Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01829

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1573 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н С” ХХК-д холбогдох,

Барааны үлдэгдэл төлбөр болон алдангийн 30 131 470 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр болон 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.Отгонжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Х” ХХК 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Н С” ХХК-тай харилцан тохиролцож, 309,018 кг ноолууран утсыг нэг кг бүрийн үнэ 419 юань нийтдээ 129 479 юаниар худалдан авах тухай гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг мөн өдөр 12 903 юанийг төлсөн.

Манай “Н С” ХХК-иас шилжүүлсэн болон бэлнээр өгсөн бүх мөнгийг тооцоонд бүрэн оруулж тооцсон, мөн н.Дуламсүрэн захиралтай тооцоо нийлсэн, манайх утсыг 100 хувь ноолууран утас гэж зараагүй, харилцагчдынхаа төлбөрийн чадварт тохируулж 100 хувь ноолуур, 20 хувийн ноосны хольцтой, 80 хувийн ноолууран утас зэргийг үйлдвэрлэдэг ба хариуцагч тал аль утсаар нь хийсэн барааг шинжлүүлсэн болохыг мэдэхгүй байна. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч байгууллагын захиралтай тооцоо нийлэхэд утасны чанарт тайлбар хэлээгүй тооцоогоо баталгаажуулсан, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 01 дүгээр сард багтаан төлж дуусгах гэрээ байгуулсан боловч төлөөгүй. Манайхаас авсан утсыг нэг жил хадгалж байгаад шинжилгээнд өгсөн гэдэгт эргэлзээтэй байна.

Иймд утасны үнэ 20 087 647 төгрөг, алданги 10 043 823 төгрөг, нийт 30 131 470 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч тооцоон дээр алдаад илүү мөнгө нэхэмжлээд байна. Нэхэмжлэгч байгууллагын захирал н.Бадамхандын хувийн дансанд шилжүүлсэн 5 109 000 төгрөгийг тооцоонд оруулаагүй, нэхэмжлэлийн дүнгээс хасагдаагүй байна. Мөн дансаар шилжүүлсэн төлбөрүүдийг нэхэмжлэлийн дүнгээс хасаагүй байна. “Х” ХХК ямааны ноолуурын хольцгүй бага зэргийн туулайны ноолууртай ихэнх нь хонины ноосон хуурамч бүтээгдэхүүн нийлүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Утасны бүтэцтэй холбоотой баримтыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Жаргал кашмер” ХХК-иас шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сөрөг шаардлага гаргасан. Энэхүү утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний талаар хэрэглэгч нараас болон Орос улсад гаргасан бараанд гомдол гарч алдагдалд орсон. “Х” ХХК-ийн нийлүүлсэн утасны үлдэгдэл, уг утсаар нэхсэн бүтээгдэхүүн нэхэмжлэгч компанийн Их дэлгүүрт байрлах салбарт худалдаж байсан цамц зэрэгт шинжилгээ хийлгэхэд тухайн утсанд ямааны ноолуур огт байхгүй гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед “Х” ХХК нийлүүлсэн утсаа 130 000-150 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 2014 онд хятад хонины ноосон утас 26 000 төгрөгийн үнэтэй байсан, манайх “Х” ХХК-д 8 881 881 төгрөгийг илүү төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Х” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ноолууран утас худалдах-худалдан авах гэрээний дагуу манай компанид нийлүүлсэн ноолууран утас нь ямааны ноолуурын орцгүй, 9 хувийн туулайны ноолуурын орцтой хонины ноосон хятад утас байсны улмаас тухайн утсаар нэхсэн барааны борлуулалтын орлого саатаж алдагдалд оруулсантай холбогдуулан сөрөг шаардлага гаргаж байна. 2014 оны 8 сард “Х” ХХК-ийн захирал нь манайх түүхий эдээ Хятад руу гаргаж ямааны ноолууран утас ээрүүлэн оруулж ирдэг гэж итгүүлэн бичиг баримтаа үзүүлсэн тул 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 4 000 000 төгрөг төлж, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ноолууран утас худалдах-худалдан авах гэрээ байгуулан 309 кг 018 гр ноолууран утас худалдаж аваад удаагүй байхад 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Х” ХХК захирал хүүгийнхээ хамт ирж сүлжих машин дээр хэрэглэж байсан үлдэгдэл 67 кг 975 гр утсыг, хэрэглэсэн бүх утасны голыг буцаан авсан ба тухайн үед утаснаас детал хэсэг холбон оёх 2-3 ширхэгийг гуйж авч үлдсэн. “Х” ХХК ямааны ноолуурын хольцгүй, туулайны ноолуурын 9 хувийн хольцтой, тухайн үедээ 26 000-29 000 төгрөгийн үнэтэй хонины ноосон утсыг нэг кг-ыг 130 000-150 000 төгрөгөөр зарж дундаас нь 104 000-124 000 төгрөгийн ашиг олж байсан гэдгийг харилцагч нарын гомдлын дагуу ноолууран утсанд шинжилгээ хийлгэснээр мэдсэн. Тухайн үед хонины ноосон утас нэг кг нь 26 000-29 000 төгрөгийн үнэтэй байсан тул манай компани “Х” ХХК-д 241 кг 043 гр утсанд 6 267 118 төгрөг төлөх ёстой байсан. Харин доголдолтой барааг хууран мэхэлж нийлүүлснийг мэдээгүй тул 15 149 000 төгрөг төлж, илүү 8 881 880 төгрөг төлснийг буцаан нэхэмжилж байна.

Манай компани “Х” ХХК-д ноолууран утасны үнэд нийт 15 149 000 төгрөг төлсөн байтал “Х” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа 5 109 000 төгрөгийг хасч тооцсон байна. Иймд “Х” ХХК-д илүү төлсөн утасны үнэ 8 881 880 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ноолууран утас худалдах-худалдан авах гэрээ, гэрээний төлбөрийг баталгаажуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ноолууран утас зээлээр худалдах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Тухайн утсыг ноосон утас болохыг нотолсон баримт алга, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар шинжилгээ хийлгэсэн бүтээгдэхүүн нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр худалдсан утас гэдгийг нотолж чадаагүй, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд Улсын Их дэлгүүрээр зарагдсан бараа хамааралгүй байна. Тухайн гэрээгээр захиалагчийн хүссэн өнгө, хэмжээ, чанараар утас нийлүүлсэн, утасны баглаа, боодол чанар зэргийг худалдан авагч тал авсан даруйдаа шалгаж авах үүрэгтэйг гэрээнд тусгасан. Нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл утасны чанартай холбоотой гомдол худалдан авагч талаас ирээгүй байдаг. Манайх шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаас хариуцагч тал ноолуур нь ноос байсан гэж ярьж эхэлсэн. Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдэг нь тохиролцсон байдалдаа хүрээгүй, эсхүл бодит байдлыг төөрөгдүүлсэн тухай яригддаг. “Х” ХХК нь “Н С” ХХК-д утсыг 100 хувь ноолууран утас гэж зараагүй бөгөөд 50 хувийн орцтой гэж худалдсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар доголдлыг “Н С” ХХК шалгаж авах үүрэгтэй байсан бөгөөд шалгаж аваагүй нь гомдлын шаардлагаа алддаг тул сөрөг нэхэмжлэлийг хангах нь үндэслэлгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Н С ХХКомпаниас 30 131 470 төгрөгийг гаргуулан Х ХХКомпанид олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн ноолууран утас худалдах-худалдан авах гэрээ болон гэрээний төлбөрийг баталгаажуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ноолуурын утас зээлээр худалдах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, илүү төлсөн 8 881 800 төгрөгийг гаргуулах тухай Н С ХХКомпанийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 308 700 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 403 220 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н С ХХКомпаниас 308 607 төгрөгийг гаргуулан Х ХХКомпанид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1573 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н С” ХХК-аас 26 217 970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 913 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “308 607” гэснийг “289 039” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шат шатны шүүхээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй”, Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д “Ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна”, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.” гэсэн заалтуудыг баримтлан хэргийг шийдвэрлэвэл зохих байтал бодит байдал дээр хүлээцтэй хандсаны улмаас хохирогч болсон манай компанийн эрх ашгийг харгалзан үзсэнгүй. Мөн 2016 оны “Жаргал кашмер” ХХК-ийн хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, шүүхээр шинжлүүлсэн “Шинжилгээний дүгнэлт”-ийг үгүйсгэсэн бодит нотлох баримт хэргийн материалд байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангажээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Н С” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алдангид 30 131 470 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч “Н С” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна худалдах-худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 8 881 880 төгрөгийг нэхэмжлэгч талаас шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүх бүхэлд нь, давж заалдах шатны шүүх зарим хэсгийг нь хангасан ба сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Зохигч нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ноолууран утас худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Х” ХХК нь 309,018 кг ямааны ноолууран ээрмэл утсыг 129 479 юанийн үнээр худалдах, хариуцагч  “Н С” ХХК нь 4 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлөх, үлдэх төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан шаардлагыг хангасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзжээ.

Дээрх гэрээнээс гадна зохигч нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ноолууран утас зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 165,35 кг ноолууран утасны үнэ 69 285 юанийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцжээ.

Зохигч нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлж, 69 269 юань буюу 21 931 258 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг баталсан байна.

Хариуцагч “Н С” ХХК нь нэхэмжлэгчийг гэрээний зүйл болох ямааны ноолууран утас биш харин туулайны ноолуурын орцтой хонины ноосон утас нийлүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзсан хариу тайлбар болон сөрөг шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлжээ.

Худалдах-худалдан авах гэрээний худалдан авагч тал нь худалдагчийн зүгээс гэрээний зүйлээс өөр зүйл нийлүүлсэн бол тухайн эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах, гэрээнд заасан чанарт нийцэхгүй эд хөрөнгө шилжүүлсэн бол гомдлын шаардлага гаргах эрхтэй болно. Гэтэл хариуцагч “Н С” ХХК нь нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох эд хөрөнгийг бүрэн хүлээж авснаас гадна утасны чанарыг эд хөрөнгө хүлээж авах үедээ шалгаагүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс шинжилгээнд өгсөн утас нь нэхэмжлэгчийн худалдсан утас мөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол гомдлын шаардлага гаргах эрхээ алддаг байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас хангах хэмжээг багасгаж тооцсоныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулж, сөрөг нэхэмжлэлийг хангуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1573 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН