Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0582

 

 

 

 

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэгч “Э ” ХХК

Хариуцагч: А

Нэхэмжлэлийн шаардлага: “Э ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаарын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгож, дээрх хугацааг хасаж тооцуулах,

-“Э ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаарын тусгай зөвшөөрлийг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаартай “Э ” ХХК-ийн XV-020300 дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-020300 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи ул уурхайн Кадастрын хэлтэст даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 400 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , өмгөөлөгч С.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0202/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Э  ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаарын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгож, дээрх хугацааг хасаж тооцуулах,

-Э  ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаарын тусгай зөвшөөрлийг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаартай Э  ХХК-ийн XV-020300 дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-020300 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи ул уурхайн Кадастрын хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “Э ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ... “Э ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаарын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгож, дээрх хугацааг хасч тооцуулах, Э  ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаарын тусгай зөвшөөрлийг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн Уул уурхайн компьютержсэн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаартай Э  ХХК-ийн XV-020300 дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-020300 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч “Э ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

3.2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж зааснаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19/002А дугаартай албан бичгээр “байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай” хүсэлтийг З  аймгийн А  сумын Засаг даргад гаргасан боловч сумын Засаг дарга нь хууль бусаар манай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй.

3.3. Нэхэмжлэгчийн зүгээс З  аймгийн А  сумын Засаг даргын хууль бус үйлдлийг эс зөвшөөрч “Ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг З  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3.4. Шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг З даргаас 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, З  аймгийн Байгаль орчны газраас 2020 оны 10 дугаар сарын 02-ны баталсан тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах боломжтой болсон.

3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж тус тус зааснаар “Э ” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19/001, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 003, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/09 дүгээр албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж байсан боловч тус газрын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4986 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн байдаг.

3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Ашигт малтмал, газрын тосны газрын Тусгай зөвшөөрлийн бүртгэл сунгалт хариуцсан мэргэжилтэн н.О нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотой шүүхийн маргаан үүссэн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна” гэж, “Э” ХХК-ийн толгой компани болох “Т” ХХК-ийн геологич Н.Г нь “... 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг би өөрийн биеэр аваачиж өгөхөд Тусгай зөвшөөрлийн бүртгэл сунгалт хариуцсан мэргэжилтэн нь хавсаргах баримт бичиг дутуу гэх үндэслэлээр буцаасан” гэж хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудыг тодруулж өгсөн.

3.7. Хэдийгээр нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ шаардлагатай баримт бичгүүдийн хамт гаргах ёстой байсан боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдлээс бус, З  аймгийн А  сумын Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас хүсэлт гаргах хугацаагаа хэтрүүлсэн байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

3.8. Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах нөхцөл байдал бий болсон байхыг ойлгох бөгөөд З  аймгийн А  сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өмнөх үйл баримтуудад анхан шатны шүүх зөрүүтэй байдлаар дүгнэлт өгч шийдвэр гаргах ёсгүй.

3.9. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотой асуудлаар 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудалд дахин өөр байдлаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3.10. Мөн шүүхийн практик, шүүхийн шийдвэрийн цахим санд судалгаа хийж үзэхэд энэхүү маргаантай яг ижил үйл баримттай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байхад зөвхөн “Э ” ХХК-ийн хувьд тэс өөр байдлаар шийдвэрлэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг зөрчсөн.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0400 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаарын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 жил 8 сар 2 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгож, дээрх хугацааг хасаж тооцуулах, ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаарын тусгай зөвшөөрлийг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг Геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаартай “Э ” ХХК-ийн XV-020300 дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын XV-020300 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи ул уурхайн Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Э ” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр З нутаг дэвсгэрт орших З гэх нэртэй 23418,00 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ. Үүний дараагаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр “Э” ХХК-иас гаргасан талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу хайгуулын талбайгаас 8297,11 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 15120,89 гектар талбайг ХV-020300 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэгээг хийсэн байна.

3.3. Гэтэл дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон ба хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй хэмээн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэжээ.

3.4. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19/001 дугаар албан бичгээр “... Тусгай зөвшөөрлийн сунгалт хийх өргөдлийг ... манай ажилтны алдаанаас болж хожимдуулсан байна. Ийм учир бидний хүсэлтийг хүлээн авч сунгалт хийх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 7/1923 дугаар албан бичгээр эс зөвшөөрсөн хариу өгсөн.

3.5. Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар албан бичгээр “...захирал маань өвчтэй байсан гэсэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас болж хожимдуулсан болно. ... Ийм учир бидний хүндэтгэн үзэх шалтгаантай хүсэлтийг хүлээн авч сунгалт хийх өргөдлийг дэмжин шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7/2050 дугаар албан бичгээр хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн.

3.6. Эцэст нь нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаар албан бичгээр “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг З  аймгийн А  сумын Засаг дарга хуульд заасан хугацаанд батлаагүй, татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... З  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ... 2019 оны “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г дараах хугацаанд баталсан. Үүнд, 1. З  аймгийн А  сумын Засаг даргаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2. З  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 оны 10 дугаар 02-ны өдөр, Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан тул ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай...” гэх хүсэлт гаргажээ.

3.7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга дээрх хүсэлтэд маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаар албан бичгээр “...дээр дурдсан маргаан нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгоход хамаарахгүй...” гэж тайлбарлан хүсэлтийг хүлээн авах боломжгүйг мэдэгджээ.

3.8. Дээрх хугацаанд “Э ” ХХК-иас З  аймгийн А  сумын Засаг даргад холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй З  аймгийн А  сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг З  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүх 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд хэргийн оролцогч нараас давж заалдах гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. 

3.8. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасан ба хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заасан.

3.9. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа дуусахаас 1 сарын өмнө шинэчлэн батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамтаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газарт гаргах бөгөөд дээрх өргөдлийг тус хугацаанд гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусаж, тусгай зөвшөөрөл дуусгавар болох хуулийн зохицуулалттай.

3.10. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч “Э” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй талаар маргаж байх ба тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасан эсэх хэрэв хуульд заасан хугацаанд гаргаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхэд маргаж байна.

3.11. Хэдийгээр нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ шаардлагатай баримт бичгүүдийн хамт гаргах ёстой байсан боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдлээс бус, З аймгийн А сумын Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас хүсэлт гаргах хугацаагаа хэтрүүлсэн байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн...” гэж тайлбарласан ч энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна ...” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3.12. Учир нь нэхэмжлэгчийн XV-020300 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон ба нэхэмжлэгч нь үүнээс 8 сар 29 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр З  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох төрийн захиргааны байгууллагаар батлуулахаар нэхэмжлэл гаргасан хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацаатай давхцаагүй, хожим үүссэн харилцаа байх тул энэ нь хүндэтгэн үзэх нөхцөл шалтгаанд хамаарахгүй.

3.13. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн байвал нэхэмжлэгчийг зөвтгөх ба харин Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах өдөр гэхэд дээрх шийдвэр гарсан эсхүл татгалзсан шийдвэртэй холбогдуулан ажиллагаа явуулсан байх хугацааг тооцож, энэ талаар Ашигт малтмал газрын тосны газарт хандаж тайлбарлах ёстой байтал энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа нэгэнт дууссанаас хойш З  аймгийн А  сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхэд маргасныг уг хэрэгт хамааралтай хүндэтгэн үзэх нөхцөл гэж үзэхгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ