Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00058

 

 “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02593 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00104 дүгээр магадлалтай,

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ББД” ХХК-д холбогдох

Үндэслэлгүйгээр шилжүүлсэн 4,071,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ХХБ” ХХК нь “ББД” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 4,071,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02593 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч ББД ХХК-аас 425 173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХБ ХХК-ний хариуцагч ББД ХХК-аас 3 646 771 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.04.15-ны өдөр урьдчилан төлсөн 80 101 төгрөгөөс 13 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 66 651 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00104 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ББД” ХХК-аас 3,646,771 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 425,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, “3” гэснийг “2” гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,101 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ББД” ХХК-аас 73,298 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, “4” гэснийг “3” гэж, “5” гэснийг “4” гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,101 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д хяналтын гомдолдоо: ...Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ““ББД” ХХК-иас 3,646,771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож” гэснийг эс хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байгааг хүлээн авч хянан хэлэлцэж өгнө үү. Үүнд:

1. Анхан болон давж заалдах шатны шуух хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай:

1.1. Тус хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.19-ний өдрийн 183/ШШ2022/02593 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаарт 7 дахь талд зохигчдын хооронд үүссэн маргаан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хооронд үүссэн маргаан гэж үзэж, Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан харьяаллын дагуу Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлд тус тус гомдол гаргаж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т г зааснаар 3,646,771 төгрөг холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.06-ны өдрийн 210/МА2023/00104 дугаартай магадлалын хянавал хэсгийн 5а хэсэгт “Шүүх алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...“ББД” ХХК-иас 3,646,771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож” шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргааныг зохицуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ёстой юм. Учир нь Эрчим хүч, ус хангамжийн талаарх хуулиудад маргалдагч талуудад “субъектын тусгай шаардлага” тавигддаг буюу нэг талд “тусгай зөвшөөрөл эзэмшигч” хуулийн этгээд, нөгөө талд эрчим хүч “хэрэглэгч” хооронд үүсч буй маргааныг заавал салбарын хуульд заасан журмаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэхээр заасан. Ингэхдээ маргаан гэдгийг зөвхөн хангамж, хэрэглээтэй холбоотой гэж хязгаарлаагүй бөгөөд төлбөр тооцоо, алданги тооцох зэрэгт мөн Эрчим хүчний тухай хууль болон тус салбарын бусад дүрэм, журмаар нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсан байдаг. Тодруулбал Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” гэж заасан. Эрчим хүч, ус хангамжаар хангагдаж буй хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуульд заасан журмын дагуу “стандарт нөхцөлтэй гэрээ”-г байгуулдаг бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд Эрчим хүчээр хангах гэрээ, түүнд зайлшгүй тусгах нөхцөл зэргийг тусгасан байдаг. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж алдангийн харилцааг мөн тусгайлан зохицуулсан. Хэрэглэгчид нь эрчим хүчний хангамж, хэрэглээ, эрчим хүчний чанарын асуудлаас гадна хэрэглэсэн эрчим хүчний төлбөр, түүний тооцоолол, ногдуулсан алданги нь үндэслэлтэй эсэх талаарх маргааныг хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулагч байгууллага хянаж, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнээс гадна Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэрэглэх дүрэм, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгүүд, дүрэм, журмуудад заасны дагуу шийдвэрлэдэг. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс алдангийн асуудлыг зөвхөн Иргэний хуулиар шийдвэрлэх маргаан гэж дүгнэсэн нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

1.2. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг Иргэний хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ямар эрх зүйн актад үндэслэн хэрэглэгчийн ямар үйлчилгээний зардлыг хэдий хугацаанд төлөөгүй, хэдэн төгрөгийн алданги тооцсон талаар тооцоололтой холбоотой үйл баримтыг нотлоогүй гэж дүгнэсэн. Гэтэл эрчим хүчний хангамж хэрэглээтэй холбоотой төлбөрийг хэн хариуцах, хэрхэн хуваарилах, алданги тооцох асуудал нь нь Иргэний хууль, Эрчим хүчний тухай хуулиудаар тодорхой зохицуулагдсан нийтэд нээлттэй үйл баримт юм. Тайлбарлавал Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, ...тус тус төлнө” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар ХУД ..-р хороо, ... гудамж, ....-р байр, .... тоот хаягт байршилтай хувийн сууц нь “ХХБ” ХХК-ийн өмчлөлд 2018.12.26-ны өдөр шилжиж ирсэн нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог, Мөн энэ талаар “ХХБ” ХХК нэхэмжлэлдээ дурдсан байдаг ба 2020.09.01-ний өдрөөс эзэмшилдээ шилжүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Иймд Иргэний хуулийн дээр дурдсан заалтын дагуу хувийн сууцыг өөрийн өмчлөлд байх хугацааны буюу 2022.01.12-ны өдрийг хүртэлх халаалтын төлбөр, ус, дулааны суурь үнэ зэргийг төлөх үүргийг хүлээж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн төлөгдөөгүй төлбөр буюу 2019.11.20-ны өдрөөс 2022.01.20-ны өдрийг хүртэлх хугацааны эрчим хүчний төлбөрийн задаргаа, алданги тооцсон талаарх баримтыг ТБ-ны төлбөрийн системээс авсан хэлбэрээр хэрэгт гаргаж өгсөн болно. Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу тооцно.” 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна”, 31.4-т “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасан. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасны дагуу “Хуульд зааснаар ногдуулж байгаа анз” юм. Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг Иргэний хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ямар эрх зүйн актад үндэслэн хэрэглэгчийн ямар үйлчилгээний зардлыг хэдий хугацаанд төлөөгүй, хэдэн төгрөгийн алданги тооцсон талаар тооцоололтой холбоотой үйл баримтыг нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтыг хууль тогтоомж, нийтэд нээлттэй байгаа үйл баримт буюу эрчим. Хүчний салбарын дүрэм журмын дагуу үнэлж үнэн зөв, бодитой, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байна. Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... ББД ХХК-иас 3,646,771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.03.09-ний өдрийн 001/ШХТ2023/00264 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “ББД” ХХК-д холбогдуулан орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3,646,771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг нийт 4,071,944 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

9. Анхан шатны шүүх хариуцагчаас 425,173 төгрөгийг гаргуулахыг хүссэн “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 3,646,771 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг буюу Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсгийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй нь гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.

10. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “ХХБ” ХХК 2018.12.26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 170212 зайсан гудамж 65/7 дугаар байрны 04 тоот хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр зээлийн төлбөрт тооцон, өмчлөлдөө шилжүүлэн авсан, 2022.01.12-ны өдөр Г.У-д эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдсан, ийнхүү худалдах үед 2019.11.20- 2022.01.20 хүртэл хугацааны хуримтлагдсан орон сууц ашиглалтын төлбөрт 8,155,223 төгрөгийг төлсөн боловч “ББД” ХХК нь харуул хамгаалалтын хөлсийг илүү авсан, үл хөдлөх хөрөнгийг худалдсаны дараа өмчлөгчийн хэрэглээний ус дулааныг хязгаарлаж, алданги 3,646,771 төгрөгийг төлүүлсэн гэж маргасан, шүүх маргааны зүйлийг зөв тогтоожээ.

11. Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн хуулийн зорилго, зохицуулах зүйл, хуулиар тогтоосон маргаан шийдвэрлэх харьяаллыг анхаараагүйгээс алданги 3,646,771 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анзыг зөвхөн гэрээгээр үүснэ гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д нийцээгүй. Иргэний хуулийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна” гэж тус тус заасан ба анз нь хуулиар, мөн гэрээгээр үүсдэг хуулийн тодорхой зохицуулалтыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

12. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хэмжээ хязгаарын хүрээнд магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй учир шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00104 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 73,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                              Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН