Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 966

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 5059437, Хатан Сүлжээ ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 22/1-д байрлах, регистрийн дугаар 5570638, Нэйшнл Кашмер Силк ХХКомпанид холбогдох

 

Барааны үлдэгдэл төлбөр болон алдангийн 30 131 470 төгрөг гаргуулах тухай шаардлагатай,

 

Илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөг гаргуулах, талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр болон 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай Нэйшнл Кашмер Силк ХХКомпанийн сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Туяамандах, өмгөөлөгч Л.Галбадар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алимаа, өмгөөлөгч Д.Энхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгч Хатан Сүлжээ ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нэйшнл Кашмер Силк ХХКомпанийн захиралтай харилцан тохиролцож 309, 018 кг ноолууран утсыг нэг кг бүрийн үнэ 419 юань нийтдээ 129 49 юаниар худалдан авах тухай гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан өдөр 12 903 юанийг төлж бусад төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу төлөх нөхцөлтэйгээр ноолууран утас худалдан авсан.Худалдан авагч нь гэрээнд зааснаар төлбөрийг 2014 оны 9 дүгээр сард 29 144 юань, 2014 оны 10 дугаар сард 29 144 юань, 2014 оны 11 дүгээр сард 29 144 юань, 2014 оны 12 дугаар сард 29 144 юанийг тус тус төлөхөөр тохиролцсон.Хариуцагчийн зүгээс 2015 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар ноолууран утасны үнийг графикт зааснаар бүрэн төлж барагдуулаагүй байсан учраас 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 05/01 тоот гэрээгээр төлбөр төлөх графикийг дахин тохиролцож, худалдан авагчийн үүргээ гүйцэтгэх баталгаа болгож Герман улсад үйлдвэрлэсэн Stoll HP 730 маркийн машины өмчлөлийг шилжүүлэхээр болсон, 2015 оны 1 дүгээр сарын 25-нд 34 642 юань, 2015 оны 2 дугаар сарын 25-нд 34 642 юанийг Хатан Сүлжээ ХХКомпанид төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар 71 974 юанийг төлсөн.Үлдэгдэл төлбөрийг төлөх талаар хариуцагч компанид удаа дараа мэдэгдсэн, захирал Ц.Дуламсүрэнтэй тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгааг гаргасан боловч төлбөрийг төлөхгүй байна.Одоо үлдэгдэл 57 505 юанийг Монгол банкны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэхэд 20 087 647 төгрөгийг төлөх дутуу байгаа.Мөн гэрээний 13.6-д худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу заасан хугацаанд төлбөрөөр төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ноолууран утас худалдах тухай гэрээний 13.6, Иргэний хуулийн 232.4, 232.6-д заасныг үндэслэн алданги 10 043 823 төгрөг нийтдээ 30 131 470 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяамандах шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хатан Сүлжээ ХХКомпани 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нэйшнл Кашмер Силк ХХКомпанийн захиралтай харилцан тохиролцож 309, 018 кг ноолууран утсыг нэг кг бүрийн үнэ 419 юань нийтдээ 129 49 юаниар худалдан авах тухай гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан өдөр 12 903 юанийг төлсөн. Манай Нэйшнл Кашмер Силк ХХКомпаниас шилжүүлсэн болон бэлэнээр өгсөн бүх мөнгийг тооцоонд бүрэн оруулж тооцсон байгаа, би Дуламсүрэн захиралтай тооцоо нийлсэн байгаа, манайх утсыг 100 хувь ноолууран утас гэж зараагүй, манай харилцагчдийнхаа төлбөрийн чадварт тохируулж 100 хувь ноолууран, 20 хувийн ноосны хольцтой, 80 хувийн ноолууран утас зэргийг үйлдвэрлэдэг ба хариуцагч тал аль утсаар нь хийсэн барааг шинжлүүлсэн болохыг мэдэхгүй байна.Би 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч байгууллагын захиралтай тооцоо нийлэхэд утасны чанарт тайлбар хэлээгүй тооцоогоо баталгаажуулсан, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 1 дүгээр сард багтаан төлж дуусгах гэрээ байгуулсан боловч төлөөгүй байна.Манайхаас авсан утсыг нэг жил хадгалж байгаад шинжилгээд өгсөн гэдэгт эргэлзэж байна.Одоо Нэйшнл Кашмер Силк ХХКомпаниас утасны үнэ 20 087 647 төгрөг, алданги 10 043 823 төгрөг нийт 30 131 470 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Нэйшнл Кашмер Силк ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Хатан Сүлжээ ХХКомпани нь манай компанид ямааны ноолууран утсыг 1 кг нь 130 000 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ хийсэн.Гэтэл Хатан Сүлжээ ХХКомпанийн нийлүүлсэн утасанд нэг грамм ч ноолуур ороогүй нь хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн сорилын төвийн итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээгээр батлагдсан.Хатан Сүлжээ ХХКомпанийн манайд нийлүүлсэн 240 кг хятад улсад ээрсэн акрил холиотой хонины ноосон утасны зах зээлийн үнэ нь 27000-29000 төгрөг байдаг.Иймд манай компаний төлсөн мөнгө Хатан Сүлжээ ХХКомпанийн нийлүүлсэн утасны жинд дээрхи зах зээлийн үнээр бодоход хангалттай төлөгдсөн байгаа учир манайх Хатан Сүлжээ ХХКомпанид төлбөр төлөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алимаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч тооцоон дээр алдаад илүү мөнгө нэхэмжлээд байна.Нэхэмжлэгч байгууллагын захирал Бадамхандын хувийн дансанд шилжүүлсэн 5 109 000 төгрөгийг тооцоонд оруулаагүй, нэхэмжлэлийн дүнгээс хасагдаагүй байна.Мөн дансаар шилжүүлсэн төлбөрүүдийг нэхэмжлэлийн дүнгээс хасаагүй байна.Хатан Сүлжээ ХХКомпани ямааны ноолуурын хольцгүй, бага зэргийн туулайны ноолууртай ихэнх нь хонины ноосон хуурамч бүтээгдэхүүн нийлүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Утасны бүтэцтэй холбоотой баримтыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жаргал Кашмер ХХКомпаниас шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сөрөг шаардлага гаргасан.Энэхүү утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний талаар хэрэглэгч нараас болон Орос улсад гаргасан бараанд гомдол гарч алдагдалд орсон.Хатан Сүлжээ ХХКомпанийн нийлүүлсэн утасны үлдэгдэл, уг утсаар нэхсэн бүтээгдэхүүн, нэхэмжлэгч компанийн их дэлгүүрт байрлах салбарт худалдаж байсан цамц зэрэгт шинжилгээ хийлгэхэд тухайн утсанд ямааны ноолуур огт байхгүй гэдэг нь тогтоогдсон.Тухайн үед Хатан Сүлжээ ХХКомпани нийлүүлсэн утсаа 130000-150000 төгрөгөөр  үнэлсэн бөгөөд 2014 онд Хятад хонины ноосон утас 26000 төгрөгийн үнэтэй байсан, манайх Хатан Сүлжээ ХХКомпанид 8 881 881 төгрөгийг илүү төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нэйшнл Кашмер Силк ХХКомпани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хатан Сүлжээ ХХКомпанитай 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ноолууран утас худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компанид нийлүүлсэн ноолууран утас нь ямааны ноолуурын орцгүй, 9 хувийн туулайны ноолуурын орцтой хонины ноосон хятад утас байсны улмаас тухайн утсаар нэхсэн барааны борлуулалтын орлого саатаж алдагдалд оруулсантай холбогдуулан сөрөг шаардлага гаргаж байна.2014 оны 8 сард Хатан Сүлжээ компанийн захирал нь манайх түүхий эдээ Хятад руу гаргаж ямааны ноолууран утас ээрүүлэн оруулж ирдэг гэж итгүүлэн бичиг баримтаа үзүүлсэн тул 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 4 000 000 төгрөг төлж, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ байгуулан 309 кило 018 грамм ноолууран утас худалдаж аваад удаагүй байхад 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хатан Сүлжээ компанийн захирал хүүгийнхээ хамт ирж сүлжих машин дээр хэрэглэж байсан үлдэгдэл 67 кило 975 грамм утсыг, хэрэглэсэн бүх утасны голыг буцаан авсан ба тухайн үед утаснаас детал хэсэг холбон оёх 2-3 ширхэгийг гуйж авч үлдсэн.Хатан Сүлжээ ХХКомпани ямааны ноолуурын хольцгүй, туулайны ноолуурын 9 хувийн хольцтой, тухайн үедээ 26 000-29 000 төгрөгийн үнэтэй хонины ноосон утсыг нэг килограммыг 130000-150000 төгрөгөөр зарж дундаас нь 104000-124000 төгрөгийн ашиг олж байсан гэдгийг харилцагч нарын гомдлын дагуу ноолууран утсанд шинжилгээ хийлгэснээр мэдсэн.Тухайн үед хонины ноосон утас  нэг килограмм нь 26 000- 29 000 төгрөгийн үнэтэй байсан тул манай компани Хатан Сүлжээ ХХКомпанид 241 кило 043 грамм утсанд 6 267 118 төгрөг төлөх ёстой байсан.Харин доголдолтой барааг хууран мэхэлж нийлүүлснийг мэдээгүй тул 15 149 000 төгрөг төлж, илүү 8 881 880 төгрөг төлснийг буцаан нэхэмжилж байна.Манай компани Хатан Сүлжээ ХХКомпанид ноолууран утасны үнэнд нийт 15 149 000 төгрөг төлсөн байтал Хатан Сүлжээ ХХКомпани нь нэхэмжлэл гаргахдаа 5 109 000 төгрөгийг хасч тооцсон байна.Иймд Хатан Сүлжээ ХХКомпанид илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ, гэрээний төлбөрийг баталгаажуулах тухай 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ноолууран утас зээлээр худалдах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2014 онд Хатан Сүлжээ ХХКомпаниас нийлүүлсэн утасны чанарын талаар гэрч асуулгаж тодорхойлохыг хүссэн.Хатан Сүлжээ ХХКомпани одоо болтол бусад хэрэглэгчдийг хуурч, ноосыг ноолуур гэж бараа бүтээгдэхүүнээ зарж байна. Хатан Сүлжээ ХХКомпаниас авсан барааг шинжлүүлэхэд ямарч ямааны ноолуурын хольц байгаагүй бөгөөд манайх туулайны ноолууран утас авах хэлцэл хийгээгүй, гэрээнд хольцтой ноолуур авна гэсэн үг, өгүүлбэр гэрээнд байхгүй.Төлбөрийг баталгаажуулахаар хийсэн 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ нь ноолууран утас гэдэг нэртэй байгаа боловч ямааны ноолуур гэх үгийг авч ээрмэл болгон өөрчилж, анхнаасааа мэдсээр байж хуурч гэрээг байгуулж, үндэслэлгүй ашиг олох зорилготой байсан.Иймд Иргэний хуулийн 255.2-т “худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүнии догодлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол 255.1-т заасан зүйл хамаарахгүй” гэж заасан.Ноолууран утсыг нийлүүлэх үед Хатан Сүлжээ ХХКомпани хэвийн шинжилгээний бичиг баримт үзүүлж манайд өгсөн учраас итгээд авсан.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасныг үндэслэн “Нэйшнл Кашмер Силк ХХКомпани сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч гомдлын шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 254.6-д заасан байгаа.Манай компани бодит үнийг төлж, илүү төлсөн мөнгөө буцааж авах шаардлага гаргаж байна.Иймд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тухайн утсыг ноосон утас болохыг нотолсон баримт алга, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар шинжилгээ хийлгэсэн бүтээгдэхүүн нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр худалдсан утас гэдгийг нотолж чадаагүй, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд Улсын их дэлгүүрээр зарагдсан бараа хамааралгүй байна.Тухайн гэрээгээр захиалагчийн хүссэн өнгө, хэмжээ, чанараар утас нийлүүлсэн, утасны баглаа, боодол чанар зэргийг худалдан авагч тал авсан даруйдаа шалгаж авах үүрэгтэйг гэрээнд тусгасан.Нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл утасны чанартай холбоотой гомдол худалдан авагч талаас ирээгүй байдаг.Манайх шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаас хариуцагч тал ноолуур нь ноос байсан гэж ярьж эхэлсэн.Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдэг нь тохиролцсон байдалдаа хүрээгүй, эсхүл бодит байдлыг төөрөгдүүлсэн тухай яригддаг.Хатан Сүлжээ ХХКомпани нь Нэйшнл Кашмер Силк ХХКомпанид утсыг 100 хувь ноолууран утас гэж зараагүй бөгөөд 50 хувийн орцтой гэж худалдсан.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар доголдлыг Нэйшнл Кашмер Силк ХХКомпани шалгаж авах үүрэгтэй байсан бөгөөд шалгаж аваагүй нь гомдлын шаардлагаа алддаг тул сөрөг нэхэмжлэлийг хангах нь үндэслэлгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хатан Сүлжээ ХХКомпани хариуцагч Нэйшнл Кашмер Силк ХХКомпанид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 20 087 647 төгрөг, алданги 10 043 823 төгрөг нийт 30 131 470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Нэйшнл Кашмер Силк ХХКомпани нь илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөгийг Хатан Сүлжээ ХХКомпаниас гаргуулах, талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний төлбөрийг баталгаажуулах тухай 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ноолууран утас зээлээр худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Нэйшнл Кашмер Силк ХХКомпани 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хатан Сүлжээ ХХКомпанитай ноолууран утас худалдах гэрээ байгуулсан байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Энэхүү гэрээгээр Нэйшнл Кашмер Силк ХХКомпани нь Хатан Сүлжээ ХХКомпаниас 309, 018 килограмм хэмжээтэй, нийт 129 479 юанийн үнэтэй ямааны ноолууран ээрмэл утас худалдан авч, барааны үнийн урьдчилгаа 4 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсанаар, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу 2014 оны 12 дугаар сард бүрэн төлөх үүргийг хариуцагч байгууллага хүлээж талууд тохиролцсон байна.

 

Гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-т “ямааны ноолууран утсыг хүлээж авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, шалгасан акт, дагалдах бичиг баримт, падаан зэргийг бүтээгдэхүүндээ тулгаж авах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Гэрээний 13 дугаар зүйлийн 13.6-д “захилагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0,5 хувийн алдангийг нийлүүлэгчид төлөх”, 13.7-д “гэрээний үйлчлэх хугацаа 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үйлчилнэ” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч Хатан Сүлжээ ХХКомпани нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд Нэйшнл Кашмер Силк ХХКомпани нь гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу барааг тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, шалгасан акт, дагалдах бичиг баримт, падаан зэргийг бүтээгдэхүүндээ тулгаж авах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2-т “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байна.

 

Нэйшнл Кашмер Силк ХХКомпани нь утасыг хүлээж авах үед уг утсаны бүтцэд ямааны ноолуур ороогүй байна гэдгийг мэдэх боломжгүй байсан бол тухайн үед нь эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулах боломжтой байхад утсыг хүлээн авсан, урьдчилгаа төлбөрийг төлсөн байна.

 

Хатан Сүлжээ ХХКомпани нь 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэйшнл Кашмер Силк ХХКомпанитай ноолууран утас зээлээр худалдах гэрээ байгуулсан байх бөгөөд Нэйшнл Кашмер Силк ХХКомпани 165,35 килограмм хэмжээтэй утасны үнэ 69 285 юанийг 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор Хатан Сүлжээ ХХКомпанид төлөх үүрэг хүлээж талууд тохиролцсон байна.

 

Мөн талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдсэн байх бөгөөд уг баталгаанд хоёр байгууллагын хооронд 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Нэйшнл ХХКомпани нь 69 269 юань буюу 21 931 258 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав, энэхүү өрийн үлдэгдлийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор бэлэн тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов” гэжээ.

 

Хариуцагч Нэйшнл Кашмер Силк ХХКомпани нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өнх хэлцэл хийж, гэрээний зүйл болох утасыг хүлээн авснаас хойш утасны чанарын талаар худалдагч талд гаргасан гомдол, шаардлага байгаа эсэхийг баримтаар нотлоогүй байна.

 

Нэйшнл Кашмер Силк ХХКомпани нь Хатан Сүлжээ ХХКомпаниас худалдан авсан утсыг ноолуурын хольцгүй байсан гэдгийг  2016 оны 11 дүгээр сард Жаргал Кашмер ХХКомпани шинжээчийн дүгнэлт гаргуулахад мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөн Хатан Сүлжээ ХХКомпаниас худалдан авсан утсаар хийсэн бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдээс ирсэн гомдол болохыг баримтаар нотлоогүй байна.

 

Гэрээний 13 дугаар зүйлийн 13.6-д “захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0,5 хувийн алдангийг нийлүүлэгч талд төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхтэй байна.

 

Иймд Нэйшнл Кашмер Силк ХХКомпаниас барааны үнийн үлдэгдэл төлбөрийн 20 087 647 төгрөгийг, алдангийн 10 043 823 төгрөгийн хамт гаргуулан Хатан Сүлжээ ХХКомпанид олгож шийдвэрлэв.

 

Нэйшнл Кашмер Силк ХХКомпани нь гэрээний дагуу Хатан Сүлжээ ХХКомпаниас худалдан авсан утасны үнийг ямар үндэслэл, нотлох баримтаар 26 000 төгрөгөөр тооцож байгаа нь тодорхой бус байх тул илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн ноолууран утас худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох  үндэслэлээ хариуцагч тал Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэж заасан байна.

 

Гэтэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгааг хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн байна гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хуулийн үндэслэлд нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байгаа нь мөн талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй байна.

Өөрөөр хэлбэл хууран мэхлэх үйлдэл нь хэлцлийн нэг тал нь нөгөө талдаа тухайн хэлцэлтэй холбоотой эрх, үүрэг болон түүнээс үүрэх үр дагаврын талаар зориуд санаатайгаар буруу төсөөлөлийг болгохыг хэлэх юм.

Мөн талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн ноолууран утас зээлээр худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлээ хариуцагч тал баримтаар нотолж тайлбарлахгүй байна.

Нөгөө талаар хариуцагч Нэйшнл Кашмер Силк ХХКомпани нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Хатан Сүлжээ ХХКомпаниас худалдан авсан утас болон тухайн утсаар хийсэн бүтээгдэхүүнийг шинжилгээний байгууллагад хүргүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч байгууллагын тайлбарыг үндэстэй гэж үзнэ.

Иймд хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Нэйшнл Кашмер Силк ХХКомпаниас 30 131 470 /гучин сая нэг зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг гаргуулан Хатан Сүлжээ ХХКомпанид олгосугай.

2.Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-т заасныг баримтлан талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн ноолууран утас худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний төлбөрийг баталгаажуулах тухай 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ноолууран утас зээлээр худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, илүү төлсөн 8 881 880 /найман сая найман зуун наян нэгэн мянга найман зуун наян/ төгрөгийг гаргуулах тухай Нэйшнл Кашмер Силк ХХКомпанийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 308 700 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 403 220 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нэйшнл Кашмер Силк ХХКомпаниас 308 607 /гурван зуун найман мянга зургаан зуун долоон/ төгрөгийг гаргуулан Хатан Сүлжээ ХХКомпанид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН