Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01449

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2021/00254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шнар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 9 сараас Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуулийн хичээлийн 2 дугаар байрны галчаар ажиллаж эхэлсэн. Нярав Н.С- өнгөрсөн хичээлийн жилд миний цалин, урамшууллыг дутуу бодсон учир бидний хооронд үе үе үл ойлголцол үүсэж байсан. Би энэ асуудлаар өөрийн эрхийг хамгаалж, зохих байгууллагад гомдол гаргасан. Би 2020 оны 5 сард ээлжийн амралтаа аваад 9 сарын 20-ны орчим ажилдаа орсон. Амралтаа авах үед захирал Ж.Б-э энэ чигээрээ яваарай, дуудтал битгий үзэгдээрэй хэд хоног чих амраагаатах гэж хэлсэн. Би өвчний учир 2020 оны 10 сарын 22-ноос 2020 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл акттай байсан. 2020 оны 11 сарын 11-ний өдөр ажилдаа очиход ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас надад өгсөн. Ингээд дараа нь 2020 оны 12 сарын 02-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Тушаалд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж бичсэн байсан. Миний хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдол байхгүй. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б/82 дугаартай Нийслэлийн Ерөнхий Боловсролын О- сургуулийн захирлын Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлгүй бөгөөд намайг ажлаас хууль бусаар халсан тул намайг Нийслэлийн Ерөнхий Боловсролын О- сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О- сургуулийн хичээлийн 2 дугаар байр 2018 оны 12 сард ашиглалтад орсон. Уг хичээлийн байр дээр ажиллах албан хаагчдыг тухайн хичээлийн байр орших багийн Засаг даргатай зөвшилцөөд амьжиргааны боломжгүй, олон нялх хүүхэдтэй, ажилгүй хүмүүсийн амьжиргааг дэмжих зорилгоор үйлчлэгч, галч нарын орон тоон дээр ажилд авсан. Б.Б-г ам бүл олуулаа, олон нялх хүүхэдтэй гээд ажилд авсан. Энэ хүн 2019 оны 6 сард жинхэнэ ажилтан болсон үеэс хойш ажлын байран дээр гаргаж байгаа зөрчлүүд эхэлсэн. 2019 оны намар 10 сард сахилгын зөрчил гаргаад бүх ажилчдын хурлаар авч хэлэлцээд түүнд сануулах арга хэмжээ авч байсан. 2019 оны 12 сард дахиад зөрчил гаргаж, ажлын байрны дүрэм, журмыг хангахгүй байсан шалтгаанаас болоод удирдлагын зөвлөлийн хурлаар Б.Б-д арга хэмжээ авсан. 2020 он болоход өмнөх гаргасан алдаа дутагдлуудаа засахгүй байсан. Ажлын байран дээрээ байдаггүй, ажлаа орхиж явдаг гэсэн мэдээлэл надад орж ирдэг байсан. Нярав Н.С- энэ тухай надад хэлдэг байсан. Тэгээд яагаад ажил дээрээ байдаггүй вэ гэсэн асуудал яригддаг л байсан болохоос үйлдэл дээр нь харсан, үзсэн нотолгоо байхгүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би хүүхдээ цэцэрлэгээс аваад явж байхад Б.Б- ажлынхаа хувцастай таксинд хүн аваад явж байсан. Тэгээд би үнэхээр явдаг юм байна гэж мэдсэн. Тэгээд тухайн үед хамт гарч байсан жижүүр рүү нь утасдаж Б.Б- байна уу гэж асуухад байхгүй байна, мэдэхгүй гэсэн. Тэгээд утсаар ярьсан талаар лавлагаа гаргасан. Тухайн үед би өөрийн гар утсаараа Б.Б-гийн машины зургийг авсан байгаа. Маргааш нь холбогдох нярав, жижүүрийг дуудаж уулзсан. Өмнө нь хэдэн удаа энэ хүн ийм зөрчил гаргасан бэ гэхэд нилээдгүй хэдэн удаа гэж хэлсэн. Тухайн үед орон нутгийн сонгууль явагдаад манай сургуулийн байранд сонгуулийн байр байрлаж асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй явсаар дараа хэлэлцэх гэтэл акт авч хэлэлцэх боломжгүй хүлээгдэж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа орсон үед нь удирдлагын зөвлөл хуралдаж түүний асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар ажлаас халах болж түүнд тэр өдөр нь мэдэгдэл өгсөн. Ингээд мэдэгдлийн хугацаа дуусмагц 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг удирдлага болгон ажлаас халах тушаал гаргасан. Б.Б-г ажлаас халсан явдал нь хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Ерөнхий боловсролын О- сургуульд холбогдох галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэрч Л.Э-ын мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар нь гэрч Б.Б-ы мэдүүлгээр няцаагддаг. Гэрч Б.Б-ыг нэхэмжлэгчийн төрөл садангийн хүн гэх үндэслэлээр түүний мэдүүлгийг эргэлзээтэй хэмээн үзэж үнэлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Садангийн хүний мэдүүлгийг үнэлэхгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Нэхэмжлэгчийн садан Б.Б-, хариуцагчийн захиргаа удирдлага дор ажилладаг Л.Э- нар адилхан л гэрч. Мэдүүлэг өгч байгаа бусад гэрч нар болох Л.Э-, нярав Н.С-, Х.Энхтайван нар нь хариуцагч байгууллагын ажилтнууд бөгөөд ажил олгогчийн хараа хяналт, эрх мэдэл, удирдлага дор ажилладаг, удирдлагын байр суурийн эсрэг зүйл ярих нь тэдний ажлын байраа хадгалж, цаашид асуудалгүй ажиллах нөхцөл байдалд саад учруулах үр дагавар бий болгох эрсдэл дагуулах учир мэдүүлэг нь туйлын үнэн, эргэлзээгүй гэж үзэхэд учир дутагдалтай. 2 талын хүсэлтээр асуулгасан гэрч нараас нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлгийг төрөл садан гэх үндэслэлээр үнэлэхгүй, хариуцагч талын хүсэлтээр асуулгасан тэдний ажилчдын мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч талаас цагийн бүртгэлийг илт хуурамчаар нөхөж үйлдсэн. Мөн Удирдлагын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч Б.Б-д холбогдох асуудлыг хэлэлцсэн хэмээн хурлын тэмдэглэл ирүүлсэн ч нэхэмжлэгчийг оролцуулаагүй учир хурлын тэмдэглэл бодитой эсэх нь тодорхойгүй. Шүүх галч нарын рапортыг нотлох баримтаар үнэлсэн хэдий ч энэ нь мөн л бүтэн дэвтэр бус нийлүүлж нааж тогтоосон нотлох баримтаар үнэлэх боломжгүй зүйл байсан. Мөн шүүх ... ажилтан Б.Б- нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн галлагааны зуухны хэвийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй, ажлын байраа орхих эрхгүй атлаа таксинд явах, сургуулийн хүүхдээ хүргэж өгөх зэргээр сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан, ёс зүйн хувьд доголдолтой, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хамт олонтой ажиллах харилцааны соёл эзэмшээгүй гэх хариуцагчийн тайлбар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ. Дурьдаад байгаа зөрчлүүд нь гэрч нарын мэдүүлгээс, рапортоос харахад 2020 оны 5 сараас өмнөх асуудлууд гэж дурдагдсан. Рапортын дэвтэрт бичигдсэн гэж шүүх дүгнэж байгаа асуудал нь 2020 оны 1 сарын огноотой тэмдэглэл. Гэрч нарын мэдүүлэг нь зарим нь 2020 оны 5 сараас өмнөх асуудал гэдэг, зарим нь тодорхой хугацаа хэлдэггүй. Хугацаа дурдаагүй асуудлаар намайг буруутгах үндэслэлгүй. Рапортын тэмдэглэл нь ажил олгогчийн мэдэлд, эзэмшилд байсан баримт, гэрч нар ч хариуцагч байгууллагын ажилчид. Нэхэмжлэгч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын байраа орхиж явсан гэдэг нь гэрч Б.Б-ы мэдүүлэг, Монголын цахилгаан холбоо ХК-иас ирүүлсэн албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байгаа. Ажлын байраа орхих эрхгүй атлаа таксинд явах, сургуулийн хүүхдээ хүргэж өгөх зэргээр сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан гэх тухайд таксинд явсан гэдэг нь тогтоогдоогүй, сургуулийн хүүхдээ хүргэж өгсөн тухайгаа нэхэмжлэгч өөрөө хэлсэн бөгөөд энэ нь 2020 оны 5 сараас өмнө болсон асуудал юм. 2019 оны намраас хойш Багануур дүүрэгт ерөнхий боловсролын сургууль хичээллээгүй болох нь нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримт атал шүүх нэхэмжлэгч миний зүгээс 2 жилийн өмнөх асуудлаа ярьж байхад өөрөө шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа хэлсэн хэмээн зөрчилд тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль бус байгаагийн нэг илрэл байна. Миний хувьд улирлын чанартай ажил хийдэг учир 2020 оны 5 сараас хойш ажиллаагүй байж байгаад 2020 оны 9 сард ажилдаа орсон. 2020 оны 9 сараас хойш зөрчил гаргасан эсэх тухай асуудал яригдана гэж ойлгож байна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэсэн тухайд ямар үүрэг даалгавар, хэзээ өгсөн болох, ямар байдлаар биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй байхад ийнхүү дүгнэж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Ёс зүйн хувьд доголдолтой, хамт олонтой ажиллах харилцааны соёл эзэмшээгүй зэрэг асуудал нь нэхэмжлэлийн шаардлага, ажлаас халсан тушаалын үндэслэлд хамаарахгүй юм. Ийм байтал намайг хувь хүний хувьд тодорхойлж, тодорхойлолт үйлдэж байгаа мэт зүйлийг шүүхийн шийдвэрт бичсэнд гомдолтой байна. Нярав Н.С- нь надад цалин олгохдоо буян дааж амьдраарай гэх мэт үг хэлж, надтай дорд байдлаар доромжилж харьцаад, нэмэгдэл цалинг маань зохих ёсоор бодохгүй байхаар нь би үйлдвэрчний эвлэлд гомдол гаргасан юм. Үүнээс хойш зарим албан тушаалтнууд надтай муухай харьцаж, нүд үзүүрлээд байхаар нь би хааяа дургүй хүрч санаж бодож байгаагаа хэлчихдэг байсан. Тэглээ гээд би ажлаа цалгардуулаагүй, өөрийн оногдсон ажлаа чадлаараа хийж байсан. Манай захирал өөрийн хувийн ажлаа амжуулж айл нүүлгэх болохоороо намайг ажлаа хийж байхад дагуулж явдаг атлаа, ажлаа орхисон гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Зөрчил гаргасан гэх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сар 19 хоногийн хугацаа өнгөрсөн байдаг. Хариуцагч байгууллагын төлөөлөгч захирал Ж.Б-э нь нэхэмжлэгч ажлаа орхин таксинд явж байхад нь би өөрийн биеэр зургийг нь авч баталгаажуулсан гэж тайлбарладаг. Тэгвэл ажил олгогч зөрчлийг мэдсэнээс, илрүүлсэн гэж үзсэнээсээ хойш 1 сар 19 хоногийн дараа ажлаас халах тушаал гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Энэ тохиолдолд зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар илүү хугацаа енгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчиж, зөрчлийг илрүүлсэн гэх хугацаанаас хойш 1 сар 19 хоногийн хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах тушаал гаргасан, мөн нэхэмжлэгч Б.Б- нь ажлын байраа орхисон зөрчлийг гаргасан гэдэг нь нотлогдоогүй, хариуцагч талын тайлбарт дурдаж байгаа бусад зөрчлийг гаргасан болох нь мөн нотлогдоогүй, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчил гаргасан гэх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би хувийн машинаар таксинд яваагүй, ажил дээрээ байсан гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б- нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургууль нь нэхэмжлэгч Б.Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан галчаар ажиллуулж байгаад захирлын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогджээ. /хх-ийн 16, 19-р тал/

 

Хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/132 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-д үндсэн цалинг 1 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. /хх-ийн 15-р тал/. Харин нэхэмжлэгч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын цагаар уурын зуухаа орхин, хувийн машинаар таксинд явж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Тодруулбал, хариуцагч байгууллага нь татгалзлаа нотлохоор гэрч Л.Э-, Х.Энхтайван, Н.С- нарыг гэрчээр асуулгаж, сургуулийн камерийн бичлэгт үзлэг хийлгэж, мөн ажлаас чөлөөлөх мэдэгдэл, ажлын цагийн тооцоо, сургуулийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн холбооны салбарын албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргасан боловч дээрх баримтууд нь нэхэмжлэгч Б.Б-г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болохыг эргэлзээгүй нотолсон баримтууд биш байна.

 

Гэрч Х.Энхтайван, Н.С- нар нь тухайн үйл баримтыг тодорхой мэдүүлээгүй, Л.Э- нь ... 17 цагийн үед захирал залгаад галчтай ярья гэсэн, яриулах гээд очиход Б.Б- ажлын байрандаа байгаагүй, ... камераар шүүхэд 16 цаг 30 минутын үед машинаа унаж гараад 17 цаг өнгөрөөгөөд ирсэн гэж мэдүүлсэн бол гэрч Б.Б- ... ах Б.Б-гийн машиныг байнга унаж хэрэглэдэг, ... 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би машиныг нь авсан, ... бичлэг дээр гарч байгаа хүн би мөн гэж өөрөөр мэдүүлсэн байхад анхан шатны шүүх гэрч Л.Э-ын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Б-г зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-ийн 47-48, 92-93-р тал/.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Гэвч хариуцагч байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Б-гийн зөрчлийг илрүүлсэн гэх боловч 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь дээрх хуульд нийцээгүй байна.

 

Хариуцагч нь тайлбартаа ажилтныг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2020 оны 11 сарын 11-ний өдөр өгсөн гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх тухай зохицуулалт нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад хамаарахгүй юм. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сургуулийн удирдлагын зөвлөл хуралдаж, мөн өдөр нэхэмжлэгч Б.Б-д ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн нь ач холбогдолгүй байна. /хх-ийн 67, 77-78-р тал/

 

Иймд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуулийн хичээлийн 2 дугаар байрны галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 4 503 782 төгрөгийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуулиас гаргуулан, нэхэмжлэгч Б.Б-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуульд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлохдоо ажлын байрны тодорхойлолт, эмнэлгийн хуудас, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоол зэргийг харьцуулан дүгнэж, ажилтны нэг сарын дундаж цалинг 467 374 төгрөг, хоногийн цалинг 21 244 төгрөг /467 374 : 22 хоног = 21 244/ гэж үзлээ. Ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдөр хүртэл буюу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 9 сар 14 хоногийн цалин нийт 4 503 782 төгрөг /467 374 х 9 сар = 4 206 366, 21 244 х 14 хоног = 297 416, 4 206 366 + 297 416 = 4 503 782/-ийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуулиас гаргуулан, нэхэмжлэгч Б.Б- олгуулахаар шийдвэрлэсэн болно. /хх-ийн 17-18, 85-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2021/00254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б-г Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуулийн хичээлийн 2 дугаар байрны галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 4 503 782 төгрөгийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуулиас гаргуулан, нэхэмжлэгч Б.Б-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуульд даалгасугай. гэж,

 

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын О- сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 87 010 төгрөг гаргуулан, улсын төсвийн /100200200941/ тоот дансанд оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ