Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0400

 

 

 

 

     2022            05           25                                    128/ШШ2022/0400

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Одмаа, шүүгч Л.Өлзийжаргал, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э.Т*** ” ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О*** , Ч.У***

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: С.Э***

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А***

Нэхэмжлэлийн шаардлага: “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаарын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгож, дээрх хугацааг хасаж тооцуулах,

“Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаарын тусгай зөвшөөрлийг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн  Уул уурхайн кадастрын компьютержсэн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956*** дугаартай “Э.Т*** ” ХХК-ийн XV-020*** дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-020*** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч,  хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи ул уурхайн Кадастрын хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** , Ч.У*** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Э*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** юунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаарын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгож, дээрх хугацааг хасаж тооцуулах, “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаарын тусгай зөвшөөрлийг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн  Уул уурхайн кадастрын компьютержсэн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаартай “Э.Т*** ” ХХК-ийн XV-020*** дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-020*** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч,  хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт газрын тосны газрын Геологи ул уурхайн Кадастрын хэлтэст даалгуулах шаардлагаар маргаж байна.

2. “Э.Т*** ” ХХК тус шүүхэд анх 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын ХV-0203**** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, тухайн зөвшөөрлийг сэргээж, сунгах хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2021/05*** дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 620 дугаар магадлалаар ... нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй, тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, … нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эргэлзээгүйгээр тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ... гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

5. Захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа тодруулсан байна.

6. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

6.1. З*** аймгийн А*** сумын нутаг дэвсгэрт орших Зүүн баян нэртэй 23418,00 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0203**** дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Э.Т*** ” ХХК-д олгосон байна.  

6.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр Эрчит ресосиз ХХК-ийн гаргасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу “Э.Т*** ” ХХК-д олгогдсон З*** аймгийн А*** сумын нутаг дэвсгэрт орших Зүүн баян нэртэй 23418,00 гектар хайгуулын талбайгаас 8297,11 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 15120,89 гектар талбайг ХV-0203**** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

6.3. Дээрх ХV-0203**** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байх ба улмаар дуусгавар болсныг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэжээ.

6.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э.Т*** ” ХХК нь анх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19/001, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 003 дугаартай албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хугацаа хожимдуулсан шалтгаанаа “манай ажилтны алдаанаас болж, ...эрх бүхий албан тушаалтан өвчтэй байсан... хүндэтгэн үзэх шалтааны улмаас хожимдуулсан” гэж тайлбарласан, хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2019 онд хийх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

6.5. Түүнчлэн “Э.Т*** ” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаар албан бичгээр “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг З*** аймгийн А*** сумын Засаг дарга хуульд заасан хугацаанд батлаагүй, татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... З*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн... 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг З*** аймгийн А*** сумын Засаг дарга 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталсан” гэж  хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанаа тайлбарлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргажээ. Мөн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт тайлбар, баримтыг хүргүүлсэн байна.

6.6. Дээрх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс шийдвэрлэж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/4956 дугаар  албан бичгээр “Э.Т*** ” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/09 дүгээр албан бичгийг хүлээн авч танилцаад... Ашигт малтмалын тухай хуулийн  53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байна...” гэсэн хариу өгчээ.

6.7. Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Захиргаааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилсан шийдвэрлэж ажиллагааны журмаар “Э.Т*** ” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20/08, 20/09 дүгээр албан бичгээр тус тус хандаж, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/686 дугаар албан бичгээр хариу авчээ.

6.8. З*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Э.Т*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, З*** аймгийн А*** сумын Засаг даргад холбогдох “Ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0007 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч Э.Т*** ХХК-ийн XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч З*** аймгийн А*** сумын Засаг даргын татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Э.Т*** ” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч З*** аймгийн А*** сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

6.9. З*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0007 дугаар шийдвэрт хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй талаар, 22 дугаар зүйлд ийнхүү сунгуулахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт зэргийг хавсарган хүсэлт өгөхөөр тус тус заасан байдаг. "Э.Т*** " ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж зааснаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19/002А дугаартай албан бичгээр “байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай” хүсэлтийг З*** аймгийн А*** сумын Засаг даргад гаргасан боловч сумын Засаг дарга нь хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй.

Улмаар бидний зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бусад шаардлагатай баримтуудыг хавсарган Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. Гэвч үед ажиллаж байсан мэргэжилтэн н.О*** нь хүсэлтэд хавсаргасан баримт бичгүүдийн бүрдлийг шалгаад байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг амаар өгч буцааж байсан. Дээрх үйл баримтууд нь гэрч н.О*** болон Н.Г*** нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Үүнээс хойш манай компани нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19/001, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 003 дугаартай албан бичгүүдээр ч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар болон хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой дурдсан хүсэлтүүдийг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсээр байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс З*** аймгийн А*** сумын Засаг даргын хууль бус үйлдлийг эс зөвшөөрч "Ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг З*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу З*** аймгийн А*** сумын Засаг дарга болон З*** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь манай компанийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус баталж өгснөөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гаргах боломжтой болсон.

Улмаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20/05 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болгосон бүртгэлийг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн талаар мэдэгдсэн.

Дээрхээс дүгнэхэд, З*** аймгийн А*** сумын Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э.Т*** ” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19/002 тоот албан бичгээр З*** аймгийн А*** сумын Засаг даргад хандан хүсэлт гаргаснаас хойш шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20/05 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан.

Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргах хугацааг 1 жил, 8 сар, 2 хоногоор хэтрүүлсэн.

Учир нь бодит нөхцөл байдалд З*** аймгийн А*** сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар тогтоосон шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Засаг даргаар батлуулж, хугацааг сунгуулах өргөдөлдөө уг төлөвлөгөөг хавсаргаж хүргүүлэх боломжгүй байсан учир тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар уг нөхцөл байдал бий болсон. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Шүүхийн шийдвэрийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр З*** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус баталсан. Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлуулсны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын газрын тосны газарт гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/09 дугаартай албан бичгээр шүүхийн маргаантай байсан учир өгч чадахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхой дурдаад сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасан боловч тус газрын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 8/4953 дугаартай албан бичгээр сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн бүртгэлийн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дууссан гэж бүртгэсэн байна гэсэн хариуг бидэнд өгсөн. Анх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр З*** аймгийн А*** сумын Засаг даргад гаргасан. Тухайн шүүхийн шийдвэрийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөлөө батлуулаад Ашигт малтмал газрын тосны газарт хандах хүртэлх хугацаа буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нь 1 жил 8 сар 2 хоногийн хугацаа байгаа. Энэ хугацааг нэхэмжлэгч компани хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Учир нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй болно. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацааг хасаж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Э*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 удаа 3 жилийн хугацаатайгаар сунгаж болно гэж заасан. Нэхэмжлэгч компанийн тухайд анх удаа сунгуулах хүсэлт гаргаж нотлох баримтын бүрдүүлбэрийг хангасны дараагаар хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хугацаандаа сунгуулаагүй. Хүндэтгэн үзэж шалтгаан гэдгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Улсын дээд шүүхийн тайлбарт хүндэтгэн үзэх шалтгааныг тайлбарласан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах гэж заасан. Дээрх нөхцөл байдлуудаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.гэв.

10. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж заасны дагуу бүрдүүлбэр хангаж, дээрх баримт бичгийг хавсаргахыг шаарддаг .

“Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хугацаанд гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Тодруулбал, хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Э.Т*** ” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон байна.

Нэхэмжлэгч нь хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанаа гадны хүчин зүйл /З*** аймгийн А*** сумын Засаг дарга хуульд заасан хугацаанд баталж өгөөгүй/ нөлөөлсөн гэж үзэж байгаа тус тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй юм.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3-т "Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална, 38.2-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах, мөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах үүрэгтэй.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хүсэлтээ өгнө. Байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар батлах боломжгүй. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хугацаа сунгуулахаас 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байгаа учир хугацааг хүлээх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч  нь “...хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг төрийн захиргааны байгууллага албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас хугацаандаа гаргаж сунгуулаагүй. Хүндэтгэн үзэж шалтгаантай байсан...” гэж, хариуцагчаас “ ... “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хугацаанд гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй... “Э.Т*** ” ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн үндэслэлгүй”  гэж тус тус маргажээ.

3. Үйл баримтын тухайд;

3.1.Нэхэмжлэгч “Э.Т*** ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр З*** аймгийн А*** сумын нутаг дэвсгэрт орших Зүүн баян нэртэй газар 23418.00 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0203**** дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хүчинтэй байхаар авсан байна. 

3.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр “Э.Т*** ” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу “Э.Т*** ” ХХК-д олгогдсон З*** аймгийн А*** сумын нутаг дэвсгэрт орших Зүүн баян нэртэй 23418.00 гектар хайгуулын талбайгаас 8297.11 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 15120.89 гектар талбайг ХV-0203**** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэгээг хийсэн байна.

3.3.Дээрх ХV-0203**** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байх ба улмаар дуусгавар болсныг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэжээ.

3.4.Нэхэмжлэгч “Э.Т*** ” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19/001 дугаар албан бичгээр “... Тусгай зөвшөөрлийн сунгалт хийх өргөдлийг хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө өгөх байсныг манай ажилтны алдаанаас болж хожимдуулсан байна. Ийм учир бидний хүсэлтийг хүлээн авч сунгалт хийх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Холбогдох зардал болон алдангийг бид төлөх болно.” гэх агуулга бүхий хүсэлтийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан байна.

3.5.Дээрх хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 7/1923 дугаар албан бичгээр “... Уг албан тоотоор ирүүлсэн танай компанийн эзэмшиж байсан XV-020*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ирүүлнэ гэж заасны дагуу ирүүлээгүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.” гэх хариуг өгчээ.

3.6.Нэхэмжлэгч нь мөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 003 дугаар албан бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн сунгалт хийх өргөдлийг хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө өгөх байсныг компанийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу захирал маань өвчтэй байсан гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан улмаас болж хожимдуулсан болно. ... Ийм учир бидний хүндэтгэн үзэх шалтгаантай хүсэлтийг хүлээн авч сунгалт хийх өргөдлийг дэмжин шийдвэрлэж өгнө үү. Сунгалтын хоцорсон хугацааны алданги төлбөрийг компани бүрэн төлөх болно.” гэх агуулга бүхий хүсэлтийг Кадастрын хэлтсийн даргад гаргажээ.

3.7.Дээрх хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7/2050 дугаар албан бичгээр “... Уг албан тоотоор ирүүлсэн танай компанийн эзэмшиж байсан XV-020*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ирүүлнэ гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг ирүүлээгүй байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.” гэх хариуг мөн өгсөн байна.

3.8.Мөн нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаар албан бичгээр “... Улмаар шүүхийн эрхийн актын дагуу “Э.Т*** ” ХХК-ийн З*** аймгийн А*** сумын нутаг дэвсгэрт байрлах, “Зүүн баян” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийн 2019 оны “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г дараах хугацаанд баталсан. Үүнд, 1. З*** аймгийн А*** сумын Засаг даргаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2. З*** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 оны 10 дугаар 02-ны өдөр, Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т4 заасан шаардлагыг хангасан тул ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Иймд “Э.Т*** ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгана уу.” гэх агуулга бүхий хүсэлтийг мөн гаргажээ.

3.9.Дээрх хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаар албан бичгээр “... Танай компани өөрийн эзэмшиж байсан З*** аймгийн А*** сумын нутаг дахь “Зүүн баян” нэртэй 15120.89 гектар бүхий хайгуулын ХВ-020300 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлнэ гэж заасны дагуу хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байна.

Танай албан тоотод хавсарган ирүүлсэн материалтай танилцахад З*** аймгийн А*** сумын Засаг даргыг шүүхэд өгч улмаар тус захиргааны хэргийг З*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байна. Гэвч дээр дурдсан маргаан нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгоход хамаарахгүй юм. Иймд танай хүсэлтийг хүлээн боломжгүйг үүгээр мэдэгдье.” гэх хариуг мөн өгсөн байна.

3.10.Нэхэмжлэгч “Э.Т*** ” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр З*** аймгийн А*** сумын Засаг даргад холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй З*** аймгийн А*** сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг З*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШЗ2019/0174 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3.11.Нэхэмжлэгч “Э.Т*** ” ХХК-нд ахлах геологич ажилтай Н.Г***  шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай компаниас хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газарт албан бичгээр материалаа өгч байсан., ... Хүсэлтээ өгөхөд тухайн үед нь шалгаад материалынх нь бүрдэл дутуу байна гэсэн. Ингэхдээ бичгээр юм өгөөгүй дутуу зүйлээ гүйцээгээд ирээрэй гэсэн., ... Гурван жил болоод сунгуулахдаа хуулиараа орон нутгийн Засаг даргын тодорхойлолт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цуг өгдөг. Бид үүнийг авахаар орон нутагт хандсан боловч тодорхойлолт хийж өгөхгүй байсан., ... Хэлсэн. Гэтэл тэр хамаагүй, хуулийн дагуу баримтаа бүрдүүлж сунгуулах ёстой гэсэн.” гэжээ.

3.12.Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацааг 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн үндэслэлээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан тайлбарлан маргаж байна.

4. Маргаан бүхий үйл баримтын хууль зүйн үндэслэлийн тухайд;

4.1. Ашигт малтмалын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 22 дугаар зүйл.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах”, 22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.1.“хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 22.1.2.“үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;”, 22.1.3.“байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж тус тус заажээ.

4.2. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, өргөдөлдөө холбогдох баримтууд болох тусгай зөвшөөрлийн хуулбар, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтууд, хайгуулын ажил гүйцэтгэсэн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримт, ажил гүйцэтгэсэн тухай тайлан зэргийг хавсаргахаар байна.

4.3. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.“Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заажээ.

4.4. Хуулийн дээрх заалтаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага нь өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэл хийхээр байна.      

4.5. Мөн хуулийн 53 дугаар зүйл. “Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл”, 53.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1.“тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж заажээ.

4.6. Дээрхээс үзвэл, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор байна.

4.7. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл тохиолдсон байхыг ойлгохоор байна.

4.8. Гэтэл маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчид дээрх нөхцөл байдлууд бий болоогүй байх бөгөөд хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэх үндэслэлээ хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотой асуудлаар анх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.

4.8. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “... “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаарын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгож, дээрх хугацааг хасаж тооцуулах, “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаарын тусгай зөвшөөрлийг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн  Уул уурхайн компьютержсэн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаартай “Э.Т*** ” ХХК-ийн XV-020*** дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-020*** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи ул уурхайн Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

4.9. Шүүхээс иргэдийн төлөөлөгч Г.Ариунболдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул түүнийг  оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “Э.Т*** ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “... “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаарын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгож, дээрх хугацааг хасч тооцуулах, “Э.Т*** ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020*** дугаарын тусгай зөвшөөрлийг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн Уул уурхайн компьютержсэн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаартай “Э.Т*** ” ХХК-ийн XV-020*** дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-020*** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ

                                      ШҮҮГЧ                               Ц.ОДМАА

                                      ШҮҮГЧ                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ