Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00043

 

Б Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02172 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1935 дугаар магадлалтай

Б Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ө Б ХХК-д холбогдох,         

Харуул хамгаалалтын гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 40.736.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн төлөөлөгч А.Д, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ө Б ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу 15/02 тоот харуул хамгаалалтын гэрээг байгуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах барилгын материалын худалдааны төвийн барилга байгууламжиндаа 24 цагаар харуул хамгаалалт хийлгүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө худалдааны төв, хамгаалалттай объектод хулгай орж, тус байранд байсан сейфийг эвдэж, сейфэнд байсан 40.736.780 төгрөг хулгайд алдагдсан. Бид Ө Б ХХК-ийн захирал А.Дамбадаржаад албан бичгээр бидэнд учирсан хохирлыг төлж барагдуулах тухай мэдэгдлийг өгсөн ч хариу ирүүлэхгүй байсан тул А.Дамбадаржаа захирлыг өөрийн байрандаа дуудаж уулзсан. Уулзалтаар Ө Б ХХК, түүний удирдлагад хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагааны онцлог, боломж зэргийг харгалзан үзэж, тохиролцохыг хичээж, хохирлыг хэрхэн төлж барагдуулах тухай хэд хэдэн хувилбарыг санал болгосон ч хүлээж аваагүйгээр зогсохгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө хамгаалагч нараа татаж, объектыг хамгаалалтгүй орхисон.

Бид дээрх хохирлыг бүгдийг нь төлж барагдуул гэж шаардалгүйгээр зөвхөн сейфэнд байсан бэлэн мөнгө 40.736.780 төгрөгийг төлж барагдуулаач хэмээн бичгээр болон биечлэн удаа дараа шаардсан. Ө Б ХХК-иас 40.736.780 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэйшнл катеринг-сервис ХХК-тай 2012 оноос, Б Т ХХК-тай 2014 оноос үргэлжлүүлэн Ө Б ХХК харуул хамгаалалтын гэрээтэй ажиллаж ирсэн болно. Нэйшнл катеринг-сервис ХХК-тай анх гэрээ байгуулахад ТЭХ зах урд талаараа хашаатай, хашааны зүүн талд нь Ялгуусан ХХК-ийн харуулын байртай, хүн машин ордог том хаалгатай, харуул нь тусдаа хяналт тавьдаг байсан. ТЭХ захын зүүн урд талд сахиул айл байсан нь манайхыг анх хамгаалалтын пост байгуулахад боломжтой, тэдний харуул сахиул нь орчноо харж хамгаалдаг тул манай хамгаалагч нарт анхнаасаа хамааралгүй явж ирсэн болно. Энэ хашаанд Нэйшнл катеринг-сервис ХХК, одоо Б Т ХХК, Ялгуусан ХХК байрладаг байсан тул ам хэлцлээр Ялгуусан ХХК-ийн ТЭХ захтай залгаа баруун тийшээ харсан гэрээнд ороогүй ч давхар хариуцаж байв. Энэ үеэс Ялгуусан ХХК-ийн хамгаалалт хариуцсан ажилтнуудтай ажил төрлийн харилцаа холбоо тогтоож бие биедээ тусалж хамтарч объектоо дор бүрнээ хариуцах талаар удирдлага нь өгсөн чиглэлийн дагуу ажилладаг байсан.

Б Т ХХК, Ялгуусан ХХК 2 тусдаа корпустай залгаа байрлалтай. Ялгуусан ХХК баруун тийшээ харсан хаалгатай 2 давхар оффис, Б Т ХХК хойшоо хаасан хаалгатай 2 давхар оффис худалдааны том төв юм. Ө Б ХХК, Б Т ХХК-ийн харуул хамгаалалтын гэрээнд ТЭХ худалдааны төв нь 5 600 м.кв бүхий 2 давхар объект, гадуураа төмөр, бетонон хашаа бүхий контейнерууд, мөн тээврийн хэрэгслүүд байна гэж заасан. Ялгуусан ХХК нь 2014 онд хашаагаа хойш нь татаж харуулын байраа буулгаж ТЭХ захын нүүрэн тал задгай болсны зэрэгцээ Нэйшнл катеринг-сервис ХХК, ТЭХ захын удирдлага солигдож Б Т ХХК болсон тул шинэ удирдлагад нь дээрх байдлыг танилцуулж нэмэлт хамгаалалтын асуудал удаа дараа албан бичгээр тавьж ирсэн. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 тоот албан бичгээр Б Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбатад, танай байгууллагатай урьд нь хийсэн гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж хамгаалалтын ажилд хүндрэл учирч байна. ТЭХ захын одоо BIG барилгын материалын худалдааны төв хойд талын хашааг өөр байгууллагатай нэгтгэсний зэрэгцээ зүүн хойд талд байсан Ялгуусан ХХК-ийн хамгаалагчдын ажлын байрыг буулгаж ар тал үндсэндээ эзэнгүй болоод байна. ТЭХ захын ар талын шилэн хаалга цонхонд бэхэлгээ байхгүй нь хулгай гарах нөхцөл боломжтойг урьд нь бид анхааруулж байсан билээ.

Иймд, ойрын хугацаанд ТЭХ захын хойд талд хамгаалалтын 1 пост нэмэх талаар арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү гэсэн агуулгатай албан тоот явуулсан. Манай байгууллагын гэрээ бүхий газар орчноор бус, гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу хүлээж аваагүй бусдын эзэмшил Б Т ХХК-ийн өөрсдийнх нь хамгаалалт бүхий газраар, ар талаар нэвтэрсэн этгээдүүд хулгай хийсэн тул гэрээний тодорхой заалт болон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хулгайн улмаас гарсан гэх хохирлыг бид барагдуулах үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02172 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө Б ХХК-иас 40.736.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1935 дугаар магадлалаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг  хангахгүй орхиж, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б Т ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 361.634 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд,

Талуудын хооронд үүссэн маргааныг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 668 тоот магадлалд дурдсан “...Түүнчлэн гэрээнд хариуцагч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн урд байрлах ТЭХ барилгын материалын худалдааны төвийн 5600 м.кв талбай бүхий 2 давхар обьектыг хариуцан хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг боловч тухайн обьект хэдэн корпустай болох, 1, 2 дугаар корпус нь салангид байдаг эсэх, 2 дугаар корпусыг хамгаалдаг гэх Ялгуусан ХХК, Ө Б ХХК-ийн тус тусын хамгаалах обьект нь байршлын хувьд харилцан хамааралтай эсэх нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс магадлалд дурдсан дээрх нөхцөл байдлыг тогтоолгохын тулд БХБЯ- ны харьяа Барилгын хяналт шинжилгээ үнэлгээ аудитын газар эсхүл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн нь ч үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32017/08741 тоот  “Үзлэг хийх тухай”  шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэж дүгнээд үзлэг хийсэн байдаг.

Ийнхүү 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15.27 минутанд үзлэг хийсэн тэмдэглэлд обьектын байрлах хаяг, оноосон нэр нь зөрүүтэй, өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах ТЭХ барилгын материалын худалдааны төвийн 5600 м.кв талбай бүхий 2 давхар обьект нь хэдэн корпустай болох корпус нь салангид эсэх, 2 дугаар корпусыг хамгаалдаг гэх Ялгуусан ХХК, Ө Б ХХК-ийн тус тусын хамгаалах обьект нь байршлын хувьд харилцан хамааралтай эсэхэд үзлэг хийж тэмдэглэл хөтлөх байтал уг тэмдэглэлд Баянгол дүүргийн  4 дүгээр хороо, ажилчны гудамж, “BIG” барилгын материалын төвийн гадна, дотор тал, түүнд байрлах, хаалга, цонх, чингэлгүүд хаана байрлаж байгаа талаар байршил зааж тэмдэглэсэн байгаа нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлийн нэг болох “Хулгай орсон цонхны хэсэг Ялгуусан ХХК-ийн хамгаалалтын хэсэгт байрладаг” гэх тайлбарыг тодруулаагүй буюу хэрэгт ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг огтхон ч тогтоогоогүй үзлэгийг хийсэн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол банкыг шинжээчээр томилсон байх ба шинжээч нь нэг ч удаа манай байгууллага дээр ирж бодит нөхцөл байдалтай танилцаагүй юм. Ийнхүү давж заалдах гомдолд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг үзлэг хийснээр тодруулсан болох нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнийг нотолсон бичгийн баримтууд, хариуцагчийн татгалзлал, түүний тайлбарын үндэслэл болсон нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь хэрхэн яаж үнэлж дүгнэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тусгаагүй болохыг дурдсан ч давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй юм.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан “Харуул хамгаалалтын гэрээ”-г Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйгээс, хариуцагчийн хүлээх үүргийг гэрээний бус үүрэг гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б Т ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь компанийн үл хөдлөх хөрөнгө болох барилгын материалын худалдааны төвийн талбайг бусдад түрээслэх явдал бөгөөд уг обьектод түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хуулийн этгээдүүдийн эд хөрөнгө, обьектын аюулгүй байдлыг хангах үүднээс Монгол улсын гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “харуул хамгаалалт гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг” ойлгохоор заасны дагуу харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөл бүхий Ө Б ХХК-д тусгайлан даатгаж, ялангуяа хулгайд өөрийн болон бусдын эд хөрөнгийг алдахаас урьдчилан сэргийлэхээр үйлчилгээ авч, хөлс мөнгө төлөхөөр тохирсон байна. Гэтэл хариуцагч Ө Б ХХК-ийн харуул хамгаалалтын алба хаагч нар нь гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "хамгаалах эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал, лац ломбыг шалгаж хүлээн авах, хүлээлгэж өгөх, хэрэв эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал алдагдсан, лац ломбо хөдөлсөн байвал энэ тухай үйлчлүүлэгчид нэн даруй мэдэгдэх, 15.1.2-т “хамгаалж байгаа эд хөрөнгө, объектыг байнга шалгаж, хяналт тавьж ажиллах” үндсэн үүргүүд болон талуудын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Харуул хамгаалалтын гэрээ”-ний 1.3, 4.2, 4.3, 4,4, 5.5 дахь заалтуудыг зөрчснөөс үүдэн үйлчлүүлэгч байгууллагад хохирол учирсан байх тул анхан шатны шүүх үүрэг бүхий этгээд болох харуул хамгаалалтын байгууллагын гэм хор арилгах үүргийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйл заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой байсан атал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг баримтлаж, хулгай хийсэн этгээд, нэхэмжлэгч хоёрын хооронд гэрээний бус үүргийн дагуу гэм хор арилгуулах харилцаа үүссэн учраас харуул хамгаалалтын байгууллага огт буруугүй, үүнд огт хамааралгүй мэтээр зөвтгөж тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна.

Хэрвээ харуул хамгаалалт хариуцсан байгууллага, түүний албан хаагч, хамгаалж буй обьектын эд хөрөнгийг хулгайд алдах, түүнээс үүсэх үр дагаврыг хариуцахгүй юм бол бидэнд харуул хамгаалалтын мэргэжлийн байгууллагаар хөлс мөнгө төлж, хамгаалуулах ямар ч шаардлага байхгүй гэдгийг анхан шатны шүүх огтхон ч анхаарч үзээгүй нь манай компанийг ямар ч үүрэг хүлээдэггүй харуул хамгаалалтын компаниар хамгаалуулсан нь буруу, мөн харуул хамгаалалтын компани ажиллаад байхад хулгайд эд хөрөнгө алдаж хохирсон бол хохь чинь болжээ гэж байгаагаас ялгаагүй мэтээр хандсанд туйлын гомдолтой байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б Т ХХК, Ө Б ХХК-д холбогдуулан хохиролд 40.736.780 төгрөг  гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч, зохигчдын хооронд байгуулагдсан харуул хамгаалалтын гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хулгайн гэмт хэрэг гарч хохирол учирсан  гэснийг, хариуцагч  эс зөвшөөрч хамгаалдаггүй газраар хулгай орсон, хамгаалалтын нөхцөлийг сайжруулж, нэмж пост гаргахыг хүсэхэд зөвшөөрөөгүй, хохирол бодитоор тогтоогдоогүй  гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба ийнхүү дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг  буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

1.Анхан шатны шүүх хамгаалалтын объектын шинж байдлын талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, тухайн газарт үзлэг хийхээр шийдвэрлэсэн нь буруу биш боловч үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

2.Зохигчдын хооронд байгуулагдсан харуул хамгаалалтын гэрээгээр хариуцагч Ө Б ХХК нь нэхэмжлэгч Б Т ХХК-ийн ТЭХ барилгын материалын худалдааны төвийн 5600 м.кв талбай бүхий 2 давхар объект, гадуураа төмөр, бетонон хашаа бүхий контейнерүүд, мөн тээврийн хэрэгслүүдийг 24 цагаар болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд  шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчид хариуцагчаас  хохирол шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.  

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар харуул хамгаалалт гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үүргийг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 8.2-т харуул хамгаалалтын гэрээг байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээний онцлогтой холбоотой талуудын  эрх, үүрэг,  хүлээх хариуцлага зэргийг тодорхой тусгахаар, ийнхүү хуульд заасан нөхцөлийг хангаагүй  гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор заажээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан  гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй боловч  тухайн гэрээгээр тохирсон  ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан  хариуцлага болгон тусгасан  гэрээний 5.5 дахь заалтыг буюу “хулгай гарсан тохиолдолд учирсан хохирлыг хариуцах” тохиролцоо нь гэрээний бус үүргийн дагуу гэм хорыг арилгуулах харилцаанаас үүсэх атал энэхүү хуульд заасан үүргийг гэрээний үүрэг болгон зохицуулснаар гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

Эрүүгийн гэмт хэрэгт гарсан боловч гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүйгээс эд хөрөнгө, объектыг элдэв халдлагаас хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэгч иргэний журмаар нэхэмжлэл гаргасныг  буруутгах үндэслэл байхгүй болно.

3.Хариуцагчийн  нэхэмжлэлээс татгалзсан хариу тайлбарт дурдсан нөхцөлүүд бүрэн тогтоогдоогүй, энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх бүрэн хангаагүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1935 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б Т ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.634 төгрөгийг буцаан олгох шүүгчийн захирамж гаргасугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ