Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1574

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01465 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  “Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ө б” ХХК-д холбогдох

 

Харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 40 736 780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Ө б” ХХК-тай 15/02 тоот харуул хамгаалалтын гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Б т” ХХК-ийн харъяа Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ... худалдааны төвийн барилга байгууламжид /24 цагаар/ өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, 1.3-т хамгаалалтын объект худалдааны төв нь 5600 м.кв талбай бүхий 2 давхар объект, гадуураа төмөр бетонон хашаа бүхий контейнерууд мөн тээврийн хэрэгслүүд байна гэж тус тус заасан. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д ажлын цагаар эд хөрөнгийн эмх цэгц хадгалалтыг өөрсдөө /худалдааны төв/ хариуцах ба валют, мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсээ зориулалтын сэйфэнд хадгалж лацдана гэсний дагуу бид өөрсдийн мөнгийг хадгалж, лацаддаг. Гэвч 2015 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 21.30 цагаас 01.15 цагийн хооронд объектод хулгай орж, тус байранд байсан сейфийг эвдэж, сейфэнд байсан бэлэн мөнгө 40 736 780 төгрөг хулгайд алдагдсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.5, 4.8 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч зөрчсөн. Бид “Ө б” ХХК-ийн захиралтай уулзахад үйл ажиллагааны онцлог, боломж зэргийг харгалзан үзэж, тохиролцохыг хичээж, хохирлыг бүрэн төлж барагдуулах тухай хэд хэдэн хувилбарыг санал болгосон ч хүлээж аваагүйгээр зогсохгүй, харуул хамгаалалтын гэрээний 6.1-д заасныг зөрчиж хамгаалагч нараа татаж, объект худалдааны төвийг хаяж, хэл сураггүй алга болсон. Үүний хамт хулгайч объектод 4 цаг бэлэн мөнгөний сейфийг төмөр лоомоор цохиж, нүдэж байхад сонсоогүй, гэрэлтүүлэг ашигласан зэрэг үйлдэл гаргаж байхад мэдээгүй, сонор сэрэмжгүй ажиллаж их хэмжээний мөнгө алдагдуулсанд гомдолтой байна.

Гэрээний 5.5-д объектод орой 18.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд хулгай гарсан тохиолдолд харуул хамгаалалтын алба учирсан хохирлыг үл маргах журмаар бүрэн хариуцна гэж заасны дагуу учирсан хохирлыг төлж барагдуулаач хэмээн удаа дараа шаардсан. Бид “Ө б” ХХК-д хүндэтгэлтэй хандаж, дээрх хохирлыг бүгдийг төлж барагдуул гэж шаардалгүйгээр зөвхөн сейфэнд байсан бэлэн мөнгө 40 736 780 төгрөгийг төлж барагдуулаач хэмээн удаа дараа шаардаж, уулзах гэхэд зугтаж, утсаа авахгүй байх үйлдлийг гаргаж байгаа тул “Ө б” ХХК-аас 40 736 780 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүх хэлэлцээд доорх гол 2 асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Үүнд: нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн хохирлыг тогтоосныг бодитой гэж дүгнэхэд учир дутагдалтай, нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг хадгалахтай холбоотой харилцааг хэрхэн зохицуулсан мөнгөн хөрөнгийн хадгалалт хамгаалалтын үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн. Тус компанийн мөнгөний сейф захирлын үүдний энгийн өрөөнд ямар ч хамгаалалтгүй, сейф байдаг тухайгаа хамгаалалтынханд хэлж мэдэгдэлгүй явж ирсэн нь үнэт цаас валют хадгалах журам зөрчсөн. Тус сейфэнд 40 сая төгрөг хадгалагдаж байсан гэдэг нь зөвхөн тэдний түрээслэгчдээс хүлээн авсан гэх мөнгөний баримт төдийгөөр нотлогдохгүй гэж үзэж байна. Энэ хугацаанд гүйлгээ хийгдсэн байгааг анхаарах, учир нь энэ хэргийг мөрдөн шалгасан эрүүгийн хэрэгт өнөөг хүртэл бодит хохирлыг тогтоож чадаагүй. Манай харуул хамгаалалтын алба хаагч нар нь гэрээний дагуу худалдааны төвийн хойшоо харсан хаалганы лац ломбыг хүлээж авч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Түүнээс гэрээ байгуулан ажиллах бүхий л хугацаанд хүлээж авч байгаагүй, тийм үүрэг ч бид гэрээгээр хүлээгээгүй.

Магадлалаар маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ заалт нь хамгаалалтын гэрээний ач холбогдол, үр дагаврыг оновчтой тодорхойлсон тодорхойлолт юм. “Нэйшнл катеринг сервис” ХХК-тай 2012 оноос, “Б т” ХХК-тай 2014 оноос үргэлжлүүлэн “Өнөрбүрэн” ХХК харуул хамгаалалтын гэрээтэй ажиллаж ирсэн. “Нэйшнл катеринг сервис” ХХК-тай анх гэрээ байгуулахад Тэх зах урд талаараа хашаатай, хашааны зүүн талд нь “Я” ХХК-ийн харуулын байртай, том хаалгатай харуул нь тусдаа хяналт тавьдаг байсан. Тэх захын зүүн урд талд сахиул айл /2 нохойтой/ байсан нь манайхыг анх хамгаалалтын нэг пост байгуулах боломжтой, тэдний харуул сахиул нь орчноо харж хамгаалдаг тул манай хамгаалагч нарт анхнаасаа хамааралгүй явж ирсэн юм. Иймээс манай хамгаалалтын алба нь Тэх захын хашааны үүднээс харуул сахиулын хамгаалдаггүй газруудыг хамгаалж ирсэн.

Энэ хашаанд “Нэйшнл катеринг сервис” ХХК, одоо “Б т” ХХК, “Я” ХХК байрладаг байсан тул ам хэлцлээр “Я” ХХК-ийн төв байрыг Тэх захтай залгаа баруун тийшээ харсан гэрээнд ороогүй ч давхар хариуцаж байсан. “Б т” ХХК, “Я” ХХК тусдаа корпустай залгаа байрлалтай. “Я” ХХК баруун тийшээ харсан хаалгатай 2 давхар оффис “Б т” ХХК хойшоо ертөнцийн зүгээр харсан хаалгатай 2 давхар оффис худалдааны том төв юм. Талуудын хооронд байгуулагдсан харуул хамгаалалтын гэрээнд Тэх худалдааны төв нь 5600 м.кв талбай бүхий 2 давхар обьект, гадуураа төмөр, бетонон хашаа бүхий контейнерууд, мөн тээврийн хэрэгслүүд байна. Энэ нь бүх обьектын хэмжээгээ бичсэн, манай хамгаалдаггүй BIG худалдааны төвийн өөрсдийн хамгаалалт бүхий ар талыг хамруулсан ба ам хэлцэл итгэл найдвараар 4 жил хамгаалж ирсэн “Я” ХХК-ийн 2 давхар оффисын урд нүүрэн тал ч манай хамгаалалтанд гэрээгүй орж байгаа. Бид анхнаасаа гэрээг дутуу дулимаг буруу хийснийг шүүх анхаарна гэдэгт найдаж байна. “Я” ХХК 2014 онд хашаагаа хойш нь татаж харуулын байраа буулгаж Тэх захын нүүрэн тал задгай болсны зэрэгцээ “Нэйшнл катеринг сервис” ХХК, Тэх захын удирдлага солигдож “Б т” ХХК болсон тул шинэ удирдлагад нь дээрх байдлыг танилцуулж нэмэлт хамгаалалтын асуудал удаа дараа албан бичгээр тавьж ирсэн.

2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 тоот албан бичгээр “Б т” ХХК-д танай байгууллагатай урьд нь хийсэн гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж хамгаалалтын ажилд хүндрэл учирч байна, Тэх захын одоо BIG барилгын материалын худалдааны төв хойд талын хашааг өөр байгууллагатай нэгтгэсний зэрэгцээ зүүн хойд талд байсан “Я” ХХК-ийн хамгаалагчдын ажлын байрыг буулгаж ар тал үндсэндээ эзэнгүй болоод байна, Тэх захын ар талын шилэн хаалга цонхонд бэхэлгээ байхгүй нь хулгай гарах нөхцөл боломжтойг урьд нь бид анхааруулж байсан. Ойрын хугацаанд захын хойд талд хамгаалалтын 1 пост нэмэх талаар арга хэмжээ авч хариу мэдэгдэх, хамгаалалтыг сайжруулах тухай саналыг хэрэгжүүлээгүйгээс хулгай гарсан нөхцөлд хамгаалагч нар хариуцлага хүлээх боломжгүйг анхааруулсан. Уг саналын хариуд “Б т” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 62/14 тоот албан бичгээр Тэх-1, Тэх-2 худалдааны төвийг нэгтгэснээр хойд хашаа задгай боловч Тэх-2 худалдааны төв тусдаа харуул хамгаалалттай учир танай хамгаалалтын ажилд ямар нэгэн хүндрэл учруулахгүй, та бүхэн урьдын адил хамтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, дээр дурдсан арын задгай хэсгийг хариуцсан тусдаа харуул хамгаалалт ажиллаж байгаа учраас танайтай байгуулсан 14/02 тоот гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэ гэсэн хариуг манайд албан ёсоор өгсөн. Энэ албан ёсны хариу нь хулгай гарсан газар орчны объектын харуул хамгаалалт манай компанид хамаарахгүй болохыг баталж байна. 2014 онд “Б т” ХХК-ийн BIG барилгын материалын худалдааны төв байгуулж урд нь байсан захын үйл ажиллагаа өргөжсөн. Хашааны үүднээс эхлээд зүүн тийш худалдаачдын 58 контейнер /өдөр бүр онгойдог/ “Я” ХХК-ийн контор залгаад BIG барилгын материалын худалдааны төв байрладаг юм. Манай алба хаагч Ц.Загдаа 2015 оны 11 дүгээр сарын 05-нд ажил үүрэг гүйцэтгэж “Б т” ХХК-ийн баруун талын хаалганы дэргэд байгаа ажлын байрнаасаа зүүн тийш хариуцах ёстой 300 гаруй метр газрыг шөнийн цагаар эргэж шалгаж байнга ажиглаж ямар нэгэн сэжигтэй үйлдэл хөдөлгөөн гараагүй тухай төвдөө цаг тутамд мэдээ өгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан.

Гэвч 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө BIG барилгын материалын худалдааны төвийн ажилтан төв хаалганы лац ломбоо бүрэн хүлээн авч ороход нь хулгай гарсныг мэдсэн. Энэ нь манай байгууллагын гэрээ бүхий газар орчноор бус гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу хүлээж аваагүй бусдын эзэмшил “Б т” ХХК-ийн өөрсдийнх нь хамгаалалт бүхий газраар, ар талаар нэвтэрсэн этгээдүүд хулгай хийсэн тул гэрээний тодорхой заалт болон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хулгайн улмаас гарсан гэх хохирлыг бид барагдуулах үндэслэлгүй байна.

“Б т” ХХК хулгайч нар малгайны гэрэлтэй байсан, сейф нүдсэн дуу чимээ сонсоогүй гэдэг. Гэрлийн тухайд хашаан доторх худалдааны төвийн ар талын гудамжны гэрэл цонхоор нэвт тусч дотор гэрэл гэгээтэй байсан ба хулгайн гэмт хэргийг урьдаас судалж санаатай үйлдэж байгаа этгээдүүд дуу чимээ гаргахаас аль болохоор болгоомжилж сейфийг газдаж, нүдэж биш хөшиж онгойлгосон байдаг. Нэхэмжлэгч бидний хамгаалдаггүй газраар хулгай орсныг хүлээн зөвшөөрч зөвхөн гэрэл хараагүй дуу чимээ сонсоогүй л гэж буруутгах үндэслэлээ болгож байгаа нь ажил мэргэжил хууль зүйн хувьд хүлээн авах боломжгүй. Ер нь ар талд манай харуул хамгаалалтын алба хаагч ажиллаж байсан бол 1 давхраар дэргэдүүрээ явж байсан хүмүүсийг харах тэр давхрын цонх онгойлгож байхад дуу чимээг нь сонсох байсан. Хулгай гарсан асуудал нь урьдаас судалсан этгээдүүд харуул хамгаалалт муутай газар орчноор өөр хоёр байгууллагын хашаа хамгаалалт давж дамжиж манай хамгаалладаггүй газраар халдлага үйлдсэн нь тодорхой байна.

“Өнөрбүрэн” ХХК-ийн захирал би анх гэрээ байгуулсан үеэс бодит байдлыг 4 жилийн хугацаанд мэдэхийн хувьд тусдаа хамгаалалттай байсан тэр орчноор нэг ч удаа орж үзээгүй шалгах тухай харуул хамгаалалтын алба хаагч нарт үүрэг өгч байгаагүй, зураг үзүүлж зааж өгсөн гэх асуудал байхгүйг шүүх хурал дээр хэлсэн. Уг нь бид нарын удаа дараагийн санал шаардлагыг тэд хүлээн авсан бол тэр орчмоор хулгай гарахгүй байх байсан. Гэрээний 3.2-т заасан заалтаа “Б т” ХХК биелүүлээгүй. Хамгаалалтын ажил нөхцлийг сайжруулах, хамгаалалтын байранд хяналтын камер тавьж өгөхийг удаа дараа хүсч гуйж байхад үл тоож байсан. Хулгай гарсан үед камер байсан бол хулгайчдыг илрүүлэхэд өндөр ач холбогдолтой байлаа. Энэ байдлаа “Б т” ХХК-ийн удирдлага ойлгож бид нарт хоёр тал буруутай тул гарсан хохирлоо 2 хуваая, танайх 20 000 000 төгрөг одоогийн төсөвт зардлынхаа 50 хувиар cap бүр суутгуулж барагдуулаач гэсэн хүсэлт тавьсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ өдөр бүр хариуцан ажилладаг, тухайн орчиндоо бүрэн гүйцэтгэсэн тул энэ хүсэлтийг бид хүлээж аваагүй. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн Ц.Загдаа тэдний хамгаалалтын хашаа байраар нэг ч удаа ороогүй, харин тэр өдөр харуул н.Хуягаа нь манай хамгаалалтын байранд орж ирж байсан гэж байгаа. Энэ талаар тэд бас л худлаа ярьсан. Хулгай гарсан тэр өдөр хүртэл харуул хамгаалалтын алба хаагчдын тухай албан тоот ирсэн надад ярьсан асуудал байхгүйг хариу албан тоотондоо дурдсан. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд хамгаалж байгаа эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон санал үйлчлүүлэгчид тавих, хамгаалах эд хөрөнгө обьект нь гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол хүлээн авахаас татгалзах гэсэн заалтыг үндэслэж “Б т” ХХК-ийн удирдлагад удаа дараа санал хүсэлт тавьсан боловч хүлээж авахгүй гэрээгээ зөрчиж байгаа тул хамгаалалтын постоо буулгаж харуул хамгаалалтын алба хаагчдаа татаж авах албан тоот өгч хамгаалалтаа буулгасан. Харуул хамгаалалтын гэрээний 5.3-т гэрээлэгч 2 тал аливаа маргаантай асуудалд хүндэтгэлтэй хандаж эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх ба эс тохиролцвол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэнэ гэсэн заалтыг бид баримтлах болно гэж албан тоотдоо дурдаад байгууллага хаягтаа байгаа ба надтай нэг ч хүн яриагүй гэдгийг давтан хэлье. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө бХХК-аас 20 368 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20 368 390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө б ХХК-аас 259 792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан тул 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/01465 тоот шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдаж байна.

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх худалдааны төвд очиж хариуцагчийн хамгаалдаггүй газар орчноор “Ялгуулсан” ХХК-ийн хашаагаар орж ард талаар нь тойрон “Б т” ХХК-ийн нэг давхар гараашийн дээгүүр хулгайч нар явж аврин хойшоо харсан хоёр давхрын цонхоор орсоныг заалгаж зургийг нь авч батлагаажуулсан тул шүүхийн шийдвэртээ өөр этгээдийн хууль ёсны эзэмшилд байгаа нөхцөлд уг газарт хариуцагчийг харуул хамгаалалт гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй болно гэж үнэн бодит дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч өөрсдийн харуулынхаа хажуугаар хулгайч нар орж хулгайн гэмт хэрэг өдүүлсэнийг манайд хүчээр хамааруулах гээд байгааг үндэслэлгүй болохыг дахин баталсан. Би шүүхэд анхнаасаа гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдөж энэ тухай албан тоотоор амаар удаа дараа шаардсаны зэрэгцээ гэрээний 5600 м.кв газар гэдгийг хоёр тал нягтлалгүй гэрээ үргэжлүүлж хийсэн буруутай болохыг хэлээд байгаа юм.

2. “Ө б” ХХК, “Нэйшнел катеринг сервис” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ээс гэрээ байгуулж үргэжлүүлээд “Б т” ХХК-тай /ах дүү нартай/ хамтарч ажилласан. Энэ хугацаанд “Нэйшнел катеринг сервис” ХХК-тай хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийлж захын үйл ажиллагаа өргөжсөн тул зах дотроо харуул хамгаалалтын ажилтан нэмж авах хүсэлтээ албан бичгээр тавьж байв. Энэ бичгнүүд эхээрээ байгаа.

Харин “Б т” ХХК гэрээг үргэлжлүүлэн авч ажилласнаас хойш захын үйл ажиллагаа өргөжиж хэд дахин нэмэгдсэн. Иймээс хамгаалалт нэмэх тухай хүсэлтээ удаа дараа гаргасан.

3. Энэ тухайд “Ө б” ХХК, “Б т” ХХК-нд 2014 оны 09 дүгээр сарын 24-нд 20 тоот албан бичиг “Б т” ХХК-ийн хариу 14 тоот албан бичигт дурдсан асуудал хулгай гарсан нөхцөл байдал манай компанид хамааралгүй болохыг давхар баталж өгсөн гол баримт бичиг байгаа. Гэвч энэ баримтыг шүүгч Г.Золзаяа нотлох баримтыг шаардлага хангаагүй учир шүүх үнэлээгүй гэж дурьдсанд үнэхээр гайхаж харамсаж байна. Шүүх дээр байгаа хэрэгт авагдсан материалуудад манай байгууллагаас тухай бүр нотлох баримтаа гаргаж өгсөн ба зарим баримтууд нь байхгүй байгаа юм.

Шүүх дээр энэ оны эхний хагас жилд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хурал удаа дараа хойшилж байсан ба дээрх албан тоотуудын хуулбаруудыг нь олон удаагийн шүүх хуралд баримт болгон өгч байсан. Гэхдээ анх албан тоотуудыг шүүхийн шаардлага хангаж хүлээж авсан болохыг тайлбарлаж байсан. Хэрэгт дээрх хоёр албан бичгийг БГД-ийн нотариат 229 н.Мандалсүрэн баталгаажуулсан нь эхээрээ байгаа. Үүнийг шүүхийн шийдвэр хүлээж авахдаа 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үзэж баримтжуулж авлаа. Хэрвээ нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа бол хариуцагч, нэхэмжлэгч хоёр байгууллагын харилцсан албан тоотууд учир шүүхээс шаардаж “Б т” ХХК-аас гаргуулж авч болох байлаа.

“Ө б” ХХК-ийн харуул хамгаалалтын алба хаагч Ц.Загдаа 2015 оны 11 дүгээр сарын 05, 06-нд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа нэхэмжлэгчийн баруун талын хаалганы дэргэд байгаа ажлын байрнаасаа зүүн тийш хариуцах ёстой албан ёсоор хүлээж авсан 300 гаруй метр газрыг өдөр, шөнийн цагаар эргэж шалгаж байнга ажиглаж ямар нэгэн сэжигтэй үйлдэл хөдөлгөөн гараагүй тухай төвдөө цаг тутамд мэдээ өгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Гэвч 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө тус худалдааны төвийн ажилтан Н.Алтансүх төв хаалганы лац ломбоо бүрэн хүлээн авч ороход нь хулгай гарсан байсан.

Манай байгууллагын гэрээ бүхий газар орчноор бус гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу хүлээж аваагүй бусдын эзэмшил газарт өөрсдийнх нь хамгаалалт бүхий газраар ар талаар нь нэвтэрсэн этгээдүүд хулгай хийж гарсан тул гэрээний тодорхой заалт болон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хулгайн улмаас гарсан гэх хохирлыг бид барагдуулах үндэслэлгүй гэж маргаж байгаа юм. Бид холбогдох байгууллагуудаар дүгнэлт гаргуулах боломжгүй бол шүүх өөрөө үзлэг хийж өгөх талаар хүсэлт гаргасан. Ц.Загдаа нь худалдааны төвийн урд талаар эргэж цонх, хаалга үүдээ шалгачихаад хамгаалалтын байрнаасаа ажиглаж байсан. Энэ обьект бол том обьект юм.

“Б т” ХХК-ийн барилгын баруун талаас зүүн талд нь гарчихаад хашааны үүдэнд очиж байгаа харуул хамгаалалтын алба хаагчийн ачааллыг харсан шүүгч худалдааны төвийн том танхим дотор харуул хонодоггүй юм уу камер хаана тавигдаж байсныг асууж байсан. Бид Харуул хамгаалалтын хуулийн 15.1.1-д заасныг бүрэн хэрэгжүүлж ажилласан тул нэхэмжлэлийг хүлээж авах хууль эрх зүйн болон ажил мэргэжлийн ямар ч үндэслэлгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа. Нэхэмжлэлд манай компанийн харуул хамгаалалтын алба хаагч хүлээж авсан орчноор хулгай халдлага болсон тухай нэг ч үг байхгүй ерөнхийдөө гэрээний 5600 м.кв талбай бүхий 2 давхар обьектыг хариуцна гэсэн заалтыг л хамааруулж хандаад байгаа юм. Энэ талбайн нэлээд хэсэг нь “Я” ХХК-ийн байршилд хамаарагдаж байгаа. Бид 2012 онд анх гэрээ хийхэд “Я” ХХК-ийн харуул 5600 м.кв талбайн урд талын хэсэгт манай харуул хамгаалалтын алба хаагч баруун хэсэгт байрладаг байсан. “Б т” ХХК-тай 2014 оноос гэрээ үргэлжлүүлэн хийж “Б т” ХХК, “Ялгуулсан” ХХК өөрсдөө хариуцаж байсан харуулаа хойш нь татаж 5600 м.кв талбайн хамгаалалтанд өөрчлөлт орсныг бид нарийвчлан тогтоож гэрээнд тодорхой заагаагүй тухайн үед гэрээнд тодотгол хийгээгүй буруутай байдал харагдаж байна. “Б т” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ үргэлжлүүлэн хийхдээ 2 тал нарийвчилан м.кв-ийг зааж өгөөгүйг хуучин гэрээний 5600 м.кв-ыг ашиглан нэхэмжлэгчийн хандаж байгааг шүүх анхаарна гэдэгт найдаж байна.

Шүүх хуралдаанд шүүгчийн асуултанд “Б т” ХХК харуулын байранд камер тавьж өгсөн гэж улаан цайм худлаа ярихад нь би камер тавьж өгөхийг хүссэн албан бичгээ уншиж камер тавьж өгөөгүйг хэлсэн.

“Б т” ХХК-д орсон хулгайч нар урьдаас сайн судалж манай харуул хамгаалалтын алба хаагч нар хариуцлагатай ажилладаг тул ар талаар нь тусгай хамгаалалт бүхий өөр албан газраар дамжиж “Б т” ХХК, “Я” ХХК-ийн өөрсдийнх нь хамгаалалттай газраар орсон хулгайн хэрэг хоёр газраар дамжин гарсан нь батлагдсан. Монгол банк компанийн мөнгөний сейф захирлын үүдний өрөөнд ямар ч хамгаалалтгүй байсан нь дээрх журмуудын кассын өрөө тасалгаа нь бусдаас тусгаарлагдсан хамгаалагдсан байх харуул хамгаалалтын ажилтантай хүлээлцэж байх тухай заалтуудыг зөрчсөн гэжээ. Тус компанийн сейфэнд 40 736 780 төгрөг байсан эсэх нь ч бас эргэлзээтэй.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул “Б т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Б т” ХХК нь хариуцагч “Ө б” ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 40 736 780 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15/02 тоот харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах Тэх барилгын материалын худалдааны төвийн 5600 м.кв талбай бүхий 2 давхар объект, гадуураа төмөр бетонон хашаа бүхий контейнерүүд, тээврийн хэрэгслүүдийг 24 цагаар хамгаалах, нэхэмжлэгч нь ажлын хөлсөд нэг хамгаалагчид 650 000 төгрөг, сард нийт 1 950 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 1 дэх хавтас 35-39 дүгээр тал/

 

Харуул хамгаалалтын гэрээнд заасан объектод 2015 оны 11 дүгээр сарын 05-наас 06-ны шилжих шөнө хулгай орж, нэхэмжлэгч компанийн сейфийг эвдсэн үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоор байцаасан тэмдэглэл, сейфний фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд уг эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр Баянгол дүүргийн прокурорын газрын Прокурорын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 337 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 71, 206, 215-223, 225 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээслэгч нараас хүлээн авсан түрээсийн төлбөр 40 736 780 төгрөг сейфэнд байсныг хулгайд алдсан гэж тайлбарласан ба дээрх эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолд энэ талаар дурджээ. /хэргийн 1 дэх хавтас 206 дугаар тал/ Нэхэмжлэгчийн сейфэнд дээрх хэмжээний мөнгө тухайн үед байсан нь 2015 оны санхүүгийн, кассын орлогын ордер, түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээ, нэмэгдсэн өртөгийн орлогын албан татварын падаан зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсан нь үндэслэлтэй байна. Тухайн баримтууд нь маргааны зүйл болох хулгайн гэмт хэрэг гарсан цаг үе болон алдсан мөнгөний хэмжээтэй тохирч байгаагаас гадна бичгийн болон санхүүгийн бүртгэлийн баримтын шаардлага хангажээ.  

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т хамгаалалтын объектыг Тэх худалдааны төв 5600 м.кв талбай бүхий 2 давхар объект, гадуураа төмөр бетонон хашаа бүхий контейнерууд, мөн тээврийн хэрэгслүүд гэж тодорхойлсон ба хэрэгт авагдсан хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар объектын урд хэсгийн 1 дүгээр давхрын дээвэр дээгүүр дамжин 2 дугаар давхрын цонхоор хулгай хийсэн этгээд нэвтэрсэн байж болзошгүй талаар тусгагдсан байна. /хэргийн 1 дэх хавтас 217 дугаар тал/

 

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн 2 давхар объектыг бүхэлд нь хамгаалах үүрэг өөртөө хүлээсэн ч объектын урд хэсэг буюу хулгайн халдлагад өртсөн хэсэгт харуул хамгаалалт бүрэн гүйцэтгэх боломж хязгаарлагдмал байсан талаар шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагджээ.

 

Мөн нэхэмжлэгч “Б т” ХХК нь ажлын цаг дуусмагц өдөр бүр обьектын лацны дугаарыг харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэхээр, хариуцагч “Ө б” ХХК нь обьектын өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтад байнга хяналт тавьж объектыг хариуцагчаас нь лац лобоор хүлээн авч, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэдий ч талууд хэн аль нь дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул талуудын хэн алины буруугаас болж нэхэмжлэгчийн обьектод хулгай орсон гэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлоос 20 368 390 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг хамгаалалтын ажилтнуудыг ажиллах нөхцөл нь бүрдсэн байраар хангаж, объектын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үйлчлүүлэгчийн үүргийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч А.Дамбадаржаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

 

                                                   С.ЭНХТӨР