Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01871

 

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчиэмэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1629 дүгээр магадлалтай,

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

М.Ут холбогдох

Гэрээний үүрэг 125 141 142 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Уийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Д.Батцэнгэл, хариуцагч М.У, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Х Б”тай зээлийн гэрээ байгуулж 115 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 2 дугаар хороо 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууц, бэлэн хувцас барьцаалсан. М.У нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, хүүний төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 2015 оны 12 дугаар сарын 31-нээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Хариуцагч М.У 2013, 2014 онд зээл авч зээлийн төлөлтөө хийж дуусган 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сүлжмэл, нэхмэлийн үйлдвэр эрхлэх чиглэлээр төсөл боловсруулж Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас төслийг нь дэмжиж зээлийг судалж олгох тухай албан бичиг ирүүлсний дагуу банк судалж материалыг хурлаар оруулж түүнд 115 000 000 төгрөгийн зээлийг сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрт зориулж олгосон. Одоо барьцаалагдсан байгаа 3 өрөө орон сууцыг тэр үед нэмж барьцаалсан. Нэхэмжлэгч тал зээлтэй холбоотой нотлох баримтыг хариуцагчийн хүсэлтээр гаргаж өгсөн. Түүний дансны хуулгаас харахад 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны орлого зарлагын гүйлгээний данснаас харахад их хэмжээний мөнгө орсон гарсан байсан тул банк төлбөрийн чадвартай гэж үзэж хүсэлтээр нь зээл олгосон. 115 000 000 төгрөгийн зээлийг банк дангаараа шийдэж олгоогүй. М.У 2014 оны 01 дугаар сарын 29-ний өдөр 100 000 000 төгрөгийн шугаман зээл авч, зээл нь зөрчилгүй, хугацаа хэтрээгүй, орлого зарлага хэвийн явж байснаас гадна Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зөвшөөрөлтэй байсан тул хөнгөлөлттэй, 7 хувийн хүүтэй зээл олгогдсон. Иймд хариуцагч М.Уээс үндсэн зээл 105 408 333 төгрөг, хүү 18 588 018 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 068 292 төгрөг, нийт 125 064 643 гаргуулж, барьцаа хөрөнгө Б.Бадамцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нотариатын зардал 76 500 төгрөг нэхэмжлэхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Х Б”наас 2013 оны 03 дугаар сарын 27-нд 57 000 ам доллар, 2014 оны 05 дугаар сарын 27-нд 100 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-нд 115 000 000 төгрөг тус тус зээлдэж авсан. 2013 онд зээлсэн 57 000 ам.долларын ханшийн зөрүүнээс болж алдагдалд орсон. 2014 онд 100 000 000 төгрөгийн зээл авч тус долларын зээлийг барагдуулсан. Төслийн 115 000 000 төгрөгийн зээл авч шугамын 100 000 000 төгрөгийн зээлийн 93 000 000 төгрөгийг төлсөн. Миний бие долларын зээлээс хүлээсэн ханшийн зөрүүний алдагдлаас үүдэлтэйгээр Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороонд байрлах 12 дугаар байрны 285 тоот 3 өрөө байр болон тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах өргөтгөлтэй 2 өрөө байрыг ямар ч шийдвэргүйгээр банк хураан авч бусад эд хөрөнгийн хамт бусдад худалдсан. Зээлийн 115 000 000 төгрөг миний зээлийн дансанд гүйлгээ хийгдэж орж ирсэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн зээл гэж авсан боловч өмнөх зээлээ дарсан гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өмчлөлийн 2 орон сууцыг өмнө нь бараг хүчээр авсан. Тиймээс 3 дахь орон сууцыг өгөхгүй гэж бодож байна. 137 тоотод байрлах байрыг миний ээж М.У барьцаалсан. Өмнөх байруудыг банкны зүгээс хүчээр хурааж авч, намайг нэр шилжүүлж өг, хурдан ирж гарын үсэг зур гэсээр байгаад нотариатад очоод гарын үсэг зуруулсан. Тухайн байруудыг би хэдэн төгрөгөөр, яаж худалдсан, ямар хэмжээтэй зээлийг барагдуулж байгааг мэдээгүй, ойлгоогүй. Тэр байруудыг барьцаалж авсан зээлийн төлбөрийг барагдуулах үүднээс сүүлийн байрыг барьцаалж зээл авсан учраас маргаан байгаа. Би банкны зүгээс байрыг хүчээр авдаг юм байна гэж ойлгоод гарын үсгээ зурсан. Гурван байрны өмчлөл бүгд миний нэр дээр байдаг байсан. Одоо байраа өгөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Х Б”, М.У нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 57 000 ам.долларыг 36 сарын хугацаатай зээлж М.У 1 жилийн хугацаанд зохих журмын дагуу төлбөрийг төлж, нийт 19 000 ам.долларыг төлсөн. Төлөлт хэвийн явагдаж байтал банкны зүгээс ам.долларын зээлийг хаалаа зээлээ төл гээд шугаман зээл авах санал тавьсан. Тухайн цаг хугацаанд зээл төлөгдөж явахад ханшийн зөрүү ихээр гарч байсан тул гэрээг шинэчилж тухайн үеийн төгрөгөөр хийх саналыг нэхэмжлэгчид тавьсан боловч шугамын зээл авчих гэсэн санал гаргасан. Цаг хугацааг харахад 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шугаман зээлийн 100 000 000 төгрөгийг олгож 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмнөх зээлийн гэрээг хаасан. Эндээс харахад өмнөх зээлийн гэрээ хаагдахгүйгээр шугаман зээлийн гэрээг байгуулсан байдаг. 100 000 000 төгрөгийн шугаман зээлийг аваад 2 хоногийн дараа өмнөх зээлээ дарсан байдаг. Энэ 100 000 000 төгрөг тэр чигээрээ 57 000 ам.долларын өрөнд явсан. Яагаад гэвэл 2013, 2014 онд долларын ханшийн зөрүү хэт их өсөж нэг ам.долларт 300-400 төгрөг нэмэгдсэн. Ам.долларын ханш өссөн учраас өмнөх зээлийн ханш хүндээр тусаж эхэлсэн. Банкны шугаман зээлийн гэрээ хийж авах саналыг М.У өөрөө ч зөвшөөрсөн. Хэрэгт байгаа будааны бизнес эрхлэх зорилгоор зээлийн материал бүрдүүлсэн гэж тайлбарлаж байна. Банк өөрөө Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу банкны зээлийн гэрээ гэж 10 гаран хуудас материал өгсөн. Зээлийг зориулалтын бусаар тухайн хөрөнгийг зарцуулбал гэрээг цуцална гэсэн байдаг. Гэтэл зээл аваад 3 хоногийн дараа өмнөх зээлээ дарж байна гэдэг чинь будааны зориулалтын дагуу биш өмнөх зээлийн зориулалттай байна гэдэг нь харагдаж байна. Шугаман зээлийн гэрээ нь 36 сарын хугацаатай. Гэтэл хэрэгт байгаа банкны хуулгаас харахад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн жижиг дунд үйлдвэрийн зээлд авсан 115 000 000 төгрөгийг авсны сарын дараагаас эхлэн 30 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, оны эцэст гэхэд 78 000 000 төгрөг төлчихдөг. Энэ нь 115 000 000 төгрөгийн 70 хувь буюу 78 000 000 төгрөг шугаман зээлийн төлбөрт орсон. Тэгэхээр зээлийн гэрээний зорилгоос мөнгө өөрөөр зарцуулагдаад байгаа. Үүнийг банк цуцалж болох байсан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 115 060 000 төгрөгийн зээлээс 25 000 000 төгрөгийг л эргэлдүүлсэн. Хэдийгээр 3 зээлийн гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан харагдаж байгаа боловч нэг хүнд хэт өндөр хариуцлага хүлээлгэж байгаа учраас Иргэний хуульд зааснаар талуудын хооронд байгуулсан хүсэл, зоригийн хэлцэл нь хуульд нийцсэн, шударга ёсонд нийцсэн байх ёстой. Гэтэл М.У 100 000 000 төгрөг аваагүй байж банкинд төлөх өр нь 330 000 000 төгрөг болж хувирч байна. Хэрэгт байгаа банкны хуулгаас харахад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад өөрөө санхүүгийн асуудалтай байгаа гэдгээ тайлбараар хэлдэг. Сүүлийн 2 удаагийн зээлийн зорилго гэвэл нэг нь будааны бизнес, нөгөө нь жижиг дунд үйлдвэрийн бизнес бөгөөд энэ хоёр зориулалтын дагуу ашигласан зээл байна уу гэхэд нэг ч зээл нь зориулалтын дагуу биш байдаг. Шугаман зээлийн будааны бизнес эрхэлж байна уу гэхээр бас байдаггүй. Тэгэхээр зорилго өөр байна гэдэг анхнаасаа байгуулах хүсэл зориг биш байна гэсэн үг. Банк зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх гэж байгаа нь харагдаж байна. Ийм үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөрбус. Үүнтэй холбоотой 2 байрны асуудал ярьдаг. Банк байрыг зарсан гуравдагч этгээд ч мэдүүлж байна. Иймд М.Уийн “Х Б”тай 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 100 000 000 төгрөгийн эрхтэй зээлийн шугаман гэрээ байгаа. Өмнө нь авсан 57 000 ам.долларын зээлийг төлсөн. Найман шарга зах дээр очиж зээлээр авсан мөнгөө валют болгоод зээл төлсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар няцаагдаж байна. 2013 оны 57 000 ам.долларын зээлийн гэрээний үүрэг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 35 минутад, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 58 минутад тус тус төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шугамын зээлийн гэрээний 100 000 000 төгрөгийг М.У 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр авсан. Тэгэхээр 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ам.долларын зээлийг төлсөн байж 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авсан зээлээр төлсөн гэж худлаа ярьж болохгүй. 100 000 000 төгрөгийн шугаман зээлийг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 99 000 000 төгрөгийг авсан зарлагын баримт хэрэгт нотлох баримтаар байгаа. Энэ баримтад М.У өөрөө гарын үсэг зурж авсан. 100 000 000 төгрөгийн зээлийн эрхийг өмнөх 57 000 ам.долларын зээлийг төлөх зорилгоор авсан гэдэг нь худлаа. М.У 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний утга учрыг маш сайн ойлгож байсан. Гэрээний гол агуулга нь М.Ут 100 000 000 төгрөгийн эрхийг нээгээд тэрээр хэзээ хүссэн үедээ мөнгөө аваад, буцаагаад төлж болно. Төлсөн хэмжээгээр мөнгөө буцаагаад авч болох юм. М.У үүнийгээ маш сайн хэрэгжүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 24 000 000 төгрөгийн зээл буцаагаад төлсөн, тэр хэмжээгээр эрх нь буцаагаад нэмэгдчихсэн. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15 290 000 төгрөг авсан. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг буцаагаад хийсэн гэх зэрэг чөлөөтэй ашиглаж байсан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн жижиг дунд үйлдвэрийн зээлээр шугамын зээлийг төлсөн гэж бас худлаа. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 115 000 000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн зээлийг зээлдэгч 2014 оны 09 дүгээр сарын 06, 08-ны өдрүүдэд бүгдийг бэлнээр зарлагдаж авсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байгаа. Тэгвэл яг энэ авсан өдөр шугамын зээлийн орлого хийгдэж, төлөгдсөн үү гэхээр дансны хуулга дээр тийм юм байхгүй. Үнэхээр М.У 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан зээлээрээ шууд шугамын зээлийг хаасан бол энэ шугамын зээл дансанд харагдаад тэр зээл хаагдах ёстой. 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийн хүү л төлөгдсөн болохоос биш авсан шугамын зээл төлөгдөөгүй гэдэг нь харагдаж байгаа. 115 000 000 төгрөгийг зориулалтын дагуу М.У ашиглах үүрэгтэй гэхдээ шугамын зээлэнд төлөгдөөгүй гэдэг нь харагдаж байгаа. Шугамын зээлийг аваад л хаачихсан юм шиг юм яриад байгаа гэтэл энэ зээлийг аваад 24 сарын турш чөлөөтэй ашиглаж, ашигласнаар барахгүй хугацаа хэтрээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүхэлдээ төлөгдөж дууссан байгаа. Энэ шугамын 100 000 000 төгрөгийн зээл гэрээний нөхцөл байсан. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгөөр эрхийг нь хумих буюу ашигласан 50 000 000 төгрөгөө төлөх ёстой. Үлдсэн хугацаанд ашиглах эрх 50 000 000 төгрөг байх ёстой байсан. Энэ бол шугамын гэрээний хавсралтаар тохирсон асуудал. Тэр хугацаанд шугамын зээлийг хумиагүй учраас нэмэгдүүлсэн хүүнд тооцогдоод явсан. Хугацаа хэтрүүлж төлөхдөө барьцааны хөрөнгүүдийг өөрсдөө худалдан борлуулаад түүгээрээ төлсөн. 115 000 000 төгрөгийг М.У жижиг дунд үйлдвэрлэлийн зээлэнд ашигласан уу, ашиглаагүй юу гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ энэ зээлээр шугамын зээлийг хаагаагүй. Банк хуулинд зааснаар хэрвээ зээлийн гэрээний үүрэг зохих ёсоор гүйцэтгэгдээгүй бол барьцааны хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. Бид зээлийн хугацаа хэтрээд байна төлөөч гэхэд М.У нар өөрсдөө ч гэсэн бид хоёр байраа зараад төлнө гэдэг хүсэлтээ өгдөг. “Х Б”, М.У нарын ярилцлагын тэмдэглэлд 2 байраа зараад төлнө гэдэг тайлбар авагдсан байгаа. 2-3 удаагийн уулзалтад бичгээр бид 2 байраа зараад өрөө төлнө гэсэн хүсэлтийг бичиж өгсөн. Тэгсэн атлаа одоо банк хүчээр зарсан, сүрдүүлж байгаад зарсан юм шиг тайлбар хэлээд байна. 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээл бодитоор хэрэгжсэн, зээлийг авсан. Банк хариуцагч нарын хооронд нууж халхлах, ямар нэгэн өөр харилцаа үүсээгүй. Банкны зүгээс зээлдэгч нарыг судлаад өөрсдийнх нь хүссэний дагуу зээл олгогдсон. М.У өөрөө өргөдлөө өгсөн, гэрээнд гарын үсэг зурагдаад зээлийн олголтууд хийгдээд явсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Уээс 125 064 643 гаргуулж нэхэмжлэгч “Х Б”ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.Бадамцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892 777 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Уээс 853 473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Б”ХХК-нд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Х Б”ХХК-нд холбогдох М.У “Х Б”ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хариуцагч М.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж 616 475 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1629 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 240 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.У хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн аваад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. М.У миний бие “Х Б”наас анх 2013 оны 03 сарын 27-ны өдөр 57 000 ам долларын зээл, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөгний зээл, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 115 000 000 төгрөгний зээл тус тус авч байсан бөгөөд анх авсан 57 000 долларын зээл дээр ам долларын ханшийн зөрүүнээс болж, авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрэхэд “Х Б”наас дахин зээл авч зээлээрээ зээлээ төлөх санал тавьж мөн зөрүү мөнгөнд миний охины 2 байрыг банк хүчээр авч байсан бөгөөд “Х Б”нь хуулиар халхавчилсан боловсон дээрэм хийж байна. Хэрэв банк анх авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрэхэд дахин зээл авч зээлээр зээлээ хаах санал тавиагүй бол өнөөдөр би ийм их алдагдал хүлээхгүй байсан билээ. Ер нь би анх авсан зээлээ л хэд нугалж банкинд төлж байна. Өөрөөр хэлбэл 57 000 долларын зээлийг 330 000 000 төгрөг болгож төлүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. “Х Б”ны зүгээс намайг зээлээ хаагаад зээлээ авсан тул зориулалтын дагуу ашигласан гэж үзнэ гэж тайлбарладаг. Гэтэл “Х Б”өөрөө зээлийг хааж байж дараагийн зээл олгогддог дотоод журамтай учраас зээл батлагдах үед намайг зээл хаадаг, мөнгө хүүлэгч нараар зээлээ хаалгадаг гэсэн зөвлөгөө өгч зээлийг хаалгаж дахин зээл олгодог байсан нь үнэн юм. Гэтэл шүүхээс энэ хүн үнэхээр бизнес хийх хүсэл зоригийн илэрхийлэл байгаад энэхүү зээлийн гэрээ хийгдсэн эсэх байдлыг харгалзан үзэлгүйгээр ямагт банкны зөв байдлаар шийдвэр гарч иргэн хүнийг хохироож байгаад гомдолтой байна. 2. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал хариуцагч миний бие иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26-р зүйлд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагч миний бие өөрийн өмгөөлөгчөөс татгалзаж, дахин өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч миний энэ хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг хийж, хариуцагч миний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд банкны зээлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х Б”ХХК-аас хариуцагч М.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 125 141 142 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатын зардал 76 500 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Хариуцагч нэхэмжлэлээс 80 146 564 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

“Х Б”нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч  М.Ут 115 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлдүүлжээ. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8/58 дугаар байрны 45 тоот хаягт байрлах сүлжмэлийн цехэд байгаа бэлэн хувцас, Б.Бадамцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65-137 тоот 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан байна.

Зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Зээлдүүлэгч ““Х Б”” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 115 000 0000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн бол зээлдэгч М.У нь 2015 оны 12 дугаар сарын 31-нээс хойш гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй  нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан тухайн маргаанд хэрэглэсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардлагад нийцсэн байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т заасан зохицуулалтыг баримтлах бөгөөд  хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. Нэхэмжлэгч ““Х Б”” ХХК нь зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр мэдэгдсэн /хх-24/, нэмэлт хугацаа тогтоож, зээлдэгчид мэдэгдсэн боловч М.У нь зөрчлийг арилгаагүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

М.У өмнө нь “Х Б”тай зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 57 000 ам.долларыг, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 100 000 000 төгрөгийг зээлж авсан байх ба 57 000 ам.долларын зээлийн үлдэгдлийг 100 000 000 төгрөгийн шугаман зээлээс, 100 000 000 төгрөгийн зээлийг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 115 000 000 төгрөгөөс төлж, зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, банкны зүгээс мэдсээр байж өмнөх зээлийг дараагийн зээлээр төлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж, 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Талууд гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулсан, хариуцагч нь гэрээний дагуу зээлийн мөнгийг хүлээн авч захиран зарцуулсан  байдлаас үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, хоёр шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1629 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 240 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597 240 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                              ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА