Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1629

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М. У-т холбогдох

 

Гэрээний үүрэг 125 141 142 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Хариуцагч М. У-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. У- нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Х бтай зээлийн гэрээ байгуулж 115 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 2 дугаар хороо 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууц, бэлэн хувцас барьцаалсан. М. У- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, хүүний төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 2015 оны 12 дугаар сарын 31-нээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Хариуцагч М. У- 2013, 2014 онд зээл авч зээлийн төлөлтөө хийж дуусган 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сүлжмэл, нэхмэлийн үйлдвэр эрхлэх чиглэлээр төсөл боловсруулж Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас төслийг нь дэмжиж зээлийг судалж олгох тухай албан бичиг ирүүлсний дагуу банк судалж материалыг хурлаар оруулж түүнд 115 000 000 төгрөгийн зээлийг сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрт зориулж олгосон. Одоо барьцаалагдсан байгаа 3 өрөө орон сууцыг тэр үед нэмж барьцаалсан. Нэхэмжлэгч тал зээлтэй холбоотой нотлох баримтыг хариуцагчийн хүсэлтээр гаргаж өгсөн. Түүний дансны хуулгаас харахад 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны орлого зарлагын гүйлгээний данснаас харахад их хэмжээний мөнгө орсон гарсан байсан тул банк төлбөрийн чадвартай гэж үзэж хүсэлтээр нь зээл олгосон. 115 000 000 төгрөгийн зээлийг банк дангаараа шийдэж олгоогүй. М. У- 2014 оны 01 дугаар сарын 29-ний өдөр 100 000 000 төгрөгийн шугаман зээл авч, зээл нь зөрчилгүй, хугацаа хэтрээгүй, орлого зарлага хэвийн явж байснаас гадна Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зөвшөөрөлтэй байсан тул хөнгөлөлттэй, 7 хувийн хүүтэй зээл олгогдсон. Иймд хариуцагч М. У-ээс үндсэн зээл 105 408 333 төгрөг, хүү 18 588 018 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 068 292 төгрөг, нийт 125 064 643 гаргуулж, барьцаа хөрөнгө Б.Бадамцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нотариатын зардал 76 500 төгрөг нэхэмжлэхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х бнаас 2013 оны 03 дугаар сарын 27-нд 57 000 ам доллар, 2014 оны 05 дугаар сарын 27-нд 100 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-нд 115 000 000 төгрөг тус тус зээлдэж авсан. 2013 онд зээлсэн 57 000 ам.долларын ханшийн зөрүүнэээс болж алдагдалд орсон. 2014 онд 100 000 000 төгрөгийн зээл авч тус долларын зээлийг барагдуулсан. Төслийн 115 000 000 төгрөгийн зээл авч шугамын 100 000 000 төгрөгийн зээлийн 93 000 000 төгрөгийг төлсөн. Миний бие долларын зээлээс хүлээсэн ханшийн зөрүүний алдагдлаас үүдэлтэйгээр Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороонд байрлах 12 дугаар байрны 285 тоот 3 өрөө байр болон тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах өргөтгөлтэй 2 өрөө байрыг ямар ч шийдвэргүйгээр банк хураан авч бусад эд хөрөнгийн хамт бусдад худалдсан. Зээлийн 115 000 000 төгрөг миний зээлийн дансанд гүйлгээ хийгдэж орж ирсэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн зээл гэж авсан боловч өмнөх зээлээ дарсан гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өмчлөлийн 2 орон сууцыг өмнө нь бараг хүчээр авсан. Тиймээс 3 дахь орон сууцыг өгөхгүй гэж бодож байна. 137 тоотод байрлах байрыг миний ээж М. У- барьцаалсан. Өмнөх байруудыг банкны зүгээс хүчээр хурааж авч, намайг нэр шилжүүлж өг, хурдан ирж гарын үсэг зур гэсээр байгаад нотариатад очоод гарын үсэг зуруулсан. Тухайн байруудыг би хэдэн төгрөгөөр, яаж худалдсан, ямар хэмжээтэй зээлийг барагдуулж байгааг мэдээгүй, ойлгоогүй. Тэр байруудыг барьцаалж авсан зээлийн төлбөрийг барагдуулах үүднээс сүүлийн байрыг барьцаалж зээл авсан учраас маргаан байгаа. Би банкны зүгээс байрыг хүчээр авдаг юм байна гэж ойлгоод гарын үсгээ зурсан. Гурван байрны өмчлөл бүгд миний нэр дээр байдаг байсан. Одоо байраа өгөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х б, М. У- нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 57 000 ам.долларыг 36 сарын хугацаатай зээлж М. У- 1 жилийн хугацаанд зохих журмын дагуу төлбөрийг төлж, нийт 19 000 ам.долларыг төлсөн. Төлөлт хэвийн явагдаж байтал банкны зүгээс ам.долларын зээлийг хаалаа зээлээ төл гээд шугаман зээл авах санал тавьсан. Тухайн цаг хугацаанд зээл төлөгдөж явахад ханшийн зөрүү ихээр гарч байсан тул гэрээг шинэчилж тухайн үеийн төгрөгөөр хийх саналыг нэхэмжлэгчид тавьсан боловч шугамын зээл авчих гэсэн санал гаргасан. Цаг хугацааг харахад 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шугаман зээлийн 100 000 000 төгрөгийг олгож 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмнөх зээлийн гэрээг хаасан. Эндээс харахад өмнөх зээлийн гэрээ хаагдахгүйгээр шугаман зээлийн гэрээг байгуулсан байдаг. 100 000 000 төгрөгийн шугаман зээлийг аваад 2 хоногийн дараа өмнөх зээлээ дарсан байдаг. Энэ 100 000 000 төгрөг тэр чигээрээ 57 000 ам.долларын өрөнд явсан. Яагаад гэвэл 2013, 2014 онд долларын ханшийн зөрүү хэт их өсөж нэг ам.долларт 300-400 төгрөг нэмэгдсэн. Ам.долларын ханш өссөн учраас өмнөх зээлийн ханш хүндээр тусаж эхэлсэн. Банкны шугаман зээлийн гэрээ хийж авах саналыг М. У- өөрөө ч зөвшөөрсөн. Хэрэгт байгаа будааны бизнес эрхлэх зорилгоор зээлийн материал бүрдүүлсэн гэж тайлбарлаж байна. Банк өөрөө Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу банкны зээлийн гэрээ гэж 10 гаран хуудас материал өгсөн. Зээлийг зориулалтын бусаар тухайн хөрөнгийг зарцуулбал гэрээг цуцална гэсэн байдаг. Гэтэл зээл аваад 3 хоногийн дараа өмнөх зээлээ дарж байна гэдэг чинь будааны зориулалтын дагуу биш өмнөх зээлийн зориулалттай байна гэдэг нь харагдаж байна. Шугаман зээлийн гэрээ нь 36 сарын хугацаатай. Гэтэл хэрэгт байгаа банкны хуулгаас харахад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн жижиг дунд үйлдвэрийн зээлд авсан 115 000 000 төгрөгийг авсны сарын дараагаас эхлэн 30 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, оны эцэст гэхэд 78 000 000 төгрөг төлчихдөг. Энэ нь 115 000 000 төгрөгийн 70 хувь буюу 78 000 000 төгрөг шугаман зээлийн төлбөрт орсон. Тэгэхээр зээлийн гэрээний зорилгоос мөнгө өөрөөр зарцуулагдаад байгаа. Үүнийг банк цуцалж болох байсан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 115 060 000 төгрөгийн зээлээс 25 000 000 төгрөгийг л эргэлдүүлсэн. Хэдийгээр 3 зээлийн гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан харагдаж байгаа боловч нэг хүнд хэт өндөр хариуцлага хүлээлгэж байгаа учраас Иргэний хуульд зааснаар талуудын хооронд байгуулсан хүсэл, зоригийн хэлцэл нь хуульд нийцсэн, шударга ёсонд нийцсэн байх ёстой. Гэтэл М. У- 100 000 000 төгрөг аваагүй байж банкинд төлөх өр нь 330 000 000 төгрөг болж хувирч байна. Хэрэгт байгаа банкны хуулгаас харахад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад өөрөө санхүүгийн асуудалтай байгаа гэдгээ тайлбараар хэлдэг. Сүүлийн 2 удаагийн зээлийн зорилго гэвэл нэг нь будааны бизнес, нөгөө нь жижиг дунд үйлдвэрийн бизнес бөгөөд энэ хоёр зориулалтын дагуу ашигласан зээл байна уу гэхэд нэг ч зээл нь зориулалтын дагуу биш байдаг. Шугаман зээлийн будааны бизнес эрхэлж байна уу гэхээр бас байдаггүй. Тэгэхээр зорилго өөр байна гэдэг анхнаасаа байгуулах хүсэл зориг биш байна гэсэн үг. Банк зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх гэж байгаа нь харагдаж байна. Ийм үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус. Үүнтэй холбоотой 2 байрны асуудал ярьдаг. Банк байрыг зарсан гуравдагч этгээд ч мэдүүлж байна. Иймд М. У-ийн Х бтай 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 100 000 000 төгрөгийн эрхтэй зээлийн шугаман гэрээ байгаа. Өмнө нь авсан 57 000 ам.долларын зээлийг төлсөн. Найман шарга зах дээр очиж зээлээр авсан мөнгөө валют болгоод зээл төлсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар няцаагдаж байна. 2013 оны 57 000 ам.долларын зээлийн гэрээний үүрэг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 35 минутад, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 58 минутад тус тус төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шугамын зээлийн гэрээний 100 000 000 төгрөгийг М. У- 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр авсан. Тэгэхээр 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ам.долларын зээлийг төлсөн байж 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авсан зээлээр төлсөн гэж худлаа ярьж болохгүй. 100 000 000 төгрөгийн шугаман зээлийг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 99 000 000 төгрөгийг авсан зарлагын баримт хэрэгт нотлох баримтаар байгаа. Энэ баримтад М. У- өөрөө гарын үсэг зурж авсан. 100 000 000 төгрөгийн зээлийн эрхийг өмнөх 57 000 ам.долларын зээлийг төлөх зорилгоор авсан гэдэг нь худлаа. М. У- 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний утга учрыг маш сайн ойлгож байсан. Гэрээний гол агуулга нь М. У-т 100 000 000 төгрөгийн эрхийг нээгээд тэрээр хэзээ хүссэн үедээ мөнгөө аваад, буцаагаад төлж болно. Төлсөн хэмжээгээр мөнгөө буцаагаад авч болох юм. М. У- үүнийгээ маш сайн хэрэгжүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 24 000 000 төгрөгийн зээл буцаагаад төлсөн, тэр хэмжээгээр эрх нь буцаагаад нэмэгдчихсэн. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15 290 000 төгрөг авсан. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг буцаагаад хийсэн гэх зэрэг чөлөөтэй ашиглаж байсан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн жижиг дунд үйлдвэрийн зээлээр шугамын зээлийг төлсөн гэж бас худлаа. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 115 000 000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн зээлийг зээлдэгч 2014 оны 09 дүгээр сарын 06, 08-ны өдрүүдэд бүгдийг бэлнээр зарлагдаж авсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байгаа. Тэгвэл яг энэ авсан өдөр шугамын зээлийн орлого хийгдэж, төлөгдсөн үү гэхээр дансны хуулга дээр тийм юм байхгүй. Үнэхээр М. У- 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан зээлээрээ шууд шугамын зээлийг хаасан бол энэ шугамын зээл дансанд харагдаад тэр зээл хаагдах ёстой. 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийн хүү л төлөгдсөн болохоос биш авсан шугамын зээл төлөгдөөгүй гэдэг нь харагдаж байгаа. 115 000 000 төгрөгийг зориулалтын дагуу М. У- ашиглах үүрэгтэй гэхдээ шугамын зээлэнд төлөгдөөгүй гэдэг нь харагдаж байгаа. Шугамын зээлийг аваад л хаачихсан юм шиг юм яриад байгаа гэтэл энэ зээлийг аваад 24 сарын турш чөлөөтэй ашиглаж, ашигласнаар барахгүй хугацаа хэтрээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүхэлдээ төлөгдөж дууссан байгаа. Энэ шугамын 100 000 000 төгрөгийн зээл гэрээний нөхцөл байсан. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгөөр эрхийг нь хумих буюу ашигласан 50 000 000 төгрөгөө төлөх ёстой. Үлдсэн хугацаанд ашиглах эрх 50 000 000 төгрөг байх ёстой байсан. Энэ бол шугамын гэрээний хавсралтаар тохирсон асуудал. Тэр хугацаанд шугамын зээлийг хумиагүй учраас нэмэгдүүлсэн хүүнд тооцогдоод явсан. Хугацаа хэтрүүлж төлөхдөө барьцааны хөрөнгүүдийг өөрсдөө худалдан борлуулаад түүгээрээ төлсөн. 115 000 000 төгрөгийг М. У- жижиг дунд үйлдвэрлэлийн зээлэнд ашигласан уу, ашиглаагүй юу гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ энэ зээлээр шугамын зээлийг хаагаагүй. Банк хуулинд зааснаар хэрвээ зээлийн гэрээний үүрэг зохих ёсоор гүйцэтгэгдээгүй бол барьцааны хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. Бид зээлийн хугацаа хэтрээд байна төлөөч гэхэд М. У- нар өөрсдөө ч гэсэн бид хоёр байраа зараад төлнө гэдэг хүсэлтээ өгдөг. Х б, М. У- нарын ярилцлагын тэмдэглэлд 2 байраа зараад төлнө гэдэг тайлбар авагдсан байгаа. 2-3 удаагийн уулзалтад бичгээр “бид 2 байраа зараад өрөө төлнө” гэсэн хүсэлтийг бичиж өгсөн. Тэгсэн атлаа одоо банк хүчээр зарсан, сүрдүүлж байгаад зарсан юм шиг тайлбар хэлээд байна. 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээл бодитоор хэрэгжсэн, зээлийг авсан. Банк хариуцагч нарын хооронд нууж халхлах, ямар нэгэн өөр харилцаа үүсээгүй. Банкны зүгээс зээлдэгч нарыг судлаад өөрсдийнх нь хүссэний дагуу зээл олгогдсон. М. У- өөрөө өргөдлөө өгсөн, гэрээнд гарын үсэг зурагдаад зээлийн олголтууд хийгдээд явсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч М. У-ээс 125 064 643 гаргуулж нэхэмжлэгч Х б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.Бадамцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892 777 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М. У-ээс 853 473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б ХХК-нд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х б ХХК-нд холбогдох М. У- Х б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хариуцагч М. У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж 616 475 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Х бнаас 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 57 000 ам.доллар, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 115 000 000 төгрөг зээлсэн ба 57 000 ам.долларын зээлийн ханшийн зөрүүнээс алдагдалд орсон. 100 000 000 төгрөгийн зээлээр тус ам.долларын  зээлийг барагдуулж төслийн 115 000 000 төгрөгийн зээл авч шугаман 100 000 000 төгрөгийн зээлийн 93 000 000 төгрөгий төлсөн.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч өөрийн 2 орон сууцыг Х бинд хураалгасан тул нийт нэхэмжилсэн үндсэн зээл 105 408 333 төгрөг, хүү 18 588 018 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 068 292 төгрөг гаргуулах шаардлагын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагаасаа татгалзсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нотлох баримт гаргах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хууль зүйн үндэслэлгүйгээр хүсэлтийг хүсэлтийн шатанд гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэг дууссан гэх үндэслэлээр хэлэлцээгүй нь буруу болсон. Шүүхийн шатанд зохигч хүсэлт гаргах эрхтэй байхад хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 19 656 310 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК-аас хариуцагч М. У-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 125 141 142 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 76 500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж үлдэх хэсгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 80 146 564 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч М. У- нь нэхэмжлэгч “Х б” ХХК-аас 115 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлэхээр 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр1480010099 тоот зээлийн гэрээ, уг үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8/58 дугаар байрны 45 тоот хаягт байрлах сүлжмэлийн цехэд байгаа бэлэн хувцас, Б.Бадамцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-02205027218 дугаартай, 000167334 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65-137 тоот хаягт байрлах 40.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 10-21 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК-д хариуцагч М. У- нь  2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сүлжмэл нэхмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн автомат нэхэгч машин худалдан авах зорилгоор 200 000 000 төгрөгийн бизнесийн зээлийн өргөдөл гаргасан тул нэхэмжлэгчийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 517 дугаартай Зээлийн хорооны шийдвэрээр төслийн зээлийг сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрт тоног төхөөрөмж худалдан авах буюу үндсэн хөрөнгийн зориулалтаар 115 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн зээлийн дансанд 115 000 000 төгрөгийн гүйлгээ буюу зээл олгох ажиллагаа хийгдсэн байна. /хэргийн 117, 108 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “115 000 000 төгрөгийн зээл авч, 2013 оны ам.долларын болон 2014 оны шугамын зээлийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2-д зааснаар мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй тул түүний тайлбар нь үндэслэлгүй юм.

Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчих болсноор нэхэмжлэгч “Х б” ХХК нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх, улмаар зээлийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцож, гэрээг цуцлах мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдлээр зээлдэгчид мэдэгджээ. /хэргийн 24 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 105 408 333 төгрөг, хүү 18 588 018 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 068 292 төгрөг, нийт 125 064 643 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч М. У- нь 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр цагаан будаа худалдан авах буюу эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 100 000 000 төгрөгийн шугаман зээлийн гэрээг нэхэмжлэгч “Х б” ХХК-тай байгуулж, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 99 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь тус банкны зарлагын маягтаар тогтоогдож байна. /хэргийн 91, 152 дугаар тал/

 

Түүнчлэн, талуудын хооронд 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 57 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийг шугаман зээлийн гэрээгээр зээлж авсан 100 000 000 төгрөгөөр төлсөн гэж тайлбарлаж байх боловч гэрээ тус бүр өөр өөр цаг хугацаанд тус тусдаа байгуулагдаж, өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгон дүгнэж дараагийн гэрээг байгуулж, зээлийн мөнгийг тус тусд нь бэлнээр хүлээн авч байсан үйл баримт тогтоогдож байх тул 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн шугамын гэрээ болон 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 115 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хуулиар хориглосон болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 57 000 ам.долларын зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 23 950 ам.доллар, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 954,77 ам.долларыг тус тус төлсөн, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шугаман зээлийн гэрээний 99 000 000 төгрөгийг бэлнээр авч гэрээний хугацаанд ашиглаж байсан нь Х бны орлого зарлагын баримтаар тогтоогдож байна. /хэргийн 152-159 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 125 064 643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М. У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 240 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                             С.ЭНХТӨР