Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00104

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00104

 

 

 

ххх ххк-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02593 дугаар шийдвэртэй

ххх ххк-ийн нэхэмжлэлтэй, *** ххк -д холбогдох

Үндэслэлгүйгээр шилжүүлсэн 4,071,944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманбек, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ххх ххк нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00000 Зайсан гудамж 00/0 байр, 0 тоот хаягт байршилтай 400.0 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 12 сарын 26-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан.

Улмаар, 2020 оны 09 сарын 01-ний өдөр тус хөрөнгийг банк эзэмшилдээ хүлээн авч, 2022 оны 01 сарын 12-ны өдөр *.* тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худаддан авах гэрээ байгуулан түүнд шилжүүлсэн.

ххх ххк нь тус хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авснаас хойш *** ххк -тай халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо хангах тухай гэрээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу байгуулаагүй боловч тус компаниас 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хувийн сууцанд гарсан ашиглалтын төлбөр, зардлын мэдээллийг авч нийт 8,155,223 төгрөг төлсөн.

1.2. Гэтэл *** ххк нь дээрх хугацааны алданги 3,646,711 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр тухайн хувийн сууцны цахилгаан, ус, дулааныг хязгаарлаж, хааж эхэлсэн. ххх ххк-аас хариуцагч компанийн ажилтантай утсаар болон уулзаж холбогдон гэрээ байгуулаагүй байхад алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй талаар удаа дараа хэлжу, 2022 оны 03 сарын 10-ны өдрийн албан бичгээр энэ талаар мэдэгдэхэд банкны хүсэлтийг шийдвэрлээгүй.

*.* аас 2022 оны 03 сарын 22-ны өдөр банканд хариуцагч байгууллага ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байгаа хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдэгдсэн тул ххх ххк гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг харгалзан үзэж, 3,646,771 төгрөгийн алдангийг хариуцагчид төлсөн.

Хариуцагч *** ххк нь анхны өмчлөгч, эзэмшигч этгээд болох *.*тэй 2015 оны 12 сарын 27-ны өдөр хангагч хэрэглэгчийн хооронд гэрээг байгуулж, ашиглалтын төлбөр болон гэрээгээр тохиролцсон алдангийг авч байсан боловч банктай гэрээг шинэчлэн байгуулаагүй атлаа алданги 3,646,771 төгрөгийг банк болон шинэ өмчлөгчөөс шаардаж төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагчаас 2021 оны 08 сарын 25, 2022 оны 02 сарын 14-ний өдрүүдэд ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхэд үндсэн ашиглалтын төлбөрийн дүнг тусгасан ба алдангийн хэмжээ, дүн, үндсэн төлбөрийн нийлбэр дүн зэрэг мэдээлэл тусгагдаагүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулаагүй байхад үндэслэлгүй шаардсан 3,646,771 төгрөгийн алдангийг *** ххк -аас буцаан шаардаж байна.

1.3. Түүнчлэн, хариуцагч *** ххк нь 8,155,223 төгрөгийн ашиглалтын төлбөрийг нэхэмжилж авахдаа 2021 оны 06 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны харуул, хамгаалалтын төлбөрийг 174,375 төгрөгөөр илүү тооцсон.

Хариуцагч *** ххк нь банктай харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар гэрээ байгуулаагүй атлаа харуул, хамгаалалтын төлбөрийг үндэслэлгүй нэмсэн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар нийт сууц өмчлөгч нарын талбайн тоонд хувааж нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлаас үзвэл 2021 оны 06 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны 425,173.00 /60,739*7 сар/ төгрөгийг илүү авсан байх тул хариуцагч компаниас нэхэмжлэх хуулийн үндэслэлтэй байна. Иймд *** ххк -аас хуулийн үндэслэлгүй шилжүүлсэн төлбөр, алданги нийт 4,071,944 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төвийн нэгдсэн ус дулаантай орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцдаг тусгай зөвшөөрөл эзэмшигч *** ХХК нь Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2018 оны 000 дугаар тогтоолын хавсралтаар Аж ахуйн харилцааны дүрэм болон Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийг баримтлан ажилладаг.

Нэхэмжлэгч төлбөр тооцоог барагдуулаагүй, өмнөх хэрэглэгчтэй төлбөрийг төлуүлэлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан тул Эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй байсан.

2.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтайн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бусдын орон сууцыг шилжүүлэн авч байгаа тохнолдолд хэрэглэгчийн өмнөх үлдэгдэл төлбөрийг шалгаж төлүүлэх, өр төлбөрийг төлүүлснээр Эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулах зэрэг хүлээх үүргүүдээ биелүүлээгүй тул өмнөх өмчлөгч, эзэмшигчийн өр төлбөрийг бүрэн хариуцан барагдуулах үүрэгтэй.

2.3. **** хаус 00-00-00 хувийн орон сууц нь 8 айлын нийтийн эзэмшил бүхий орон сууцнууд бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтайн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар тус хотхоны дундын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуулын ажлыг оршин суугчдын хүсэлтээр манай байгууллага хариуцдаг.

Уг ажлын хүрээнд орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг, хог хаягдлын төлбөрийг төлж, талбайн цэвэрлэгээ, дундын өмч хөрөнгө, талбайн бүрэн бүтэн байдлыг харуулууд харж үйлчилгээ үзүүлдэг. Оршин суугчдын хурал, уулзалтаар харуул цалинжуулах, цалин хөлс нэмэх асуудлыг шийдвэрлэдэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй бөлгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ххк -аас 425,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ххх ххк-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххх ххк-ийн хариуцагч *** ххк -аас 3,646,771 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 80,101 төгрөгөөс 13,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 66 651 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Алданги 3,646,771 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч илүү төлсөн алдангийг хариуцагч авах эрхтэй эсэх талаар буюу гэрээний эрх зүйн маргааны хүрээнд шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь талуудын хооронд ус, цахилгаан, халуун, цэвэр, бохир ус, ариутгал халаалт гэх мэт үйлчилгээ, дулааны эрчим хүч дутуу нийлүүлсэн, эрчим хүчийг хязгаарласан, тасалсан, эрчим хүчний тоолуурын заалтаар буруу тооцож нэхэмжилсэн, цэвэр, бохир усны талаар үүссэн зөрчил, маргаан гаргаагүй.

Иймд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Аж ахуйн харилцааны дүрмийн 3.8, Хот, суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталсан Аж ахуйн харилцааны дүрмийн 5.7-д тус тус зааснаар тохиролцож гэрээ байгуулаагүй байхад алданги тооцох эсэхийг гэрээний хүрээнд дүгнэн шийдвэрлэх байгууллага нь шүүх юм.

4.2. 425,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй. Учир нь 2021 онд харуулын цалин хөлсийг нэмэгдүүлсэн тул мөн оны 06 дугаар сараас хойш ашиглалтын зардал нэмэгдэж, төлбөрийн дүнд өөрчлөлт орж байгаа талаар оршин суугчдад мэдэгдэл, албан бичиг өгсөн эсэхийг баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дүрэмд зааснаар иргэн, хуулийн этгээдтэй дулаан болон эрчим хүчний гэрээ байгуулах тохиолдолд зайлшгүй өмнөх хэрэглэгчтэй тооцоо нийлж, дууссаны дараа шинээр гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай.

Гэтэл энэ төлбөр тооцоотой асуудлыг эцэслэн шийдээгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Тийм учраас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсаны үндсэн дээр хэрэг маргаан шийдвэрлэгдэх ёстой гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ххх ххк нь хариуцагч *** ххк -д холбогдуулан орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3,646,771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг нийт 4,071,944 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ххх ххк нь 2018 оны 12 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00000 зайсан гудамж 00/0 дугаар байрны 0 тоотод байрлах 400 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээл, хүүгийн төлбөрт шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөлдөө шилжүүлэн авч, улмаар ххх ххк нь 2022 оны 01 сарын 12-ны өдөр *.* тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлжээ. /хх15-16/

 

4. *** ххк нь хот суурин ус, ариутгах татуургын ашиглалт, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах зэрэг чиглэлээр үйл ажиллагааны хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тус тус тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. /хх38, 41-45/

 

4.а. Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** хаусын 0 дугаар байрны хэрэглэгчийн үйлчилгээг хариуцдаг ба 2015 оны 12 сарын 27-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч *.*тэй хэрэглэгчийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ. /хх112/

 

5. Нэхэмжлэгч ххх ххк нь тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч, *.* ад худалдахдаа 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хуримтлагдсан орон сууц ашиглалтын төлбөрт 8,155,223 төгрөгийг, мөн хугацааны алданги 3,646,771 төгрөгийг хариуцагч *** ххк -д төлсөн, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

5а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэлээр энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

Учир нь алдангитай холбоотой хэсэг урьдчилан шийдвэрлэх журамд хамаарахгүй ба анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.б. Хариуцагч *** ххк нь орон сууцны төлбөрийн алданги 3,646,771 төгрөгийг нэхэмжлэгч ххх ххк-аас ямар эрх зүйн актад үндэслэн хэрэглэгчийн ямар үйлчилгээний зардлыг хэдий хугацаанд төлөөгүй, хэдэн төгрөгийн алданги хэрхэн тооцсон талаар тооцоололтой холбоотой үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

*** ххк нь ххх ххк-аас алданги тооцсон үйл баримтыг нотлож чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *** ххк -ийг 3,646,771 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иймд *** ххк -аас 3,646,771 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххх ххк-д олгох нь хуульд нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

6. *** ххк нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** хаус хотхоны оршин суугчдын хүсэлтээр тус хотхоны дундын өмчлөлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуулын ажлыг хавсран гүйцэтгэх үүрэгтэй харуул ажиллуулдаг байна.

 

6.а. Тус компанийн ерөнхий захирлын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн тушаалаар Ч.Мөнхтүвшинг харуулын албан тушаалд томилж сарын үндсэн цалинг 800,000 төгрөгөөр тооцож, мөн оны 12 сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2021 оны 07 сарын 01-ний өдөр харуулын албан тушаалын сарын үндсэн цалинг 1,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх69, 70, 78/

 

6.б. Харуул, хамгаалалтын ажилтны цалин нэмэгдсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ххх ххк-аас харуул, хамгаалалтын төлбөр авсныг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт хэрэгжсэн үйл ажиллагааны төлбөрийг илүү төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын харуул, хамгаалалтын зардалд илүү төлсөн 425,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *** ххк -аас 3,646,771 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххх ххк-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 425,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххх ххк-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,101 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *** ххк -аас 73,298 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. Гэж тус тус өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Худалдлаа, хөгжлийн банк ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,101 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ