Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1573

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н К С” ХХК-д холбогдох

 

Барааны үлдэгдэл төлбөр болон алдангийн 30 131 470 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х с” ХХК 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Н К С” ХХК-тай харилцан тохиролцож 309,018 кг ноолууран утсыг нэг кг бүрийн үнэ 419 юань нийтдээ 129 479 юаниар худалдан авах тухай гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг мөн өдөр 12 903 юанийг төлсөн. Манай “Н К С” ХХК-аас шилжүүлсэн болон бэлнээр өгсөн бүх мөнгийг тооцоонд бүрэн оруулж тооцсон, мөн н.Дуламсүрэн захиралтай тооцоо нийлсэн, манайх утсыг 100 хувь ноолууран утас гэж зараагүй, харилцагчдынхаа төлбөрийн чадварт тохируулж 100 хувь ноолуур, 20 хувийн ноосны хольцтой, 80 хувийн ноолууран утас зэргийг үйлдвэрлэдэг ба хариуцагч тал аль утсаар нь хийсэн барааг шинжлүүлсэн болохыг мэдэхгүй байна. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч байгууллагын захиралтай тооцоо нийлэхэд утасны чанарт тайлбар хэлээгүй тооцоогоо баталгаажуулсан, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 01 дүгээр сард багтаан төлж дуусгах гэрээ байгуулсан боловч төлөөгүй. Манайхаас авсан утсыг нэг жил хадгалж байгаад шинжилгээнд өгсөн гэдэгт эргэлзээтэй байна. Иймд утасны үнэ 20 087 647 төгрөг, алданги 10 043 823 төгрөг, нийт 30 131 470 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тооцоон дээр алдаад илүү мөнгө нэхэмжлээд байна. Нэхэмжлэгч байгууллын захирал н.Бадамхандын хувийн дансанд шилжүүлсэн 5 109 000 төгрөгийг тооцоонд оруулаагүй, нэхэмжлэлийн дүнгээс хасагдаагүй байна. Мөн дансаар шилжүүлсэн төлбөрүүдийг нэхэмжлэлийн дүнгээс хасаагүй байна. “Х с” ХХК ямааны ноолуурын хольцгүй бага зэргийн туулайны ноолууртай ихэнх нь хонины ноосон хуурамч бүтээгдэхүүн нийлүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Утасны бүтэцтэй холбоотой баримтыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Жаргал кашмер” ХХК-аас шинжлүүлсэн шинжээчийн дүнэлтийг үндэслэн сөрөг шаардлага гаргасан. Энэхүү утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний талаар хэрэглэгч нараас болон Орос улсад гаргасан бараанд гомдол гарч алдагдалд орсон. “Х с” ХХК-ийн нийлүүлсэн утасны үлдэгдэл, уг утсаар нэхсэн бүтээгдэхүүн нэхэмжлэгч компанийн их дэлгүүрт байрлах салбарт худалдаж байсан цамц зэрэгт шинжилгээ хийлгэхэд тухайн утсанд ямааны ноолуур огт байхгүй гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед “Х с” ХХК нийлүүлсэн утсаа 130 000-150 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 2014 онд хятад хонины ноосон утас 26 000 төгрөгийн үнэтэй байсан, манайх “Х с” ХХК-д 8 881 881 төгрөгийг илүү төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Х с” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ноолууран утас худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компанид нийлүүлсэн ноолууран утас нь ямааны ноолуурын орцгүй, 9 хувийн туулайны ноолуурын орцтой хонины ноосон хятад утас байсны улмаас тухайн утсаар нэхсэн барааны борлуулалтын орлого саатаж алдагдалд оруулсантай холбогдуулан сөрөг шаардлага гаргаж байна. 2014 оны 8 сард “Х с” ХХК-ийн захирал нь манайх түүхий эдээ Хятад руу гаргаж ямааны ноолууран утас ээрүүлэн оруулж ирдэг гэж итгүүлэн бичиг баримтаа үзүүлсэн тул 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 4 000 000 төгрөг төлж, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ байгуулан 309 кг 018 гр ноолууран утас худалдаж аваад удаагүй байхад 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Х с” ХХК захирал хүүгийнхээ хамт ирж сүлжих машин дээр хэрэглэж байсан үлдэгдэл 67 кг 975 гр утсыг, хэрэглэсэн бүх утасны голыг буцаан авсан ба тухайн үед утаснаас детал хэсэг холбон оёх 2-3 ширхэгийг гуйж авч үлдсэн. “Х с” ХХК ямааны ноолуурын хольцгүй, туулайны ноолуурын 9 хувийн хольцтой, тухайн үедээ 26 000-29 000 төгрөгийн үнэтэй хонины ноосон утсыг нэг кг-ыг 130 000-150 000 төгрөгөөр зарж дундаас нь 104 000-124 000 төгрөгийн ашиг олж байсан гэдгийг харилцагч нарын гомдлын дагуу ноолууран утсанд шинжилгээ хийлгэснээр мэдсэн. Тухайн үед хонины ноосон утас нэг кг нь 26 000-29 000 төгрөгийн үнэтэй байсан тул манай компани “Х с” ХХК-д 241 кг 043 гр утсанд 6 267 118 төгрөг төлөх ёстой байсан. Харин доголдолтой барааг хууран мэхэлж нийлүүлсэнийг мэдээгүй тул 15 149 000 төгрөг төлж, илүү 8 881 880 төгрөг төлснийг буцаан нэхэмжилж байна. Манай компани “Х с” ХХК-д ноолууран утасны үнэд нийт 15 149 000 төгрөг төлсөн байтал “Х с” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа 5 109 000 төгрөгийг хасч тооцсон байна. Иймд “Х с” ХХК-д илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ, гэрээний төлбөрийг баталгаажуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ноолууран утас зээлээр худалдах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан “Н К С” ХХК-аас 30 131 470 төгрөгийг гаргуулан “Х с” ХХК-д олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний төлбөрийг баталгаажуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ноолуурын утас зээлээр худалдах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, илүү төлсөн 8 881 800 төгрөгийг гаргуулах тухай “Н К С” ХХК-ийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 308 700 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 403 220 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н К С” ХХК-аас 308 607 төгрөгийг гаргуулан “Х с” компанид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Манай компани “Х с” ХХК-ийн 2014 оны 08 сард хуурамч ноолууран утас нийлүүлсэн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр хүлээж байсан ч одоо нэгэнт маргаан үүссэн тул энэ асуудлаар эрүүгийн журмаар гомдол гаргаж, Баянгол дүүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Х с” ХХК-ийн захирал н.Бадамхандад эрүүгийн хэрэг нээн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Шүүхэд манай компани Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэгдэж дуустал түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.

Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг нээсэн талаар шүүх хурал дээр үгүйсгээгүй байхад шүүгч цагдаагийн хэлтсээс гаргаж өгсөн албан бичиг нь уг хэрэгтэй хамааралтай эсэх нь тодорхойгүй, мөн шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн боловч уг захирамж шүүхийн шийдвэр хүлээн авах үед хэргийн материалд байхгүй байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан заалтын үргэлжлэл болох “Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг олох хонжоо олоох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэсэн заалтыг үндэслэн 59.1 дэх хэсгийн үндэслэлд хариуцагчийн тайлбар нийцэхгүй гэж үзэн хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүхээс Худалдах, худалдан авах гэрээний талаар Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсэгт заасан илүү нарийвчлан зохицуулсан заалтыг харгалзан үзэлгүй, хэрэглэвэл зохих хуулийн дагуу заалтыг хэрэглэсэнгүй. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан манай нэхэмжлэлийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн. Гэвч Монгол Улсад хаана ч байхгүй туулайны ноолуурын хольцтой утас хаанаас гараад ирснийг тогтоохгүйгээр энэ хэргийг үнэн зөв, шийдвэрлэх боломжгүй юм. “Х с” ХХК-ийн захирал “ямааны ноолууран утас нийлүүлнэ гэж” гэж гэрээгээр тохиролцсон боловч хууран мэхэлж, 7-9 хувийн туулайны ноолуурын хольцтой, хонины ноосон утас нийлүүлсэн учир гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхээр шинжлүүлсэн шинжилгээний дүгнэлтийг үгүйсгэсэн бодит нотлох баримт хэргийн материалд байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар “Х с” ХХК-аас манай компанид учруулсан хохирол болох 8 881 880 төгрөг гаргуулах, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ноолууран утас зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно”, Иргэний хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Х с” ХХК-аас хариуцагч “Н К С” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20 087 647 төгрөг, алданги 10 043 823 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөгийг гаргуулж, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний төлбөрийг баталгаажуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ноолууран утас зээлээр худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ноолууран утас худалдах 04/02 тоот гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 309,018 кг, нийт 129 479 юанийн үнэтэй ямааны ноолууран ээрмэл утас худалдан авч, барааны үнийн урьдчилгаа 4 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаар, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу 2014 оны 12 дугаар сард бүрэн төлөх үүргийг хариуцагч байгууллага хүлээсэн байна. /хэргийн 8-9 дүгээр тал/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Түүнчлэн, талууд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ноолууран утас зээлээр худалдах гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч нь 165,35 кг хэмжээтэй утасны үнэ 69 285 юанийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээхээр тохиролцжээ. /хэргийн 12-13 дугаар тал/

 

Хэргийн 13 дахь талд авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд хөтлөгдөж байсан нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, хариуцагч компани 69 269 юань буюу 21 931 258 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлаж, уг өрийн үлдэгдлийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор бэлнээр нэхэмжлэгч авахаар тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Ноолууран утас худалдах 04/02 тоот гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-т “ямааны ноолууран утсыг хүлээж авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, шалгасан акт, дагалдах бичиг баримт, падаан зэргийг бүтээгдэхүүндээ тулгаж авах үүрэгтэй” гэж заасан байна. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч нь уг үүргээ зохих ёсоор биелүүлсэн болохоо нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана.” гэж зааснаар хариуцагч нь хүлээн авсан ямааны ноолууран утасны доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн ноолууран утасны үнийг шаардах эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, талуудын тооцоо нийлсэн баримтад заасан үнийн дүнгээс тооцоо нийлэхээс өмнө хариуцагчийн нэхэмжлэгч компанийн захирал Б.Бадамхандын Голомт банк дахь 31500051096 тоот дансанд төлсөн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 259 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 350 000 төгрөг, нийт 2 609 000 төгрөгийг тооцоонд оруулаагүй байна. /хэргийн 56-57 дугаар тал/

 

Иймд дээрх 2 609 000 төгрөгийг барааны үнийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй тул хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 17 478 647 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан ноолууран утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.6-д хугацаандаа төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0,5 хувийн алдангийг нийлүүлэгчид төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 8 739 323 төгрөгийн алдангийн хариуцагчаас мөн гаргуулах үндэслэлтэй боловч анхан шатны шүүх алдангийн харилцааг зохицуулсан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг залруулах боломжтой.

 

Хариуцагч “Н К С” ХХК 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэлцэл хийж, гэрээний зүйл болох утсыг хүлээн авснаас хойш утасны чанарын талаар худалдагч буюу нэхэмжлэгчид гомдол, шаардлага гаргаж байсан болон худалдан авсан утсаар хийсэн бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдээс гомдол ирсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгчээс худалдан авсан утасны үнийг ямар үндэслэл, нотлох баримтаар 26 000 төгрөгөөр тооцож байгаа нь тодорхой бус байх тул илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй, мөн талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн ноолууран утас худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Н К С” ХХК-аас барааны үнийн үлдэгдэл төлбөр 17 478 647 төгрөг, алданги 8 739 323 төгрөг, нийт 26 217 970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х с” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н К С” ХХК-аас 26 217 970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х с” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 913 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “308 607” гэснийг “289 039” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                 ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

                       

                                                                                                    С.ЭНХТӨР