Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0474

 

 

 

 

     2022            06           16                                    128/ШШ2022/0474

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т.С.М*** ”  ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А*** , С.Б*** , Б.Н*** , Д.Ц ***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Б

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ө*** , Э.Б*** ,Б.Э***

Иргэдийн төлөөлөгч: П.Д***

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т.С.М*** ” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий өрсөлдөөнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*** , С.Б*** , Д.Ц*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*** ,Б.Э*** , иргэдийн төлөөлөгч П.Д*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т.С.М*** ” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т.С.М*** ” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2021/0521*** дүгээр шийдвэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т.С.М*** ” ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” “Т.С.М*** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 573 дугаар магадлалаар “... маргааны гол зүйл, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж,  шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй...” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

4. Захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэж, багасгаж, тодруулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

5.1. Нэхэмжлэгч “Т.С.М*** ” ГХОХХК нь 2017 оны 12 сард “Авто машины худалдаа” гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр Монгол Улсад үүсгэн байгуулагджээ.

5.2. “Т.С.М*** ” ГХОХХК нь 2018 оны 1 дүгээр сараас Тоёота брэндийн Монгол дахь цор ганц бүрэн эрхт албан ёсны дистрибьютерийн хувиар албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол дахь албан ёсны Дилер компаниуд болох “Т.Б*** ” ХХК болон “М*** ” ХХК-уудтай хамтран ажилласан байна.

5.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0/102 дугаартай Мэдээлэл ирүүлэх тухай албан бичгээр Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах зээлийн судалгааны  ажилд шаардлагатай мэдээллийг 2021 оны 01 дүгээр  сарын 27-ны өдрийн дотор ирүүлэхийг “Т.С.М*** ” ХХК-ид мэдэгджээ.

5.3. Дээрх албан бичгийн дагуу “Т.С.М*** ” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох мэдээллийг хүргүүлсэн байна.

 5.4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/301 дугаар албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах  зээлийн судалгааны ажлын талаар хэлэлцэх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлжээ.

5.5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04/318 дугаар албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах зээлийн судалгааг хэлэлцэх хуралдааны товыг “Т.С.М*** ” ХХК-д мэдэгдсэн байна.

5.6. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т.С.М*** ” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*** шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тогтоолын үндэслэлийн тухайд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нь захиргааны байгууллагын хувьд зөвхөн түүнд хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх учиртай. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх мөн хуулийн 4.1.5-д зааснаар хуульд үндэслэн зорилгодоо нийцсэн, бодит үйл явдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг баримтлах ёстой бөгөөд энэ зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасан эрхээ хэрэгжүүлж давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоохдоо Засгийн Газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай журам”-ыг баримтална. Энэ заалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэгжүүлэхдээ журмыг баримтлаагүй гэж үзэж байна. Дараах тайлбарыг гаргаж байна. Журмын 2.2 дахь хэсэгт тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй давамгай байдалтайг тогтоохдоо 4 үе шаттайгаар тогтоох ёстой. Нэгдүгээрт бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох энэ үе шатыг тогтоохдоо буруу тогтоосон тул дараагийн үе шатууд буруу тогтоогдсон гэж үзэж байна. Хоёрдугаарт зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, гуравдугаарт зах зээлийн төвлөрлийг тогтоох, дөрөвдүгээрт зах зээлийн хүчийг тооцож, тодорхойлохоор заасан үе шатуудын судалгааг бүрэн дүүрэн хийгээгүй.

Журмын 3.1-д зааснаар Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо хэд хэдэн баримт, стандарт кодыг үндэслэж ангилах ёстой байна. Эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт, олон улсын код ангилал зэргийг судалгаандаа нэг ч удаа үндэслэж гаргаагүй гэдгийг судалгааны баримтаас харж болно. Эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт гэдэг нь олон улсад нийтлэг хэрэглэгдэж байгаа стандарт гэж байна. Нэгдсэн Үндэсний байгууллагын 2008 онд гаргасан 4 дэх хэвлэлийн стандарт ангилал The International Standard Industrial Classification of All Economic Activities (ISIC)-ыг авч үзвэл туунд 4510 гэсэн ангилалд “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэсэн ангилал байгаа бөгөөд түүнээс цааш задарсан “шинэ” хуучин гэсэн дэд ангилал байдаггүй. Монгол Улсын хувьд Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12  дугаар сарын 31-ний өдрийн 319/А/160 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд үүнд мөн 4510 гэсэн ангилалд “Моторт тээврийн хэрэгслийн худалдаа” гэсэн ангилал байгаа юм. Харин 4510.1 зэрэг цааш задарсан дэд ангилал буюу “шинэ” гэсэн дэд ангилал тусгайлан байхгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөл газраас энэ ангиллыг авч үзэх шаардлагагүй гэж үздэг боловч Засгийн газраас тогтоосон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо заавал харгалзаж үзэж ёстой.

Эдийн засгийн үйл ажиллагааг хэрэглэгдээгүйг ямар үндэслэлээр буруутгаж байна вэ гэхээр энэ салбарт 45 гэсэн ангилалд машин, мотоциклын борлуулалтын тоог харгалзаж үзэх шаардлагатай. Энэхүү 45 гэсэн ангилалд шинэ хуучин бүх төрлийн авто машин орсон байх ёстой. Энэ бизнесийн үндсэн төрөл нь бараа бүтээгдэхүүний бөөний худалдаачин, наймаачин, үйлдвэрийн газрын дистрибьютер, экспортлогч, импортлогч, худалдаа борлуулалтын тусдаа ангилал байх бөгөөд бүх салбар хамарна гэж байхад зөвхөн дистрибьютерийн ангиллыг авч үзэж байгаа нь Монгол Улсын болон Олон улсын Эдийн засгийн салбарын үйл ажиллагаанд нийцээгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, зөвхөн авто тээврийн хэрэгсэл, төрөл, нэр, томьёоны тодорхойлолт, MNS:IOS 38332010 стандартыг судалгаандаа баримталсан. Үүнд ямар нэгэн шинэ болон хуучин авто машин гэсэн ангилал байдаггүй. Зөвхөн авто машины зориулалт, хэрэглээгээр ачааны, тусгай зориулалттай авто машин, суудлын авто машин гэсэн төрлөөр ангилсан. Суудлын авто машин гэдэг нь өөрийн хийц зориулалтын хувьд гол төлөв хүн, тэдгээрийн ачаа тээшийг тээвэрлэх зориулалттай жолоочийн суудлыг оруулан 9-с олонгүй суудалтай авто машин гэж тодорхойлсон, шинэ, хуучин гэсэн техникийн тодорхойлолт байхгүй. Барааны хүрээг тодорхойлохдоо олон улсын барааны кодыг авч үзэх ёстой. Монгол Улсын нэгдэн орсон барааг коджуулах гэж байгаа. Энэ нь систем нь авто машины тухайд 87.03 гэдэг ангилалд хамаарч байгаа. Үүнд гол төлөв хүн тээвэрлэх зориулалтайгаар бүтээгдсэн бусад моторт тээврийн хэрэгсэл, пургон болон уралдааны машины зориулалтын ангилалд хамаарч байгаа. Үүнээс цааш цилиндрийн ангилал буюу зориулалтаар ангилсан ангилал биш байдаг. Энэ кодыг мөн авч үзээд авто машинд шинэ хуучин авто машин болох юм шиг техникийн ангилал болох үндэслэл байхгүй. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо тухайн бараа бүтээгдэхүүний орлогдох байдлыг нь хангалттай үндэслэл бүхий тайлбар хийж чадахгүй байгаа. Шинэ машиныг хуучин машинаар орлох боломж байдаг. Монгол Улсын нэг заах зээл гэж үзсэнд буруутгахгүй байгаа хэдий ч газар зүйн хил хязгаар тогтоох журмын 4.1, 4.2 дахь хэсгүүдэд заасан судалгааг хийгээгүй. Бараа бүтээгдэхүүний төлөв байдлын судалгаа, өрсөлдөгч, хэрэглэгчийн судалгаа, худалдан авагчийн байршил зэрэг бусад хүчин зүйлүүдийг гаргаж ирээгүй. Энэхүү судалгаанд зөвхөн Монгол Улсын зах зээл гэсэн судалгааны дүгнэлтийг дутуу гэж үзэж байна. Зах зээлийн төвлөрлийг тогтоох үе шатанд аж ахуйн эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тодорхойлох шаардлагатай. Худалдан авалтын биет хэмжээ мөнгөн дүн, шаардлагатай гэж үзвэл худалдан авалтын чадварыг харгалзаж үзэн тогтоох шаардлагатай. Судалгаанаас аль ангиллыг авч үзсэн нь тодорхойгүй байна. Судалгааны мөнгөн дүнгээс 60.4 хувийг “Т.С.М*** ” ХХК эзэмшиж байна гэж байгаа боловч импортын мөнгөн дүнгийн судалгаа хийгдээгүй. Импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох гэж байгаа бол импортын тоог харгалзаж үзэх байсан уу гэдэг дээр зөрчилтэй гэж харагдаж байна.

Журмын 5 дугаар зүйлийн 5.1-т гурван төрлийн арга байдгаас импортын мөнгөн дүнд судалгаа хийгдээгүй. Нэгдүгээрт, үйлдвэрлэл худалдан авалт хийж байна, эсвэл зах зээлийг хэрэгцээ, нийлүүлэх боломжийг авч үзэж байна уу гэдгийг тодорхой тусгаагүй байна. Журмын 5.1.2-д зах зээл дэх харилцаа хэрэглэгчдийн тоог судалгаанд буруу хэрэглэсэн үзэж байна. Зөвхөн дистрибьютерийн эрхтэй 15 аж ахуйн нэгжийг хамруулдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зах аж ахуй эрхлэгч гэдэг нь Монгол Улсад аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хувь хүнийг гэж заасан байдаг. Аж ахуй эрхэлж байгаа хувь хүнийг судалгаандаа оруулаагүй нь дутмаг гэж үзэж байна. Зөвхөн дистрибьютерийн эрхтэй 15 аж ахуйн эрхлэгч гэж зах зээлийг хумьж нэхэмжлэгч компанийг зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж 60 хувь эзэмшиж байгаа юм шигээр тодорхойлж байгаа нь буруу тооцооллын алдаа гаргасан. Гаалийн ерөнхий газар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдээллээр иргэд 61,000 мянган тоотой машин оруулж ирдэг 7758 аж аж ахуй эрхлэгч нийт зах зээлийн 10 хүрэхгүй хувийг эзэмшиж байгаа. Энэ зах зээл нь нилээд хумигдаж харагдаж байна гэсэн үг. Нэхэмжлэгч компанийн зах зээлд эзлэх хувийг зөвхөн дистрибьютерийн эрхтэй аж ахуйн нэгж биш нийт бизнес эрхлэгч болон аж ахуй эрхлэгч хувь хүмүүсийг судалгаандаа оруулах ёстой энэ талаар тоон судалгаа авагдаагүй байна. Гаалийн ерөнхий газраас ирсэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолтоос харахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан судалгаатай тооны хувьд зөрж байгаа. Зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн аж ахуй эрхлэгчдийг судалгаанд оруулж байж хэрпиндал хершмэний зөв томьёолол гарах ёстой. Зах зээлийн хүчийг тодорхойлох гэдэг судалгааны дөрөвдүгээр үе шат дээр дистрибьютерийн эрхтэй цөөн аж ахуйн эрхлэгчид төвлөрч байгаа нь зах зээлд шинээр аж ахуйн эрхлэгчид нэвтрэн ороход өрсөлдөгчийн зүгээс сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газраас дүгнэсэн. Зөвхөн ганц өгүүлбэрээр ингэж дүгнэж байгаа хэдий ч журмын 6.1-т заасан 6 үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үндсэн дээр зах зээлд хүчтэй эсэхийг тодорхойлж гаргаж ёстой байдаг. Зах зээлд зөвхөн ганцхан дүгнэлтээр тодорхойлсон нь Гаалийн байгууллагаас ирсэн дүгнэлтээс харагдаж байна. Энэ судалгаанаас үзэхэд маргаан бүхий акт болох 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар тогтоол журмын дагуу хийгдээгүй тул үндэслэлгүй байна.гэв.

6.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо Засгийн газрын баталсан журамд заасан 4 аргачлалыг баримтлах ёстой. Журмын 4 аргачлалын хамгийн гол аргачлал болох зах зээл дэх бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох ёстой байсан. Зах зээлийн хүрээг тодорхойлсны дараагаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох шаардлагатай аргачлал байдаг. Зах зээлийн хүрээг журмын 3.1 дэх хэсэгт тодорхой зааж өгсөн. Хариуцагчийн тайлбарт эдгээр 4 аргачлал байдаг бидний зүгээс судалгааг хийхдээ бусад аргачлалыг баримтлан зах зээлийн судалгааг хийсэн гэж тайлбарладаг. Журамд заасан бусад нөхцөл байдал гэдэг нь MNS-IOS:38332010 гэдэг олон улсын  стандарт манай улсад төдийлөн тохирдоггүй. Зөвхөн тогтоолд заасан стандартыг баримтална гэж тайлбарлаж байгаагаас харахад зах зээлийн хүрээг тодорхойлохдоо дурдаж байгаа стандартыг баримталсан эсэхийг тогтоосон эсэхийг тодруулахдаа гаргасан дүгнэлтэд байгаа өгүүлбэрийг ойлгохгүй байгаа. Энэ дүгнэлтэд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо стандартыг хэрэглэсэн ба суудлын, ачааны авто машин, тусгай зориулалтын авто машин гэж ангилах бөгөөд эдгээр авто машины шинж байдал, хэрэглэх онцлог, зориулалт харилцан орлохыг нь харгалзаж үзсэнээр шинэ суудлын авто машин гэж ангилсан гэж байна. Өгүүлбэрийн бүтэц болон үндэслэх хэсэг дүгнэлт зэрэг нь өөр хоорондоо холбоогүй өгүүлбэр бүхий дүгнэлт байна гэж үзэж байна. Магадгүй суудлын авто машиныг цааш нь дэд ангилал байдаг бол нэхэмжлэгч компанийн зүгээс энэ ангиллыг үндэслэн шинэ суудлын авто машин гэж ангилж байгаа юм байна гэж ойлгож болно. Шинэ, хуучин гэсэн суудлын авто машины ангилал Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох журамд байхгүй. Монгол Улсын Дээд шүүхийн шүүхийн шийдвэр бичих аргачлалд ойролцоо ижил төсөөтэй хэрэглэсэн хуулийн нэр томьёоны тайлбарыг үндэслэх хэсэгтээ иш татаж оруулж болно гэж ойлгосон. Тухайлбал, Монгол Эйч Ди компани юнивишн гурвалсан үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосонтой холбоотой маргааныг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Гуравласан үйлчилгээ гэдэг зах зээл байхгүй. Гуравласан үйлчилгээ гэдэг бол кабель, интернет, суурин утас гэсэн Монгол Улсад байж болох боломжтой гуравласан үйлчилгээг багцлаад санал болгосон гэтэл Шударга өрсөлдөөн. хэрэглэгчийн төлөө газар энэ гуравласан үйлчилгээг нэгтгээд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь буруу гэдэг шийдвэр гарсан. Хэрэглэсэн аргачлалд импортын шинэ авто машин гэж тодорхойлохгүй гэж байтал импортын шинэ суудлын авто машин гэж тодорхойлсон. Үг үсэг найруулгаас харахад импортын шинэ суудлыг авто машин гэж ойлгогдож байна. ...Журмын гол зорилго нь бараа бүтээгдэхүүний хэрэглээ, зориулалт, орлогдох шинж чанарыг тогтоодог. Монгол Улсад яг ямар авто машиныг шинэ, хуучин авто жилийн насжилттай, 4-7 жилийн насжилттай гэсэн цаг хугацааны болон татвар бодох аргачлал дээр л тодорхой ангилал байна. Энэ ангиллыг ашигласан талаар асуухад Асуултын хариулт нь 0-3 жилийн насжилттай авто машин гэдэг нь чухал биш 0 километртэй авто машиныг шинэ авто машин гэж ангилж байгаа гэдэг тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өгч байна. Судалгаагаар 0-3 жилийн насжилттай авто машиныг судалгаанд хамруулсан гэж байна. 1891 авто машин импортоор оруулж ирсэн гэдэг тоон судалгааны дүн гаргасан ба энэ тоо гаалийн мэдээнээс зөрж байна. 1809 ширхэг авто машины 1450 ширхэг авто машин нь 0-3 жилийн насжилттай авто машинд хамаарч байна. 359 ширхэг авто машин 3-с дээш жилийн насжилттай авто машинд хамаарч байгаа. Эдгээр ялгаатай байдлыг судалгаандаа огт оруулаагүй. Зөрүүтэй тоон судалгааны талаар холбогдох баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд одоогийн байдлаар ч мөн гаргаж өгөөгүй нууцын дардастай 9 хуудас судалгааны материал хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн. Үүнтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулан асуулт хариултын шатанд асуухад “би мэдэхгүй, судалгаа хийгээгүй” гэдэг тайлбар өгч байгаа нь буруу гэж үзэж байна. Авто машины тухайд зориулалт, хэрэглээ болон орлогдох байдал нь адилхан байхад ямар ялгаатай байдлаар нэхэмжлэгч компани тустай зах зээлд тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Зөвхөн диллерийн эрхтэй байгууллагаар судалгааг хязгаарласан. 0 км-тэй авто машиныг хувь хүн, аж ахуйн нэгж худалдан аваад хэрэгцээндээ зориулах, цааш худалдан борлуулах зэргийг мэдэх боломжгүй. Өрсөлдөөний тухай хуульд иргэн аж ахуйн нэгж хуулийн эрхгүй этгээдүүдийг хэн нэгэн тухайн зах зээл дээр хамтарсан байдлаар давамгай байдалтай байна гэж тодорхойлсон. Субъектээр нь диллер компаниар хязгаарлах үндэслэл байхгүй. ...Үнэ гэдэг зүйл бол шинэ, хуучин авто машин гэж ангилах үндэслэл болохгүй. Давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоох тухай журмын 5 дугаар зүйлд борлуулалт гэдэг үгийг та нар яагаад үнэ гэж үзэж байна вэ гэж гэдэг асуудал давж заалдах шатны шүүхэд яригдаж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг зааж өгсөн. Маргааны гол зүйл нь зах зээлийн хүрээг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа... Баримттай үндэслэл бүхий судалгааг үндэслэн захиргааны байгууллагын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах ёстой болохоос биш захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй шийдвэр гаргаж болохгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын маргаан бүхий акт нь үндэслэл бүхий биш, эргэлзээтэй, хуульд заасан эрхээ хэтрүүлэн ашигласан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*** шүүхэд болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Т.С.М*** ” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол нь бүрэн дүүрэн хийсэн судалгааны үндсэн дээр хийгдсэн хууль зүйн үндэслэлтэй тогтоол гэж үзэж байгаа. Тухайн зах зээлд 60.45 хувийг борлуулалтын орлого гэж харж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ярьж байгаа тоо нь оруулж ирсэн тоо ширхгийн тоог хэлээд байна. Гэтэл Засгийн газрын давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох тухай журамд борлуулалтын бодлого, нийт үнийн дүнгээр гэж заасан байгаа учир Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас судалгаа дээрх байдлаар хийсэн. Журмын 5 дугаар зүйлийн 5.1.1-т бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж тооцож болно гэж заасан. Тэгэхээр худалдан авалтын хэмжээ нь борлуулалтын орлого буюу мөнгөн дүнгээр тооцно. Журмыг үндэслэн судалгаа хийсэн байхад журмыг баримтлаагүй судалгаа хийсэн гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар аж ахуй эрхлэгч гэдэг бол хувь хүн, төрийн бус байгууллага, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байгууллага гээд бүгдийг нь хамруулж ойлгоно. Гэхдээ тухайн зах зээлийг анхаарах ёстой. Зах зээл гэдэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалт явагдаж байгаа зах зээлийг хэлнэ. Хаана борлуулалт явагдаж байна вэ гэхээр албан ёсны дистрибьютерийн эрхтэй байгууллага борлуулалт хийж байна. Гаалийн ерөнхий газраас 2021 оны 12 дугаар сард ирсэн мэдээгээр хувь хүний оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний тоо ширхгээс харахад дандаа цоо шинээр 1, 1 хувь буюу ганцаар оруулж ирж байгаа. Худалдан борлуулах гэж байгаа хэлбэр биш өөрсдийн хэрэгцээнд зориулж орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр хувиараа буюу ганцаар авто машин оруулж ирж байгаа тоог хасаж тооцсон. Гаалийн ерөнхий газраас ирсэн мэдээ болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас ирсэн судалгаа зөрж байдаг гэдэг тайлбарт нэхэмжлэгч компаниас 2019 онд 1800 гаруй авто машин оруулж ирсэн гэж байгаа бол Гаалийн ерөнхий газарт байгаа мэдээлэл 1300 тоо ширхэг гээд бүүр бага байгаа. Зөрүүтэй байгааг хариуцагчийн зүгээс зах зээлд оролцож байгаа байгууллагуудын тоо судалгаанд үндэслэж шийдвэрээ гаргах нь зөв юм байна гэж үзсэн. Тэгэхээр үүнд маргах зүйл байхгүй гэж бодож байна. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01-01/3336 тоот албан бичигт байгаа тоон мэдээллээс харахад 2019 оны шинэ суудлын авто машины ширхгээр үзсэн ч “Т.С.М*** ” ХХК 1370, бусад аж ахуй эрхлэгчид нь 1307 буюу 50-ас илүү хувийг эзэлж байгаа юм. Хил хязгаарын тухайд Монгол Улсын зах зээлийг 1 гээд авсан дээр маргах зүйл байхгүй гэж бодож байна. ... Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйл захиргааны байгууллагын сонгох эрхийн талаар заасан байгаа. Засгийн газрын журамд эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код бусад холбогдох мэдээлэл гэж заасан. Энэ эрхийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар заавал олон улсын стандартыг заах шаардлагагүй, Монгол Улсад баримталж байгаа стандартыг баримтлах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр судалгаа хийсэн. Хоёр дахь үндэслэл нь Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч орон биш, бүх авто машинууд импортоор орж ирж байгаа тул олон улсад баримталж байгаа стандартыг Монгол Улсад шууд баримтлах нь учир дутагдалтай гэж харж байгаа. Тиймд зөвхөн Монгол Улсын стандартаар авто машины хүрээ зах зээлийг тодорхойлох нь зөв гэсний үндсэн дээр давамгай байдалтай аж ахуйн эрхлэгч гэж тодорхойлсон. Давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоох журмын 3.1.1-т бараа бүтээгдэхүүний стандарт, код бусад холбогдох мэдээлэл гэж байгаа бусад холбогдох мэдээллийг үндэслээд шинэ гэдэг ангилал гаргасан гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа. Үндэслэлийн тухайд шинэ авто машинаа хуучин авто машинаа үнийн хувьд, хэрэглээ, зориулалтын хувьд орлох боломжгүй. Авто машин худалдан авах гэж байгаа худалдан авагч өмнө явж байсан машин авах уу үйлдвэрээс шууд гарсан шинэ авто машин авах уу гэдэг дээр үнийн хувьд асар их ялгаатай. Явж байсан машин гэвэл явсан миль, техник эд ангийн хувьд ч мөн адил дагаад үнэлгээ буурдаг байдлыг бусад холбогдох мэдээлэл гэсэн хамааруулж үзэж байна. Дээрх нөхцөлүүдийг үндэслээд зах зээлд байгаа авто машиныг шинэ хуучин гэж ангилж үзэх нь зүйтэй тул уг ангиллыг гаргаж ирсэн.гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Мөн бидний зүгээс стандарт, шаардлага баримтлан бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлдог. Жишээлбэл нэхэмжлэгч талын дурдсан Гаалийн ерөнхий газрын 2022 оны мэдээнд нэхэмжлэгч компани нь 2019 онд 4008 удаа 2020 онд 2145 удаа энэ нь нэг удаадаа хэдэн авто машин оруулж ирдэг гэдэг биш юм. Гаалийн бүрдүүлэлт хийсний дараагаар дахин нэмэгдэж авто машин орж ирэх боломжтой гэсэн үг. Гаалийн бүрдүүлэлт гэдэг нь юу вэ гэдгийг нэхэмжлэгч тал харж үзээсэй гэж хүсэж байна. Бараа бүтээгдэхүүний харилцах орлох байдал гэдэгт холбогдох бүх мэдээлэлд үндэслэн зах зээлийн хүрээгээг тодорхойлоход Япон болон бусад улсаас импортоор оруулж ирж байгаа авто машинууд нь осолд орсон, их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болсон авто машинд засвар үйлчилгээ хийн дахин зардаг. Тэгэхээр шинэ хуучин авто машины хооронд ялгаа байх тул шинэ авто машиныг хуучин авто машинаар орлох боломжгүй гэж үзсэн. гэв.

9. Иргэдийн төлөөлөгч П.Д***-аас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй зөв гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч  нь “... маргаан бүхий акт нь хуульд үндэслэн зорилгодоо нийцсэн, бодит үйл явдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг зөрчсөн, ижил хэлбэрээр Аж ахуй эрхэлж байгаа хувь хүнийг судалгаанд, судалгааны хүрээнд оруулаагүй нь дутмаг ... Нэхэмжлэгч компанийн зах зээлд эзлэх хувийг зөвхөн дистпьютерийн эрхтэй аж ахуйн нэгж биш адил төрлийн нийт бизнес эрхлэгч болон хувь хүмүүсийг бүгдийг нь оруулах ёстой. Журмын 6.1-д заасан 6 үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үндсэн дээр зах зээлд хүчтэй эсэхийг тодорхойлох ёстой ...” гэж, хариуцагчаас “ ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхийн хүрээнд Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг үндэслэн тогтоосон. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд захиргааны байгууллагын сонгох эрхийн талаар, Засгийн газрын журамд эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код бусад холбогдох мэдээлэл гэж заасан. Энэ эрхийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь заавал олон улсын стандартыг заах шаардлагагүй, Монгол Улсын стандартыг баримтлах боломжтой гэж үзсэн...”  гэж тус тус маргажээ.

3. Үйл баримтын тухайд;

3.1. Нэхэмжлэгч “Т.С.М*** ” ГХОХХК нь 2017 оны 12 сард “Авто машины худалдаа” гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, 2018 оны 1 дүгээр сараас Тоёота брэндийн Монгол дахь цор ганц бүрэн эрхт албан ёсны дистрибьютерын хувиар албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлсэн.

 

3.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0/102 дугаартай Мэдээлэл ирүүлэх тухай албан бичгээр Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах зээлийн судалгааны  ажилд шаардлагатай мэдээллийг 2021 оны 01 дүгээр  сарын 27-ны өдрийн дотор ирүүлэхийг “Т.С.М*** ” ХХК-д мэдэгдсэн.

3.3. Дээрх албан бичгийн дагуу “Т.С.М*** ” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох мэдээллийг хүргүүлсэн,

 

 3.4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/301 дугаар албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах  зээлийн судалгааны ажлын талаар хэлэлцэх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн,

3.5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04/318 дугаар албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах зээлийн судалгааг хэлэлцэх хуралдааны товыг “Т.С.М*** ” ХХК-д мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй,

3.6. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Суудлын шинэ автомашины импортын зах зээлд “Т.С.М*** ” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон,  Маргаан бүхий дээрх тогтоол нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм”-ийн 3.5, 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон байна.

3.7. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 онд хийсэн “Шинэ суудлын автомашины импортын зах зээлд хийсэн судалгааны ажил”-ын тайланд “... Монгол улсын хэмжээнд 2019 онд нийт 1696 иргэн, хуулийн этгээд нийт 5166 суудлын автомашин, 2020 онд 1298 иргэн, хуулийн этгээд нийт 2523 суудлын автомашин тус тус импортоор оруулж ирсэн байна. 2019-2020 оны хугацаанд давхардсан тоогоор 2994 иргэн, хуулийн этгээд нийт 7689 ширхэг үйлдвэрлэсэн оноос хойш 0-3 жил болсон автомашиныг импортоор оруулж ирсэн байна., ... Монгол улсад импортоор оруулж ирж зах зээлд нийлүүлж буй 15 аж ахуй эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. “Т.С.М*** ” ГХОХХК 2019 онд ...., 2020 онд .... ширхэг автомашиныг импортлон оруулж ирсэн.”, ... 3.1 “Бараа бүтээгдэхүүний хүрээ”, “Бараа бүтээгдэхүүний хүрээг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2010 онд батлан гаргасан Авто тээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010 стандартын ангилалд үндэслэн суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилах бөгөөд этгээд автомашинуудын шинж байдал, хэрэглэх онцлог, зориулалт нь харилцан орлох боломжгүйг харгалзан үзэж нэг хүрээ буюу биеэ даасан нэг зах зээл /шинэ суудлын автомашины импортын зах зээл/ гэж үзэв.”, 3.2 “Зах зээлийн газар зүйн хил хязгаар”, “Улсын хэмжээнд албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр суудлын автомашины импортын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн байршил, борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэрийг тодорхойлж үзэхэд тэдгээр нь бүгд Улаанбаатар хотод байршилтай байна. Иймд суудлын автомашины импортын зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тухайн бүтээгдэхүүний борлуулалтыг харгалзан Монгол улсыг нэг зах зээл гэж үзэв.”, ... 3.4 “Зах зээлийн төвлөрөл”, “Херфиндал-Хершманы индекс /ХХИ/-ээр тооцож тодорхойлох”, “Т.С.М*** ” ГХОХХК 2019 онд .... төгрөгийн, 2020 онд .... төгрөгийн борлуулалт хийсэн.”, ...“Дүгнэлт”, ...“Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.” гэж заасны дагуу тус зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа “Т.С.М*** ” ХХК-ийг шинэ суудлын автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох.” гэжээ.

3.8. Гаалийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01-2/1451 дугаар албан бичигт “0-3 жилийн насжилттай автомашиныг 2019 онд “Т.С.М*** ” ХХК .... ширхэг, бусад аж ахуй нэгж байгууллага ....ширхэг, 2020 онд “Т.С.М*** ” ХХК ..... ширхэг, бусад аж ахуй нэгж байгууллага .... ширхгийг тус тус импортлосон. Мөн тус газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01-1/3336 дугаар албан бичигт “ 2019 онд нийт 138 иргэн, хуулийн этгээд 2471 ширхэг автомашин импортолсноос “Т.С.М*** ” ХХК ..... ширхгийг, 2020 онд нийт 82 иргэн, хуулийн этгээд 1638 ширхэг автомашин импортолсноос “Т.С.М*** ” ХХК ..... ширхгийг импортлосон” гэж тус тус тодорхойлсон болно.

4. Маргаан бүхий үйл баримтын хууль зүйн үндэслэлийн тухайд;

4.1.  Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйл.“Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”, 5.2.“Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.”, 15 дугаар зүйл.“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрх”, 15.1.“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 15.1.6.“зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална.” гэж тус тус заажээ.

4.2. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, иргэн, хуулийн этгээд нь тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож болохоор байх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу тогтоох үүрэгтэй.

4.4. Өөрөөр хэлбэл, журмын 2.1-д “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь байдалтайг тогтоохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:”, 2.1.1.“бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх”, 2.1.2.“тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэх”, 2.1.3.“холбогдох бусад хүчин зүйл”, 2.2.“Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно:”, 2.2.1.“бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох”, 2.2.2.“зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох;”, 2.2.3. “зах зээлийн төвлөрлийг тооцох;”, 2.2.4.“зах зээлийн хүчийг тодорхойлох.” гэж тус тус заажээ.

4.5. Үүнээс звэл, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоохдоо хариуцагч захиргааны байгууллага нь бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч гэсэн 4 хүчин зүйлийг бүхэлд нь харгалзаж үзсэний үндсэн дээр тухай шийдвэрийг гаргахаар нарийвчлан зохицуулсан  байна.

4.6. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий тохиолдолд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо Авто тээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010 стандартыг үндэслэсэн ба уг стандартаар автомашиныг суудлын, ачааны, автобус, тусгай зориулалтын авто машин гэж, суудлын авто машиныг ердийн бүхээгтэй, эвхэгддэг бүхээгтэй, уртасгасан бүхээгтэй, зорчигчийн олон зориулалттай гэж тус тус ангилсан байхад энэхүү стандартад заагаагүй буюу шинэ, хуучин гэх ангилал үүсгэн хүрээг тодорхойлсон нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар шинэ, хуучин авто машины тухайд хэдийгээр насжилтын хувьд зөрүүтэй боловч хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангахын тухайд нэг нэгнээ орлох боломжтой, мөн хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хийсэн судалгаанаас үзвэл тус зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.7. Мөн хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон зах зээлийн судалгаанд тусгагдсан нэхэмжлэгч компанийн ирүүлсэн 2019 он, 2020 онд импортлон оруулж ирж, борлуулсан гэх автомашины тоо хэмжээг Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн тус компанийн 2019 он, 2020 оны тоон мэдээллээс зөрүүтэй байхад үүнийг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй, зах зээлийн ерөнхий тойм судалгаа, зах зээлийн төвлөрөл зэргийг нь зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй.

4.8. Тухайлбал, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар 2019 онд нийт 138 иргэн, хуулийн этгээд ..  ширхэг, 2020 онд нийт 82 иргэн, хуулийн этгээд 1638 ширхэг автомашин импортлосон байхад зөвхөн дистрибьютер гэх 15 компанийн импортлосон гэх автомашинуудын хүрээнд судалгааг хийсэн нь учир дутагдалтайн дээр бусад иргэн, хуулийн этгээд ямар зорилгоор, хэдэн ширхэг автомашиныг импортлон оруулж ирсэн талаарх нөхцөл байдлыг судалж тодруулаагүй, судалгааг бүрэн гүйцэд хийсэн гэж үзэхээргүй байна.

4.9. Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа тухайн бараа бүтээгдэхүүний хүчийг тодорхойлолгүйгээр гаргасан нь журмын дээрх заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ тохиолдолд харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тодорхойлох  шаардлагагүй гэж үзсэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

4.10. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллага нь журамд заасны дагуу судалгааг хийгээгүй, зарим харгалзах хүчин зүйлийг огт тооцоогүй буюу дутуу тооцсоноос маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон судалгаа нь үндэслэл муутай,  тус судалгааг үндэслэн гарсан маргаан бүхий актын үндэслэлд шүүх эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй, судалгаагаар тогтоогдвол зохих үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах боломж, цар хүрээнээс хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

4.11. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэх дүгнэлтийг  гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болсон судалгаа үндэслэл муутай, нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна гэж үзсэн болно.

4.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ

                                      ШҮҮГЧ                               Н.ДУЛАМСҮРЭН

                                      ШҮҮГЧ                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ