тохиолдолд хувийн зан төлөв, ёс зүй, харилцааны соёлын талаар дүгнэж болох боловч тухайн тохиолдолд ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын байрнаас гарч таксины үйлчилгээнд явсан гэх зөрчил байна.

Маргааны зүйл болох зөрчил тогтоогдсон эсэх, хэрэв тогтоогдсон бол зөрчилд сахилгын шийтгэлийг ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар хамааралтай хуулийн зохицуулалтуудыг шүүх зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103/ШШ2021/00040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД