| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0094/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 58
Н.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0094/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Хохирогч Ш.М-
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүгдэгч Н.С-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолтой, Н-ын С-д холбогдох, 1918006120586 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах |чадвартай, урьд нь 2000 -12 -12-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3.т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2000-7-7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн. ********** регистрийн дугаартай, Б- овогт Н-ын С-.
Шүүгдэгч Н.С- нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн 6 дугаартай өрөөнд хамт ажилладаг сувилагч Ш.М-аас байшингаа барьж дуусгахад 7-14 хоногийн хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20,000,000 /хорин сая/ төгрөг авсан.,
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг ** дугаар байрны ** тоотод оршин суух иргэн Ц.Т-аас цалингийн зээл хаачхаад 1 дэх өдөр буцаагаад шилжүүлье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг зуулан ашиглаж 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг авч бусдын хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Н-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Н.С-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Н.С-эс 20.440.000 төгрөгийг гаргаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын ** дүгээр хэсгийн ** дүгээр гудамжны ** тоотод түр оршин суух хохирогч Ш.М-т., /утас-********, ********/ 3.400.000 төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг ** дугаар байрны ** тоотод оршин суух хохирогч Ц.Т-д /утас-********/ тус тус олгох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9.т зааснаар шүүгдэгч Н.С- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэгтэй СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.С-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2.т заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т заасан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай" гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг баримтлан Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.
Шүүгдэгч Н.С- давж заалдах гомдолдоо:
Миний бие нь хохирогч Ш.М-аас 2019.03.28-нд 20 000 000 төгрөгийг барилгадаа хэрэглэнэ гэж аваад барилгын материал авч амжаагүй байхдаа сошиалаас Франц улсын иргэний зээл олгоно гэсэн зарыг олж харсан юм. Ингээд зээл аваад Ш.М-аас зээлсэн мөнгийг өсгөөд өр ширээ дарах санаатайгаар 2019 оны 04-р сарын 12-ны өдөр зар тавьсан Франц иргэнтэй найз Х.М-ийн хамтаар холбогдож 500 000 000 сая төгрөгийн зээл хүсэхэд зээл олгож болно гэсэн хариу өгсөн. Тэр зээл олгохын тулд хүссэн зээлийн 10%-ийг урьдчилан дансанд байршуулсан байх шаардлагатай гэсэн шаардлага тавьсан учир Х.М-ийн хурууны хээ, хүүхэн харааны байдлыг явуулж , хоёр хүүхдийн болон өөрсдийн амь даатгал гэж 100 000 000 төгрөг банкаар гуйвуулсан юм. Ингэж мөнгөө гүйвуулсныхаа дараа залилуулснаа мэдэж Улаанбаатар хотод очиж цагдаагийн газар гомдол гаргаад одоо хохирогчоор тогтоогдон гомдол шалгагдаж байгаа юм.
Би Ш.М- эгчтэй сүүлд нь ярьж тохиролцоод мөнгийг нь хүүтэй зээлж авахаар гэрээ хийсэн байсан. Залилуулсан мөнгөө авч чадахгүй болонгуутаа хэлсэн тохирсон хугацаандаа мөнгийг нь өгч чадалгүй хохироож байгаа минь үнэн юм. Ц.Түвшинаргал эгчийн мөнгийг ч энэ байдлаас болоод төлж чадаагүй нь үнэн. Би хохирсон хүмүүсийн мөнгийг төлж барагдуулна.
Өөрийн барьж байсан байшингаа зараад хохирол төлбөрөө төлөх гэсэн боловч улс орон даяар бий болсон хорио цээр өвчинтэй холбогдоод эдийн засгийн хямрал болж хүмүүсийн худалдан авах боломж муудаад зарж чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Давж заалдах шатны шүүх хурал болтол барилга маань зарагдчих байх гэж найдаж байгаа тул хохирлоо төлчих байх гэж бодож байна.
Иймд анхан шатны шүүхээр оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.С-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2.т заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т заасан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай" гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.С- тайлбартаа:
Барилгаа зарж хохирлыг төлөх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:
Н.С-ийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Н.С- хохирол төлөхөө илэрхийлсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ш.М- тайлбартаа:
Өөрийнхөө амьдарч байсан гэрээ зарсан. Мөнгөө авч байж би гэр оронтой болно. Жил гаруй хугацаанд айлд амьдарч байна. Мөнгөө авчихвал хүнийг заавал хориулах хүсэлгүй. 20.000.000 төгрөгнөөс 2 сая гаруй төгрөгийг л авсан. Хохирлоо гаргуулж авмаар байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ш.М-ын өмгөөлөгч Р.Атарцэцэг тайлбартаа:
Шүүгдэгч Н.С- нь гэм буруугийн талаар ярьдаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсанд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Н.С-ийн давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл :
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.С-ийг урьдын танил хохирогч Ц.Т-, Ш.М- нарын итгэлийг эвдэж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сар хорих ял оногдуулжээ.
Хэргээс үзвэл шүүгдэгч Н.С- нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн 6 дугаартай өрөөнд хамт ажилладаг сувилагч Ш.М-аас байшингаа барьж дуусгахад 7-14 хоногийн хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэж 20.000.000 төгрөг., 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 2 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Ц.Т-аас цалингийн зээл хаачхаад 1 дэх өдөр буцаагаад шилжүүлье гэж 3.400.000 төгрөгийг тус тус авч бусдыг хуурч, тэдний итгэлийг эвдэж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Н.С-ийн үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч Н.С-ийн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.М-, Ц.Т-., гэрч Х.М-, Э.Г- нарын мэдүүлэг, хохирогч Ш.М-ын “Төрийн” банкнаас 20.0 сая төгрөгийн гүйлгээ хийсэн зарлагын мэдүүлэг, /х.хийн 29-р хуудас/ Н.С-, Ш.М- нарын 2019-6-17-ны өдөр нөхөж хийсэн нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ., /х.хийн 30-31-р хуудас/ гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл.,/х.хийн 8-р хуудас/ шүүгдэгч болон хохирогчийн “ХААН”., Худалдаа хөгжлийн банк,” “Төрийн банкин” дахь дансны хуулгад хийсэн үзлэг, тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон., үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.
Гэвч шүүгдэгч Н.С- нь үйлдсэн хэргээ үнэн, зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлыг хурдан хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн, мөн шүүгдэгч нь өөрөө мөнгөө бусдад залилуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн Дээд шатны прокурорын эсэргүүцлийн ...шүүх шүүгдэгч Н.С-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй... гэснийг хүлээн авч, харин шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад таслан сэргийлэх арга хэмжээний талаар заасан байх тул эсэргүүцлийн ...шүүх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай шийдээгүй... гэснийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг :
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй... гэж өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 2.5.д зааснаар шүүгдэгч Н.С-д оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй..,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Н.С- нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
-Шүүгдэгч Н.С-д тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн заалт тус тус нэмж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Н.С-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Н.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй сулласугай.
5. Дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР