Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/00256

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэгт  байрлах, Х ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт  байрлах, Б ХХК /******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3 646 771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425 173 төгрөг, нийт 4 071 944 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3 646 771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425 173 төгрөг, нийт 4 071 944 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.ХХК нь улсын бүртгэлийн Ү-22*******722 дугаартай, Х*******,, 4 тоот хаягт байршилтай, 400.0 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “...Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 17.4-т заасанд хамаарахгүй” гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн авсан. Хэдийгээр дээрх байдлаар хөрөнгийг банк өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч өмнөх өмчлөгч болон түүний гэр бүлийн хүмүүс амьдарч байсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр банк өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авч, худалдан борлуулах ажиллагааг хийж эхэлсэн. Ийнхүү банкнаас өөрийн эзэмшилдээ хүлээн авснаас хойш тус эд хөрөнгийг өөр хүмүүст амьдрах зориулалтаар түрээслүүлж, хөлслүүлээгүй ба энэ хугацаанд халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог хаягдал зэрэг ашиглалтын төлбөр, зардал гаргаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, банкны санхүүгийн бүртгэлд үүссэн зээлийн өр төлбөрийг хаах зорилгоор зар тавих, хэн нэгэн этгээдэд санал болгох, танилцуулах зэргээр ажиллагаа явуулсан ба улмаар 2021 оны сүүлээр худалдан авах этгээд гарч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худаддан авах гэрээ байгуулан тус хөрөнгийн өмчлөлийг Г.Уад шилжүүлсэн. Г.Утай байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх гэрээгээр банк тухайн хувийн орон сууцанд гарсан ашиглалтын төлбөр, зардлыг хариуцан төлөхөөр болсон. Ингээд тус хувийн сууцны 2019.11.20-2022.01.20-ны өдрийг дуустал хугацаанд нийт 8 155 223,75 төгрөг гарсан талаарх төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчаас шаардан авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн Хаан банкан дахь 5131311126 тоот харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлсэн байдаг. Ашиглалтын төлбөр, зардлыг хариуцагчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу төлсний дараагаар хариуцагчийн зүгээс 2019.11.20-2022.01.20-ны өдрийг хүртэл хугацаандаа төлөгдөөгүй алдангийг төлөөгүй гэсэн үндэслэлээр хувийн сууцны цахилгаан, ус дулааныг хязгаарлаж, хаасан байдаг. Банкны зүгээс Г.Уын нялх хүүхэдтэй, гэр бүлийн гишүүнийн эрүүл мэндэд санаа зовниж, хавар, өвлийн хүйтэн улиралд ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байгааг харгалзан үзэж алдангийг яаралтай байдлаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Уг хөрөнгийг Х*******,*******ны өмчлөлд шилжүүлэн авснаас хойш хариуцагчийн зүгээс нэг ч удаа банканд төлбөрийн нэхэмжлэх, алдангийн талаарх мэдээлэл, эрчим хүчний хэрэглээг хязгаарласан тухай мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй бөгөөд энэ талаарх нотлох баримт мөн хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “...Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна" гэж, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт "Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт “...эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэж, Аж, ахуйн харилцааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-т “...Төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой дулаан хангамжийг түдгэлзүүлэх  талаар хэрэглэгчдэд 72 цагийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж, 3.8-т “...Хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банкинд очсоноос хойш алданги тооцож эхлэх болон дулааны эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хоногуудыг тус тус хэрэглэгчтэй байгуулж буй гэрээгээр зохицуулна” гэж тус тус заасны хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө төлөөгүй тохиолдолд хангагч хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг хязгаарладаг бөгөөд энэ талаар хэрэглэгчид 72 цагийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээр хэрэглэгч өөрийн эрчим хүчний төлбөрийг төлөөгүй талаар мэдээлэл авч, хуулийн дагуу алданги тооцогдож эхэлж байгаа талаар мэдэх боломжтой болдог. Хариуцагчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх дээрээ зөвхөн үндсэн ашиглалтын төлбөрийн дүнг тусгасан байдаг ба алдангийн хэмжээ, дүн, үндсэн төлбөрийн нийлбэр дүн зэрэг мэдээлэл банкинд ирж байгаагүй болно.  Мөн хариуцагч Б******* ХХК нь орон сууцны төлбөрийн алданги 3 646 771 төгрөгийг нэхэмжлэгч Х*******,******* ХХК-иас ямар эрх зүйн актад үндэслэн хэрэглэгчийн ямар үйлчилгээний зардлыг хэдийн хугацаанд төлөөгүй, хэдэн төгрөгийн алданги хэрхэн тооцсон талаар тооцоололтой холбоотой үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлоогүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 492.1.1-т “...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин т бус болсон" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 3 646 771 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх бөгөөд банк буцаан шаардах эрхтэй байна.

Мөн хариуцагч Б******* ХХК нь 2019.11.20-2022.01.20-ны өдрийг дуустал хугацааны 8 155 223.75 төгрөгийн ашиглалтын төлбөрийг нэхэмжлэхдээ банкнаас илүү дүнгээр төлбөр авсан. Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ашиглалтын төлбөрийг нэхэмжлэхдээ харуул хамгаалалтын төлбөрт 113 636 төгрөгөөр тооцож нэхэмжилдэг боловч түүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны харуул хамгаалалтын төлбөрт 174 375 төгрөг нэхэмжилсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч Б ХХК нь банктай харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар гэрээ байгуулаагүй байхад үйлчилгээ үзүүлсэн, харуул хамгаалалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу нийт сууц өмчлөгч нарын талбайн тоонд хувааж нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлаас үзвэл 2021.06.20-2022.01.20-ны өдрийг хүртэл хугацааны 425 173.00 /60 739 х 7сар/ төгрөгийг илүү авсан байх тул хариуцагч компаниас нэхэмжлэх хуулийн үндэслэлтэй байна. Иймд Б ХХК-д хуулийн үндэслэлгүй шилжүүлсэн төлбөр, алданги нийт 4 071 944,03 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс хариуцагч талыг эрчим хүчээр хангах гэрээ шинэчлэн байгуулаагүй алданги тооцон авсан нь хууль бус гэж тайлбарлаж байх бөгөөд алдангийг гэрээгээр тохиролцсон байх тухай дурджээ. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “...Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж, 31.3-д “...Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна" гэж тус тус заасан. Төвийн нэгдсэн ус дулаантай орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцдаг тусгай зөвшөөрөл эзэмшигч Б******* ХХК нь Эрчим Хүчний Зохицуулах Хороо болон Хот Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөл гэсэн төрийн 2 байгууллагаас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. ЭХЗХ-ны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар Аж Ахуйн Харилцааны Дүрмийг баталсан бөгөөд уг дүрмээр дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулдаг. Дүрмийн гэрээний нөхцөл шаардлага хэсгийн 2.2-д “...Иргэний хуулийн этгээд дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулахаас өмнө дараах шаардлагыг хангасан байна”, 2.2.2-д “...Хэрэглэсэн дулааны эрчим хүчний тооцоог нийлж баталгаажуулах, өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх” гэж заасан. Иймд нэхэмжлэгч төлбөр тооцоог барагдуулаагүй, өмнөх хэрэглэгчтэй төлбөрийг төлуүлэлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан тул Эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй байсан. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 74 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтын Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 2.7 дахь заалтад “...цэвэр бохир усны үйлчилгээнд хамаарч буй барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусган акт үйлдсэн байна” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны Эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “...Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг даалгавар байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцана” гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгч нь Монгол улсад мөрдөгдөж байгаа дээрх хууль тогтоомжийн дагуу бусдын орон сууцыг шилжүүлэн авч байгаа тохиолдолд хэрэглэгчийн өмнөх үлдэгдэл төлбөрийг шалгаж төлүүлэх, өр төлбөрийг төлүүлснээр Эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулах зэрэг хүлээх үүргүүдээ биелүүлээгүй тул өмнөх өмчлөгч, эзэмшигчийн өр төлбөрийг бүрэн хариуцан барагдуулах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчтай харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар гэрээ байгуулаагүй байхад үйлчилгээ үзүүлсэн, харуул хамгаалалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд уг тайлбар нь бие биенээ үгүйсгэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй, төлбөр нэхэмжлэх эрх үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч харуул хамгаалалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн гэж тайлбарлаж байгаа нь төлбөр төлөх үүргээ зөвшөөрч, төлбөрийн хэмжээг эөвшөөрөхгүй гэсэн агуулгатай тайлбар байна. Роял таун хаус 65-7-4 хувийн орон сууц нь 8 айлын нийтийн эзэмшил бүхий орон сууцнууд бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар тус хотхоны дундын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуулын ажлыг оршин суугчдын хүсэлтээр манай байгууллага хариуцдаг. Уг ажлын хүрээнд орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг, хог хаягдлын төлбөрийг төлж, талбайн цэвэрлэгээ, дундын өмч хөрөнгө, талбайн бүрэн бүтэн байдлыг харуулууд харж үйлчилгээ үзүүлдэг. Оршин суугчдын хурал, уулзалтаар харуул цалинжуулах, цалин хөлс нэмэх асуудлыг шийдвэрлэдэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс Х.Ад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х******* ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мемориалын ордер, Х******* ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мемориалын ордер, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Х*******ны хүсэлт хүргүүлэх тухай 5/2215 албан бичиг, Г.Учралын гараар бичсэн хүсэлт, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №01/22 дугаартай нэхэмжлэхийн баримт, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №01/22 дугаартай нэхэмжлэхийн баримт, баримт, 2021 оны 8 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх, 2022 оны 01 дүгээр сарын төлбөрийн нэхэмжлэх /хэргийн 9-24-р хуудас/,

хариуцагчаас, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-ийн дүрэм, З.Д*******ын цахим үнэмлэхний лавлагаа, 24/2017 дугаар тусгай зөвшөөрөл, 24/2017 дугаар тусгай зөвшөөрөл, 00498 тусгай зөвшөөрөл, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангаж тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хавсралт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №292 дугаартай дүрэм шинэчлэн батлах тухай тогтоол, аж ахуйн харилцааны дүрэм, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 74 дугаартай Аж ахуйн харилцааны дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоол, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдын хорооны аж ахуйн харилцааг зохицуулах дүрэм, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн харилцагчийн гүйлгээ, Р хаус 65-4 тоотын төлбөрийн мэдээлэл, 2018 оны 7 дугаар 24-ний өдрийн Б ХХК-ийн 131/18 дугаар хурал хийх тухай албан тоот, хурлын тэмдэглэл, албан тоот хүлээлгэн өгсөн баримт, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц нийтийн аж ахуйн компани захирлын Б/27 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, гэрээний сунгалт, Б******* ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар 01-ний өдрийн Б-09 дугаартай цалин хөлс нэмэх тухай тушаал, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, гэрээ хийх өргөдлийн маягт, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Б******* ХХК-иас и-мэйлээр хүргүүлсэн нэхэмжлэх, Б******* ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх /хэргийн 37-97, 242-247-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Шүүх, хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд Х******* ХК руу Б******* ХХК-иас хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж хэрэгт хавсаргасан. /1-р хавтаст хэргийн 248-250, 2-р хавтаст хэргийн-1-2-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ХК-ийн хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3 646 771 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425 173 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Х******* ХК нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х*******, тоот хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр зээлийн төлбөрт тооцон, өмчлөлдөө шилжүүлэн авсан, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г.Уад эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдсан, ийнхүү худалдах үед 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хуримтлагдсан орон сууц ашиглалтын төлбөрт 8 155 223 төгрөгийг төлсөн боловч хариуцагч Б******* ХХК нь харуул хамгаалалтын хөлсийг илүү авсан, үл хөдлөх хөрөнгийг худалдсаны дараа өмчлөгчийн хэрэглээний ус дулааныг хязгаарлаж, алданги 3 646 771 төгрөгийг үндэслэлгүйгээр төлүүлсэн гэж маргаж, хариуцагч Б******* ХХК-иас орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3 646 771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425 173 төгрөг, нийт 4 071 944 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.  

 

3.Хариуцагч Б******* ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээгээ шинэчлэн байгуулах гэсэн боловч өмнөх өмчлөгчийн өр төлбөр төлөгдөөгүй байсан тул гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй байсан, нэхэмжлэгч Х******* ХК нь өр төлбөрийг нь төлүүлэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг авсан тул өр төлбөрийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд гэрээ байгуулаагүй боловч алдангийг холбогдох хуульд зааснаар төлөх үүрэгтэй, мөн оршин суугчдын хурал уулзалтаар харуул цалинжуулах, цалин хөлсийг нэмэх асуудлыг шийдвэрлэсэн байсан гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Х*******,******* ХХК нь 2018 оны 12 сарын 26-ны өдөр Х*******, тоотод байрлах, 400 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээл, хүүгийн төлбөрт шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөлдөө шилжүүлэн авч, улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Г.Утай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00093 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

4.2.Хариуцагч Б******* ХХК нь хот суурин ус, ариутгах татуургын ашиглалт, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах зэрэг чиглэлээр үйл ажиллагааны хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тус тус тусгай зөвшөөрлийг эзэмшиж, Х*******, Р хаусын 65 дугаар байрны хэрэглэгчийн үйлчилгээг хариуцдаг болох нь хэрэгт авсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл, түүний хавсралтаар тогтоогдож байна.

 

5.Хариуцагч Б******* ХХК нь 2015 оны 12 сарын 27-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч С.Ттэй хэрэглэгчийн гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Х*******,******* ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч, Г.Уад худалдахдаа 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хуримтлагдсан орон сууц ашиглалтын төлбөрт 8 155 223 төгрөгийг, мөн хугацааны алдангид 3 646 771 төгрөгийг хариуцагч Б******* ХХК-д төлсөн үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүйгээр алданги тооцон авсан, харуул хамгаалалтын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар мэдэгдээгүй атлаа илүү төлбөр төлүүлсэн гэж маргаж байна.

 

6.Нэхэмжлэгч нь хариуцагч Б******* ХХК-иас хувийн сууцны ашиглалтын төлбөр зардлын мэдээллийг ирүүлсэн бөгөөд 2019.11.20-2022.01.20 хүртлэх хугацааны төлбөр нийт 8 155 223 төгрөгийн төлбөрийг төлөх талаар нэхэмжлэх ирүүлсэн тул 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн Хаан банкин дахь дансанд төлж барагдуулсан, хангагч хэрэглэгчийн хооронд байгуулах гэрээг байгуулаагүй тул алданги төлөх үүрэг үүсэхгүй, төлбөрийн нэхэмжлэхэд алдангийн талаар дурьдаагүй гэсэн бөгөөд Б******* ХХК-ийн Төлбөрийн нэхэмжлэх 2022/1-д “...хамрах хугацаа 2021/12/20-2022/01/20 хэвлэсэн огноо 2022/02/14 эцсийн үлдэгдэл 8 155 223,75 төгрөг” гэжээ.

6.1.Хариуцагч нь нэхэмжлэгч Х******* нь гэрээг шинэчлэн байгуулах үүргээ өөрөө биелүүлээгүй, алдангийг төлөх талаар нэхэмжлэх хүргүүлж байсан, мөн алдангийг гэрээ байгуулаагүй боловч хуульд зааснаар төлөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 232.1, Эрчим хүчний тухай хуулийн 31.3-д зааснаар хуульд заасан алдангийг шаардан авсан нь үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

6.2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заажээ.

6.3.Хариуцагч нь хуульд зааснаар алданги шаардах эрхтэй боловч Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16"эрчим хүчээр хангагч" гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг; 3.1.19"хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасан.

6.4.Мөн Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж заасан байх бөгөөд хариуцагч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэр дээрх хэрэглэгчдийн цахилгаан, дулааны борлуулалтыг хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр заасан байхад гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутай гэж тайлбарласан нь үндэслэлгүй, хангагч болох хариуцагч нь хэрэглэгч болох нэхэмжлэгчтэй гэрээгээ шинэчлэн байгуулаагүй атлаа хуулиар тогтоосон алдангийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэв.

6.5.Хариуцагч нь нэхэмжлэгчид алдангийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж нэхэмжлэх хүргүүлж байсан болох нь нотлогдоно гэж 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 05 дугаар сарын 19-ний хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ, төлбөрийн мэдээлэл, 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацааны төлбөрийн нэхэмжлэхийг нотлох баримтаар шүүхэд ирүүлж, талуудын хоорондоо харилцаж байсан мэйл хаягт үзлэг хийлгэсэн бөгөөд төлбөрийн үлдэгдэл 8 155 233 төгрөгийг төлөх талаар 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэх хүргүүлж өнөөдөр төлөх юм бол алдангийг хасч болно гэсэн боловч нэхэмжлэгч нь 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төлсөн тул алдангийг төлүүлсэн гэж тайлбарласан.

6.6.Гэвч хариуцагч Б******* ХХК нь орон сууцны төлбөрийн алданги 3 646 771 төгрөгийг нэхэмжлэгч Х3******* ХК-нд төлөх талаар мэдэгдэж байсан гэсэн боловч 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэх дээр үндсэн төлбөр 8 155 233 төгрөгийг төлөх талаар дурдсан, нэхэмжлэхэд алданги төлөх талаар дурьдаагүй байна.  

6.7.Иймд хариуцагч Б******* ХХК нь нэхэмжлэгч Х*******,******* ХК-иас алданги тооцон авсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин т бус болсон” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б******* ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж алданги төлсөн 3 646 771 төгрөгийн буцаан шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

6.8.Хариуцагч нь Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д “энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ” гэж зааснаар харьяалал зөрчсөн гэж тайлбарласан боловч алдангийг буцаан шаардсан талаарх маргаан нь урьдчилан шийдвэрлэх журамд хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, зохицуулах хороо, зохицуулах зөвлөл нь үнэ тарифийн хүрээнд үнийг зөв буруу тооцсон талаарх болон үйлчилгээ эрхлэхтэй холбоотой асуудлыг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэхээр байна.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас харуул хамгаалалтын зардалд илүү төлсөн 425 173 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд харуул хамгаалалтын хөлсийг нэмэх талаар мэдэгдээгүй байж СӨХ-ны төлбөр дээр 2019 оны 6 дугаар сарын 20-ноос 2022 оны 01 дүгээр сарын 20-ны хүртлэх хугацаанд 113 636 төгрөгийг авах байхад 174 375 төгрөгийг илүү тооцож авсан тул төлбөрийн зөрүү болох 425 173 төгрөгийг гаргуулна /113 636-174 375=60 739 х 7сар=425 173 төгрөг/ гэсэн.

7.1.Хариуцагч нь харуул хамгаалалтын төлбөрийг буюу харуулын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар оршин суугчдын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэсэн гэж маргасан.    

7.2.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б******* ХХК нь Х*******, Р хаус хотхоны оршин суугчдын хүсэлтээр тус хотхоны дундын өмчлөлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуулын ажлыг хавсран гүйцэтгэх үүрэгтэй харуул ажиллуулдаг байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

7.3.Хариуцагч Б******* ХХК-ний оршин суугчдын хурал хийх талаарх 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын албан бичигт “мэргэжлийн гэрээт харуул сонгон авах, эсхүл одоо ажиллаж буй харуулын цалинг нэмэх” талаар дурдсан байх бөгөөд мөн компанийн ерөнхий захирлын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн Б/27 тоот тушаалаар Ч.Мг харуулын албан тушаалд томилж сарын үндсэн цалинг 800 000 төгрөгөөр тооцож, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр харуулын албан тушаалын сарын үндсэн цалинг 1 000 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн болох нь тогтоогдож байна.

7.4.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, мөн 148 дугаар зүйлийн 148.3-д “өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.

7.5.Иймд нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх хугацаанд бүртгэлтэй байсан байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах”, 13.1.4-д “засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” эрхээ хэрэгжүүлээгүй, харуул хамгаалалтын төлбөрийг нэмэгдүүлсэн талаар мэдэгдээгүй гэсэн нь үндэслэлгүй, харуул, хамгаалалтын ажилтны цалин нэмэгдсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Х******* ХХК-иас харуул, хамгаалалтын төлбөр авсныг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл уг төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж байсан байх бөгөөд нэгэнт хэрэгжсэн үйл ажиллагааны төлбөрийг илүү төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

8.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б******* ХХК-иас орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид төлсөн 3 646 771 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425 173 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 101,1 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73 298 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б******* ХХК-иас орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид төлсөн 3 646 771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425 173 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 101 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73 298 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН