| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0785/Э |
| Дугаар | 870 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 870
2020 07 02 2020/ДШМ/870
Э.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ганзориг,
шүүгдэгч Э.Д-ын өмгөөлөгч Ж.Нарантуяа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1906058710810 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э-ийн Д, Улаанбаатар хотод 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Э.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.Уранчимэгийг “Энержи ресурс” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 340,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, Э.Д-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Д- давж заалдах гомдолдоо: “... би эхнэр, гурван нялх хүүхдийн хамт амьдардаг. Хохирогч Б.Уранчимэг нь дүүгийн хамт худал мэдүүлэг өгчээ. Үүний улмаас би анхан шатны шүүхээс 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэндээ харамсаж байна. Түүнчлэн 4 настай охин минь хоёр удаа нүдний хагалгаанд ороод амжилтгүй болсон. Эхнэр, охин хоёр минь байнга эмчийн хяналтанд байдаг. Би ажил хийж, ар гэрээ тэжээн тэтгэдэг. Энэ байдлыг минь харгалзан үзэж хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй. Э.Д- нь залилах гэмт хэрэг үйлдээгүй. Түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол 100,000 төгрөг, 240,000 төгрөгийг ямар үндэслэлээр хэн гэдэг хүнд хэлж зуучилсан, мөнгийг авсан эсэх талаар хэрэгт нотолж, шалгах ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Мөн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаагүй, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй. “Энержи ресурс” ХХК-ийн хүний нөөцийн менежер Мөнхбаяр гэх хүнд хэлж, зуучилсан асуудал байгаа эсэхийг асууж тодруулаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар мэдүүлсэн байхад хүсэлтийг хангалгүй хууль зөрчсөн. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг прокурор Хонгорзул хийсэн. /хх 74/ Гэтэл миний үйлчлүүлэгч болон хохирогч гэх Уранчимэгээс ямар нэг хүсэлт гаргаагүй байхад албадан тулгасан байдлаар тогтоол үйлдсэн. Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу танилцуулах ёстой байтал хэдийд, яаж танилцуулсан огноо байхгүй. Иймд дээрх асуудлуудыг шалгаж хэргийг нэг мөр шийдвэрлэх ёстой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү” гэв.
Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан. Шүүгдэгч Э.Д- “Би тэр мөнгийг авч ажилд оруулахын тулд хоолонд оруулсан. Сургалтад зарцуулсан зүйл байхгүй” гэж мэдүүлсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Э.Д- нь залилах гэмт хэрэг үйлдсэний учир Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.Уранчимэгийг ажилд оруулж өгнө хэмээн мөнгө авч дахин залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилж, шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хуульчилсан.
Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;” гэж заасан байх тул шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар нотлох баримтад тулгуурласан тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй бол ноцтой зөрчил тооцогдоно.
Дээрх хуулийн үндэслэл, шаардлагын дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг хянаж үзэхэд шүүгдэгч Э.Д-д тухайн гэмт хэрэгт болон өмнөх гэмт хэрэгт нь ямар төрөл, хэмжээний ял шийтгэх үндэслэлтэй талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс харахад өмнөх болон одоо хэлэлцэгдэж байгаа гэмт хэрэгт ямар хэмжээний хорих ял оногдуулсан нь тодорхойгүй байна.
Шүүгдэгч Э.Д- бусдад төлөх төлбөргүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, залилах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байхад анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй мэтээр бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцлүүлэх, харин тухайн зөрчил нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах замаар засч залруулах боломжтой байдаг.
Анхан шатны шүүх хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, ялын төрөл, хэмжээний талаар дүгнэлт хийгээгүй, гэмт хэрэг тус бүрт ямар хэмжээний ял шийтгэсэн нь ойлгомжгүйн улмаас давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага шударга ёсны зарчимд нийцсэн талаар дүгнэх боломжгүй байдалд хүргэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Э.Д-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Э.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН