| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 108/2020/0050/Э |
| Дугаар | 822 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 822
2020 06 25 2020/ДШМ/822
О.Г-, Ч.Ч-нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч О.Г-,
шүүгдэгч Ч.Чимэгсайхан,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-, Ч.Ч-нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 1907002610030 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн О-ын Г, Улаанбаатар хотод 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 0 дугаар хороо, Бүүвэйтийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/
2. Б овгийн Ч-гийн Ч, Улаанбаатар хотод 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 0 дугаар хороо, Бүүвэйтийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/
О.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Бүүвэйтийн 2 тоотод газрын маргааны улмаас автомашинд сууж байсан М.Ариун-Эрдэний зүүн гарыг мушгиж, баруун гараас нь татаж унагаад дух руу нь мөргөж зодон “Тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Ч.Ч-нь хүү О.Г-ыгаа өмөөрөн М.А-тэй маргалдах явцдаа “Toyota land cruiser-200” загварын 02-00 УБЦ улсын дугаартай автомашины буруу талын хойд хэсэгт цохиж хонхойлгон 715,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Чимэгсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч О.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Чимэгсайханыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чимэгсайханыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-, Ч.Ч-нар шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг, торгох ялын арван таван нэгжийг тус тус нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Чимэгсайханаас 750,000 төгрөг, шүүгдэгч О.Г-аас 453,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч М.А-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Ч-давж заалдах гомдол болон тус шуух хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Налайхад явж байтал хүү О.Г- “Машинтай 3 эрэгтэй, 1 эмэгтэй ирээд “Манай газар дээр гэр барьсан байна. Би энд 5 га газар авсан. Гэрээ ав гэж байна. Хурдан ир” гэж утсаар ярьснаар энэ хэрүүл, маргаан үүссэн. Миний хүүг зодсон хүн одоо өөрөө зодуулсан болж, дагж явсан нөхөр болон хоёр найз нь юу хийж байсан юм. Манайх төв замаас 3 км зайд байдаг. Би замаас яг салах гэж байхад манайхаас хар өнгийн автомашин ирж байсан. Би гар өргөж зогсоогоод “... Батмөнх даргатай уулзаж учраа олъё, миний хүүхдийг яагаад зодож, хөөж туугаад байгаа юм” гэхэд эмэгтэй зодоогүй гэж хэлсэн. Тэр эмэгтэй “Та нар дийлэхгүй шүү” гээд салаавч гаргахаар нь би автомашины ар бөгсөнд нь гараараа алгадахад автомашинаа хараад юу ч хэлэхгүй яваад өгсөн. Тэгтэл хүү утсаар залгаад “Намайг их зодсон. Толгой өвдөөд, шээж чадахгүй байна” гэхээр нь цагдаад мэдэгдсэн. Зодуулаад ямар байдалтай байсныг анх мэдүүлэг авсан цагдаа Мөнхнаран мэдэж байгаа. Олон хоногийн дараа автомашиндаа үнэлгээ хийлгэж, хувийн эмнэлгээр явж баримт цуглуулаад надаас 2,500,000 төгрөг төлөхийг шаардсан. Би буруугүй, энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзсан. Би хийгээгүй хэргийн төлөө өнөөдөр хүүтэйгээ ялтан болсондоо гомдолтой байгаа тул энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрийн ард автомашин зогссон. Гараад харахад М.А- гурван залуутай ирсэн байсан. Хоёр залуу нь гэрийн хажууд бие зассан. М.А- зураг дараад зогсоод байсан. Юун хүмүүс болохыг асуухад М.А- “Чамд ямар хамаатай юм. Манай газар дээр гэр барьсан байна. Зайлаарай гуйлгачин минь” гэхээр нь “Манайх энэ газар 25-30 жил амьдарч байна. Яагаад танай газар байдаг юм” гэсэн. Тэгээд шууд эцэг, эхтэйгээ утсаар ярьж болсон явдлыг хэлсэн. Тэр эмэгтэй “Энэ ямар олон үгтэй хулгайч вэ” гээд бэлэг эрхтэн рүү 4-5 удаа өшиглөсөн. Цагдаад хэлнэ гэхэд “Битгий хуц, чамайг би гөлөг болгож чадна шүү” гэсэн. Би явуулахгүй гээд машины хаалганаас татахад намайг 2-3 удаа алгадаж, толгой руу цохисон. Хамт явсан залуусын нэг нь шилэн хүзүүнээс татаад шидсэн. Бид хохирсон хүмүүс байхад яллаж байгаад үнэхээр гомдолтой байна. Надад хийсэн хэрэг байхгүй байхад шүүх ийм шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэж өгнө үү” гэв.
Прокурор Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтуудаар О.Г-, Ч.Ч-нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Г-, Ч.Ч-нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Бүүвэйтийн 2 тоотод газрын маргааны улмаас автомашинд сууж байсан М.Ариун-Эрдэний зүүн гарыг мушгиж, баруун гараас нь татаж унагаад дух руу нь мөргөж зодон “Тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
Ч.Ч-нь хүү О.Г-ыгаа өмөөрч М.А-тэй зам тосч уулзан маргалдах явцдаа “Toyota land cruiser-200” загварын 02-00 УБЦ улсын дугаартай автомашины буруу талын хойд хэсэгт цохиж хонхойлгон 715,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч М.Ариун-Эрдэнийн “... 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Батжаргал болон геологийн дүгнэлт гаргадаг залуугийн хамт явсан. Нэг согтуу бололтой залуу гэрээс гарч ирээд хараагаад байсан. Бид согтуу хүн гэж бодоод “Чамд ямар хамаатай юм” гээд тоогоогүй. Автомашиндаа суугаад зураг дарж байтал нөгөө залуу цамцаа тайлж шидээд цээж нүцгэн үсчиж, автомашины хаалга онгойлгоод миний зүүн гарыг мушгин, баруун гараас татаж унагахдаа дээр давхарлаж унаад толгойгоороо дух руу мөргөсөн. Нөхөр маань тэр залууг бүсэлхийгээр нь татаад надаас холдуулахад мултарч очоод хойд хаалгыг онгойлгоод хойно сууж байсан Жаргалсайханыг татаж унагасан... зам руу явж байхад өөдөөс цэнхэр өнгийн портер машин ирж хашиж зогссон. Машинаас 60 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүн бууж ирээд маргалдсан. Эмэгтэй нь бетоны таг шиг зүйлээр автомашины баруун хойд талын кирло дээр далайж ирээд цохисон” /хх 29-30/,
гэрч Б.Батжаргалын “... бид нар автомашиндаа ажил яриад сууж байхад эхнэрийн сууж байсан талын хаалгыг цээж нүцгэн, шивээстэй 25-30 орчим насны залуу онгойлгоод эхнэртэй маргалдаж, гарнаас нь татаад машинаас унагасан. Би буугаад очиход эхнэрийн дээр дарчихсан байхаар нь араас нь барьж авах гэхэд холдсон. Машины арын суудалд сууж байсан Жаргалсайханы хөлнөөс татаад машинаас унагасан. Төв зам руу явж байхад өөдөөс цэнхэр өнгийн портер машин зам хааж зогссон. Дотроос нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд “Яагаад хүүхэд зодож байгаа юм” гээд дайраад эхнэртэй маргалдаад байсан. Машинаа ухраагаад тойрч гарах гэхэд буруу талын хойд талын кирло руу цохисон. Машинаас буугаад харахад хонхойсон байсан” /хх 37-40/,
гэрч Г.Жаргалсайханы “... нэг залуу холоос “Та нар Маргадынх уу” гээд хүрч ирэхэд Ариун-Эрдэнэ маргалдаад байсан. Тэр залуу урд хаалга онгойлгоод Ариун-Эрдэнийг татаад газар унагасан. Батжаргал тэр залуутай удаан зууралдсан. Хар зам руу орох үед өөдөөс цэнхэр портер машин ирж зам хаагаад зогссон. Тухайн машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд “Хүүхэд зодлоо” гээд маргалдсан. Биднийг явах гэтэл автомашины жолоочийн эсрэг талын хойд хэсэгт цохисон. Тэрэлжийн тусгай хамгаалалтын газар очоод машинаас буугаад харахад хонхойсон байсан” /хх 44-45/,
гэрч Л.Содномцэрэнгийн “... машин дотроос зураг аваад байж байтал гэрээс нэг залуу гарч ирээд Ариун-Эрдэнэтэй маргалдаад байсан. Тэр залуу машины урд хаалгыг онгойлгоод Ариун-Эрдэнийг татаад унагаасан. Батжаргал машинаас бууж Ариун-Эрдэнийг тэр залуугаас салгасан. Жаргалсайхан ард сууж байгаад “Яаж байгаа юм бэ” гэхэд бас хөлнөөс нь татаж унагасан. Төв зам руу дөхөж явтал урдаас цэнхэр өнгийн портер машин ирсэн. Машинаас нэг эмэгтэй буугаад гараараа даллахаар нь бид зогссон. Тэр эмэгтэй “Яахаараа хүүхэд зоддог юм” гэхээр нь бид болсон явдлыг хэлээд хөдлөх гэтэл машины баруун хойд хэсэг рүү цохисон” /хх 47-48/ гэх мэдүүлгүүд,
хохирогч М.Ариун-Эрдэнийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6359, 1301 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх 65, 57-59/,
шүүгдэгч Ч.Чимэгсайханы яллагдагчаар өгсөн “... Би машин хөдлөхөд бөгсөн хэсэгт нь гараараа цохисон.” /хх 107-108/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч О.Г-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Ч.Чимэгсайханыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Чимэгсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял шийтгэсэн нь тэдний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
“Гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн агуулга бүхий шүүгдэгч нарын давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад:
Хохирогч М.А-, гэрч Б.Батжаргал, Г.Жаргалсайхан, Л.Содномцэрэн нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч О.Г- нь хохирогч М.Ариун-Эрдэний гарыг мушгин автомашинаас татаж, газар дарж унаад дух руу нь мөргөсөн, шинжээчийн хоёр удаагийн дүгнэлтээр хохирогчид эрүүл мэндийн хөнгөн хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба тэдний мэдүүлгийн эсрэг үгүйсгэх, няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч О.Г- нь бусдын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн хохирогчийн автомашины хойд кирло хэсэгт шүүгдэгч Ч.Ч-цохиж гэмтээсэн талаар хохирогч, гэрчүүд мэдүүлсэн нь тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч А.Мөнхнарангийн “Ганбаяраас “... 02-00 УБЦ улсын дугаартай хар өнгийн Ланд-200 маркын тээврийн хэрэгсэлтэй хүмүүс зодчихоод яваад өглөө” гэсэн дуудлагын дагуу замын цагдаагийн постонд зарлаж тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ... автомашины ард хэсэгт бага зэрэг хонхойсон байсан” /хх 119/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Ч.Чимэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би машин хөдлөхөд бөгсөн хэсэгт нь гараараа цохьсон” /хх 107-108/ гэж үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 72/ зэрэг нотлох баримтуудаар давхар батлагдсан байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-, Ч.Ч-нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Г- нь хохирогч М.А-д зодуулсан талаар мэдүүлсний зэрэгцээ шинжээчийн шэ/295 тоот дүгнэлтэд “...ГССҮТ-н 2019.05.18-ны яаралтай тусламжийн хуудсанд онош: тархи доргилт...” гэж бичсэн атлаа гэмтлийн зэрэг тогтоогдоогүй хэмээн үзсэн нь эргэлзээ бүхий байхад шинжилгээг дахин нягталж, эрүүл мэндийн хохирол учирсан эсэхийг нэг мөр шалгалгүй эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтээр мөрдөн шалгах ажиллагааг хязгаарласан нь буруу байна. Гэвч энэ нөхцөл байдал нь шүүгдэгч О.Г-, Ч.Ч-нарын холбогдсон хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн болно. Мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр явуулаагүйгээс хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй тул хохирогч М.Ариун-Эрдэнийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан талаар гарсан шүүхийн шийдвэрүүд нь шүүгдэгч О.Г-ын өөрт хохирол учирсан асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхийг хязгаарлахгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-, Ч.Ч-нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН