Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01826

 

 “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01465 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1574 дүгээр магадлалтай    

            “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Ө ” ХХК-д холбогдох

         Харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 40,736,780.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн төлөөлөгч А.Дамбадаржаа, түүний өмгөөлөгч Ш.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2015 оны 03 сарын 01-ний өдөр “Ө ” ХХК-тай 15/02 тоот харуул хамгаалалтын гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т “Б ” ХХК-ийн харъяа Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ... худалдааны төвийн барилга байгууламжид /24 цагаар/ өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, 1.3-т хамгаалалтын объект худалдааны төв нь 5600 м.кв талбай бүхий 2 давхар объект, гадуураа төмөр бетонон хашаа бүхий контейнерууд мөн тээврийн хэрэгслүүд байна гэж тус тус заасан. Мөн гэрээний 3.5-д ажлын цагаар эд хөрөнгийн эмх цэгц хадгалалтыг өөрсдөө /худалдааны төв/ хариуцах ба валют, мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсээ зориулалтын сейфэнд хадгалж лацадна гэсний дагуу бид өөрсдийн мөнгийг хадгалж, лацаддаг. Гэвч 2015 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 21.30 цагаас 01.15 цагийн хооронд объектод хулгай орж, тус байранд байсан сейфийг эвдэж, сейфэнд байсан бэлэн мөнгө 40,736,780 төгрөг хулгайд алдагдсан. Гэрээний 4.3, 4.4, 4.5, 4.8 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч зөрчсөн. Бид “Ө ” ХХК-ийн захиралтай уулзахад үйл ажиллагааны онцлог, боломж зэргийг харгалзан үзэж, тохиролцохыг хичээж, хохирлыг бүрэн төлж барагдуулах тухай хэд хэдэн хувилбарыг санал болгосон ч хүлээж аваагүйгээр зогсохгүй, харуул хамгаалалтын гэрээний 6.1-д заасныг зөрчиж хамгаалагч нараа татаж, объект худалдааны төвийг хаяж, хэл сураггүй алга болсон. Үүний хамт хулгайч объектод 4 цаг бэлэн мөнгөний сейфийг төмөр лоомоор цохиж, нүдэж байхад сонсоогүй, гэрэлтүүлэг ашигласан зэрэг үйлдэл гаргаж байхад мэдээгүй, сонор сэрэмжгүй ажиллаж их хэмжээний мөнгө алдагдуулсанд гомдолтой байна. Гэрээний 5.5-д объектод орой 18.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд хулгай гарсан тохиолдолд харуул хамгаалалтын алба учирсан хохирлыг үл маргах журмаар бүрэн хариуцна гэж заасны дагуу учирсан хохирлыг төлж барагдуулаач хэмээн удаа дараа шаардсан. Бид “Ө ” ХХК-д хүндэтгэлтэй хандаж, дээрх хохирлыг бүгдийг төлж барагдуул гэж шаардалгүйгээр зөвхөн сейфэнд байсан бэлэн мөнгө 40,736,780 төгрөгийг төлж барагдуулаач гэхэд зугтаж, утсаа авахгүй байх үйлдлийг гаргаж байгаа тул “Ө ” ХХК-аас 40,736,780 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүх хэлэлцээд доорх гол 2 асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Үүнд: нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн хохирлыг тогтоосныг бодитой гэж дүгнэхэд учир дутагдалтай, нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг хадгалахтай холбоотой харилцааг хэрхэн зохицуулсан мөнгөн хөрөнгийн хадгалалт хамгаалалтын үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн. Тус компанийн мөнгөний сейф захирлын үүдний энгийн өрөөнд ямар ч хамгаалалтгүй, сейф байдаг тухайгаа хамгаалалтынханд хэлж мэдэгдэлгүй явж ирсэн нь үнэт цаас валют хадгалах журам зөрчсөн. Тус сейфэнд 40 сая төгрөг хадгалагдаж байсан гэдэг нь зөвхөн тэдний түрээслэгчдээс хүлээн авсан гэх мөнгөний баримт төдийгөөр нотлогдохгүй гэж үзэж байна. Энэ хугацаанд гүйлгээ хийгдсэн байгааг анхаарах, учир нь энэ хэргийг мөрдөн шалгасан эрүүгийн хэрэгт өнөөг хүртэл бодит хохирлыг тогтоож чадаагүй. Манай харуул хамгаалалтын алба хаагч нар нь гэрээний дагуу худалдааны төвийн хойшоо харсан хаалганы лац ломбыг хүлээж авч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Түүнээс гэрээ байгуулан ажиллах бүхий л хугацаанд хүлээж авч байгаагүй, тийм үүрэг ч бид гэрээгээр хүлээгээгүй. Магадлалаар маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ заалт нь хамгаалалтын гэрээний ач холбогдол, үр дагаврыг оновчтой тодорхойлсон тодорхойлолт юм. “Нэйшнл катеринг сервис” ХХК-тай 2012 оноос, “Б ” ХХК-тай 2014 оноос үргэлжлүүлэн “Ө ” ХХК харуул хамгаалалтын гэрээтэй ажиллаж ирсэн. “Нэйшнл катеринг сервис” ХХК-тай анх гэрээ байгуулахад Тэх зах урд талаараа хашаатай, хашааны зүүн талд нь “Ялгуусан” ХХК-ийн харуулын байртай, том хаалгатай харуул нь тусдаа хяналт тавьдаг байсан. Тэх захын зүүн урд талд сахиул айл /2 нохойтой/ байсан нь манайхыг анх хамгаалалтын нэг пост байгуулах боломжтой, тэдний харуул сахиул нь орчноо харж хамгаалдаг тул манай хамгаалагч нарт анхнаасаа хамааралгүй явж ирсэн юм. Иймээс манай хамгаалалтын алба нь Тэх захын хашааны үүднээс харуул сахиулын хамгаалдаггүй газруудыг хамгаалж ирсэн. Энэ хашаанд “Нэйшнл катеринг сервис” ХХК, одоо “Б ” ХХК, “Ялгуусан” ХХК байрладаг байсан тул ам хэлцлээр “Ялгуусан” ХХК-ийн төв байрыг Тэх захтай залгаа баруун тийшээ харсан гэрээнд ороогүй ч давхар хариуцаж байсан. “Б ” ХХК, “Ялгуусан” ХХК тусдаа корпустай залгаа байрлалтай. “Ялгуусан” ХХК баруун тийшээ харсан хаалгатай 2 давхар оффис “Б ” ХХК хойшоо ертөнцийн зүгээр харсан хаалгатай 2 давхар оффис худалдааны том төв юм. Талуудын хооронд байгуулагдсан харуул хамгаалалтын гэрээнд Тэх худалдааны төв нь 5600 м.кв талбай бүхий 2 давхар обьект, гадуураа төмөр, бетонон хашаа бүхий контейнерууд, мөн тээврийн хэрэгслүүд байна. Энэ нь бүх объектын хэмжээгээ бичсэн, манай хамгаалдаггүй BIG худалдааны төвийн өөрсдийн хамгаалалт бүхий ар талыг хамруулсан ба ам хэлцэл итгэл найдвараар 4 жил хамгаалж ирсэн “Ялгуусан” ХХК-ийн 2 давхар оффисын урд нүүрэн тал ч манай хамгаалалтад гэрээгүй орж байгаа. Бид анхнаасаа гэрээг дутуу дулимаг буруу хийснийг шүүх анхаарна гэдэгт найдаж байна. “Ялгуусан” ХХК 2014 онд хашаагаа хойш нь татаж харуулын байраа буулгаж Тэх захын нүүрэн тал задгай болсны зэрэгцээ “Нэйшнл катеринг сервис” ХХК, Тэх захын удирдлага солигдож “Б ” ХХК болсон тул шинэ удирдлагад нь дээрх байдлыг танилцуулж нэмэлт хамгаалалтын асуудал удаа дараа албан бичгээр тавьж ирсэн. 2014 оны 09 сарын 22-ны өдрийн 20 тоот албан бичгээр “Б ” ХХК-д танай байгууллагатай урьд нь хийсэн гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж хамгаалалтын ажилд хүндрэл учирч байна, Тэх захын одоо BIG барилгын материалын худалдааны төв хойд талын хашааг өөр байгууллагатай нэгтгэсний зэрэгцээ зүүн хойд талд байсан “Ялгуусан” ХХК-ийн хамгаалагчдын ажлын байрыг буулгаж ар тал үндсэндээ эзэнгүй болоод байна, Тэх захын ар талын шилэн хаалга цонхонд бэхэлгээ байхгүй нь хулгай гарах нөхцөл боломжтойг урьд нь бид анхааруулж байсан. Ойрын хугацаанд захын хойд талд хамгаалалтын 1 пост нэмэх талаар арга хэмжээ авч хариу мэдэгдэх, хамгаалалтыг сайжруулах тухай саналыг хэрэгжүүлээгүйгээс хулгай гарсан нөхцөлд хамгаалагч нар хариуцлага хүлээх боломжгүйг анхааруулсан. Уг саналын хариуд “Б ” ХХК нь 2014 оны 09 сарын 23-ны өдөр 62/14 тоот албан бичгээр Тэх-1, Тэх-2 худалдааны төвийг нэгтгэснээр хойд хашаа задгай боловч Тэх-2 худалдааны төв тусдаа харуул хамгаалалттай учир танай хамгаалалтын ажилд ямар нэгэн хүндрэл учруулахгүй, та бүхэн урьдын адил хамтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, дээр дурдсан арын задгай хэсгийг хариуцсан тусдаа харуул хамгаалалт ажиллаж байгаа учраас танайтай байгуулсан 14/02 тоот гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэ гэсэн хариуг манайд албан ёсоор өгсөн. Энэ албан ёсны хариу нь хулгай гарсан газар орчны объектын харуул хамгаалалт манай компанид хамаарахгүй болохыг баталж байна. 2014 онд “Б ” ХХК-ийн BIG барилгын материалын худалдааны төв байгуулж урд нь байсан захын үйл ажиллагаа өргөжсөн. Хашааны үүднээс эхлээд зүүн тийш худалдаачдын 58 контейнер “Ялгуусан” ХХК-ийн контор залгаад BIG барилгын материалын худалдааны төв байрладаг юм. Манай алба хаагч Ц.Загдаа 2015 оны 11 сарын 05-нд ажил үүрэг гүйцэтгэж “Б ” ХХК-ийн баруун талын хаалганы дэргэд байгаа ажлын байрнаасаа зүүн тийш хариуцах ёстой 300 гаруй метр газрыг шөнийн цагаар эргэж шалгаж байнга ажиглаж ямар нэгэн сэжигтэй үйлдэл хөдөлгөөн гараагүй тухай төвдөө цаг тутамд мэдээ өгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Гэвч 2015 оны 11 сарын 06-ны өглөө BIG барилгын материалын худалдааны төвийн ажилтан төв хаалганы лац ломбоо бүрэн хүлээн авч ороход нь хулгай гарсныг мэдсэн. Энэ нь манай байгууллагын гэрээ бүхий газар орчноор бус гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу хүлээж аваагүй бусдын эзэмшил “Б ” ХХК-ийн өөрсдийнх нь хамгаалалт бүхий газраар, ар талаар нэвтэрсэн этгээдүүд хулгай хийсэн тул гэрээний тодорхой заалт болон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хулгайн улмаас гарсан гэх хохирлыг бид барагдуулах үндэслэлгүй байна.

“Б ” ХХК хулгайч нар малгайн гэрэлтэй байсан, сейф нүдсэн дуу чимээ сонсоогүй гэдэг. Гэрлийн тухайд хашаан доторх худалдааны төвийн ар талын гудамжны гэрэл цонхоор нэвт тусч дотор гэрэл гэгээтэй байсан ба хулгайн гэмт хэргийг урьдаас судалж санаатай үйлдэж байгаа этгээдүүд дуу чимээ гаргахаас аль болохоор болгоомжилж сейфийг газдаж, нүдэж биш хөшиж онгойлгосон байдаг. Нэхэмжлэгч бидний хамгаалдаггүй газраар хулгай орсныг хүлээн зөвшөөрч зөвхөн гэрэл хараагүй дуу чимээ сонсоогүй л гэж буруутгах үндэслэлээ болгож байгаа нь ажил мэргэжил хууль зүйн хувьд хүлээн авах боломжгүй. Ер нь ар талд манай харуул хамгаалалтын алба хаагч ажиллаж байсан бол 1 давхраар дэргэдүүрээ явж байсан хүмүүсийг харах тэр давхрын цонх онгойлгож байхад дуу чимээг нь сонсох байсан. Хулгай гарсан асуудал нь урьдаас судалсан этгээдүүд харуул хамгаалалт муутай газар орчноор өөр хоёр байгууллагын хашаа хамгаалалт давж дамжиж манай хамгаалдаггүй газраар халдлага үйлдсэн нь тодорхой байна. “Ө ” ХХК-ийн захирал би анх гэрээ байгуулсан үеэс бодит байдлыг 4 жилийн хугацаанд мэдэхийн хувьд тусдаа хамгаалалттай байсан тэр орчноор нэг ч удаа орж үзээгүй шалгах тухай харуул хамгаалалтын алба хаагч нарт үүрэг өгч байгаагүй, зураг үзүүлж зааж өгсөн гэх асуудал байхгүйг шүүх хурал дээр хэлсэн. Уг нь бид нарын удаа дараагийн санал шаардлагыг тэд хүлээн авсан бол тэр орчмоор хулгай гарахгүй байх байсан. Гэрээний 3.2-т заасан заалтаа “Б ” ХХК биелүүлээгүй. Хамгаалалтын ажил нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын байранд хяналтын камер тавьж өгөхийг удаа дараа хүсч гуйж байхад үл тоож байсан. Хулгай гарсан үед камер байсан бол хулгайчдыг илрүүлэхэд өндөр ач холбогдолтой байлаа. Энэ байдлаа “Б ” ХХК-ийн удирдлага ойлгож бид нарт хоёр тал буруутай тул гарсан хохирлоо 2 хуваая, танайх 20,000,000 төгрөг одоогийн төсөвт зардлынхаа 50 хувиар cap бүр суутгуулж барагдуулаач гэсэн хүсэлт тавьсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ өдөр бүр хариуцан ажилладаг, тухайн орчиндоо бүрэн гүйцэтгэсэн тул энэ хүсэлтийг бид хүлээж аваагүй. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн Ц.Загдаа тэдний хамгаалалтын хашаа байраар нэг ч удаа ороогүй, харин тэр өдөр харуул н.Хуягаа нь манай хамгаалалтын байранд орж ирж байсан гэж байгаа. Энэ талаар тэд бас л худлаа ярьсан. Хулгай гарсан тэр өдөр хүртэл харуул хамгаалалтын алба хаагчдын тухай албан тоот ирсэн надад ярьсан асуудал байхгүйг хариу албан тоотондоо дурдсан. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд хамгаалж байгаа эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон санал үйлчлүүлэгчид тавих, хамгаалах эд хөрөнгө объект нь гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол хүлээн авахаас татгалзах гэсэн заалтыг үндэслэж “Б ” ХХК-ийн удирдлагад удаа дараа санал хүсэлт тавьсан боловч хүлээж авахгүй гэрээгээ зөрчиж байгаа тул хамгаалалтын постоо буулгаж харуул хамгаалалтын алба хаагчдаа татаж авах албан тоот өгч хамгаалалтаа буулгасан. Харуул хамгаалалтын гэрээний 5.3-т гэрээлэгч 2 тал аливаа маргаантай асуудалд хүндэтгэлтэй хандаж эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх ба эс тохиролцвол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг бид баримтлах болно гэж албан тоотдоо дурдаад байгууллага хаягтаа байгаа ба надтай нэг ч хүн яриагүй гэдгийг давтан хэлье. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01465 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө ” ХХК-аас 20,368,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20,368,390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө ” ХХК-аас 259,792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.                                                                       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1574 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч А.Дамбадаржаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Дамбадаржаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн шүүх “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж 2016 оны 06 сарын 22-ны өдөр, мөн тус шүүх “Ө ” ХХК-аас 407,736,780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны 06 сарын 21-ний өдөр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон магадлалыг 2017 оны 08 сарын 28-ны өдөр тус тус гаргасан юм. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын иргэний хэргийн шүүхэд “Б ” ХХК-ийн захирал Ш.Төгсбат гомдол гаргасныг 2017 оны 12 сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан хариу тайлбарт дурдсан нөхцөлүүд бүрэн тогтоогдоогүй энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх бүрэн хангаагүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд тогтоол гаргасан. Дараа нь Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Г.Золзаяа “Б ” ХХК-ийн худалдааны төвд очиж үзлэг хийлээ. Худалдааны төвийн байршил “Ялгуулсан” ХХК-ийн гурван давхар байшин, хашааны үүднээс эхлээд олон контейнерүүд худалдааны төвийн хоёр давхар байшин, том зах болохыг харсан. Бидний маргалдаад байгаа 5600 м.кв талбай бүхий газарт ард талаар нь хулгай орж гарсан газарт нь үзлэг хийж бусдын эзэмшил газар орж харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй байсныг тогтоосон нь хамгийн гол асуудал юм. Үүгээрээ дүүрэг, нийслэлийн шүүхийн урд нь гаргасан шийдвэр магадлалыг 100 хувь зөв болохыг баталж өглөө. Өөрөөр шийдвэр магадлалд нөлөөлөх ямар ч асуудал гараагүй болно. Гэвч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/01465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч миний гаргасан гомдлыг хангахгүй орхисон. Энэ нь дүүргийн болон Нийслэлийн шүүхийн урьд нь гаргасан шийдвэр магадлал улам баталгаажсан байтал эсрэг шийдвэр гаргаж хялбарчилж илт нөгөө талд шийдвэр гаргасан байдлыг хархад өөр сонирхол байна гэж хуульч, сэтгүүлчийн хувьд дүгнэж байна. Энэ нь Баянзүрх дүүргийн шүүх гол нотлох баримтыг зориуд орхигдуулж хариуцлагагүй хандсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгчид гачигдал гарсан тул шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэнийг хүлээж авалгүй биднийг оролцуулалгүй хурлаа яаран хийж гоомой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайлбал, хурал хойшлуулах тухай хүсэлт бичгээр гаргаж шүүгчийн туслахад ярьж байсан, өмгөөлөгчийн ээж таалал болж 7 сарын 07-ны өдөр хоног хураахаар хөдөө явсан байхад 7 сарын 06-ны өдөр шүүх хурал бидэнд хэлэлгүй хийсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тул эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

1. “Б ” ХХК-ийн BIG барилгын материалын худалдааны төвд 2015 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө гарсан хулгайн хэрэг нь “Ө ” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн, тогтмол хяналт тавьж ирсэн хамгаалалтын объектод гараагүй “Б ” ХХК-ийн өөрсдийнх нь хамгаалалт бүхий ар талын хэсгээр нэвтэрч хулгайн хэрэг гарсан тул уг хэргээс учирсан аливаа хохирлыг хариуцах үндэсгүй юм. “Ө ” ХХК нь “Б ” ХХК-тай 2015 оны 03 сарын 01-ний өдөр үргэлжлүүлэн байгуулсан “Харуул хамгаалалтын гэрээ”-ний 1.2 дахь заалтын дагуу 2012 оноос хариуцаж ирсэн объектын хүрээнд харуул хамгаалалтын үүргээ тухайн шөнө алба хаагч Ц.Загдаа бүрэн гүйцэтгэсэн. Хулгайн хэрэг нь худалдааны төвийн ар талд, “Ө ” ХХК хамгаалах ямар ч боломжгүй төмөр хашаа болон хаалгаар тусгаарлагдсан бусдын эзэмшил газарт гарсан. Үүнийг анхан шатны шүүх газар дээр нь биечлэн үзлэг хийж баталгаажуулан шүүхийн шийдвэртээ “өөр этгээдийн хууль ёсны эзэмшилд байгаа нөхцөлд уг газарт хариуцагчийг харуул хамгаалалт гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй болно”, “хариуцагч нь нэхэмжлэгчийн 2 давхар объектыг бүхэлд нь хамгаалах үүрэг өөртөө хүлээсэн ч объектын урд хэсэг буюу хулгайн халдлагад өртсөн хэсэгт харуул хамгаалалт бүрэн гүйцэтгэх боломж хязгаарлагдмал байсан талаар шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагджээ” гэж хянан үзсэн атлаа Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт гаргасан.

            2. 2015 оны 11 сарын 06-ны өглөөний 8 цаг 20 минутад алба хаагч Ц.Загдаа нь дараагийн харуул Ж.Хатанбаатарт BIG барилгын материалын худалдааны төвийн төв хаалгыг лац ломбоор нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Энэ хулгайн хэрэг нь “Ө " ХХК-ийн хариуцсан газар орчноор объектод нэвтрээгүй, хүлээж авсан лац ломбо хөдөлсөн ямар нэг үйлдэл гараагүйг дээрх байдлаар нотлогдоно. Үүгээр “Ө " ХХК, “Б ” ХХК-ийн харуул хамгаалалтын гэрээний 4.3, 4.4, 4.5, 4.8 дахь объектын өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтад байнга хяналт тавьж объектыг хариуцагчаас нь лац ломбоор хүлээн авч хүлээлгэн өгч байсныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зөв зүйтэй дүгнэсэн хэрнээ “талуудын хэн алины буруугаас болж нэхэмжлэгчийн объектод хулгай орсон" гэж хуулийг буруу тайлбарласан.

З. ”Б ” ХХК-иас “Ө ” ХХК-д холбогдуулан нэхэмжилсэн 40,736,780 төгрөгийн тухайд бид тус компанийн сейфэнд мөнгө байсан эсэхийг мэдэхгүй, түүнийг мэдэх үүрэг ч үгүй тул түүнийг хариуцах үндэсгүй байтал Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгчийн сейфэнд дээрх хэмжээний мөнгө тухайн үед байсан нь 2015 оны санхүүгийн, кассын орлогын ордер, түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтуудаар тогтоогдсон” гэж анхан шатны шүүхийн нэг талыг илт барьсан буруу дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. Түүгээр ч зогсохгүй энэ буруу дүгнэлтээ зөвтгөхийн тулд “Тухайн баримтууд нь маргааны зүйл болох хулгайн гэмт хэрэг гарсан цаг үе болон алдсан мөнгөний тоо хэмжээтэй тохирч байгаагаас гадна бичгийн болон санхүүгийн бүртгэлийн баримтын шаардлага хангажээ” хэмээн илтэд нэхэмжлэгчийн талд дулдуйдсан буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Ер нь мэргэжлийн байгууллага харуул хамгаалалтаа сайжруулах тухай хүсэлт саналаа урьд нь удаа дараа ярьж, албан тоот өгч байхад хулгай гарсан газар орчимд өөрийнхөө харуул хамгаалалттай учир танайд хамааралгүй гэж хариу өгдөг атлаа хулгайн хохирол гэгчийнхээ 50 хувийг ямар ч аргаар болов гаргуулж авах башир арга хэрэглэж шүүх хуралдаанд мэтгэлцэхийн оронд удаа дараа худлаа ярьж шүүхийг үл хүндэтгэж тохуурхаж санасандаа хүрэхээр зүтгэж байна. “Б ” ХХК олон тэрбумын хөрөнгө чинээтэй олон ажиллагсадтай том компани “Ө ” ХХК 10 гаруй ажиллагсадтай жижиг компани гэхээсээ илүү би сахилга хариуцлага талаасаа олон жилийн туршлагатай гэрээт харуул хамгаалалтыг хуулийн дагуу ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ирсэн гэдгээ шүүхэд баталж мэдүүлсээр ирсэн билээ. Бүлэг этгээдүүд хулгай хийхдээ шөнийн цагаар балбаж нүдэх биш газдаж сейфийг онгойлгосон нь тодорхой байдаг. Туршилт хийхэд ч сонсогдох боломжгүй байсан нь нотлогдоно. Хуулийн байгууллагад насаараа ажиллаж одоо Монголын хамгаалалтын байгууллагуудын төв холбоо “ТББ” тэргүүлж байгаагийн хувьд хамгаалалтын газартай гэрээтэй л бол зөв буруу ч хариуцах ёстой гэсэн байдлаар бус шударга үнэнийг шүүх тогтоож өгч зөв шийдвэр гаргах үр нөлөөг нь харж байна. Гэрээт байгууллагын хувьд хулгай гарсны дараа санаа тавьж харуул хамгаалалтыг нь сайжруулах тухай олон хувилбар санал “Б ” ХХК-ийн удирдлагад хандсан боловч хүлээж аваагүй тул гэрээ цуцлах саналаа ярьж хариу өгөөгүй 25 хоносон тул харуул хамгаалалтаа гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу татан авсан юм. Энэ хугацааны 25 хоногийн төсөв зардал 1,600,000 төгрөг хэлсэндээ хүрч өгөөгүй болно. “Б ” ХХК нь өөрсдийн харуул хамгаалалтын хариуцлагагүй үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч “2 тал хоёулаа буруутай тул гарсан хохирлоо 2 хуваая, танайх 20,000,000 төгрөг одоогийн төсөвт зардлынхаа 50 хувиар сар бүр суутгуулж барагдуулаач” гэж өмнө нь гаргаж байсан хүсэлтийн дагуу шүүх үнэн зөвийг хуулийн дагуу ололгүй дундыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд харуул хамгаалалтын ажил үүргийг хэвшсэн хүрээндээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул сейфнээс алдагдсан гэх 40,736,780 төгрөгийн 50 хувь болох 20,368,390 төгрөгийг “Ө ” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.           

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч “Ө ” ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 40,736,780.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... хулгайн хэрэг хамгаалалтын объектод гараагүй, “Б ” ХХК-ийн өөрсдийнх нь хамгаалалт бүхий ар талын хэсгээр нэвтэрсэн тул уг хэргээс учирсан аливаа хохирлыг хариуцах үндэсгүй” гэж маргажээ.

2015 оны 03 сарын  01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 15/02 тоот  харуул хамгаалалтын гэрээгээр “Ө ” ХХК  нь “Б ” ХХК-ийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах Тэх барилгын материалын худалдааны төвийн 5.600 м.кв талбай бүхий 2 давхар объект, гадуураа төмөр бетонон хашаа бүхий контейнерүүд, тээврийн хэрэгслүүдийг 24 цагаар хамгаалах, “Б ” ХХК нь ажлын хөлсөнд нэг хамгаалагчид 650,000.00 төгрөг, сард нийт 1,950,000.00 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцсэн байна. /Iхх-35-39/.

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө дээрх объектод хулгай орж, нэхэмжлэгчийн сейфийг эвдсэн үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, түүнчлэн уг эрүүгийн хэргийг шалгах ажиллагааг сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 337 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн, зохигчид энэ талаар маргаагүй. /Iхх-71,206,215-223,225/

Хариуцагч байгууллагын ажилтан нь албан үүргээ  өндөр сонор сэрэмжтэй гүйцэтгэх, объектын өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтад байнга хяналт тавих, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдсан, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гарсан тухайн үед холбогдох удирдлага, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, арга хэмжээ авахуулах, объектод гарч байгаа өөрчлөлт хөдөлгөөнийг сайн мэдэж, хамгаалалтын ажил гүйцэтгэх явц байдлын талаар рапорт бичиж танилцуулах, өдөр шөнийн цагаар мэдээ өгч байнгын харилцаа холбоотой ажиллах зэрэг үүргийг гэрээгээр хүлээсэн байна.

Хамгаалалтын объектыг “ТЭХ” худалдааны төв 5.600 м.кв талбай бүхий 2 давхар объект, гадуураа төмөр бетонон хашаа бүхий контейнерууд, мөн тээврийн хэрэгслүүд гэж харуул хамгаалалтын гэрээний 1.3-т тодорхойлсон ба хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар объектын урд хэсгийн 1 давхрын дээвэр дээгүүр дамжин 2  давхрын цонхоор хулгай хийсэн этгээд нэвтэрсэн байж болзошгүй байна гэжээ. /Iхх-217/.

Талуудын байгуулсан гэрээний 5.5-д зааснаар хариуцагч нь хамгаалалтын объектод хулгай гарсны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо арилгахыг хариуцагчаас шаардсан нь үндэслэл бүхий юм.

Нэхэмжлэгч нь 40,736,780.00 төгрөгийн шаардлагаа “...түрээслэгч нараас хүлээн авсан түрээсийн төлбөр сейфэнд байсныг хулгайд алдсан” гэж тайлбарлан, компанийн 2015 оны санхүүгийн тайлан, 2015 оны 11 дүгээр сарын кассын тайлан, түрээслэгч нараас мөнгө хүлээн авсан кассын орлогын ордер, зарлагын ордер, түрээсийн гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /Iхх 9-32, IIхх 4-248, IIIхх 1-61,93-138/.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, сейфэнд бэлнээр хадгалагдаж байсан 40,736,780.00 төгрөг хулгайд алдсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

“Б ” ХХК нь ажлын цаг дуусмагц өдөр бүр объектын лацны дугаарыг харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэхээр,  “Ө ” ХХК нь объектын өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтад байнга хяналт тавьж объектыг лац ломбоор хүлээн авч, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэдий ч талууд хэн аль нь дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зохигчдын буруугаас болж нэхэмжлэгчийн объектод хулгай орсон гэж үзэх үндэслэлтэй гэж анхан шатны шүүх  дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, 20,368,390.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харуул хамгаалалтын гэрээний 3.1-д зааснаар хамгаалалтын ажилтнуудыг ажиллах нөхцөл нь бүрдсэн байраар хангаж, объектын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үйлчлүүлэгчийн үүргээ нэхэмжлэгч бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа хохирол гарахад нөлөөлсөн байдлыг харгалзан хариуцагчийн хүлээх хариуцлагын хэмжээг 50 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт нийцсэн байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01465 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1574 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Хариуцагчийн төлөөлөгч А.Дамбадаржаагаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,791.00 /хоёр зуун тавин есөн мянга, долоон зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН