Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1700

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/01700

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг  дугаар хороо Х банк ХХК.

Хариуцагч: дүүрэг дугаар хороо дугаар хороолол  дугаар байр тоотод оршин суух, онд төрсөн настай,  овогт М.У

 Гуравдагч этгээд Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 89 дүгээр байр 42 тоотод оршин суух, онд төрсөн настай, овогт Б.Б

Гэрээний үүрэг 125.141.142 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэл, Х   банктай 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х  банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Ж, хариуцагч М.У, түүний өмгөөлөгч Б.Бу, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

               

  Нэхэмжлэгч Х  банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Ж нар шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: М.У нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Х  банктай зээлийн гэрээ байгуулж 115.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 2 дугаар хороо 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууц, бэлэн хувцас барьцаалсан. М.У нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, хүүний төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 2015 оны 12 дугаар сарын 31-нээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байгаа ч ямар нэг арга хэмжээ авалгүй өдий хүрсэн.  Хариуцагч  М.У 2013, 2014 онд зээл авч зээлийн төлөлтөө хийж дуусган 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сүлжмэл, нэхмэлийн үйлдвэр эрхлэх чиглэлээр төсөл боловсруулж Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас төслийг нь дэмжиж зээлийг судалж олгох тухай албан бичиг ирүүлсний дагуу банк судалж материалыг хурлаар оруулж түүнд 115.000.000 төгрөгийн зээлийг сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрт зориулж олгосон. Одоо барьцаалагдсан байгаа 3 өрөө орон сууцыг тэр үед нэмж барьцаалсан. Нэхэмжлэгч тал зээлтэй холбоотой нотлох баримтыг хариуцагчийн хүсэлтээр гаргаж өгсөн. Түүний дансны хуулгаас харахад 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагын гүйлгээний данснаас харахад их хэмжээний мөнгө орсон гарсан байсан тул банк төлбөрийн чадвартай гэж үзэж хүсэлтээр нь зээл олгосон. 115.000.000 төгрөгийн зээлийг банк дангаараа шийдэж олгоогүй. М.У 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 100.000.000 төгрөгийн шугаман зээл авч, зээл нь зөрчилгүй, хугацаа хэтрээгүй, орлого зарлага хэвийн явж байснаас гадна Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зөвшөөрөлтэй байсан тул хөнгөлөлттэй  маш хямд 7 хувийн хүүтэй зээл олгогдсон юм. Түүнээс энгийн бизнесийн зээл 17, 19 хувийн хүүтэй байдаг. Банк үндсэн зээл 105.408.333 төгрөг, хүү 16.707.995 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 845.568 төгрөг, нийт 122.961.896 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч М.Уээс үндсэн зээл 105.408.333 төгрөг, хүү 18.588.018 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1.68.292 төгрөг,  нийт 125.064.643 гаргуулж, барьцаа хөрөнгө Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нотариатын зардал 76.500 төгрөг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч М.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.У миний бие Х  банкнаас 2013 оны 03 дугаар сарын 27-нд 57.000 ам доллар, 2014 оны 05 дугаар сарын 27-нд 100.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-нд 115.000.000 төгрөг тус тус зээлдэж авсан нь үнэн. 2013 онд зээлсэн 57.000 ам долларийн ханшийн зөрүүнээс болж алдагдалд орсон. 2014 онд 100.000.000 төгрөгийн зээл авч тус долларын зээлийг барагдуулсан. Төслийн 115.000.000 төгрөгийн зээл авч шугамын 100.000.000 төгрөгийн зээлийн 93.000.000 төгрөгийг төлсөн. Миний бие долларын зээлээс хүлээсэн ханшийн зөрүүний алдагдлаас үүдэлтэйгээр Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороонд байрлах 12 дугаар байрны 285 тоот 3 өрөө байр болон тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах өргөтгөлтэй 2 өрөө байрыг ямар ч шийдвэргүйгээр банк хураан авч бусад эд хөрөнгийн хамт бусдад худалдсан.  Зээлийн 115.000.000 төгрөг миний зээлийн дансанд гүйлгээ хийгдэж орж ирсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн зээл гэж авсан боловч өмнөх зээлээ дарсан гэв.

Гуравдагч этгээд Б.Б шүүх  хуралдаанд тайлбарлахдаа:   Миний өмчлөлийн 2 орон сууцыг өмнө нь бараг хүчээр авсан. Тиймээс 3 дахь орон сууцыг өгөхгүй гэж бодож байна. 137 тоотод байрлах байрыг миний ээж М.У барьцаалсан. Өмнөх байруудыг банкны зүгээс хүчээр хурааж авч, намайг нэр шилжүүлж өг, хурдан ирж гарын үсэг зур гэсээр байгаад Х  банкны хар машинтай Д.Б гэж хүн ирээд Саппора дахь нотариатад очоод гарын үсэг зуруулсан. Тухайн байруудыг би хэдэн төгрөгөөр, яаж худалдсан, ямар хэмжээтэй зээлийг барагдуулж байгааг мэдээгүй, ойлгоогүй. Намайг гарын үсэг зурахад явж болно гэхээр нь явсан. Тэр байруудыг барьцаалж авсан зээлийн төлбөрийг барагдуулах үүднээс сүүлийн байрыг барьцаалж зээл авсан учраас маргаан байгаа. Би банкны зүгээс байрыг хүчээр авдаг юм байна гэж ойлгоод гарын үсгээ зурсан. Одоо хууль судлаад байхад шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байсан байна. 65 дугаар байрны 137 тоот байрыг ямар хүмүүс авсан гэдгийг мэдэхгүй. Гурван байрны өмчлөл бүгд миний нэр дээр байдаг байсан. Одоо байраа өгөхгүй гэв.

Хариуцагч М.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Бу шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х  банк, М.У нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 57.000 ам долларыг 36 сарын хугацаатай зээлдэн авч М.У 1 жилийн хугацаанд зохих журмын дагуу төлбөрийг төлж, нийт 19.000 долларыг төлсөн байдаг. Төлөлт хэвийн явагдаж байтал банкны зүгээс долларын зээлийг хаалаа зээлээ төл гээд шугаман зээл авах санал тавьсан. Тухайн цаг хугацаанд зээл төлөгдөж явахад ханшийн зөрүү ихээр гарч байсан тул гэрээг шинэчилж тухайн үеийн төгрөгөөр хийх саналыг нэхэмжлэгчид тавьсан боловч шугамын зээл авчих гэсэн санал гаргасан юм. Цаг хугацааг харахад 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шугаман зээлийн 100.000.000 төгрөгийг олгож 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмнөх зээлийн гэрээг хаасан байдаг. Эндээс харахад өмнөх зээлийн гэрээ хаагдахгүйгээр шугаман зээлийн гэрээг байгуулсан байдаг. 100.000.000 төгрөгийн шугаман зээлийг аваад 2 хоногийн дараа өмнөх зээлээ дарсан байдаг. Энэ 100.000.000 төгрөг тэр чигээрээ 57.000 долларын өрөнд явсан. Яагаад гэвэл 2013, 2014 онд долларын ханшын зөрүү хэт их өсөж нэг долларт 300-400 төгрөг нэмэгдсэн. Долларын ханш  өссөн учраас өмнөх зээлийн ханш хүндээр тусаж эхэлсэн. Шугаман зээлийн гэрээ хийж аваач гэдэг байдлаар банк санал тавьсанг М.У өөрөө ч зөвшөөрсөн. Эндээс юу харагдаж байна гэхээр өмнөх зээлүүдийг төлөх зорилгоор гэрээ байгуулагдаж байгаа юм. Хавтаст хэрэгт байгаа будааны бизнес эрхлэх зорилгоор зээлийн материал бүрдүүлсэн гэж тайлбарлаж байна. Банк өөрөө Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу банкны зээлийн гэрээ гэж 10 гаран хуудас материал өгсөн. Энэ дээр зээлийг зориулалтын бусаар тухайн хөрөнгийг зарцуулах юм бол гэрээг цуцална гэсэн байдаг. Гэтэл зээл аваад 3 хоногийн дараа шууд өмнөх зээлээ дарж байна гэдэг чинь будааны зориулалтын дагуу биш өмнөх зээлийн зориулалттай байна гэдэг эндээс харагдаад байгаа юм. Шугаман зээлийн гэрээ нь 36 сарын хугацаатай. Гэтэл хавтаст хэрэгт байгаа банкны хуулгаас харахад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн жижиг дунд үйлдвэрийн зээлд авсан 115.000.000 төгрөгийг авсаны сарын дараагаас эхлэн 30.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, оны эцэст гэхэд 78.000.000 төгрөг төлчихдөг. Нөгөө аваад байгаа 115.000.000 төгрөгийн 70 хувь буюу 78.000.000 төгрөг шугаман зээлийн төлбөрт яваад байгаа юм. Хэрвээ үнэхээр нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг шугаман зээл нь өөрөө 2 жилийн зээлжих эрхийн баталгаажилт юм бол тэр хүн дуртай үедээ төлөх, зөвхөн хүүгээ төлөөд явах эрх нь байсан. Гэтэл бодит байдал дээр банк дарамтласан байдаг. Яг амьдрал дээр 2-3 жилийн хугацаанд, дуртай үедээ төлөх, хэрэглэх шугаман зээлийг 78.000.000 төгрөгөөр төлүүлээд байгаа юм. Тэгэхээр зээлийн гэрээний зорилгоос мөнгө өөрөөр зарцуулагдаад байгаа юм. Үүнийг банк цуцалж болох байсан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр  115.000.000 төгрөгийн зээлээс 25.000.000 төгрөгийг л гар дээрээ эргэлдүүлсэн. Хэдийгээр 3 зээлийн гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан юм шиг харагдаж байгаа боловч нэг хүнд хэт өндөр хариуцлага хүлээлгэж байгаа учраас Иргэний хуульд зааснаар талуудын хооронд байгуулсан хүсэл, зоригийн хэлцэл нь хуульд нийцсэн, шударга ёсонд нийцсэн байх ёстой. Гэтэл М.У гар дээрээ 100.000.000 төгрөг аваагүй байж банкинд төлөх өр нь 330.000.000 төгрөг болж хувирч байгаа юм. М.Уийн хэтэрхий хайхрамжгүй асуудалд энэ бас яригдана. Хөнгөмсөгөөр найдаад байгааг далимдуулж зээлийн гэрээ гэдгээр халхавчлах зорилгоор дахин дахин зээлийн гэрээ хийж төлбөрийг төлүүлдэг. Хавтас хэрэгт байгаа банкны хуулгаас харахад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад өөрөө санхүүгийн асуудалтай байгаа гэдгээ тайлбараар хэлдэг. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн төлбөрийг төлөөд яваад байдаг. Энэ төлөөд байгаа нь өмнөх зээлээ төлөхийн тулд дараагийн зээлийг аваад байгаа юм. Сүүлийн 2 удаагийн зээлийн зорилго гэвэл нэг нь будааны бизнес, нөгөө нь жижиг дунд үйлдвэрийн бизнес бөгөөд энэ хоёр зориулалтын дагуу ашигласан зээл байна уу гэхэд нэг ч зээл нь зориулалтын дагуу биш байдаг. Шугаман зээлийн будааны бизнес эрхэлж байна уу гэхээр бас байдаггүй. Аваад 3 хоноод зээлээ төлж байна гэдэг чинь зорилго нь өөр байна гэсэн үг. Тэгэхээр зорилго өөр байна гэдэг анхнаасаа байгуулах хүсэл зориг биш байна гэсэн үг. Банк зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх гэж байгаа нь харагдаж байна. Ийм үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус юм. Үүнтэй холбоотой 2 байрны асуудал ярьдаг. Банк байрыг зарсан гэдэг, гуравдагч этгээд ч мэдүүлж байна. Бодит байдал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б зараагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэргийн маргаанаас үүсэж эрүүгийн хэрэгт шалгагдах асуудлыг бид тавьж байгаа. Шударга байх ёстой, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнээс давсан хэлцэл өөрөө хуульд харшлах ёстой гэдгийг бодит байдал дээр харах ёстой. 100.000.000 төгрөг хүрэхгүй авчихаад 330.000.000 төгрөг төлнө гэдэг цаана нь өөрөө 230.000.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж байгаа. Хариуцагч маань бодит байдал дээр 93.000.000 төгрөг төлсөн. 2 байрны асуудал яригдаж 217.000.000 төгрөгт тооцуулаад өгсөн. Иймд М.Уийн Х   банктай 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Х  банк шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг бодит байдалд нийцээгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, халхавчлах зорилготой хэлцэл гэж үзсэнг зөвшөөрөхгүй. 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 100.000.000 төгрөгийн эрхтэй зээлийн шугаман гэрээ байгаа. Өмнө нь авсан 57.000 долларын зээлийг төлсөн. Найман шарга зах дээр очиж зээлээр авсан мөнгөө вальют болгоод зээл төлсөн гэж хариуцагч тайлбарлаад сөрөг нэхэмжлэлд бичсэн боловч энэ нь нотлох баримтаар няцаагдаж байна. 2013 оны 57.000 долларын зээлийн гэрээний үүрэг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 35 минутад, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 58 минутад тус тус төлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Нэг төлөлт нь 17.594 доллар, нөгөө нь 23.950 доллар байгаа. Шугамын зээлийн гэрээний 100.000.000 төгрөгийг М.У 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр авсан. Тэгэхээр 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр долларын зээлийг төлсөн байж 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авсан зээлээр төлсөн гэж худлаа ярьж болохгүй. 100.000.000 төгрөгийн шугаман зээлийг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 99.000.000 төгрөгийг авсан зарлагын баримт хэрэгт нотлох баримтаар байгаа. Энэ баримтад М.У өөрөө гарын үсэг зурж авсан. 100.000.000 төгрөгийн зээлийн эрхийг өмнөх 57.000 долларын зээлийг төлөх зорилгоор авсан гэдэг нь худлаа. М.У 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээний утга учрыг маш сайн ойлгож байсан. Гэрээний гол агуулга нь М.Ут 100.000.000 төгрөгийн эрхийг нээгээд орхичих юм. М.У хэзээ хүссэн үедээ мөнгөө аваад, буцаагаад төлж болно. Төлсөн хэмжээгээр мөнгөө буцаагаад авч болох юм. М.У үүнийгээ маш сайн хэрэгжүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 24.000.000 төгрөгийн зээл буцаагаад төлсөн, тэр хэмжээгээр эрх нь буцаагаад нэмэгдчихсэн. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15.290.000 төгрөг авсан. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 8.000.000 төгрөг буцаагаад хийсэн гэх зэрэг чөлөөтэй ашиглаж байсан. 30.000.000 төгрөгийн орлого хийдэг, 15.000.000 төгрөгийг зарлага гаргадаг гэх мэтээр ашиглаж байсан. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн жижиг дунд үйлдвэрийн зээлээр шугамын зээлийг төлсөн гэж бас худлаа хэлээд байгаа юм. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 115.000.000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн зээлийг зээлдэгч маань 2014 оны 09 дүгээр сарын 06, 08-ны өдрүүдэд бүгдийг бэлнээр зарлагдаж авсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байгаа. Тэгвэл яг энэ авсан өдөр шугамын зээлийн орлого хийгдэж, төлөгдсөн үү гэхээр дансны хуулга дээр тийм юм байхгүй. Үнэхээр М.У 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан зээлээрээ шууд шугамын зээлийг хаасан юм бол энэ шугамын зээл дансанд харагдаад тэр зээл хаагдах ёстой. 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийн хүү л төлөгдсөн болохоос биш авсан шугамын зээл төлөгдөөгүй гэдэг нь харагдаж байгаа. 115.000.000 төгрөгийг зориулалтын дагуу М.У ашиглах үүрэгтэй гэхдээ шугамын зээлэнд төлөгдөөгүй гэдэг нь харагдаж байгаа. Шугамын зээлийг аваад л хаачихсан юм шиг юм яриад байгаа гэтэл энэ зээлийг аваад 24 сарын турш чөлөөтэй ашиглаж, ашигласнаар барахгүй хугацаа хэтрээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүхэлдээ төлөгдөж дууссан байгаа.  Энэ шугамын 100.000.000 төгрөгийн зээл гэрээний нөхцөл байсан. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөгөөр эрхийг нь хумих буюу ашигласан 50.000.000 төгрөгөө төлөх ёстой.  Үлдсэн хугацаанд ашиглах эрх 50.000.000 төгрөг байх ёстой байсан. Энэ бол шугамын гэрээний хавсралтаар тохирсон асуудал. Тэр хугацаанд шугамын зээлийг хумиагүй учраас нэмэгдүүлсэн хүүнд тооцогдоод явсан. Хугацаа  хэтрүүлж төлөхдөө барьцааны хөрөнгүүдийг өөрсдөө худалдан борлуулаад түүгээрээ төлсөн. 115.000.000 төгрөгийг М.У жижиг дунд үйлдвэрлэлийн зээлэнд ашигласан уу, ашиглаагүй юу гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ энэ зээлээр шугамын зээлийг хаагаагүй. Банк хуулинд зааснаар хэрвээ зээлийн гэрээний үүрэг зохих ёсоор гүйцэтгэгдээгүй бол барьцааны хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. Бид зээлийн хугацаа хэтрээд байна төлөөчээ гэхэд М.У нар өөрсдөө ч гэсэн бид хоёр байраа зараад төлнө гэдэг хүсэлтээ өгдөг. Х  банк, М.У нарын ярилцлагын тэмдэглэлд 2 байраа зараад төлнө гэдэг тайлбар авагдсан байгаа. 2-3 удаагийн уулзалтад бичгээр “бид 2 байраа зараад өрөө төлнө” гэсэн хүсэлтийг бичиж өгсөн. Тэгсэн мөртлөө одоо болохоор банк хүчээр зарсан, сүрдүүлж байгаад зарсан юм шиг тайлбар хэлээд байна. 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээл бодитоор хэрэгжсэн, зээлийг хүмүүс авсан. Банк хариуцагч нарын хооронд нууж халхлах, ямар нэгэн өөр харилцаа үүсээгүй. Халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг ямар нэгэн юмыг халхавчилж таарна, тэгэхээр тийм зорилготой өөр ямар нэгэн хэлцэл байгаагүй. Банкны зүгээс зээлдэгч нарыг судлаад өөрсдийнх нь хүссэний дагуу зээл олгогдсон. М.У өөрөө өргөдлөө өгсөн, гэрээнд гарын үсэг зурагдаад зээлийн олголтууд хийгдээд явсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                           

  ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Х  банк ХХК нь хариуцагч М.Ут холбогдох гэрээний үүрэг, зардалд 125.141.142 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нотариатын зардал 76.500 төгрөгөөс татгалзаж 125.064.642 төгрөг гаргуулах, хариуцагч М.У нь Х   банк ХХК-тай байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч М.У нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Х  банк ХХК-тай №1480010099 дугаартай зээлийн гэрээ байгуулж 115.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай үндсэн хөрөнгийн зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр зээлдэж,  зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 8/58 дугаар байр 45 тоот хаягт байх эргэлтийн хөрөнгө бүхий  50.000.000 төгрөгийн үнэлгээтэй сүлжмэлийн цехэд байгаа бэлэн хувцас, Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, зээл болон барьцааны гэрээ, гуравдагч этгээд Б.Бтэй байгуулсан Баталгаат Ипотекийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Дугаар 000167334 гэрчилгээ, 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр харилцагч М.Уийн дансанд зээлийн 115.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Зээл болон барьцаа, ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Нэхэмжлэгч Х  банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч М.У нь  сүлжмэл, нэхмэлийн үйлдвэр эрхлэх чиглэлээр төсөл боловсруулж Хөдөлмөрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл нь дэмжигдэж, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/44 тушаалаар баталсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр улсын төсвөөс олгох хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам”-ын дагуу олгох хөнгөлөлттэй зээлд төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар түүний төсөл 200.000.000 төгрөгөөр дэмжигдсэнээр 2014 оны 06 дугаар сарын 25, 30-ны өдөр Х  банкинд сүлжмэл нэхмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн автомат нэхэгч машин авах зорилгоор хөрөнгө оруулалтын зээлийн хүсэлт гаргасан байна.

Хөдөлмөрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 341 албан бичгээр иргэн М.Ут Сүлжмэл нэхмэл эдлэлийн төсөл дэмжигдсэн тул хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тул өөрийн харилцах банкыг сонгож, банкны шаардлагын дагуу материал бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлж, М.У нь албан бичгийг үндэслэн Х  банкнаас сүлжмэл нэхмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн автомат нэхэгч машин авах зориулалтаар бизнесийн төслийн зээл 200.000.000 төгрөг зээлэх хүсэлт илэрхийлж Х  банкны 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 517 дугаартай Зээлийн шийдвэрээр төслийн зээлийг сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрт тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 60 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээл олгох зөвшөөрлийг тооцооны  48 дугаар төвд олгож, талууд 115.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж хариуцагчийн зээлийн дансанд 115.000.000 төгрөгийн гүйлгээ буюу зээл олгох ажиллагаа хийгдсэн байна.

Хариуцагч нь 115.000.000 төгрөгийн зээл авч 2013 оны долларын болон 2014 оны шугамын зээлийг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2-д зааснаар мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй тул тайлбар нь үндэслэлгүй байна.

Хариуцагч, гуравдагч этгээд нь Х  банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд сүлжмэлийн цехэд байх 50.000.000 төгрөгний бэлэн хувцас, Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 137 тоот 40.1 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан тул барьцаалагч Х  банк ХХК нь барьцаа болон ипотекийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч М.Ут холбогдох үндсэн зээл 105.408.333 төгрөг, хүү 18.588.018 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1.68.292 төгрөг,  нийт 125.064.643 гаргуулж, барьцаа хөрөнгө Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч М.У нь нэхэмжлэгч Х  банк ХХК-нд холбогдуулж М.У  Х   банк ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах  сөрөг нэхэмжлэл гаргасанг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

М.У нь цагаан будаа худалдан авах буюу эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 100.000.000 төгрөгийн шугаман зээлийн гэрээ байгуулж гэрээний дагуу 100.000.000 төгрөгийг харилцах дансаар бэлнээр хүлээн авсан болох нь зээлийн санал, Нарны гүүр салбар тооцооны 48 дугаар төвийн зээлийн хорооны хурлын тогтоол,   Зээлийн шугамын болон батлан даалтын гэрээ, Зээлийн шугамыг хумих нөхцөл, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 99.000.000 төгрөг хүлээн авсан зарлагын маягт гэсэн баримтуудаар тогтоогдсон ба зээлдэгч зээлийг ашиглаж байсан нь хэрэгт баримтаар ирүүлсэн түүний дансны  орлого зарлагын гүйлгээгээр тогтоогдож байна.

Тэрээр 100.000.000 төгрөгийн шугаман зээлийн гэрээ байгуулж 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 57000 ам долларын зээлийг төлсөн гэж тайлбарласан боловч гэрээ тус бүр өөр өөр цаг хугацаанд тус тусдаа байгуулагдаж, өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгон дүгнэж дараагийн гэрээг байгуулж, зээлийн мөнгийг тус тусд нь бэлнээр хүлээн авч байсан тул дээрх гэрээнүүдийг хуулиар хориглосон болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал хариуцагч М.У 57000 ам долларын зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 23.950, 06 дугаар сарын 02-ны өдөр 17.954.77 ам доллар тус тус төлсөн, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шугаман зээлийн 99.000.000 төгрөгийг бэлнээр авч гэрээний хугацаанд ашиглаж байсан нь Х  банкны орлого зарлагын баримтаар /хх-152-159/ тогтоогдсон байна.

Шүүх 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээл болон барьцааны гэрээг тус тус  хүчин төгөлдөр хэлцэлд тооцсон, нэхэмжлэгч зээл олгохдоо зээл нэг бүрт хувийн хэрэг нээж, зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлдэгчийн харилцах дансанд гүйлгээ хийж, хариуцагч мөнгийг бэлнээр хүлээн авсан үйл явдал тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлгээр  М.У,  Х   банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ нь хууль зөрчсөн болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэх үндэслэлүүд тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 616.500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэмж 616.475 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид  гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нотлох баримт гаргах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтээ хүсэлтийн шатанд гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэг дууссан тул хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

                                                         ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч М.Уээс 125.064.643 гаргуулж  нэхэмжлэгч Х  банк ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 137 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892.777 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Уээс 853.473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х  банк ХХК-нд олгосугай.

            4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х  банк ХХК-нд холбогдох М.У  Х   банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 29, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах  хариуцагч М.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616.500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж 616.475 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                   

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.КУЛЬДАНА